Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 74

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

иргэний хариуцагчийн төлөөлөгч З.Т ,

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У  овогт Б. М т холбогдох 163/2019/0069/Э индекстэй, 1815002490179 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, У  овогт Б. М  .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бяцхан хөтөл” гэх газарт **-** УБҮ улсын дугаартай “Приус 41” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин иргэн Д.Э ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 дугаар сарын 9-ний өдөр Булган аймгийн “Цагаан гол”-ын рашаанд амрах гээд явж байхад Булганы “Бяцхан хөтөл” гэдэг газар зам засварын ажил хийж байсан. Зам засварын ажил хийж байгааг анхааруулсан “түмбэ” тойроход мотоцикпьтой хүн урдаас их хурдтай гарч ирээд мөргөлдсөн. Нөгөө хүн тэнцвэрээ алдаад хаазаа нэмээд осол болсон. Машинаа зосоогоод гүйж очиход зам засварын хүмүүс мотоцикльтой хүн дээр очсон байсан. Хэрэг гарсан газар утасны сүлжээ барихгүй байсан учир би сүлжээтэй газар очиж дуудлага өгсөн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч З.Т өгсөн мэдүүлэгтээ: Иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй байна, нэхэмжлэл гаргавал баримтын дагуу төлнө гэжээ.

1815002490179 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Э ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед өөрийнхөө Даюун мотоцикльтой засмал зам руу нийлээд Эрдэнэт рүү орох гээд явж байтал тас няс хийгээд машинтай мөргөлдөх шиг болсон. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 39 тал/,

“...Осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Миний мотоцикль бүрэн бүтэн ямар нэг  эвдрэл гэмтэлгүй байсан. ... Ослын улмаас миний 7-8 хавирга хугарсан зовиур ихтэй, хагалгаанд орсон ба одоо эмчилгээ хийлгэж байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх 40 тал/,

Гэрч Л.О гийн  өгсөн: “Би нөхөр хүүхдүүдийн хамтаар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгаас Булган аймагт байдаг “Цагаан гол”-ын рашаанд амрахаар явж байсан. Ингээд Булган аймгийн нутагт явж байхад зам ангийн хүмүүс зам засаад байж байсан ба бид нарын явж байсан эгнээнд анхааруулах тэмдэг байсан. Тэгээд тэр анхааруулах тэмдгийг тойроод гараад ирсэн чинь өөдөөс нэг мотоцикльтой хүн гарч ирээд зүүн талаар шүргэж машины толь мөргөөд явлаа гэж бодсон. Тэгээд нөхөр машинаа зогсоогоод мотоцикльтой хүн рүү очсон. Би машинаас бууж очих гэсэн боловч хаалга гажаад гарч чадаагүй. Тэгээд хэсэг оролдож байгаад машинаас буугаад нөгөө мотоциклийн жолооч дээр очоод “таны бие гайгүй юу?” гэх асуухад “гайгүй байна, ахыгаа явуулчих” гээд байсан. Тэр хүн согтуу байсан нь илтэд мэдэгдэж байсан. Тэгээд манай нөхөр эмнэлэг, цагдаа дуудахаар явсан. ...Машиныг нөхөр Б.М  жолоодож явсан. ...” /хх 46 тал/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бяцхан хөтөл” гэх газарт ажлын хүмүүсийн хамтаар зам засварын ажил хийж байсан. Тэгтэл 15 цагийн орчимд мотоцикль Булган сум талаар ирж байгааг харсан. Тэгээд будаг савлаад байж байхад ард тас хийгээд нэг чанга чимээ гарсан. Тэгэхээр нь эргээд харсан чинь мотоцикльтой хүн замын хөвөөн хэсэгт мотоцикльдоо даруулсан хэвтэж байсан. ...Би осол болохыг өөрийн нүдээр үзэж хараагүй. Тас хийх чимээ гарах үед эргэж харахад осол болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 тал/,

Гэрч О.Б гийн  өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгаас 11 цагийн орчимд Булган аймгийн нутаг руу рашаанд амрахаар гэр бүлийн гишүүдийн хамт гарсан. ...Би арын суудалд 2 хүүхэд, мөн 2 дүүгийн хамтаар явж байсан. Тэгтэл замд ээж гэнэт чанга орилох үед цочоод сэрсэн. Тэгтэл нэг мотоцикльтой мөргөлдсөн байсан.  Би яг юунаас болоод яагаад мөргөлдсөнийг мэдээгүй. ...Машиныг М  жолоодож явсан. ...” гэх мэдүүлэг /хх 49 тал/,

Гэрч Т.Г ийн өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр “Бяцхан хөтөл” гэх газарт зам засварын ажил хийж байсан. Тэгтэл 15 цагийн орчимд байх мотоцикль замаар явж байсан ба гэнэт түг таг гээд чанга чимээ гарахаар нь эргээд харсан чинь мотоцикльтой хүн замын хажуу руу орж мотоцикльдоо даруулсан байдалтай байж байсан. ...Дараа нь харахад мотоцикль нэг машинтай мөргөлдсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 50 тал/,

Гэрч Ш.Болдын өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бяцхан хөтөл” гэх газар зам засварын цагаан зураас будах ажил хийж байсан. Өдөр 15 цагийн орчимд засмал замын ертөнцийн зүгээр урд талын хөвөөн дээр ажлынхаа 4 хүнтэй нийлээд будаг савлаад сууж байтал мотоцикльтой хүн “Дундатын гүүр” талаас ирж яваа харагдсан. Тэгээд мотоцикль хажуугаар өнгөрөөд гарсан удалгүй тас няс хийх чимээ гарангуут эргээд хартал мотоциклийн жолооч мотоцикльдоо дарагдсан байсан. Тэгээд бид нар очоод мотоциклийг нь босгосон, тэгтэл мөргөлдсөн приус машины жолооч хүрээд ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 52 тал/,

Гэрч Б.С ын өгсөн: “...Өдөр 15-16 цагийн орчимд засмал замын      ертөнцийн зүгээр урд талын хөвөөн дээр ажлынхаа 4 хүнтэй нийлээд будаг савлаад сууж байтал мотоцикльтой хүн “Дундатын гүүр” талаас ирж яваа харагдсан. Тэр мотоциклийн хажуу талаар нэг машин өнгөрөхөд тэнцвэрээ алдаж найгаад хажуугаар өнгөрөөд гарсан. Удалгүй тас няс хийх чимээ гарангуут эргээд хартал  мотоциклийн жолооч мотоцикльдоо дарагдсан байсан.Тэгээд бид нар очоод мотоциклийг нь босгосон тэгтэл мөргөлдсөн приус машины жолооч хүрээд ирсэн. ...Мотоциклийн жолооч хэсэг хэвтэж байгаад хахаж цацуулаад бөөлжөөд бид нар хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн. Удалгүй мотоциклийн жолооч босож ирээд ертөнцийн зүгээр замын урд талын шуудуун дотор орж бие засчихаад буцаж ирэхээр нь бид нар хэвтүүлээд биеийн байдлыг нь асуутал “ах нь зүгээрээ, намайг Эрдэнэт рүү явуулчих” гээд байсан . ...” гэх мэдүүлэг /хх 54 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 219 дугаартай:

  1. Магадлуулагч Д.Э ын биед зүүн 5,6,7,8-р, баруун 6,7-р хавирганы хугарал, зүүн өвдөг гуян дахь цусан хураа, булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрлээс хамаарна гэх дүгнэлт /хх 85-87 тал/,

Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай:

1.Жолооч Б. М  нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын ****** тоот эрхийн үнэмлэхтэй, Д.Э  нь ЦЕГ-ын жолоочийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй, жолооч биш байна.

2.Жолооч Д.Э  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийн хориглоно.

  • согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Мөн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна.

а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; гэсэн заалтыг зөрчсөн.

3.Жолооч Б.М  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.2. “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн.

4.“Б” ТӨХК-ний ажилчид үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.4. Зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах; Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 5. “ Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ.

а/засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих; гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

5.Дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс шалтгаалан осол гарсан байх үндэслэлтэй гэх дүгнэлт /хх 68 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73 тоот:

1. Жолооч Б.М  нь "В" ангилалын ****** дугаарын хүчинтэй үнэмлэхтэй, Жолооч Д.Э  нь  ЦЕГ-ын жолоочийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй, жолооч биш байна.

2. Жолооч Б.М  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн 7.15 “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Жолооч Д.Э  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ “Согтууруулах ундаа, мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 2.1 а "Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.

"Б" ТӨХК нь ажилчин үйл ажиллага явуулахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.4 “зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах”, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 5 “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ:

а/ Засвар ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих гэсэн заалтыг зөрчсөн байна.

  1. Жолооч Б.М ын тойрон гарсан гэх түмбийг саад гэж үзнэ.

“Саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл /зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсвэл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл мөн зорчих, хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт/-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг,

4. Тухайн нөхцөлд жолооч Б.М ын хийсэн үйлдэл нь буруу. Учир нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Жолооч Б.М  нь МУ-ын ЗХД-н 7.15. “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, Харин жолооч Д.Э  нь өөрийн зорчиж явсан эгнээгээр хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэн явна.

6. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зайлах гэсэн заалт байхгүй.

7. Уг зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан: "Б" ТӨХК, Жолооч Б.М  нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс шалтгаалан гарсан байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх 98-99 тал/,

Шинжээч Б.Ганзоригийн өгсөн: “...Би Эрүүгийн 1815002490179 тоот хэргийн материалыг уншиж танилцаад 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, этилийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр:

Жолооч Э ыг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 буюу согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 2.1 буюу механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалтыг зөрчсөн,

Жолооч Б.М  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг,

“Б” ТӨХК нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.4 буюу зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 5-д зааснаар “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг биелүүлнэ. Засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөлдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.

Осол гарсан шалтгаан нь "Б" ТӨХК нь замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг тэмдэглэл байрлуулаагүйгээс жолооч зам орчины нөхцөл байдлыг дүгнэх боломжгүй байдал үүсгэсэн. Орон нутгийн замд /суурингийн гадна/ жолооч 80 км/цагийн хурдтай явахыг дүрмээр зөвшөөрсөн. 80 км/ цаг орчимын хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч саадыг хараад бүрэн зогсоох арга хэмжээ авч амжихгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Мотоциклийн жолооч Д.Э  4,0 промиль процентын согтолттой өөрийнхөө үйлдлийг бүрэн хянах чадваргүй согтолттой хөдөлгөөнд оролцсон. Автомашины жолооч Б.М  "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцсоноор осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн. Дээрх гурван шалтгаан, нөхцлийн улмаас осол гарах шалтгаан бүрдсэн байна. ...” гэх мэдүүлэг /хх 89-90 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 5-6/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх 16/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17, 20, 23-25/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19, 21-22/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-31/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 34/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 91-93, 100-102, 166-169/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 141/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 142/, иргэний хариуцагч томилсон баримтууд /хх 149-150, 168/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /151-153, 170-172/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.М  нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр **-** УБҮ улсын дугаартай “Приус 41” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Бугат сумын нутаг “Бяцхан хөтөл” гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн 7.15 “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, эсрэг урсгалаар мотоцикльтой зорчиж явсан Д.Э ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.  

Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч Д.Э , гэрч Л.О , Б.Б , О.Б , Т.Г , Ш.Болд, Б.С  нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хэргийн болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Э ын биед зүүн 5,6,7,8-р, баруун 6,7-р хавирганы хугарал, зүүн өвдөг гуяан дахь цусан хураа, булчингийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 219 дугаартай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан болохыг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 58, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73, Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий нотолгооны ач холбогдолтой шууд болон шууд бус нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

   Хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтээс дүгнэлт хийхэд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох, өөрөөр хэлбэл зам дээрх аюул саад нь хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй байх ба хөдөлгөөнгүй саадыг тойрон гарахдаа жолооч өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл явж өнгөрөх боломжит хугацааг тооцоолж “саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх”, хөдөлгөөнт саадны хувьд /явган зорчигч, мал, амьтан гэх мэт/ хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед “тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” үүрэгтэй юм.

Тухайн осол, хэрэг гарсан шалтгааныг тогтоосон шинжээчдийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М ын аюул саадыг тойрон гарах боломжтой гэж хөнгөмсөгөөр найдан эсрэг урсгалд сөрөн орж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

       Иймд шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Харин гэмт хэрэг гарахад хохирогч, болон замын арчлалт, засварын ажилчид буюу “Б” ХХК-ний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, тухайлбал осол гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооч хүнд зэргийн согтолттой /хх-62 тал/ байсан нь аюул саад бий болсоныг даруй мэдэх, түүнийг зайлуулах, учрах хор уршгийн хэмжээг бууруулах аргыг самбаачлах, зөв шийдвэр гаргах зэрэгт, түүнчлэн  “Б” ТӨХК нь засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь нөлөөлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу “Б” ТӨХК-ийг  иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М  нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.Э т эмчилгээтэй холбоотой гарсан бодит хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, уг гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугуй, калпак, обуд тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинТ  болмогц шүүгдэгчид буцаан олгох зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У  овогт Б. М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргах эрхтэйг дурьдаж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М т сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хариуцагч “Б” ТӨХК-иас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй, обуд, калпак тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр  болмогц шүүгдэгч Б.М т буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол шүүгдэгч Б.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНХАНД