Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2024/00007

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2024/00007

 

 

М.М нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Г.Баярдаваа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн нээлттэй хуралдаанаар,

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2024/00146 дугаар шийдвэртэй, 

            нэхэмжлэгч М.М,

            хариуцагч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарт холбогдох

     Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 49,982,564 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсноор сэтгэцэд учирсан хор уршиг 100,000,000 төгрөг, нийт 152,982,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр,

         хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 97,777,402 төгрөгөөр нэмэгдүүлж, 147,759,966 төгрөг гаргуулах,

           хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутамд олгодог 77,105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан 2,740,000 төгрөг болгож өөрчлүүлэх,

хамтын гэрээнд заасны дагуу олгогдох “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Солонго нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяа /цахимаар/, нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

          Би тус байгууллагад 2010 оны 07 дугаар сард ажилд орсон. Тус байгууллага намайг ажилд авъя гэж санал тавьсаны дагуу би ажилд орсон. Би өөрөө сагс, волейбол тоглодог байсан учраас ажилд оръё гээд өмнө нь өргөдөл өгсөн байсан. Ажилд ороод 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянтал суманд фазын ялгаа хийх ажил хийнэ гэж яригдсан. Тухайн өдөр нь нэг дэх өдөр байсан. Манай байгууллага 5 дахь өдөр болгон сонсгол гэж хийдэг. Тэр нь дараа 7 хоногт ямар ажил хийх үү, ямар төлөвлөгөө гаргах уу, мөн хийсэн ажлаа танилцуулдаг өдөр байдаг. Тухайн сонсгол хийсэн өдөр нь 05 дугаар сарын 06-ны өдөр байсан санагдаж байна. Тэгэхэд 3 бригад гарч ажиллана гэсэн. Би тухайн үед ГАЗ-53 гэдэг машины жолоочоор ажиллаж байсан. 5 дахь өдөр нь Ш дарга надад ийм ийм хүмүүстэй Баянтал руу будгийн ажилд гарна гэж хэлсэн. Тэгэхэд нь хурал дээр би машин 2 тольгүй учраас цагдаагийн постоор гарч чадахгүй гэж хэлэхэд М чи хулгайн замаар дэнжийн зүүн талаар ороод явчих гэж хэлсэн. Би 05 дугаар сарын 09-ний өглөө би машиндаа бензин аваад хулгайн замаар гараад Баянтал дээр очсон. 05 дугаар сарын 06-ны өдөр яригдсан асуудал нь Баянтал дэд станцын тогийг тэр чигт нь тасална. Та нар фазын ялгаа хийж, будгийн ажил хийнэ гэсэн үүрэг даалгавар өгсөн. Би хувьдаа тог нь тэр чигтээ тасарсан байх юм байна гэсэн ойлголттой байсан. Яагаад би тог нь тасрах юм байна гэдгийг мэдсэн бэ гэхээр өмнө нь ийм тохиолдол бас гарч байсан. Манай ажлынхан Шивээ дэд станцад фазын ялгаа хийх ажил хийж байна. Хүчдэл нь тасарсан гээд би өмнө нь будгийн ажил хийж байсан. Би яг л тийм л зарчмаар явах юм байна гэж ойлгож байсан. Тухайн үед бид нар очоод заавар, зөвлөгөө өгөөд ярилцаад ажилласан. Тухайн үед 2 жолооч байсан. Ерөнхий инженертэй А гээд жолооч ажилд очсон. Заавар зөвлөгөө өгөөд гарын үсэг зураад ажилд гарна гэсэн чинь надтай хамт байсан А жолооч би энэ ажилд гарахгүй. Надад энд ажилд гарах үндэслэл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би адилхан жолооч учраас энэ ажилд гарахгүй гэсэн чинь манай байгууллагын салбарын жолооч хүн иймэрхүү ажилд гарах ёстой гээд ажилд гар гэсэн. Би машинаа станц руу оруулсан. Будаг хийж байгаад эргээд харахад будаагүй хэсэг байсан. Би ногоон будаг барьсан байсан санагдаж байна. Тэр станцыг бүхэлд нь будах ёстой байсан. Би дээшээ авирсан тэгээд л эмнэлэгт сэрсэн. Би хотод Түлэнхийн нөхөн сэргээх төв эмнэлэгт хэвтсэн. Түлэнхий нөхөн сэргээх төвд анх ухаан орсон.

        Дээрх үйлдвэрлэлийн ослын улмаас их хэмжээний гэмтэл, түлэгдэлт авсан. Түлэнхийн нөхөн сэргээх эмнэлэгт мэс засалд бүтэн наркозтой орж, зүүн гарын шуу хэсгээр тайруулж, баруун хөлийн доод хэсэг дэх түлэгдсэн шөрмөс, судас, мах зэргийг огтолж авсан, нүүрний баруун хэсэг, хүзүү, цээжний хэсэг гүн түлэгдсэн, толгойн оройн хэсэгт оёдол тавьсан, баруун нүдний хажуу талд оёсон зэрэг гэмтлүүд авсан. Улмаар эмнэлэгт 2011 оны 05 дугаар сараас 08 сар хүртэл хэвтэх хугацаандаа хөлөө тайруулахгүй хэлбэрээр нь авч үлдэхийн тулд нийт 6 удаа нугасаар мэдээ алдуулах хагалгаанд орж байсан. Уг ослоос болж хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан. Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол гарч үйлдвэрийн осол гарсантай холбоотойгоор буруутай албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага тооцсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор хариуцагч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Говьсүмбэр салбараас надад 2013 оны 03 дугаар сараас эхлэн цалинд 77,105 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэвч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын жолоочийн цалин 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нэмэгдсээр байсныг саяхан мэдсэн. Миний бие үйлдвэрийн осолд ороогүй байсан бол жолоочийн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, нэмэгдсэн хэмжээтэй тэнцэх цалин хөлсийг авах байсан. Иймээс Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 269 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн 77,105 төгрөг бодит байдалд өөрчлөгдсөн буюу жолоочийн цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор дутуу авсан цалин хөлсөө шаардах болсон. Уг учир шалтгааныг хариуцагч байгууллагад тайлбарлаж, жолоочийн цалин нэмэгдсэн юм шиг байна бодож олгоно уу гэсэн утгатай өргөдөл 2020 оны 10 сард  өгсөн боловч дараа онд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу олгож болно гэсэн хариу өгсөн. Монгол улс дахь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляци, эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханшны өөрчлөлт зэргээс хамаарч хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэх бүрд хариуцагч байгууллагын жолоочийн цалинг 2013 болон 2023 онтой харьцуулахад маш их хэмжээний зөрүү гарч байна.

        Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч надад гэм хор учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний зөрүү төлбөр болох 49,982,564 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

        Мөн хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутамд олгодог 77,105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан 2,740,000 төгрөг болгож өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн 77,105 төгрөг нь хөдөлмөрийн чадвараа алдсан учраас өгч байгаа мөнгө. Түүнээс биш цалин биш. Анхны нэхэмжлэлийн шаардлага дээр мөнгөний ханшийн өөрчлөлтөөс болоод 2,740,000 болгоод өгөөч гэж нэхэмжлэлээ гаргасан байсан бол сүүлд шүүхэд хэрэг буцаж ирснээс хойш нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн байгаа. Өөрөөр хэлбэл, шаардлага хэвээрээ байгаа. Үндэслэл нь мөнгөний ханшийн өөрчлөлт биш. Мөнгөний ханшийн өөрчлөлт гэхээр хэрэглээ болон бодолт талдаа биш юм байна гэж үзэж Иргэний хуулийн 507.1-т зааснаар буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсаны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэдгээр шаардсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын дүн бол хэвээрээ байгаа.

          Нэхэмжлэлийн шаардлагаа 509.3 биш 507.1 болгож өөрчлөөд байгаа. Жолоочоор ажиллаж байсан М.М хэрвээ жолоочоороо одоо ажиллаж байсан бол ийм цалин авах байсан гэдэг байдлаар цалингийнхаа тооцооллыг хүсэлт гаргаад бүрдүүлсэн байгаа. Одоо тэр цалингаа авахгүйгээр цалингийнхаа оронд 77,105 төгрөг авч байгаа. Энэ хоёрын зөрүү ийм юм гэдэг байдлаар гаргаж ирээд байгаа. 507.1 бол дутуу авсан гэдгээрээ гаргаж ирээд байгаа. Нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлээ өөрчилсөн. 507.1 гэж үндэслэл гаргасан манай байр суурь юу вэ гэхээр 77,105 төгрөг бол шүүхийн шийдвэрийн дагуу байгууллагаас гаргуулж байгаа мөнгө. Би хэрвээ байгууллагадаа жолоочоор ажиллаж байсан бол ийм цалин авах байсан гээд нотлох баримтуудаа гаргаж өгсөн байгаа.

            Иргэний хуулийн 505.1 буюу бусдын эрүүл мэндэд гэм хор учруулах гээд явж байгаа. 505, 506 дугаар зүйл заалтуудыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх Улсын Дээд шүүхийн 15 дугаартай тогтоол дээр болохоор олох ёстой байсан орлогын хэмжээгээр хохирлыг хариуцагч байгууллага нөхөн төлөх ёстой. Нөхөн төлөхдөө олох байсан орлогын хэмжээг яаж тооцох вэ гэхээр авч байсан цалин орлого, авч байсан тэтгэвэр, тэтгэмжийг тооцон гаргасан. Ялгаа нь 507 бол олох байсан орлогын хэмжээ, 509 бол хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой сар тутмын мөнгө гэж үзэж байгаа.

        Хариуцагч байгууллага нь надад гэм хор учруулж, иргэний эрх зүйн харилцаанд орох нөхцлийг бий болгосон бөгөөд миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах болон бусад асуудалд мэргэжлийн өмгөөлөгч ажиллуулах, эрүүл мэндийн болон нарийн мэргэжлийн зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мэргэжлийн туслалцаа авсан учраас өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөгийн төлбөрөө нэхэмжилж байгаа.

            2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тусгасан. Би осол болох үед дөнгөж 21 настай тус байгууллагын хамгийн залуу ажилтан байсан. Уг осолд орохоос өмнө би шатар тоглодог, сагсан бөмбөг, волейбол тоглодог тус байгууллагын тамирчин байсан төдийгүй сурч боловсрох өндөр тэмүүлэлтэй, маш том зорилготой хүүхэд байсан. 1998-2008 оны хугацаанд бүрэн дунд боловсрол эзэмшихдээ сурлагын дундаж дүн 87.58 хувь төгссөн. 2008 оны төгсөгчдийн “спортын шилдэг сурагч” болж байсан. Улсын ерөнхий шалгалтыг сайн өгч Санхүү эдийн засгийн сургуульд элсэж байсан. 2008 онд Говьсүмбэр аймгийн Уул уурхайн мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төвийн Уул уурхайн цахилгаан механик мэргэжлээр 1 жил суралцахдаа сурлагын дундаж дүн 90 хувь, 2008-2009 оны спортын шилдэг сурагч болж байсан. Харамсалтай нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон үйл явдлаас болж ид хийж бүтээх, суралцаж сайжрах насандаа энэ бүх зүйлээсээ салж сурах, бүтээх чадваргүй, өдөр болгон өвдөлт хөндүүр мэдэрдэг, хийж чаддаг зүйлсээ хийж чадахаа больсон, нэг ч шөнө тайван амардаггүй, өөртөө итгэх итгэлгүй, сэтгэл санааны хувьд хүнд байдаг болсон. Намайг таньдаг хүмүүс бахархаж инээмсэглэж харилцдаг байсан бол одоо өрөвдөх, хайрлах харцаар харж харилцдаг болж мөнгөөр хэзээ ч үнэлж болохгүй хүсэл мөрөөдөл, зорилго гэх мэт амьдрал дээрх асар олон зүйлээ алдсан. Жишээ нь, эрүүл мэндээ алдсан, найз охинтойгоо байх боломжоо, сайн хань сайхан хүүхдүүдийн аав байх боломжоо, найзуудтайгаа зааланд тоглох тэмцээн уралдаанд орох боломжоо алдсан, аав ээжийнхээ сайн хүү байх боломжоо алдсан, дүү нарынхаа үлгэр жишээ ах байх, сайн инженер техникийн ажилтан байх боломжоо, хүний сэтгэлд үлддэг сайхан дурсамжуудаа алдсан гэх мэт олон зүйлсийг алдсан. Уг ослоос хойш өнөөдрийг хүртэл миний биед мэдрэгдсэн өвдөлтийн хэмжээ, өвдөлтөөсөө болж нойргүй хонодог хоногийн тоо, сэтгэл гутралд орж байсан цаг хугацаа, алдсан боломжуудыг мөнгөөр хэмждэг байсан бол бидний хэрэглэдэг тооны орон хүрэхгүй байх. Уг ослоос болж хохирсон миний сэтгэл санааны хохирол, аав, ээж, эгч, дүү хүмүүсийн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлж хариуцагч байгууллагаас 100,000,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн баримтад тооцоолол хийж үзэхэд миний 2013-2023 онд нийт бодогдсон цалин 226,514,406.93 төгрөг байсан бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас олгосон тэтгэвэр болон 2013 оны 03 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл цалингийн зөрүүнд авсан мөнгүүдээ тус тус хасахаар 147,759,966 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 97,777,402 төгрөгөөр ихэсгэж байгаа.

        Хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд байгаа 6 сарын цалингийн дундаж нь 18,640,755 төгрөг. Сүүлийн 6 сарын ажлын хоног нь 125 хоног. Нэг ёсондоо 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэсэн үг. Нэг сарын дундаж цалинг бодохдоо ажлын хоногтоо хуваахаар гарчихаж байгаа. 18,640,755 төгрөгийг ажлын 125 хоногт хуваахаар нэг өдрийн ажлын цалин гарна. Нэг өдрийн цалин 149,126 төгрөг гарч байгаа. 125 хоногоо 6 сардаа хуваахаар ажлын 21 хоног гарч байгаа. Нэг өдрийн цалин болох 149,126 төгрөгөө ажлын 21 хоногтоо үржихээр 3,131,646 төгрөг гарч байгаа. Нэгдүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авах ёстой байсан цалин 3,131,646 төгрөг, 3 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд мөн баримт байгаа. Сарын дундаж цалин болох 3,131,646 төгрөгөөс 690,629 төгрөгийн тэтгэврээ хасаад 2,441,017 төгрөг гарч байгаа. 

           Цалин тэтгэврийн зөрүүг яаж бодсон бэ гэхээр 2 дугаар хавтаст хэргийн 190 дүгээр хуудсанд байгууллагаас жолоочийн цалин гээд 22,514,406.93 төгрөг гэсэн тооцоолол байгаа. Миний авсан мөнгө болохоор 1 дүгээр хавтаст хэрэг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгосон тэтгэврийн тооцоолол байгаа. 3 дугаар хавтаст хэрэгт 110, 111 дүгээр хуудсанд нийгмийн даатгалын сангаас авсан нийт мөнгөн дүнгүүд байгаа. Нэг ёсондоо 14 жилийн тооцоолол байгаа. Нийт 69,193,420 төгрөг авсан байна гэсэн тооцоолол байгаа. 110 дугаар хуудсанд байгууллагаас цалин тэтгэврийн зөрүү 77,105 төгрөгөө аваад 9,561,020 төгрөг байгаа. Энэ хоёр нэмэгдээд миний авсан мөнгөн дүн нь болохоор 78,754,440 төгрөг гэсэн мөнгөн дүн байгаа. 226,514,406 төгрөгөөс миний нийт авсан мөнгөө хасахаар 147,759,966 төгрөг гарч байгаа. Иргэний хуулийн 505.1-т заасны дагуу цалин тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт нь энэ хуулиараа зохицуулагдаж байгаа.

          Мөн “Б з ө б ц т с” ТӨХК-ийн 2021-2022 оны хамтын гэрээний 5.2-д компанийн нийт ажилчдад жилд нэг удаа халаалтын улирлын хөнгөлөлтийн үнийг 100,000 төгрөгөөр тооцож, жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан бэлнээр олгоно. Энэхүү заалт нь үйлдвэрлэлийн осолд орсон хүнд нэгэн адил хамаарна гэж заасан байх боловч 2022 онд уг мөнгө надад олгогдоогүй.

          Тиймээс нэхэмжлэлийн шаардлага дээрээ өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 147,759,966 төгрөг гаргуулах, хамтын гэрээний халаалтын улирлын 100,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан төлбөр сар тутамд 2,740,000 төгрөг болгож өөрчилж байх тул нотлох баримтын дагуу гаргуулж өгнө үү, өөр ярих зүйлгүй гэв.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

           М.М нь тус Говьсүмбэр аймгийн Ц т с компанид 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жолоочоор ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан. Тухайн үед тус байгууллагын зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ажил олгогчоос олгох бүхий л эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийг нөхөн сэргээхтэй холбоотой бүхий л хохирлыг барагдуулж байсан. Дээр нь манай компани Говьсүмбэр аймаг, Хэнтий аймаг, Дорноговь аймаг, Дундговь аймаг, Нийслэлийн Багануур дүүргийг хамарсан 5 салбартай. Төв нь Багануур дүүрэгт оршдог. Нийт компанийн хэмжээнд тухайн үед 500-аад ажилтантай байсан. Хамт олноо уриалаад мөнгөн тусламжийг М.М олгож байсан. Хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан хохиролтой холбоотой эрүүгийн хэрэг үүсэж Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор тус компанид тухайн үед ажиллаж байсан нэр бүхий 4 ажилтанд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр ял оноосон. Тухайн хүмүүс хуулийнхаа дагуу хариуцлагаа хүлээгээд явсан. 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр Дээд шүүхийн тогтоол гарсан. М.М нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлээд тус тогтоолын дагуу хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой нөхөн төлбөрт 16,360,932 төгрөг, 2013 оны 03 дугаар сараас эхлээд сар бүр цалин хөлс болон хөдөлмөрийн чадвар алдалтаас олгож байгаа тэтгэмжийн зөрүү 77,105 төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн.

            Үүний дагуу төлбөрийг төлсөн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0002 дугаартай магадлалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд өөрчлөлт орсон үндэслэлээр тус компаниас 21,028,518 төгрөгийг гаргуулж авсан байгаа. Үүнээс үзэхэд М.М нь ямар нэгэн хууль зүйн мэдлэггүй, ойлголтгүй хүн гэж харагдахгүй байгаа. Яагаад гэвэл 2012 оноос хойш өөрт учирсан хохирлуудаа хуулийн дагуу нэхэмжлээд төлбөрөө гаргуулаад явж байсан. Хамгийн сүүлийн жишээг дурдахад 2022 онд 3 шатны шүүхээр хөдөлмөрийн чадварын хувь хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нөхөн төлбөрт 21,028,518 төгрөгийг тус компаниас гаргуулж авсан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь юу вэ гэхээр Улсын дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор М.М үйлдвэрлэлийн осол гарсан өдрөөс групп тогтоолгох хүртэл хугацаанд цалин 1,121,040 төгрөг, групп тогтоосноос хойшх хугацаанд авч байсан цалин болон тэтгэврийн зөрүүд 2,707,316 төгрөг, 2013 оны 03 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой сар бүр 77,105 төгрөгийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу олгосон.

            Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэдэг хуулийн зохицуулалт үйлчилж байгаа гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Нэг ёсондоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 505, 509 дүгээр зүйл болон холбогдох бусад зүйл заалтын дагуу холбогдох нөхөн төлбөрүүдээ авсан учраас дахин байгууллагаас олгох боломжгүй гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн чадвар алдсанаас шалтгаалан тус компаниас сар бүр төлж байгаа 77,105  төгрөгийг нэмэгдүүлж 2,740,000 төгрөг болгон нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамтын гэрээний 5.2 дугаар зүйлд заасан түлээ, нүүрсний хөнгөлөлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад өмнөх шүүх хурлууд дээр илэрхийлж байсан байр суурьтайгаа ижил байр суурьтай байна. Тэр нь юу вэ гэхээр манай компанийн хамтын гэрээнд заасны дагуу тус компанид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд болон үйлдвэрлэлийн осолд орсон ажилчдад жилдээ нэг удаа дөрөвдүгээр улиралд багтаан 100,000 төгрөгийн түлээ, нүүрсний хөнгөлөлтийг олгодог. Түлээ нүүрсний хөнгөлөлт олгох асуудлыг тус компанид өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийн хувьд Монгол улсын Үндсэн хуульд зааснаар өөрийгөө өмгөөлөх болон хууль зүйн туслалцаа авах эрхийг хуульчлан баталгаажуулсан байдаг. Тийм учраас хууль зүйн тусламж авах эрх боломжоо ашигласны төлөө 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэхүү өмгөөллийн зардал нь гэм хор учруулсантай шууд холбогдохгүй байна гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 100,000,000 төгрөгийг мөн тус компаниас нэхэмжилсэн байгаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тодорхой заасан байгаа. 40.1-т заасан гэмт хэргийн улмаас хохирсон гэж үзэх юм бол хохирлыг тогтооно гэдэг байдлаар хуульчилсан. Хуулийн 40.1-т заасан хохирогч байхыг шаардсан байдаг. Бидний судалж мэдсэнээр бол тухайн гэм хор учруулсан нөхцөл байдал бол 2013 онд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн Аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэдгээр зүйлчилж холбогдох хүмүүст ял шийтгэлтийг оногдуулсан байдаг. Тэгэхээр шинээр батлагдсан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлж байгаа Шүүх шинжилгээний тухай хуульд аюулгүй ажиллагааны журам зөрчих гэдэг зүйл анги нь ороогүй учраас сэтгэл санааны хохирлыг тогтоож, улмаар барагдуулах боломжгүй гэж үзэж байгаа. Боломжгүй гэдэг үндэслэлээ Монгол улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон гаргаж байгаа. Яагаад гэхээр хууль тодорхой үндэслэлтэй зүйл дээр хариуцлагын асуудал яригдах ёстой. Хуульд заагдаагүй асуудал дээр нөхөн төлбөр, хохирлын асуудлыг ярих боломжгүй гэж үзэж байна гэв.

            3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

      Иргэн М.М тухайн байгууллагаас нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.           

       4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1., 509 дүгээр зүйлийн 509.1., 509.3., 511 дүгээр зүйлийн 511.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.3., 158 дугаар зүйлийн 158.1.5.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б з ө б ц т с” ТӨХК-ийн Говьсүмбэр салбараас хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 11,799,907 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, 2022 оны халаалтын улирлын хөнгөлөлт 100,000 төгрөг, нийт 14,899,907 төгрөг, мөн цалин тэтгэврийн зөрүүг 2024 оны 07 дугаар сараас эхлэн сар бүр 155,805.2 төгрөгөөр тооцож гаргуулан нэхэмжлэгч М.М тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 235,960,059 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөг гаргуулахаас бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчБ з ө б ц т с” ТӨХК-ийн Говьсүмбэр салбараас нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 232,450 төгрөгийг, мөн 4,550 төгрөгийг тус тус гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

          5. Нэхэмжлэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Солонго нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2024/00146 дугаартай шийдвэрийн дараах хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Би 2013 оны 03 дугаар сараас 2023 оны 06 сар хүртэл цалин хөлсний зөрүүг нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг үндэслэсэн Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 147,759,966 төгрөг нэхэмжилсэн гэтэл шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. /Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэг/ Мөн цалин хөлсний зөрүүг тооцож хасахдаа 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 05 сар хүртлэх цалин хөлсийг нэхэмжлэгчийн дутуу авсан цалин болох 19,320,570 төгрөгний хөлснөөс хууль зүйн үндэслэлгүй хасч тооцсон нь буруу, 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх тэтгэврийн  зөрүүнээс ажил хийсэн 18 сарын цалинг /данс хөтлөгчөөр ажилласан хугацаа/ хасч шийдэж байгаа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4. гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзаж, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлахыг хориглоно” гэх хуулийн заалтыг зөрчиж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2024/00146 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 147,759,966 төгрөг, Хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутам олгогдох 77,105 төгрөгийг 2,441,017 төгрөгийг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

         6. Нэхэмжлэгч М.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг яагаад эсэргүүцэж байгаа вэ гэвэл би 2013 оны 03 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх цалин, тэтгэврийн зөрүүг нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 505.1-ээр нэхэмжилсэн. Нийт 147 759 966 төгрөгийг нэхэмжилсэн. Говьсүмбэр аймгийн анхан шатны шүүх миний эхний нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ 509.3-ыг барьж шийдвэрлээд байгаа нь буруу харагдаад миний нэхэмжлэлийн шаардлагын сар болгон авдаг төлбөрийн хэмжээ өөрчилдөг хуулийн заалтаар буюу өөр хуулийн заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг маань хугацааг нь өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. 1 дэх үндэслэл нь хуулийг буруу хэрэглэж цалин тэтгэврийн зөрүү гээд 505.1-ээр хуульд заасан эрхийг маань 509.3-т зааснаар төлбөрийн хэмжээ өөрчилдөг заалтаар хамаатуулж шийдвэрлэсэн. 2 дугаар үндэслэл нь би тус байгууллагад 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн. Миний хөдөлмөрийн чадвар алдсанаас авсан цалин хөлсний зөрүүгээс тухайн үед ажиллаж байсан 18 сарын мөнгө болох 12 320 570 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн байгаа. Энэ нь  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6.4.4-д заасан гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэр, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хориглоно гэх хуулийн заалтыг зөрчөөд байгаа юм. Нэг ёсондоо М цалин тэтгэврийн зөрүү гэж авбал М ажил хийж болохгүй, ажил хийх юм бол цалин тэтгэврийн зөрүү авдаг гээд цалин тэтгэврийн зөрүүнээс хасна гэсэн шийдвэр гаргасан.  2 дахь  үндэслэл нь анхан шатны сүүлийн 8 дээр байна. Цалин тэтгэврийн төлбөрийн хэмжээг 2 700 000 төгрөгөөр нотлох баримтуудын дагуу мөнгөн дүнгээ гаргаад нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ 509.3-аар дахиад төлбөрийнхөө хэмжээг өөрчилнө гэж хуулийн заалтыг барьж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 507-гоор 5 сард хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтдээ хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой төлбөрөө Иргэний хуулийн 507.1-т заасны дагуу шийдүүлье гэсэн. Гэтэл шийдвэр гаргахдаа миний тодотголыг хүлээж авалгүй 509.3-т заасны дагуу мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан үзэж миний төлбөрийн хэмжээг өөрчилсөн байгаа. Уг төлбөр нь цалин, тэтгэврийн зөрүү болохоос биш мөнгөний ханшийн зөрүүтэй хамаагүй. 509.3-т заасны дагуу шийдсэн нь өмнө нь тогтоогдсон цалин, тэтгэврийн зөрүүг одоо үеийн мөнгөний ханшийн зөрүүтэй шууд хамааруулж хуулийг буруу ашиглаж байна гэж үзсэн. Сэтгэцэд учирсан хохирол гэдэг дээр хуулийг буцааж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Энэ хууль нь 2023 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. 2020 оны 8 сард би шүүх шинжилгээний газар очиж өөрийнхөө сэтгэл байдлыг тодорхойлуулахад 3 дугаар зэрэглэлтэй байна гэж гарсан. Хууль хэрэгжсэнээс хойш шүүх шинжилгээний газарт сэтгэл зүйн байдлаа шинжлүүлсэн болохоор үүнийг үгүйсгэхгүй нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

         7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлын 2 үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, тайлбарласан гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийн хөлсний 3 000 000 төгрөгийг шийдсэнийг эсэргүүцэж байгаа. Яагаад вэ гэхээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гээд заасан байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрийн 6-д үндэслэлийг тогтоохдоо гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхэд зайлшгүй гарсан зардал гэж үзэж өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх шийдсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрээс нийт Б ц т с, төрийн өмчит компанийн Говьсүмбэр Цахилгаан түгээх сүлжээ салбарт 14 899 907 төгрөг гаргуулахаас өмгөөлөгчийн зардал хөлс буюу 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад төлбөр тооцоотой холбоотой шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “... хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 147 759 966 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутам олгогдох 77 105 төгргийг 2 441 017 төгрөгөөр тооцон, сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

        Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б з ө б ц т с ТӨХК-д холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 147 759 966 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, үйлдвэрийн осолд орсноор сэтгэцэд учирсан хор уршиг 100 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутамд олгодог 77 105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан 2 740 000 төгрөг болгон өөрчлөх, хамтын гэрээнд заасны дагуу олгогдох халаалтын улирлын хөнгөлөлт болох 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний  хууль, уг зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар зэрэгт үндэслэжээ.

     Нэхэмжлэгч М.М нь 2013-2023 онуудад нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн тооцоолол, жолоочийн албан тушаалын дундаж цалингийн тооцоолол, мөн  хариуцагч байгууллагаас нэхэмжлэх цалин тэтгэврийн зөрүүг нэгтгэсэн хүснэгт зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

      Хариуцагч Б з ө б ц т с ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргаж Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын албан бичиг, нийгмийн даатгал болон хариуцагч байгууллагын даргын албан бичиг, М.М ажилд түр авах болон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал, жолоочийн цалин хөлсийг шинэчлэн батлах тухай тушаалууд, цалингийн тооцоололуудыг  шүүхэд ирүүлжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.М нь осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан тухайд болон 2022 оны халаалтын төлбөр 100 000 төгрөг гаргуулах талаар талууд маргаагүй болно.

         Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй “гэж зохицуулснаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч М.М хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

    Гэхдээ давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяа нь “анхан шатны шүүхээр тогтоосон хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 11 799 907 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйлгүй, 2022 оны халаалтын улирлын хөнгөлөлт 100 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарласан тул давж заалдах шатны шүүх, гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй зарчимд үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Мөн нэхэмжлэгч М.М нь өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх зайлшгүй гарсан зардал гэж үзэж гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчийн нэг гар нь хиймэл учраас хөдөлгөөн хязгаарлагдмал тул эрүүл мэндийн нөхцөл байдал зэргийг харгалзан өмгөөлөгчийн туслалцаа зайлшгүй шаардлагатай  байна гэж үзэж уг зардлыг гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

       Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон сар тутмын төлбөрийн үнийн дүнг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан тогтоохдоо хэрэгт авагдсан Монголбанкны албан бичгийг үндэслэсэн нь Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3-т заасанд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

       Түүнчлэн, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах маргааныг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн байх ба Шүүх шинжилгээний хууль болон Иргэний хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан дахин 100,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг хууль буцаан хэрэглэх боломжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.  

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Говьсүмбэр  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2024/00146 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нэхэмжлэл үндэслэлээр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОДНЯМАА

               ШҮҮГЧ                                             Г.БАЯРДАВАА

               ШҮҮГЧ                                             Н.БОЛОРМАА