| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/06043/И |
| Дугаар | 210/МА2024/01906 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/01906
| 2024 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2024/01906 |
М Д- ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/03511 дугаар шийдвэртэй
М Д- ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М-, М.Б- нарт холбогдох
Гэм хорын даатгалын нөхөн төлбөрт төлсөн 86,001,811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Г.У, хариуцагч М.Б-, түүний өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. М Д- ХК нь "Хаан банк" ХК-тай 2018 оны 09 сарын 10-ны өдөр *************** тоот "Тээврийн хэрэгслийн даатгал"-ын гэрээг байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2019 оны 06 сарын 02-с 03-нд шилжих шөнө Төв аймгийн С сумын 2-р багийн нутаг Н д гэх газарт Улаанбаатар хотоос Д аймаг явах чиглэлд **** - улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийг Б.М- жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ****- улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан.
1.2. Уг ослын улмаас дээрх *************** тоот даатгалын гэрээгээр даатгагдсан ****- улсын дугаартай ******* маркийн автомашинд 110,453,000 төгрөгийн хохирол учирсан нь А э- ХХК-ийн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн ***********- дугаартай "Авто машин техникийн үнэлгээний тайлан"-гийн үнэлгээгээр тогтоогдсон, даатгалын тохиолдол нотлогдсон тул манай компаниас 2019 оны 11 сарын 07-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 86,001,811 төгрөгийг даатгуулагч "Хаан банк" ХК-ийн зөвшөөрлийг үндэслэн автомашины шууд эзэмшигч Ч.О-т олгосон.
Иймд "М Д-" ХК нь тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нөхөн төлсөн төлбөрийг хуулийн дагуу шаардах эрхтэй тул Б.М-, М.Б- нараас "М Д-" ХК-аас даатгалын нөхөн төлбөр төлсөн хохирол 86,001,811 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Б-ийн тайлбар, татгалзлын агуулга: Б.М- нь 2019 оны 06 сарын 02-03-нд шилжих шөнө 7418 УНӨ улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Ө аймаг руу явах замдаа дээрх зам тээврийн ослыг гаргаж ****- улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 110,453,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт миний бие холбогдож, энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан. Хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, надаас 51,953,000 төгрөг гаргуулж М Д- ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Харин Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 60 дугаартай магадлалаар Б.М-ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт ****- улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг А э ХХК-аас 2019 оны 07 сарын 04-ний өдөр тогтоож, автомашин, техникийн үнэлгээний тайлан гаргасныг эс зөвшөөрч байна. Зам тээврийн осол гарсны дараа цагдаагийн ажилтнууд хэргийн газрын үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлд зөвхөн тээврийн хэрэгслүүдийн явсан чиг, үл хөдлөх цэгээс хэмжсэн хэмжээсүүдийг тэмдэглэж, хэргийн газрын үзлэг дууссаны дараа тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт хүлээлгэн өгсөн байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг тогтоох талаар ямар нэг ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэлд үзлэг огт хийгээгүй, мөн хэргийг шалгах явцад л тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй. Мөн хэрэгт ****- улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг хавсаргасан ба гэрээний 6-д Даатгалын зүйлд учирсан хэсэгчилсэн болон бүрэн сүйрлийн хохирлыг даатгагч барагдуулсан бол эвдэрч гэмтсэн эд хөрөнгө нь даатгагчийн өмчлөлд шилжинэ гэж заасан. Гэрээнээс үзвэл даатгалын нөхөн төлбөр олгосны дараа эвдэрч гэмтсэн эд хөрөнгө даатгагчид шилжих ёстой байтал тээврийн хэрэгсэлд хийсэн нөхөн үзлэгээр тээврийн хэрэгслийн рам, зорчигчийн арын суудал болон бусад нэр төрлийн зүйлийг солиогүй байхад Ч.О- нь даатгалын нөхөн төлбөр авчээ.
Автомашинд учирсан эвдрэл, гэмтэл, үнэлгээний талаар үнэлгээчнээс асуухад тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг нүдэнд ил харагдах эвдэрч гэмтсэн эд ангиудыг үзсэн, 7 нэр төрлийн ангийн үнэлгээг тогтоохдоо эд ангийг задалж шалган эвдэрсэн эсэхийг нэг бүрчлэн нарийвчлан үзэлгүй дүгнэлт гаргасан. Үнэлгээнд бүрэн солих шаардлагатай гэж заасан 92 нэр төрлийн эд ангиуд дотор дээрх 7 нэр төрлийн эд ангиас гадна нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтанд үзүүлж тогтоолговол зохих олон төрлийн эд ангиуд байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.М-ын тайлбар, татгалзлын агуулга: М Д- ХК нь Ч.О-тай даатгалын гэрээ байгуулсны дагуу 86,001,811 төгрөгийн хохирлыг барагдуулсан гэж үзээд байна. Гэрээнд зааснаар автомашиныг М Д- ХК өөрөө авч хохирлыг барагдуулах ёстой байтал шууд дээрх мөнгийг өгсөн байна. Ч.О- нь тухайн ватомашиныг 80,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэдэг. Тэгэхээр автомашиныг нийт 160,000,000 төгрөгөөр зарчихсан байгаа нь баримтаар тогтоогдлоо. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М-, М.Б- нараас 86,001,811 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М Д- ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,960 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Шийдвэрт ...Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоосон байх шаардлагатай гэж, мөн Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Б.М-, М.Б- нарын эрүүгийн хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоосон, түүнчлэн даатгалын зүйл болох ******* маркийн ****- улсын дугаартай автомашинд хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Тодруулбал,
1. Гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн эсэх асуудлын хүрээнд: 2019 оны 06 сарын 02-ны шөнө Б.М- нь **** - улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргаснаас 00-12 улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Энэ нь Төв аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.М-ын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 68 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"-ээр тогтоогддог ба дүгнэлтийн хариулт 2-т ...****** 74-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 "жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв" гэж, мөн дүгнэлтийн Хариулт:4 дэх хэсэгт зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн.
Мөн дээрх зам тээврийн ослын улмаас даатгуулагч Ч.О-ын эзэмшлийн ****- улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлд 110,453,000 төгрөгийн хохирол учирсан нь А э- ХХК-ийн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн ***********- тоот "Автомашин техникийн үнэлгээний тайлан"-гаар тогтоогдсон. Үүнээс үзвэл, гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хоорондын шалтгаант холбоо нь хариуцагч Б.М- Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд бодит хохирол учруулснаар үүссэн нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл шүүхээс "... хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй" гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх зарчмыг ноцтойгоор зөрчиж шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.
Түүнчлэн талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 68 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"-ийн талаар маргаангүй буюу зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөл, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх асуудлаар маргаагүй төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр ч тус шинжээчийн дүгнэлтэд хуульд заасны дагуу хариуцагч нар нь гомдол гаргаагүй.
2.Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоосон байх шаардлагатай гэх асуудлын хүрээнд: Хууль бус үйлдэл /эс үйлдэл/ гэдэгт хууль тогтоомжийг зөрчсөн байхаас гадна нийгмийн зан суртахуун, ёс зүйг зөрчсөн тохиолдол зэргийг хамааруулан ойлгодог. Мөн хууль тогтоомж гэж эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын нийлбэрийг хэлдэг.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт юм. Үүнээс үзэхэд хариуцагчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөн хууль бус үйлдэлд хамаарч байна. Түүнчлэн дээрх үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохоор байна. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 60 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг хянан шийдвэрлэсэн ба гэм хорыг арилгахтай холбоотой асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Харин зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь зөвхөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хор учруулсан байхыг шаардахгүй буюу зөрчил гаргасан гэм буруутай этгээдийн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол зөрчигдөж улмаар хохирол бий болсон байхыг ойлгодог. Гэтэл анхан шатны шүүх уг асуудлын хүрээнд ... хариуцагч нарыг эрүүгийн хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоосон нь ... хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 9-р зүйлд заасан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх, учруулсан хохирлыг арилгуулах үндсэн зарчмыг үгүйсгэж, зөрчил үйлдэж бусдад гэм хор учруулсан этгээдийг үндэслэлгүйгээр хариуцлагаас чөлөөлж, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад хүргэжээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан талаар: Шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, харьцуулж, бүх талаас нь бүрэн дүүрэн, зөв үнэлж дүгнэсний эцэст шийдвэр гаргах нь хуульд нийцнэ.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагч М.Б-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 2 өөр агуулга бүхий дүгнэлт, тайлангийн талаарх тайлбарыг хэргийн баримттай харьцуулан үнэлээгүй, тайлбарын агуулгыг логик учир зүйн алдаатай буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэр логик холбоогүй, талуудын гаргасан тайлбарыг гуйвуулсан, шударга бус, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэхээр байна. Дээрх "... шинжээчийн дүгнэлт" гэж тайлбарлагдсан 2 өөр агуулга бүхий баримт нь 1. "Автомашин техникийн үнэлгээний тайлан", 2. ЗЦГ-аас гаргасан ослын шалтгааныг тогтоосон "Шинжээчийн дүгнэлт" байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн "хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар" гэсэн хэсэгт тодорхой тусгагдсан.
4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Шүүгч дор дурдсан хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Харин энэхүү хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хор учруулсны улмаас иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлсон. Гэтэл шүүх хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэснийг зөрчин хэргийг дангаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцсон бөгөөд шинжээч нар авто тээвэрт хийсэн шинжээчийн дүгнэлтээ хамгаалж чадаагүй. Даатгалын үнэлгээний гэрээнд даатгалын зүйлийг бүрэн нөхөн төлсөн тохиолдолд 92 нэр төрлийн зүйлээс 91 нэр төрлийг бүрэн солих, засварлах байдлаар тусгасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс эд ангийг солино гэж даатгалын үнэлгээний нөхөн төлбөрийг авчихаад бодит байдал дээр солиогүй нь хэргийн баримтаар тогтоогддог.
Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нэхэмжлэл гаргаагүй. Б.М-ын буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсныг тогтоосон эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт байхгүй. Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.М-ад холбогдох хэргийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг прокурорын газарт буцаасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс өмнө шийдвэрлэж байсан шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар н.О гэх хүнээс даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилсэн баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч М Д- ХК нь хариуцагч Б.М-, М.Б- нарт холбогдуулан шилжүүлэн авсан шаардах эрхийн дагуу гэм хорын даатгалын нөхөн төлбөрт төлсөн 86,001,811 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ..."Хаан банк" ХК-тай 2018.09.10-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан, 2019.06.02-ны шөнө болсон зам тээврийн ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирч даатгалын тохиолдол үүссэн, даатгалын нөхөн төлбөрт 56,847,827 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон гэж тодорхойлсон.
Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн зам тээврийн ослын талаарх хэргийг эрүүгийн журмаар шүүх шалгаад Б.М-ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож цагаатгасан ба хариуцагчийн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй, автомашинд учирсан хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг зөв, бодитой тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3.1. М Д- ХК, Хаан банк ХХК нарын хооронд 2018 оны 09 сарын 10-ны өдөр *************** тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр даатгуулагч нь ****- улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийг даатгалын хамгаалалтын Класс-4 ангиллаар даатгуулж, холбогдох даатгалын хураамжийг төлсөн, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед хэлэлцэн тохиролцсон нөхөн төлбөрийг төлөхөөр заажээ.
3.2. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2019 оны 06 сарын 02-ны шөнө Төв аймгийн С сумын 2-р багийн нутагт хариуцагч Б.М- нь **** - улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ****- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 110,453,000 төгрөгийн хохирол учирсан нь А э- ХХК-ийн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн ***********- дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.
3.3. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын 07-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 86,001,811 төгрөгийг даатгуулагч "Хаан банк" ХК-ийн зөвшөөрлийг үндэслэн тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч Ч.О-т олгосон нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар, гэрч Ч.О-ын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч М Д- ХК нь гэм хорыг даатгуулагчид төлснөөр хариуцагч Б.М-, М.Б- нараас шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн байна.
4. Анхан шатны шүүх даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөрийг буруутай этгээдээс шаардах нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгээгүй ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хариуцагч нарыг эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас ****- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.
4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд харин ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй нь нотлогдсон болон гэм хор учруулагчийн үйлдэл хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй бол нь уг хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгддөг.
Гэвч хариуцагч Б.М- нь 2019 оны 06 сарын 02-ны шөнө Төв аймгийн С сумын 2-р багийн нутагт **** - улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 13.3-т заасныг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан үйл баримт Замын цагдаагийн газрын 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэг Г.М-ын 2019 оны 06 сарын 21-ний өдөр гаргасан 68 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
4.2. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч Б.М-, М.Б- нар нь /ЗХД-ийн 3.4.а/ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг /тээврийн хэрэгсэл жолоодлогогүй болсон/ хангаагүй, тээврийн хэрэгслийн эд анги, механизм ажиллахгүй болсон үед тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох заалтыг болон энэ нөхцөлд /ЗХД-ийн 12.3/ жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах заалтыг зөрчсөн, уг үйлдлийн нь улмаас дээрх зам тээврийн осол гарсан нь тогтоогджээ.
Хариуцагч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар эзэмшиж буй болон өмчлөлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай байхад анхан шатны шүүхээс хариуцагч нарын гэм бурууг гагцхүү эрүүгийн хариуцлага хүлээснээр хязгаарлагдахаар дүгнэж, хариуцагч нарын гэм буруугүй гэсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй байна.
4.3. Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь тухайн этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдлээр илэрч, бусдын хуулиар хамгаалагдсан эрх /эд хөрөнгө/-д халдаж гэм хор учруулсан байх урьдчилсан нөхцөл тавигддаг бөгөөд хариуцагч нар **** - улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцсон эсхүл бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцоогүй бол зам тээврийн осол гарахгүй байжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 60 дугаар магадлалаар Б.М-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М-ыг цагаатгажээ. Энэ нь хариуцагч Б.М-, М.Б- нарыг ****- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан эд хөрөнгийн хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхтэй холбоотой үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.
4.4. Дээрх ослын улмаас Хаан банк ХХК-ийн өмчлөлийн ****- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 110,453,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсоныг өмнө дүгнэсэн. Нэхэмжлэгчээс даатгалын гэрээний дагуу 86,001,811 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсөн тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар уг хохирлоо хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
5. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-, М.Б- нараас даатгалын нөхөн төлбөрт төлөгдсөн 86,001,811 төгрөгийн хохирлыг гаргуулан нэхэмжлэгч М Д- ХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/03511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-, М.Б- нараас 86,001,811 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М Д- ХК-д олгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагч Б.М-, М.Б- нараас 587,960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М Д- ХК-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М Д- ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ