| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0651/Э |
| Дугаар | 650 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 650
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр.,
Улсын яллагч Х.Нарангуа,
Шүүгдэгч Б.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхөт овогт ийн т холбогдох 1908000190648 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “” ХХК-нд борлуулагч, ачигч ажилтай, ам бүл 1, Хан-уул дүүргийн 5 хороо, Нүхтийн 5-986 тоотод түр оршин суух, Баянгол дүүргийн 6 хороо, 10 дугаар хорллол, Дилав хутагт Жамсранжавын гудамж АОС 48 байр, 2-3 тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Мөнхөт овогт ийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүр дотор иргэн Г.ийг зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Хангай” захын Баянхошуу явдаг автобусны буудал дээр байдаг Чандмань хүнсний дэлгүүр орж 500 төгрөгийн үнэтэй шоколад 6 ширхэгийг аваад кассан дээр иртэл миний урд талд нэг танихгүй залуу зогсож байсан. Тэгээд би шоколадаа лангуун дээр нь тавиад түрүүвчнээсээ 20.000 төгрөг гаргаж тавьсан чинь миний урд зогсож байсан залуу гэнэт миний шанаа руу цохиод түлхээд унагасан. Би цонхны дор байсан паар мөргөөд унасан. Би босч ирээд тэр залууг ...чи яаж байгаа юм... гэж хэлсэн чинь намайг шууд заамдаж авч угсруулан миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний толгой эргээд унах гээд байсан. Намайг зодуулж байхад хажууд дэлгүүрийн Тсудалдагч байсан. Миний нийт эмчилгээ хийлгэсэн зардал 905.840 төгрөг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 10-13 х/,
2.Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 13 сарын 19-ны өглөө би ажилдаа явж байгаад Хангай захын авюбусны буудал дээр буугаад буудал дээр байрлах дэлгүүрээс ундаа аваад очерлоод зогсож байхад үл таних эмэгтэй хүн урдуур дайраад ороод ирэхээр нь надад хүнд дээрэлхүүлээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд тэр эмэгтэйг түлхсэн чинь тэр эмэгтэй намайг алгадсан. Тэгэхээр нь би тэр хүний нүүр, толгой руу нь 3 удаа цохьсон. ... хохирлын 906,000 төгрөгийг хүүхдийн нь дансаар төлсөн” гэх мэдүүлэг /хх 84-85 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 9 цагт дэлгүүрээ онгойлгоод байж байтал 11 цагийн үед гаднаас хүмүүс үйлчлүүлээд байж байсан. Тэгсэн нэг залуу тамхи, ундаа 2 авч карт өгч, би нөгөө картыг нь уншуулах гэсэн чинь болохгүй байсан. Тэгсэн тэр залуугийн хажуу талд байсан хөгшин настай эгч надад 20.000 төгрөг гаргаж өгөөд эгч нь яараад байна эгчийнхээ мөнгийг авчих гэсэн. Тэгээд нөгөө эгчийн мөнгийг аваад хариултыг нь өгөх гэсэн чинь нөгөө эгчийн хажууд зогсож байсан залуу нөгөө эгчийг шууд түлхсэн. Тэгсэн нөгөө эгч тэр залууг шууд гараараа нүүр рүү цохиод авсан. Тэгсэн нөгөө залуу шууд гараараа нүүр рүү нь цохиж, цааш нь түлхэж газар унагаасан. Тухайн эгчийн нүүр, толгой руу нь гараараа цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
4.Гэрч Л.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нь 1991 оны 02-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 120-р цэцэрлэгт хүмүүжээд 1989 онд ерөнхий боловсролын 93-р сургуульд элсэж суралцаад 1999 онд 10 жилийн сургуулиа төгсөөд Америкийн нэгдсэн улс руу коллежид сургахаар явуулсан боловч тэндээ сурч байгаад сургуулиа төгсөлгүй орхиод ажил хийж байгаад 2017 онд Монгол улсдаа ирсэн хүн байгаа юм. Манай хүү бол огцом ууртай, зөрүүд зантай, хүний үгэнд сайн ордог, хийх ёстой ажлаа сайн хийдэг, ажлын цаг сайн баримтладаг, хямгач, олны дунд нэр хүнд сайтай, нийтэч харьцаатай хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,
5.Шинжээчийн 390 тоот дүгнэлт
1.Т.ийн биед зүүн хоншоор ясны хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/,
6.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...уг камерт 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутын хэргийн талаарх үйл явдал бичигдсэн байв. Уг камерт зүс царай нь тод мэдэгдэхгүй 2 эрэгтэй хүн үйлчлүүлж байгаа бичлэг байна. Нэг эрэгтэй нь ноосондуу гэмээр малгайтай, цэнхэрдүү гэмээр куртиктэй байв, нөгөө залуу нь малгайгүй, үс нь дөнгөж ургаж байгаа гэмээр, сааралдуу гэмээр өвлийн куртиктэй, нарийхан хардуу гэмээр хөмсөгтэй, бордуу гэмээр царайтай, 175-180 см өндөртэй, турайнхай эрэгтэй залуу кармаагаа уудалж байгаад карт гаргаж байв. Тэгээд 11 цаг 33 миниутанд хардуу гэмээр бөөрөнхий малгайтай сааралдуу гэмээр куртиктэй 50-55 орчим насны эмэгтэй хүн нөгөө 2 хүний голоор орж ирээд кармаанаасаа мөнгө гаргаж ирээд худалдагчийн урд тавьж байв. Тэгээд баруун талд нь зогсож байсан эрэгтэй цаашаа яваад өгөх ба зүүн талд нь зогсож байсан саарал куртиктэй залуу нөгөө эмэгтэйг гэнэт цааш нь түлхэж байх ба нөгөө эмэгтэй нь босч ирээд нөгөө залууг шууд алгадаж байх ба саарал куртиктэй залуу нөгөө эмэгтэйн толгой болон нүүр рүү нь 3 удаа гараараа цохиж, нэг удаа хөл рүү нь өшиглөж байв. Саарал куртиктэй залуу нөгөө эмэгтэйн гарнаас нь татан дэлгүүрийн шалан дээр унагаж дээрээс нь дараад байв. Нөгөө эмэгтэй босч ирээд нөгөө эрэгтэйтэй маргалдан байх ба дундуур нь дэлгүүрт байсан эрэгтэй хүн хорьж зогсож байв. ...” гэх тэмдэглэл /хх 47 х/
7.Хохирлын баримтууд /хх 33-35 х/
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/
9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 х/
10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 46 х/
11.Б.ийн ажлын газрын тодорхойлолт /хх 49 х/
12.Хохирол төлсөн баримт /хх 96 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Б.нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүр дотор иргэн Г.ийг “урдуур дайрлаа” хэмээн түлхэх, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Г.ийн “... түрүүвчнээсээ 20.000 төгрөг гаргаж тавьсан чинь миний урд зогсож байсан залуу гэнэт миний шанаа руу цохиод түлхээд унагасан. Би цонхны доор байсан паар мөргөөд унасан. Би босч ирээд тэр залууг ...чи яаж байгаа юм... гэж хэлсэн чинь намайг шууд заамдаж авч угсруулан миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний толгой эргээд унах гээд байсан. Намайг зодуулж байхад хажууд дэлгүүрийн худалдагч байсан. Миний нийт эмчилгээ хийлгэсэн зардал 905.840 төгрөг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 10-13 х/,
Шүүгдэгч Б.ийн “... үл таних эмэгтэй хүн урдуур дайраад ороод ирэхээр нь надад хүнд дээрэлхүүлээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд тэр эмэгтэйг түлхсэн чинь тэр эмэгтэй намайг алгадсан. Тэгэхээр нь би тэр хүний нүүр, толгой руу нь 3 удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх 84-85 х/,
Гэрч Б.гийн “... тэр эгчийн хажууд зогсож байсан залуу нөгөө эгчийг шууд түлхсэн. Тэгсэн нөгөө эгч тэр залууг шууд гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн нөгөө залуу шууд гараараа нүүр рүү нь цохиж, цааш нь түлхэж газар унагаасан. Тухайн эгчийн нүүр, толгой руу нь гараараа цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
Шинжээчийн 390 тоот дүгнэлт
1.Т.ийн биед зүүн хоншоор ясны хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... уг камерт 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутын хэргийн талаарх үйл явдал бичигдсэн байв. ... саарал куртиктэй залуу эмэгтэйг гэнэт цааш нь түлхэж байх ба эмэгтэй нь босч ирээд залууг шууд алгадаж байх ба саарал куртиктэй залуу эмэгтэйн толгой болон нүүр рүү нь 3 удаа гараараа цохиж, нэг удаа хөл рүү нь өшиглөж байв. ...” гэх тэмдэглэл /хх 47 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Г.ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Б.гараараа 3 удаа цохиж учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 27 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Г.ийн эмчилгээний зардалд зарцуулсан 906,000 төгрөгийг төлсөн болох нь банкны шилжүүлгийн баримт /хх 96 х/-аар тогтоогдсон, хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.
Улсын яллагч: Шүүгдэгч Б.т 900 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Улсын яллагчийн гаргасан ялын санал дээр хэлэх тайлбаргүй гэсэн болно.
Б.т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Мөнхөт овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.т мэдэгдсүгэй.
5.Б.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 906,000 төгрөг төлөгдсөн, хохирогч Г. цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ