| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 151/2024/00107/И |
| Дугаар | 223/МА2024/00031 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 223/МА2024/00031
2024 10 31 223/МА2024/00031
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2024/00652 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............................ тоотод оршин суух, регистрийн дугаар ................., Д овогт Д-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ............................... тоотод оршин суух, регистрийн дугаар ............., Б овогтой Н.Г-д холбогдох
Эд хөрөнгийн доголдол арилгасан зардал 9,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг,
Хариуцагч Н.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал /цахимаар/,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Энэхүү зардалд 2,300,000 төгрөгийг сэлбэг авсан төлбөр, 4,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд засварчин Д.Төгсөн төлбөр, 460,000 төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал, 2,300,000 төгрөгийг тракторыг Архангайгаас Улаанбаатар хотын Д т ХХК-ийн хашаанд тээвэрлэж ирсэн, жолооч М.Зоригтбаатарт өгсөн төлбөр зэрэг багтсан” гэжээ.
2.Хариуцагч Н.Гын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “... Д.Гтракторыг 2019 оны 4 дүгээр сард авч явсан. Миний хувьд тракторын эвдрэл, доголдлыг засаж өгнө гэж тохироогүй. Нэхэмжлэгч надаас 2019 оны 5 болон 7 дугаар сард нэмэлт сэлбэг аваад явсан. 7 дугаар сард ирэхдээ “Манайх уриншаа бэлдэж байна” гэж хэлээд 2 хөл аваад явсан. Ингээд намар нь намайг шүүхэд өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, тариалалтын ажил дууссан байсан. Энэ хугацаанд трактор ажилласан гэж бодож байгаа. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч уйлж, унжаад байхаар нь би Тракторыг засаад өгье гэж хэлсэн. Ингээд шүүхийн шийдвэр гарч, миний бие 2 жолоочийн хамт Д т ХХК-ийн байранд очиж, тракторыг задалсан. Түүний дараа сэлбэгийг буцааж угсрах гэж байтал Д.Гшинэ сэлбэг авч өг, шинэ хроп авч өг гэх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд өөрөө саад болсон. Тэр бүү хэл намайг үг хэлээр доромжилсон. Тракторыг задална гэдэг бол ажлынхаа 50 хувийг хийсэн гэсэн үг шүү дээ. Хэрэв Д.Гтатгалзаагүй байсан бол би тракторыг янзлаад болчих байсан. Бусад засвар буюу цахилгааныг нь ч янзалчихсан байсан. Тухайн тракторыг 4,000,000 төгрөгөөр бус 500,000 төгрөгийн ажлын хөлс аваад л засчих гэмтэл байсан, 460,000 төгрөгөөр хэзээ, ямар үнэлгээ хийлгэсэн болохыг би мэдэхгүй, 2,300,000 төгрөгийн сэлбэг авч, 2,300,000 төгрөгөөр ачиж ирсэн гэдэг нь худлаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр очиход трактор “Д т ” ХХК-ийн хашаанд байсан, түүнийг Архангай руу авч яваад, дахиад тээвэрлэн ирсэн гэж нэхэмжлээд байгаа юм уу, ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Год холбогдох эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.
Д.Гнь 2019 оны 4 дүгээр сард 1221 маркийн тракторыг Н.Гоос засаж сайжруулж өгнө гэж тохиролцсоноор худалдан авсан. Тракторыг газар тариалангийн ажилд хэрэглэхээр худалдан авсан бөгөөд трактор хурдан хугацаанд засаж ажиллагаанд оруулах шаардлагатай байсан учраас Д.ГН.Гоос засаж өгөхийг шаардаад ч Н.Г засаж янзалж өгөхгүй байсан учир өөрийн зардлаар тракторыг засахаар болж 2,300,000 төгрөгөөр сэлбэг авч 4,000,000 төгрөг засварчин Төгсцогтод төлсөн, 2,300,000 төгрөг тракторыг Архангай аймгаас ачиж “Д т ” ХХК-ийн хашаанд авчирсан зардал болох зөвхөн өөрт байгаа баримтын хүрээнд 9,060,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн юм. Н.Г эвдрэлийг засаж тракторыг ажилд оруулахаар шүүхэд хариу тайлбар өгч тэр ч байтугай шүүхэд эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан нь Д.Гболон Н.Г нарын хооронд худалдах худалдан авах гэрээг хийхдээ эд хөрөнгийн доголдлыг арилгаж өгөхөөр нэмж тохирсон байгааг харуулж байна.
Гэтэл шүүх зөвхөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.6 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх үүргийг зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь өрөөсгөл ойлголт юм. Иргэний хуулийн 254 дүгээр заалт маань өөрөө худалдан авагчийн эрх үүргийг заасан буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах үндсэн гэрээ дотор орж ирсэн нарийвчилсан заалт юм. Иймээс Иргэний хуулийн 75 дугар зүйлийн 75.2.1 дэх заалт буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа маань 3 жил юм. Үүн дээр эд хөрөнгийн доголдолтой холбоотой нарийвчилсан заалт буюу 254.1.6 дахь хэсэгт заасан нийт 3 жил 6 cap гэж хөөн хэлэлцэх хугацааг тооцох зүйн хэрэг юм. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон анхнаасаа шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар нэг ч удаа маргаагүй байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг авч хэлэлцэн тэр тусмаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.6 дахь хэсэгт заасан хугацааг нэхэмжлэгч талаас асуухад хариуцагч тал энэ талаар хурал дээр тайлбар гаргасан болохыг хэлэх нь зүйтэй.
Хуулийн зорилго нь шүүхээр эрхээ хамгаалуулахаар шаардлага гаргах эрхийг иргэдэд богинотгосон заалт бус тухайн тохиолдлыг зохицуулсан заалтыг үндэслэл болгох ёсгүй юм. Мөн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг буцааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасарч байна, үүнээс 6 сарын дотор шүүхэд хандах ёстой байсан гэж үндэслэх хэсэгт бичжээ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар Д.Г-ийн шүүхэд хандаж хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдож эхлэх ёстой байсан. Ер нь хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг шүүх анхаарах ёстой байсан” гэв.
6. Хариуцагч Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх гээд очсон. Тракторын гурван арааг янзлаад засаад өгье гэсэн. Гэтэл Д.Гзаавал бүтэн шинэ хроп авхуулна гээд намайг загнаад байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар ч боломж олгоогүй. Мөн олдохгүй байгаа арааг заавал оросоос цоо шинийг авчруулж тавиулна гэсэн учир засаж чадаагүй. Гэхдээ би ажлынхаа 50 хувийг хийсэн гэж бодож байна. Бусад гэрэл асаах, усны дайч ажиллуулах зэргийг нэг донсолсон чинь зүгээр болчихсон гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх зохигчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй боловч хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэн судалсан нотлох баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтын бүрдэл дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Д.Гнэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжихдээ “...хариуцагч Н.Гоос 2019 оны 4 дүгээр сард 1221 маркийн трактор худалдаж авсан боловч эвдрэл гэмтэл ихтэй, ашиглах боломжгүй байсан. Н.Г тракторыг засварлаж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал нийт 9,060,000 төгрөг гаргуулна...” гэж тайлбарласан.
Хариуцагч Н.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Би 2019 оны 4 дүгээр сард 1221 маркийн тракторыг худалдсан. Гэхдээ засварлаж өгнө гэж тохирсон зүйл байхгүй... Д.Г2019 оны 5, 7 дугаар сард нэмэлт сэлбэг аваад явсан. 7 дугаар сард ирэхдээ уриншаа бэлдэж байна гээд хоёр хөл аваад явсан. Гэтэл намар нь шүүхэд хандсан байсан. Бид тракторыг засварлаж өгөх талаар тохирсны дагуу шүүхээс захирамж гарсан. Харин Д.Гтракторыг задалсан хойно засварлах бус шинэ сэлбэг авч өгөхийг шаардсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болгосон...” гэж маргасан.
Харин зохигчид худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар маргаагүй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч тал татгалзаж байгаа татгалзлын үндэслэлээ баримтаар няцаан мэтгэлцэх үүрэгтэй. Харин зохигч өөрөө олж авах боломжгүй баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхийн журмаар бүрдүүлэх эрхтэй.
Нэхэмжлэгч талаас өгсөн баримт болох Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2020/00517 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаас үзвэл, нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг, хариуцагч Н.Год холбогдох трактор болон сэлбэг хэрэгслийн үнэ нийт 32,189,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ “Захирамжлах нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гнь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, тракторын эвдрэл болох 1, 2 дугаар араанд нь оруулах, мостыг ажиллуулах цахилгааны гэмтэл буюу /усны дачка/-г ажиллуулах зэрэг шаардлагыг гаргаж энэхүү шаардлагыг хариуцагч Н.Г нь хүлээн зөвшөөрч тракторын энэ эвдрэлүүдийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор хийж, гүйцэтгэж эвдрэлгүй болгохоор эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж заажээ.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасан нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол энэ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилсан.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Н.Гын өмгөөлөгч Ш.Буянжаргал “...дээрх шүүгчийн захирамжийг шүүгч өөрөө хүчингүй болгосон...” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг “...уг үйл баримтын талаар мэдэхгүй...” гэж тус тус тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэх үйл баримтыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Мөн нэхэмжлэгч тал “И эс ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, “........” ХХК-ийн зарлагын баримтын хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Д.Төгсцогтын бичгээр гаргасан баталгааны хуулбар, М.Зоригбаатарын бичгээр гаргасан тодорхойлолтын хуулбар, Н.Гын иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2020/00517 дугаар шийдвэрийн хуулбар, хариуцагч тал Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШЗ2023/01606 дугаар шүүгчийн захирамжийг баримтаар шүүхэд тус тус өгсөн.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгч Ш.Буянжаргалын хүсэлтээр “Хаан банк” ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 5721/24/210 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 140 дугаартай албан бичиг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан.
Уг хуулийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Үндэслэх нь хэсэгт “...нэхэмжлэгч Д.Ггомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтад дүгнэлт хийх шаардлагагүй байгааг дурдаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Год холбогдох эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ...” гэсэн дүгнэлт хийсэн байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болоогүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2024/00652 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,910 /нэг зуун тавин есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС