Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 204/МА2024/00026

 

Ө.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 145/ШШ2024/00344 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б-д холбогдох,

Нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А /цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням, хариуцагч С.Б /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Ө.А-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: С.Б ах намайг Н.Л хамт самар ав гээд *** аймаг явуулсан. Тухайн үед надаас самар авах мөнгө байна уу? гэж асуухад нь байхгүй гэхэд мөнгө цаас болно, байгаа мөнгөөрөө самар авч байгаарай гэсэн. Н.Л ах бас мөнгөө гаргаад самар авсан. Тэгээд С.Б ах ирсэн. Би самар авч шалиагүй байсан. Тухайн үед Б.П эгч тооцоогоо бариад, би хэлсэн ярьснаар нь ажлаа хийгээд яваад байсан. Надад илүү, дутуу дураараа ажилласан зүйл байхгүй.

            Явцын дунд С.Б ах найдвартай мөнгө зээлэх хүн байна уу? гэхээр нь хоёр дүүгээсээ 100,000,000 төгрөг, хуурай ахаасаа 30,000,000 төгрөг, өөрт байсан 59,543,000 төгрөг, нийт 189,543,000 төгрөг зээлсэн. Тэгээд хоёр хонож байхад Б.П эгч хотоос яриад “тэнд хэдэн тонн самрын мөнгийг өгөөгүй байгаа юм байна, чи өгчих” гэж хэлсэн. Би толгой мэдэж самрын үйл ажиллагаанд оролцоогүй. Тэнд байсан бүх хүмүүс мэдэж байгаа.

            С.Б ах чи мөнгө олчих, наймаа шатахад би өөрөө дааж гарна, чамд төвөг болохгүй, чиний амьдрал ямар гэдгийг ах нь мэдэж байгаа гэж хоёроос гурван удаа хэлж байсан. Б.П эгч хотод л байсан. Тэндээсээ утсаар ингэмээр байна, тэгмээр байна гэж ярьдаг байсан. Эндээ ирээд самар авч, зарах зүйлдээ Б.П эгчийг өөрөө ирээд оролцмоор байна гэж хэлж байсан. Б.П эгч нэг ч удаа ирээгүй.

            Ингээд бид нийт 60 тонн самар аваад Улаанбаатар хот ачуулсан. Би хотод очоод самар борлуулахыг нь 12 сар гартал хүлээсэн. Энэ хугацаанд 20 тонн самар борлуулсан боловч хаана, хэнд, ямар үнээр борлуулсан гэдгийг надад хэлээгүй. Үлдсэн самрыг 22-ын товчооны хажууд хятад эзэнтэй агуулахад хураасан. Тэр үед самар авах хүн сураглаж үзэхэд 1 кг нь 13,000 төгрөг байсан. Энэ тухай С.Б ахад хэлэхэд уурлаж байсан.

            Гэтэл 2024 оны 02 дугаар сарын эхээр С.Б ах яриад 1 кг самрыг 11,400 төгрөгөөр өгсөн. Нийт 36,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн учир чиний мөнгөнөөс хасаж тооцно гээд нийт 189,543,000 төгрөгөөс самрын алдагдал 18,000,000 төгрөг хасаад үлдсэн 171,543,000 төгрөг дээр өмнө нь мал худалдаж авч байсан ажлаас надад өгөх 18,865,000 төгрөгийг нэмээд 190,408,000 төгрөг өгсөн. Уг нь 208,408,000 төгрөг өгөх ёстой байсан.

            Би С.Б ахыг найдвартай гэсэн болохоор хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Би одоо зээлсэн мөнгөнийхөө үлдэгдэл болох 18,000,000 төгрөгийг нэхэж байна. Тэрнээс хүүг нь бодож тооцоогүй, машины бензин, урсгал зардлуудыг ч гэсэн тооцоогүй. Ер нь нарийн зүйлсийг Б.П эгч сайн мэдэхгүй. Харин данс тооцоог Б.П эгч яс бариад хий гэсэн болгоныг би хийсэн. Надад худлаа хэлэх зүйл байхгүй гэжээ.

            2. Хариуцагч С.Б-ийн татгалзал, тайлбарын агуулга: Бид нар Ө.А-г Б гэж дууддаг. Бид хоёр хамтарч наймаа хийдэг. Ер нь ихэвчлэн надаас мөнгө аваад ноолуур, мах зэрэг эд зүйл авч наймаа хийдэг байсан. Өмнө жилийн 8 дугаар сард надтай хамтарч наймаа хийнэ гэсэн учраас хамтран 3,000 ямаа авсан. Тэгээд байж байтал Ө.А ахаа, би гэр бүлээсээ салчихсан, хоёр хүүхдэдээ байр авч өгмөөр байна. Хоёулаа хамтарч наймаа хийе гэж надад эхэлж хэлсэн. Тийм болохоор 3,000 ямаа дээр хамтарсан. Энэ самар дээр ч гэсэн хамтарсан.

            Надад Ө.А-ээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Бид хоёр хуурай ах, дүүс шиг итгэлийн үндсэн дээр наймаа хийсэн. Ямаа худалдаж авсан ашиг нь 25,000,000 төгрөг байсан ба үүнийг 12,500,000 төгрөгөөр хувааж авсан. Ямаа дээр ашгаа хувааж авчхаад самар дээр алдагдал хүлээх болохоор би алдагдал хүлээхгүй гэж шүүхэд хандаж байгааг нь гайхаж байна. Бид хоёр 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл самрыг зарахгүй хүлээсэн. Тухайн үед манай эхнэр бид гурав хамт байсан. Тэгээд манай эхнэр буцахгүй бол болохгүй байна, дараагийн мах, арьс ширний ажил эхэлчихлээ, би толгой мэдээд нэг машин самраа зарлаа гэж хэлээд самраа зарчхаад бид гурав эргээд уулзсан. Уулзаад үлдэгдэл самраа яах уу гэж ярилцаад хятад н.Б гэх залуугийн агуулахад нь самраа хураасан. Самраа яах талаар бид гурав ярилцсан. Үнэндээ хүнтэй хамтарч байгаа учраас би дур мэдэж самраа зарж чадахгүй байсан. Тэгээд Ө.А-ээс асуухаар Ө.А ааваараа зоос татдаг хүнээс байнга асуулгадаг байсан. Тэгээд асуучихлаа 7 хоног хүлээе, 14 хоног харъя гэж хэлдэг байсан. Удалгүй он гараад 01 дүгээр сард эхнэртэйгээ хамт хятад н.Б гэх хүн дээр очсон. Гэтэл зах зээлд самрын ханш уначихсан байсан.

            Самар зарахад гарцаар нь буюу 30 хувьтай, 34 хувьтай гэж ярьдаг. Тухайн үед *** сумын самар 29 хувьтай байсан. Хувь нь бага байсан учраас самрын ханш доошоо байсан. Сүүлд нь хятад н.Б-д самраа зарсан. Зарсан үнэ, ханш миний эхнэрийн данс тооцоонд байгаа. Ингээд самраа зартал Б буюу С.Б намайг самраа үнэтэй зарчихаад нарт хямд үнээр бодож мөнгө өглөө гэж хардсан.

            Үүнээс үүдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу аж ахуй компаниас дансны хуулгыг гаргаж авч шүүхэд өгөхөд би Б-аас мөнгө зээлсэн болсон. Би гомдолтой байна. Гэрчээр асуугдсан Н.Л, Р.Х, Г.Э байгаа. Н.Л-ийн хувьд бол надтай 20 гаруй жил найзалсан хүн. Харин Р.Х, Г.Э нарыг хаа байсан *** аймгаас авчраад миний талд мэдүүлэг өгнө шүү, цалингаа аваагүй шүү, цалин гэж өгөөгүй гэж хэлээрэй гэсэн байсан. Эдгээр хүмүүсийн цалинг өгсөн болох нь сая өгсөн дансны хуулгуудаар нотлогдоно. Мөн Портер машин нь эвдрээгүй гэсэн байсан. Би хоёр ачааны машинтай байсан. Хоёр ачааны машин хоёулаа эвдэрч 7,000,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ эвдрэл гэмтлээс манай эхнэр 2,000,000 төгрөгийг тооцож суутгасан байсан. Үлдэх 5,000,000 төгрөгийг би нэхэмжлээгүй. Нэг ачааны машинаараа явахад 3,000,000 төгрөгөөр явдаг. Ингэтэл нь хүнийг хэцүү байдалд оруулж, худлаа хэлж болохгүй. Ө.А надаас мөнгө зээлсэн гэж байгаад гайхаж байна. Б.П эгчид ярьсан зүйлээ хэлдэггүй, ярьдаггүй гэж байгаад нь ч гайхаж байна. Бид хоёр чинь гэр бүлийн хүмүүс. Бүх зүйлээ ярилцана. Хүмүүс намайг хүнтэй хамтарч ажиллаад нөгөө хүнийхээ мөнгийг луйвардсан гэж ярьж байна. Би гомдолтой байна. Манай эхнэр бүх зүйлийг мэдэж байгаа. Бид хоёрт бие биеэсээ нуух зүйл байхгүй. Бүх зүйлээ ярилцаж хамтдаа ажлаа хийдэг.

            Самар дээр бид 36,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Хамтран ажилласан учраас алдагдлаа 18,000,000 төгрөгөөр хуваасан. Ингэж увайгүй, жудаггүй ярьж, хүнийг гүтгэж болохгүй. Ах нь мөнгө муутай байна, мөнгө олоодох, мөнгө зээлье гэж ерөөсөө яриагүй. Бид хамтран ажилласан учраас алдагдлаа хүлээх нь зүйтэй. Баримттай зүйл ярих хэрэгтэй гэж бодож байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б-иас 7,964,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,136,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б-иас улсын тэмдэгтийн хураамж 142,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

5. Хариуцагч С.Б-ийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.12 дахь хэсэгт заасныг хэрэглэж шийдвэр гаргасан нь буруу болсон бөгөөд маргааны үйл баримтад хамааралгүй заалтыг хэрэглэсэн. Учир нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулагдаагүй Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.12 дахь заасныг хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулсан тохиолдолд хэрэглэх байсан. Ийм учраас алдагдлыг хувь тэнцүүлэн хуваах үр дагавар үүсэхгүй, хэрэв тийм байсан бол энэ асуудлыг бичгээр байгуулсан гэрээгээр шийдэж, үүсэх үр дагавар талуудад ойлгомжтой болох байсан. Харин Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.11 дэх хэсэгт заасныг алдагдлыг хамтран хариуцах хуулийн заалттай байхад энэ заалтыг хэрэглээгүй, хариуцагчийн эрхийг илтэд зөрчсөн.

2023 оны 11 дүгээр сарын 20-нд зарсан 19 тонн, 681 кг самрыг 11,800 төгрөгөөр зарж, нийт 232,303,900 төгрөг болсон. Энэ нь Ө.А-ийн мөнгө ороогүй хэсэг юм. Тухайн үед Ө.А ийм үнээр зарахгүй, хэд хоног харья гэсэн боловч дараагийн ажлаас болж, бэлэн мөнгө надад шаардлагатай байсан учир би өөрөө дур мэдэж, хэрэглэсэн. Энэ 232,303,900 төгрөг бол хамтарсан хөрөнгө биш зөвхөн миний мөнгө байсан учир нийт 667,000,000 төгрөгт хамаарахгүй, хамтын үйл ажиллагаанаас үүссэн алдагдал биш, хасах байсан мөнгө юм. Хасагдах ёстой зардал 5,000,000 төгрөгийг хасаагүй. Учир нь хамтраад самар авч байх үед портер, ачааны машин эвдэрч 7,000,000 төгрөгийн зардал гарсан, үүнээс 2,000,000 төгрөгийг зардалд оруулж хассан. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хасах байсан, энэ талаар анхан шатны шүүхэд хэлж байсан боловч хасаагүй байна гэжээ.

6. Нэхэмжлэгч Ө.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ ахыг дагаж явсан нь үнэн. С.Б ах өмнө нь намайг ахыгаа дагаад явахгүй юу гэж олон жилийн өмнөөс ярьдаг л байсан. Надад зав гарахгүй байж байгаад ноднин хамтарч ажиллахаар болсон. С.Б ах том машин эвдэрсэн гэж ярьж байгаа нь худлаа. Бид хоёр хотод байж байгаад барилгынхаа элсийг ачих гээд явсан. Том машин эвдэрсэн гэдэг нь өөрөө архи ууж хүн өдөж байгаад машиныхаа банкны шланкийг таслуулчхаад тэр хүнээ цагдаа шүүхэд өгч бөөн юм болсон гэсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй, түүнийгээ төлүүлж авсан байх гэж бодож байна.

С.Б ах том толгойтой миний үгэнд ордоггүй. Намайг хүнээр мэргэлүүлсэн гэж худлаа яриад байна. Өөрөө харин надад ахын дүү мэргэн хүн байна уу гэж асуудаг байсан. Өөрөө авгайтайгаа муудалцаад л самраа орхичихоод явахад авгай нь зарна гээд л байдаг байсан. Ах харин нүнжиггүй юм яриад байна. Бид аман гэрээ хийж бичгээр хийсэн гэрээ гэж байхгүй. Би худлаа зүйл ярихгүй. Мөн би шүүхийг хүндэтгэж давж заалдах гомдол гаргаагүй. Би 18,000,000 төгрөгийг авах  нь тодорхой байсан. С.Б ах өөрөө шатсан ч ах нь хариуцна гэдэг байсан. Надад мэдэх юм юу ч байхгүй. Би нэмж хасах юм байхгүй, үнэнийг л хэлнэ гэв.

        7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх гэдэг байдлаар тайлбарлаж нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч нэхэмжлэлд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэдгээр тайлбарлаж хариу тайлбар ирүүлсэн. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хамтран ажиллах гэрээ байгуулагдсан юм байна гэж үзэж Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт зааснаар төлсөн хувь хэмжээг нь харгалзан хуваарилсан. Нэхэмжлэгчийн зүгээс Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж давж заалдах гомдол гаргахгүй гэдэг байдлаа илэрхийлсэн. Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж маргасан мөртлөө давж заалдах гомдол гаргасан нь ойлгомжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 145/ШШ2024/00344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

8. Хариуцагч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өмнөговь аймгийн *** сумын малчин Ө.А-тэй хамтарч 5, 6-н жил наймаа хийсэн. Тэр намар нь бид хоёр 3000-н мал хамтарч авсан. Тэгэхэд ахаа би энэ жил хотод хүүхдүүддээ байр авч өгмөөр байна. Би дэмий сууж байхаар таныг бараадвал яаж байна гэсэн. Тэгэхээр нь би самар бол эрсдэл ихтэй хэдий ч мөнгө жоохон шингэдэг юм. Чи өөрөө мэдэхгүй юу гээд Ө.А надтай хамтарсан. Одоо ингээд байгааг нь би ойлгохгүй, учрыг нь олохгүй байна. Эхлээд намайг шүүхэд өгөхдөө самраа ашигтай зарчихаад ашгаа нуун дарагдуулсан гэсэн утгатай нэхэмжлэл өгсөн. Би түүнийг нь уншаагүй, танилцаагүй тиймэрхүү утгатай юм өгсөн байсан. Энэ яриад байгаа нь банкны хуулгаар гараад ирсэн чинь сүүлдээ надад мөнгө зээлүүлсэн болсон.

Бид хоёр нийт 60 тонн 539 кг самар авсан. Энэ нь данс тооцоотой нийлж мөргөж байгаа. Яагаад намайг үндэслэлгүй гүтгэж мөнгө нэхээд байгааг ойлгохгүй гайхаж байна. Тухайн үед самрын ханш нь унаж гарц нь ч муу байсан. Сэлэнгэ аймгийн самар 43.4, Архангай аймгийн самар 28.9 гэсэн гарцтай байсан. Намайг тодорхой хэлээд байхад ойлгохгүй намайг самраа үнэтэй зарчихсан гээд байгаа. Миний ганц алдаа бол самраа хараадахъя гэж явсанд намайг хардаад байгаа. Самраа авсан үнээрээ зарсан нь банкны хуулгаар нотлогдсон. Намайг самраа заръя гэхээр Ө.А О ахаар мэргэлүүллээ, ааваараа мэргэлүүллээ самар өснө гэж намайг үнэн худал нь мэдэгдэхгүй үймүүлээд байсан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед болж дараа нь би ажилтай байсан болохоор давуу эрхтэйгээр 19 тонн 681 кг самрыг эхнэртэйгээ ярилцаж байгаад зарсан. Энэ самар бол миний өөрийн самар байсан. Би нэгэнт энэ хүнтэй хамтарчихсан наймаа хийж байгаа юм чинь заръя гэлтэй нь биш сэтгэлд нь юм хийх байх гэж бодсон. Бид 2 хоорондоо самрын үнэ өсөх байх гэж ярилцсан. Тэгээд би өөрийнхөө 19 тонн 681 кг самар зарсан. Энэ бол бид хоёрын өөрсдийн мөнгө алдагдалд орохгүй, хамаарахгүй мөнгө юм. Ө.А намайг ор үндэслэлгүй гүтгэж байгаад гайхаж байна. Би сумандаа түүхий эд мал авдаг. Орон нутагтаа мал аж ахуй эрхэлдэг хүн л дээ. Тухайн үед надад мөнгөний хэрэг их гарсан. Өвөр-Монголын Ба гэдэг хүн дээр очиж самраа хадгалуулахаар гурвуулаа ярьсан. Хэрвээ энэ хүн миний үгэнд ороод самрыг зарчихсан бол ямар ч алдагдалгүй байх байсан. Нэгэнт би хүнтэй наймаа хийж хамтарсан болохоор хүн чанар гаргаж харсан. Би Ба гэдэг хүнээс гуйж складад нь самраа хийсэн. Сүүлдээ самрын үнэ унасан. Би ч ганцхан самраар шатсан юм биш. Самар авсан ченж нар бүгд шатсан. Тэгэхээр нь би болохоо байлаа гэж бодож самраа зарахад дахин намайг Ө.А хардсан. Би энэ самран дунд ажиллаад байсан зүйл байхгүй. Харин ч би хүн чанар гаргаж өөрөө давхар хохирчихсон л хүн байгаа. Ба гэдэг хүнд 37 тонн 530 кг самар үлдээсэн. Сүүлдээ самраа 11,200 төгрөгөөр өгсөн. Би портер машин ачааны том машин хоёртой хот явсан. Бас л портер машинд 2,000,000 төгрөг, том машинд 5,000,000 төгрөгийн эвдрэл гарч нийт 7,000,000 төгрөгийн хохирол гарахад миний өөрийн машин юм чинь гээд 2,000,000 төгрөгийн л хохирлыг нь гаргуулж 5,000,000 төгрөгийг нь би өөрөө даасан юм. Би 7,000,000 төгрөгийг миний хүсэлтээр гаргаж өгнө үү гэж хүсэж байна.

Би хот руу том машинаараа явахад ганцхан бензин масло л хийсэн. Би ажлын хөлс мөнгө нэхээгүй. Наймаа хийж байхад алдаж онохыг алийг тэр гэх вэ дээ.

Иймд намайг хохиролгүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Би гомдолтой байна. Намайг энэ хүн улайм цайм гүжирдээд би залилан хийж мөнгө төгрөгийг нь авсан ойлголт төрүүлээд байна.  Бүх зүйл илэн далангүй тодорхой байгаа. Хэрвээ миний өөрийн буруугаас болсон бол би 7,000,000 төгрөгийг өгч чадна. Хамгийн гол нь ор үндэслэлгүй намайг улайм цайм гүжирдээд байна. Ө.А залуу хүн хүнийг ингэж гүжирдэж байгаад өмнөөс нь санаа зовж л байна. Бид олон жил нөхөрлөсөн хүмүүс байгаа юм гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Ө.А нь С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг С.Б эс зөвшөөрч маргажээ.

2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 145/ШШ2024/00344 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б-иас 7,964,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,136,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3. Энэ шийдвэрт С.Б “... Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.12 дахь заалтыг хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулсан тохиолдолд хэрэглэх байсан учраас алдагдлыг хувь тэнцүүлэн хуваах үр дагавар үүсэхгүй ... 2023 оны 11 сарын 20-нд зарсан 19 тонн 681 кг самрын үнэ 232,303,900 төгрөг бол хамтарсан хөрөнгө биш зөвхөн миний мөнгө байсан учир нийт 667,000,000 төгрөгт хамаарахгүй, хамтын үйл ажиллагаанаас үүссэн алдагдал биш, хасах байсан мөнгө юм. Хасагдах ёстой зардал 5,000,000 төгрөгийг хасаагүй. Учир нь хамтраад самар авч байх үед портер, ачааны машин эвдэрч 7,000,000 төгрөгийн зардал гарсан, үүнээс 2,000,000 төгрөгийг зардалд оруулж хассан. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хасах байсан ...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтаар худалдан авсан нийт 60,539 кг самраас 3 тонн 358 кг хорогдол гарч цэвэр жингээр үлдсэн гэх 57,181 кг самрыг С.Б 654,203,900 төгрөгөөр худалдан борлуулсан нь Хаан банкны *** тоот дансны хуулгаар нотлогдож байна.

Ингээд самар худалдан авсан 667,515,900 төгрөг дээр самар худалдан авахад гаргасан зардал 22,883,600 төгрөгийг нэмж нийт зардал 690,399,500 төгрөгөөс самар худалдсан орлого 654,203,900 төгрөгийг хасаад алдагдлыг 36,195,600 төгрөг гэж тооцон, үүнийг хоёр хувааж 18,100,000 төгрөгийг Ө.А-ийн гаргасан 189,543,000 төгрөгийн хураамжаас хасаж, үлдсэн 171,443,000 төгрөг дээр өмнө нь хамтран ямаа худалдан авч, буцаан худалдахад гарсан ашиг 18,965,000 төгрөгийг нэмж Ө.А-д 190,408,000 төгрөг шилжүүлсэн нь Хаан банкны 5594025169, *** тоот дансны хуулгаар нотлогдож байна.

Гэтэл Ө.А зээлийн гэрээний дагуу С.Б-д 189,543,000 төгрөг зээлсэн учир самар худалдан авах ажлаас гарсан 36,195,600 төгрөгийн алдагдлын зарим хэсгийг би хариуцахгүй тул зээлийн гэрээний төлбөрийг үлдэгдэл 18,000,000 төгрөгийг С.Б-иас гаргуулж авна гэснээр зохигчийн хооронд зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээний аль харилцаа үүссэн талаар маргаан үүсжээ.

5. Хэрэгт авагдсан баримтаар Ө.А нийт 189,543,000 төгрөг гарган, үүний 119,543,000 төгрөгөөр өөрөө самар худалдан авсан нь зохигчийн тайлбар, гэрч Н.Л, Р.Х, Г.Э нарын мэдүүлгээр, 70,000,000 төгрөгийг самар худалдан авах зорилгоор дансаар шилжүүлсэн нь гэрч Б.П-ийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул Ө.А, С.Б нар ашиг олох зорилгоор самар худалдан авч хамтран ажилласан байна.

Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

6. Нэгэнт хамтран ажиллах гэрээ байгуулагдсан учир хамтын үйл ажиллагаа дуусгавар болоход үүссэн алдагдлыг талууд хамтран хариуцах хууль зүйн үр дагавар үүсэх бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй учир хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт нийцэж байна.

Гэхдээ анхан шатны шүүх алдагдлыг хувааж шийдвэрлэхдээ Ө.А, С.Б нарын төлсөн хураамжийг бүхэлд нь 667,000,000 төгрөг гэж буруу тооцсоноос 7,964,000 төгрөг гаргуулахаар тооцооллын алдаа гаргасан байна. Гишүүний төлсөн хураамжийг зөв тодорхойлох нь ашиг, алдагдлыг хувь тэнцүүлэн хуваарилахад чухал ач холбогдолтой.

Ө.А, С.Б нар гэрээнд хураамжийн хэмжээг тохиролцоогүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан талбараар нотлогдсон учраас Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 447.1 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээгээр буюу Ө.А 189,543,000 төгрөг, С.Б 189,543,000 төгрөгийг хураамж хариуцан гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нийт төлсөн хураамж болох 379,086,000 төгрөг нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн дундын өмчлөх хөрөнгө болно.

Тиймээс самар худалдаж авсан, худалдаж авахад гаргасан зардал болох нийт 690,399,500 төгрөгөөс Ө.А, С.Б нарын хураамж төлж хамтран ажилласан хэсэг нь 379,086,000 төгрөг буюу 54.91 хувь болж байгаа учир нийт алдагдал 36,195,600 төгрөгийн 54.91 хувийг тооцоход 19,875,003.96 төгрөг болно. Үүнийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт зааснаар Ө.А, С.Б нарт тэнцүү хуваахад Ө.А 9,937,501.98 төгрөгийн алдагдал хариуцахаар байна. Үүнийг нь С.Б-ийн суутган авсан 18,100,000 төгрөгөөс хасахад С.Б-иас 8,162,498.02 төгрөг гаргуулан Ө.А-д олгохоор тооцооллын зөрүү гарч байна.

Гэвч С.Б-иас 7,964,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт Ө.А давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулахгүй байх нь зүйтэй гэж дүгнэв.

7. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэг нь тэгш эрхийн зарчимд тулгуурлан хариуцлагыг хуваарилах агуулгатай бөгөөд энэ нь гагцхүү гэрээнд энэ талаар ямар нэгэн заалт ороогүй тохиолдолд үйлчлэх учир Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсгийг гэрээ бичгээр байгуулсан тохиолдолд хэрэглэх байсан учраас алдагдлыг хувь тэнцүүлэн хуваах үр дагавар үүсэхгүй гэх С.Б-ийн гомдол үндэслэлгүй байна. Мөн хамтраад самар авч байх үед портер, ачааны машин эвдэрч 7,000,000 төгрөгийн зардал гарсан, үүнээс 2,000,000 төгрөгийг зардалд оруулж хассан. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хасах байсан гэх агуулгаар гомдол гаргасан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, улмаар Ө.А үүнийг үгүйсгэж С.Б өөрөө архи ууж байгаад автомашинаа эвдсэн, тухайн асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан гэж маргасан учраас энэ гомдлыг хангахгүй.

Харин 2023 оны 11 сарын 20-нд зарсан 19 тонн 681 кг самрын үнэ 232,303,900 төгрөг бол хамтарсан хөрөнгө биш зөвхөн миний мөнгө байсан учир нийт 667,000,000 төгрөгт хамаарахгүй гэх гомдол үндэслэл бүхий боловч хамтарсан хураамжийн хэмжээг буруу тооцсон болон үүнээс үүсэх үр дагаврын талаар дээр дүгнэсэн болохыг дурдав.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, С.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. С.Б-ийн давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах журмаар гомдол гаргахад С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,694 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 145/ШШ2024/00344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад хариуцагч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,694 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

           ШҮҮГЧИД                            Н.ЭНХМАА

                                                                                     Л.НЯМДОРЖ