| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 204/2024/00024 |
| Дугаар | 204/МА2024/00025 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 204/МА2024/00025
Ж.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/000318 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.С-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарын агуулга: Миний бие 1981 онд 10 дугаар анги төгсөөд 1982-1985 он хүртэл цэргийн алба хаасан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986 оноос ажилласан жилийн материал олдохгүй байгаа тул намайг Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.С-ыг Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нярваар ажиллаж байсныг тогтоож, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Ж.С-ын давж заалдах гомдлын агуулга: Миний бие Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдлийн даргын 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар тушаалаар 01 дүгээр бригадын аж ахуйн эрхлэгч буюу нярваар ажилласан. “ЭО” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар эрхлэгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 1988 оны 7 дугаар сараас 1990 он хүртэл “ЭО” нэгдэлд туслах үйлдвэрийн ажилтнаар ажилласан. Эдгээр ажлуудад ажилласныг мэдэх хоёр гэрч байгаа.
2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нярваар ажилласныг тогтоосон. 1988 оны 7 дугаар сараас “ЭО” нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан талаар 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн цалингийн цэсийг хавсаргасан. “ЭО” нэгдлийн архив шатсан учир өөр материал олдоогүй.
Иймд 1986 оноос 1988 оны ажилласан жилийг үнэн зөв тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Ж.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэл ***-ын бригадад аж ахуйн нярваар томилогдон ажиллаж байснаа тогтоолгохоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Хөдөлмөрийн дэвтэр дээр аж ахуйн эрхлэгчээр авч ажиллуулав гэсэн. Аж ахуйн эрхлэгч гэдгийг аж ахуйн нярав гэж ойлгоно. Энэ нь нэг л ажил бөгөөд би нярваар л ажиллаж байсан. Анхан шатны шүүхээс намайг Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нярваар ажиллаж байсныг тогтоосон.
Би анх нэхэмжлэл гаргахдаа 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Харин одоо 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ 2 жилийн ажилласан жил тогтоогдох юм бол ажилласан жил хүрнэ.
Иймд 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч Ж.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 01/
2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00318 дугаар шийдвэрээр Ж.С-ыг Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нярваар ажиллаж байсныг тогтоож, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3. Энэ шийдвэрт нэхэмжлэгч Ж.С “...1988 оны 7 дугаар сараас 1990 он хүртэл “ЭО” нэгдэлд туслах үйлдвэрийн ажилтнаар ажилласан. Эдгээр ажлуудад ажилласныг мэдэх хоёр гэрч байгаа ... Иймд 1986 оноос 1988 оны ажилласан жилийг үнэн зөв тогтоож өгнө үү” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан байна.
4. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс нэхэмжлэгч Ж.С-ын нярваар ажиллаж байсан хугацааг буруу тогтоож, хүсэлтийн үлдсэн хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
5. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ж.С нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нярваар ажиллаж байсан нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 239 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдлийн 1988 оны цалингийн тооцооны хүснэгт, гэрч Д.Б-ны мэдүүлэг ... зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна...” гэжээ.
Гэтэл дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ж.С-ын 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосон нь үндэслэл бүхий боловч түүний нярваар ажиллаж дууссан хугацааг Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот тушаалд “...аж ахуйн нярав Ж.С-ыг 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөв...” гэсэн байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй нярваар ажиллаж дууссан хугацааг 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэж буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэв.
Мөн гэрч Д.Б нь нэхэмжлэгч Ж.С-тай хамт буюу 1983 оноос 1990 оны хооронд Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 21-25/-аар нотлогдсон байхад тус гэрчийн “...Ж.С ... 1986-1989 оныг дуустал Өвөрхангай аймгийн *** сумын 01 дүгээр бригадын аж ахуйн нярав хийж байсан... тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 43/-ийг анхан шатны шүүх бүрэн үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул гэрч Д.Б-ны дээрх мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч Ж.С-ын 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилласан жилийг тогтоохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ж.С-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 09/ дээр “1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аж ахуйн эрхлэгчээр авч ажиллуулав” гэсэн байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.С “аж ахуйн эрхлэгч гэдгийг аж ахуйн нярав гэж ойлгоно. Энэ нь нэг л ажил байсан” гэж тайлбарласан тул түүнийг 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс нярваар ажилласан гэж дүгнэсэн болохыг дурдав.
6. Харин нэхэмжлэгч Ж.С нь 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болох нь түүний давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Иймд дээрх үндэслэлээр Ж.С-ыг Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл аж ахуйн нярав, 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Ж.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Нэхэмжлэгч Ж.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахад түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *** овогт Ж.С /РД:ЙЙ63060417/-ыг Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл аж ахуйн нярав, 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн *** сумын “ЭО” нэгдэлд 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасаж, 3, 4 дэх заалтын дугаарлалтыг 2, 3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.С-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ