| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 136/2023/00385/И |
| Дугаар | 216/МА2024/00008 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 216/МА2024/00008
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 216/МА2024/00008 |
М.А нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2024/00177 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч М.А,
хариуцагч И.Ө холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, - гудамж, - дугаар байрны - тоот, 43,3 м.кв талбай бүхий орон сууц /Ү-/-ны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг, Ү г у - м.кв өвөлжөө, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн /дугаар -/ гэрчилгээ,
- ДГА улсын дугаартай Toyota - маркийн хөх ягаан өнгийн суудлын 2002 онд үйлдвэрлэгдсэн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ,
- ДГА улсын дугаартай Mazda bongo truck маркийн цагаан өнгийн 1990 онд үйлдвэрлэгдсэн ачааны машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус эх хувиар нь гаргуулах үндсэн,
30,000,000 төгрөгийн үнэтэй дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай, халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэтэй алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга зэрэг хөрөнгүүдийг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай,
Эмчилгээний зардал 120,124,824 төгрөг гаргуулах,
Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, Ш гудамж, - дугаар байрны - тоот, 43,3 м.кв талбайтай орон сууц, - ДГА улсын дугаартай Toyota hilux маркийн суудлын автомашин, Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг, - 2000 м.кв өвөлжөөний газрыг талийгаач Д.А, И.Ө нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч И.Ө, түүний өмгөөлөгч Ц.Т нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч И.Ө, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг /цахимаар/, нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
М.А нь - оны - дугаар сарын -ний өдөр төрж, төрсөн эцэг Д.А овоглож, төрсний гэрчилгээ авсан. Эцэг Д.А, эх М нар нь - оны - дугаар сарын -ны өдрийн 38 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин М.А, хүү М.А нарыг эхийн асрамжид үлдээж, ...шийдвэрлэсэн. ...Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өвчнөөр нас барсан. М.А нь Д.А хууль ёсны өвлөгч тул төрсөн эцэг Д.А нэг иргэний өмчлөлтэй үл хөдлөх хөрөнгө болох Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, Ш гудамж, - дугаар байрны - тоот, 43,3 м.кв талбай бүхий орон сууц, Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, Ү г у 2000 м.кв өвөлжөө, өрхийн бүртгэлийн 98 дугаартай 311 толгой мал, - ДГА улсын дугаартай ‘-“ маркийн хөх ягаан өнгийн суудлын 2002 онд үйлдвэрлэгдсэн автомашин, - ДГА улсын дугаартай ‘’МAZDA Bongo Truck’’ маркийн цагаан өнгийн 1990 онд үйлдвэрлэгдсэн ачааны машин, Хаан банкны - тоот данс, Хаан банкны - тоот данс, Төрийн банкны - тоот данс зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдэд Дорноговь аймгийн тойргийн нотариатч Д өв хүлээн авах хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргаж бүртгүүлсэн. М.А төрсөн эцэг Д.А 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барснаас хойш 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нотариатад хандах шаардлага гарсан ба дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээ эх хувиараа И.Ө байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нотариатад хандах боломжгүй байдал үүссэн. Өв хүлээн авсан хүсэлтийг хүлээж авсан нотариатч Д нь дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг шаардсан. Энэ талаар шүүхэд хандахаас өмнө М.А нь АНУ-д ажиллаж амьдарч байсан. Энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор эрх аваад И.Ө гуайтай шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрчилгээнүүдийг болон хуваарьт хөрөнгүүдийн талаар зөвлөлдөж ярилцахаар уулзсан. Энэ уулзалтаар өгөх боломжгүй, М.А өөрийг нь ирэхээр хөрөнгүүдийг өгнө гэсэн яриагаар өндөрлөж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хугацаа дуусах ийм асуудал үүссэн учраас орон сууцны гэрчилгээ эх хувиар, Ү г у өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар, - ДГА улсын дугаартай ‘’-“ маркийн суудлын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар, - ДГА улсын дугаартай ‘’Мazda Bongo Truck’’ маркийн ачааны машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус эх хувиар нь гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар М.А бол Д.А төрсөн охин, Д.А бол М.А төрсөн аав учраас Д.А эд хөрөнгийг өвлөх эрхтэй. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчилгээг ямар үндэслэлээр бичих вэ? гэхээр хуульд заасан хууль ёсны өвлөгч болох нотлох бичиг баримт 1-рт хэрэгтэй. 2-рт өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ хэрэгтэй, 3-рт: өвлөгдөх эд хөрөнгө, оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримт гэхээр өнөөдөр М.А өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримт байхгүй байгаа. Гол нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол өвлүүлэгчийнхээ өмч болохыг нотлох бичиг баримтыг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Нэгэнт хууль ёсны өвлөгч гэдэг нь бүрэн тогтоогдчихсон. Өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт гэсэн зүйлүүдийг иж бүрдэл болгож өвлөх эрхийн гэрчилгээг олгох ёстой. Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээг бичих гэхээр өвлүүлэгчийн өмч хөрөнгө болгохыг нотлох бичиг баримт М.А байхгүй. И.Ө гэдэг хүн дээр байгаа, өөрөө ч хэлж байна. Байх ч ёстой хамт амьдарч байсан хүн. Тэгэхээр өнөөдрийн байдлаар М.А өвлөх эрхийн гэрчилгээг бичиж олгоход хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээнүүд байхгүй байгаа учраас энэ боломжгүй маргаан үүссэн байгаа. 2-рт: Хуваарьт эд хөрөнгийг нэхсэн, хуваарьт эд хөрөнгийн талаар маргаан байхгүй юм байна гэж би ойлгож байгаа. И.Ө гуай, надтай хамтарч амьдрахаас өмнө энэ хөөрөг, мөнгөн аяга, алтан бөгж бүгд байсан гэсэн. Тэгэхээр И.Ө гуай маргахгүй байх гэж бодож байна. М.А төрсөн эцэг Д.А өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан хуваарьт хөрөнгө болох дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай, халтар манан хөөрөг өнөөдрийн зах зээлийн үнэ ханш 30,000,000 төгрөгийн үнэтэй, М.А төрсөн эх М нөхөр Д.А гэрлэлтээ цуцлуулахаас өмнө худалдан авч өгч байсан алтан бөгж өнөөдрийн зах зээлийн үнэ ханш 3,000,000 төгрөгийн үнэтэй. М.А төрсөн эцэг Д.А өөрийнх нь хэрэглэж байсан дунд гарын мөнгөн аяга өнөөдрийн зах зээлийн үнэ ханш 1,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгүүд тус тус И.Ө байгаа. Энэ хөрөнгүүдийг М.А АНУ-аас ирэхэд нь өөрт нь гардуулж өгнө гэж амлаж ярилцаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрх хуваарьт хөрөнгүүд нь миний хань Д.А байсан, өөрөө авч байсан гэдгийг И.Ө гуай өөрөө тайлбарууддаа маш тодорхой ярьж, тайлбар болгондоо хэлдэг. Иймд И.Ө дээрх хөрөнгүүдийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
И.Ө миний бие нөхөр болох Д.А 2009-2021 он хүртэл хамтран амьдарсан. Бид хамтран амьдрах хугацаанаа хувийн мал аж ахуйг хөгжүүлж нэлээдгүй мал, зохих ёсны хөрөнгөтэй болсон төдийгүй энэ бүгд маань бидний хамтын уйгагүй хүчин зүтгэсэн хөдөлмөрийн үр шим юм. Нөхөр маань 2013 онд элэгний баруун талын хавдар, тулгуур эрхтний үе мөч, чихрийн шижин зэрэг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоолгож, байнгын асаргаа шаардлагатай хэвтрийн дэглэмд орж, сүүлийн 10 жилийн хугацаанд аймаг, сум, улсын болон хувийн эмнэлгүүдээр би өөрийн биеэр болон өөрийн үр хүүхдүүдийн хамтаар авч явж, 150 сая гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэж, 3 удаа хагалгаанд орж байсан. Зардлын дийлэнх хувийг бид өөрсдөө болон ах дүү төрөл садангаасаа гаргасан ба М.А нэг ч төгрөг аваагүй. ...Миний хувьд амьдралаа 100 хувь авч явдаг байсан ба өвчтэй байх хугацаанд нь сэтгэл зүрхээ 100 хувь зарцуулдаг байсан. Өөрийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг хүүхэд нь гэж гарч ирсэн М.А хуваалцах боломжгүй, М.А өвлөгдөх хөрөнгө үлдээгээгүй. ...Энэ хугацаанд нөхөр Д.А үр хүүхэд гэх нэг ч хүн гарч ирж нэг удаа эргэж тойрч, асууж сураглаж тэр бүү хэл утсаар холбогдож байсан түүх байхгүй бөгөөд хүн амын өрийн бүртгэл дээр ч хүүхэдгүй гэж бүртгэгдсэн байдаг. Нөхөр маань 3 удаагийн хагалгаанд орохдоо өөрийн үр хүүхэддээ нэг ч удаа хэлье, яръя гэж хэлж байгаагүй. Миний нөхрийн зүгээс гэрлэлтээ албан ёсоор батлуулах саналыг надад удаа дараа тавьж байсан хэдий ч миний бие нь хөдөө мал ахуйгаа эрхлэх, амьдрал ахуйгаа авч явах, нөхрөө өөрийн гараар асарч тойлж байсны улмаас албан ёсоор гэрлэлтээ батлуулах боломж байгаагүйгээс гадна өөртөө ч анхаарч рашаан сувилалд нэг ч удаа явж байсан удаагүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар бид бол хамтдаа амьдарч байсан гэр бүл. Үүнийг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ...00113 дугаар шийдвэрээр тогтоосон нь намайг хууль ёсны эхнэр гэж үзэх үндэслэл болно. ...Эдгээр хөрөнгүүд миний нөхрийг хөдөлмөрийн чадвараа алдаад группт орсоны дараа би ганц өөрийн биеэр хөдөлмөрлөж бий болгосон эд хөрөнгө юм. Монгол Улсад малчдын А данс болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нөхрийн нэр дээр бүртгэгддэг бөгөөд үүнийг далимдуулан бусдын хөдөлмөрийн үр шимээр бий болсон эд хөрөнгийг хууль бус аргаар авах санаатай байна гэж миний зүгээс үзэж байна. ...Миний нөхөр тухайн үедээ өрхийн тэргүүн байсан ам бүл хоёулаа амьдарч, би 2005 онд, одоогоос 18 жилийн өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн чадваргүй хүн юм. Миний бие өөрийгөө Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3, 528.1, 528.2 дахь заалтуудыг үндэслэн өвлүүлэгчийг нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй хууль ёсны өвлөгч, хууль ёсны өв хүлээн авсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
...Талийгаач Д.А гэдэг хүний гэрээслэл энэ асуудлыг шийдэхэд маш чухал ач холбогдолтой. Энэ хүн маш чухал ач холбогдолтой зүйлийг үлдээгээд явсан. Хэдийгээр нотариатаар батлуулж амжаагүй, эрүүл мэндийн байдал нь тийм хүнд нөхцөл байдалд байсан ч энэ хүн ирээдүйд иймэрхүү асуудал гарна гэдгийг ерөнхийдөө мэдсэн. Энэ хүнд би бүх юмаа шилжүүлж байна гээд өөрийнхөө хүсэл зоригийн илэрхийллээр тодорхой бичээд үлдээгээд явжээ. Бид нар нэгэнтээ дээшээ дэвшсэн хүний хүсэл зоригийн илэрхийллийг хүндэтгэн үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад гэхлээр насныхаа сүүлд энэ хоёр хүн сайхан амьдарч байгаад бие биедээ үнэхээрийн ээнэгшин дасаад тэгээд би явлаа, би найдваргүй боллоо гэдгээ энэ хүн ерөнхийдөө ойлгосон юм шиг байгаа юм. Хүсэл зоригийн илэрхийлэл гэдэгт юу гэж ойлгож үздэг юм бэ? гэхлээр эрх зүйн үр дагавар гарахад чиглэсэн хүсэл зоригоо хувь хүн чөлөөтэй илэрхийлэхийг ойлгодог. ...энэ гэрээслэл өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Энэ эд хөрөнгүүдийг И.Ө нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлд заасан гэрээслэлээр өвлөх бүрэн эрхтэй гэж үзэж байгаа. Тийм учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, Энэ гэрээслэл нь хоёрын хоёр шинжээчийн дүгнэлтээр нотлогдлоо. Өөрийнхөө тамга тэмдгийг дарлаа. Дээрх гэрээслэлийг бичээд миний тамга тэмдэг, гарын үсэг намайг төлөөлж үлдэх нотлох баримт болно гэжээ. Хувь хүн ийм нөхцөлөөс өөр юу бичиж үлдээх вэ? Энэ бүхнийг шүүх харгалзан үзэх хэрэгтэй. Энэ хүний итгэл найдвар, ирээдүйд энэ хүний хүсэл зоригийг илэрхийлсэн энэ бичгүүдийг хууль зүйн бүрэн үндэстэй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нөхөр маань өвдөж эмнэлгээр олон жил явж байхдаа нэг ч удаа үр хүүхдэдээ дуулгая гэж байгаагүй. Гэтэл охин М.А нь Д.А хууль ёсны өвлөгч гэж шүүхээр маргаж байгаа тул эмчилгээний зардлыг гаргах ёстой гэж үзэж байна. ...Иймд, Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1-т зааснаар өвлүүлэгчийг өвчтэй байхад “Интермэд” эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон эмчилгээний 120,124,824 төгрөгийг хариуцагч М.А гаргуулж өгнө үү. ...нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзаж байна. Яагаад гэвэл талийгаачийн ах дүү нар Ө гэдэг хүн ямар ч мөнгө гаргаагүй, хандивын мөнгө зөндөө цугларсан,манай ах дүү нар мөнгө өгсөн гэсэн учир манай ах дүү, үр хүүхдүүд мөнгө өгсөн гэдгийг харуулж нотлох баримтаар шүүхэд албан ёсоор гаргаж өгсөн юм. Нэхэмжлэгч тал Д.А эмчилгээнд зардал 120,000,000 төгрөг гарсан гэдгийг ойлгосон гэсэн учир нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу бид бол хамтдаа амьдарч байсан гэр бүл юм. Үүнийг шүүх тогтоосон нь намайг хууль ёсны эхнэр гэж үзэх үндэслэл болно. Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, - гудамжны - дугаар байр, - тоот, 43.3 м.кв талбайтай, - өрөө орон сууцыг 2015 онд, Сайншанд сумын - дугаар багт орших - өвөлжөөний газрыг 2016 онд, Toyota hilux маркийн хөх ягаан өнгийн автомашиныг 2017 онд тус тус худалдаж авсан. ...өөрийн нөхрийн гэрээлэл бичвэрийг гаргаж өгсөн. Дээрх бичвэрийг бичээд маргааш нь бид эмнэлэгт хэвтсэн. Нотариатын хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар нотариатч дуудан уг гэрээслэлийг батлуулах байсан боловч тухайн үед Ковид-19 хүчтэй дэгдэлттэй, онц дэглэмтэй байсан учир эмнэлэг гаднаас хүн оруулах боломжгүй, бид гадагш гарах боломжгүй байсан учир бид нотариатаар батлуулж чадаагүй. Эмнэлэгт 20 гаран хоносны дараа биеийн байдал хүндэрч улмаар амь насаа алдсан. Гэрээслэл бичих ямар учиртай байсан юм бэ гэдгийг би одоо ойлгож байна. Талийгаач анх гэрлэлтийн баталгаа хоёулаа хийлгэе гэж байсан. Би тэгэхээр нь ийм хөгшин болчихсон улсууд чинь гэрлэлтийн баталгаагаар яадаг юм, ажил амжихгүй гээд ийм арчаагүй байдлыг би өөрөө үүсгэсэн. Тэгээд эцсийн эцэст энэ хүн гэрээслэл бичсэн байна. Яагаад гэвэл би хамт амьдарч байсан хүнээ тойлсон, насны эцэст тэр хүнд бүх юмаа зориулсан байж хүүхдийг нь харж хандах боломжгүй. Би эхлээд М.А 1 дүгээрт тавьж үзсэн, харьцсан. Гэтэл ах дүү нар нь 18,000,000 төгрөгөө авахын тулд манай өвөлжөөн дээр байсан хүнээс 10,000,000 төгрөгийг худлаа хэлж авсан байсан. ...Бид нар хуулиар хамааралгүй юм байна. Ерөөсөө М.А зүтгүүлээд авъя гээд, М.А бол эд нарын шахалтад орж энэ юмыг хийж байгаа гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл М.А анх ярихдаа би аавынхаа энерги шингэсэн юмыг авна, би өмч хөрөнгө булаалдахгүй гээд манай хүүхэдтэй ярьсан байдаг. Эцсийн эцэст нь энэ хүүхдийг турхирч ийм явуургүй муухай юмыг ах дүү нар нь хийж эцгийнх нь араас 3 жил ясыг нь өндөлзүүлж байна. ...Би өөрт нь хэлж байсан. Би аавын чинь хамгийн үнэтэй юмыг чамд өгнө, хэдэн жил ч болсон би чамд өгнө гээд. Тэр юмнуудыг би нэгийг ч үрээгүй байж байгаа, үрэх ч үгүй. ...Хамаг ачааг нь үүрч явж байгаа ах нь амь насаа алдаж байхад эд хөрөнгө нь аминаас нь илүү харагдаж байсан. Тэр нь миний дургүйг хүргэсэн. Хөөргийг 1980 хэдэн онд манай талийгаач Айргийн жоншны үйлдвэрийн жолоочоос 1,500 төгрөгөөр авсан гэж ярьдаг байсан. Тэгэхээр энэ хөөргийг талийгаач өөрийнхөө мөнгөөр авсан гэж бодож байгаа. Орон сууцыг бол талийгаачийн нэр дээр авч байсан. Манай бүх хөрөнгө талийгаачийн нэр дээр байдаг байсан. Бөгжийг манай аймагт Х гэж дархан хүн байсан. Тэр хүнээр хоёр бөгж нийлүүлээд хийлгүүлсэн гээд зүүдэг байсан. Тухайн үед намайг эндээс нэмээд бөгжөө томруул гэж байсан. Надад алт мөнгө зүүх сонирхол байхгүй. Мөнгөн аягыг бас Х дарханаар хийлгүүлсэн гэж ярьдаг байсан. М.А 2012 оноос 2017 он хүртэл 5 жил Монголд байсан. Тэгж байхдаа уулзахгүй яасан юм бэ? ...Настай улсуудыг дарлаж хуулийн цоорхойгоор авъя гэж боддог улсууд их байдаг юм байна. Би бол ичнэ, эцгийгээ эргэж ирээгүй байж өмч хөрөнгөд ганц төгрөг ч нэмэрлээгүй байж, бичиг баримтыг авъя гэж хэзээ ч хэлж чадахгүй. Тийм учраас миний нөхрийн гэрээслэл, саяын бичлэгт И.Ө өрөнд оруулчихвий гэж бодож байна гээд санаа зовж байсан, хөрөнгийн маргаан үүсгэсэн байдлаас шалтгаалан эд хөрөнгөө шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх зөвлөмжийг нотариатын байгууллага зөвлөсөн. Нотариатч Д нь 136/ШШ2022/00113 тоот шийдвэрээр миний нөхөр Д.А хууль ёсны өмчлөгч нь И.Ө мөн болохыг тогтоосон учир М.А нотариатад хандсан өвийн хүсэлтийг татгалзсан байдаг. Эд хөрөнгийн гэрчилгээг М.А руу шилжүүлэх боломжгүй ба миний бие талийгаач нөхөртөө хангалттай зардал гаргаж, эмчилгээ буяны ажилд бүх боломжоороо хөрөнгө зарцуулсан бөгөөд одоо түүний охин гэх хүнд дахин зардал гаргаж хөрөнгө шилжүүлэн өгөх ямар ч боломжгүй. Дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг талийгаач Д.А 2009-2021 оны 11 сар хүртэлх хугацаанд хамтран амьдарч, хамтын хөдөлмөр аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоор олж авсан хөрөнгө юм. Манай нөхөр надаас өмнө мал маллаж байхдаа ийм эд хөрөнгө аваагүй. Улсын бүртгэл дээр очиж шүүлгэж болно. Надтай суухаасаа өмнө энэ хүний нэр дээр ямар хөрөнгө байсан талаар, оноор нь хөөгөөд үзэхээр надтай суусан хойноо энэ эд хөрөнгийг авсан. Энэ эд хөрөнгийн авч байгаа тэр мөнгийг нь би өөрийнхөө хөдөлмөрөөр босгож өгч байсан. Тэр хүн менежерийн журмаар тэрийг борлуулаад мөнгө төгрөгөө аваад үүнийг авсан. Тэгээд энэ үндсэн хөрөнгүүдийг авахад бид хоёр, хоёр дахиж банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авсан байгаа. Бид хоёр бүх ямаагаа борлуулж авсан. ...Талийгаач өвгөний минь гэрээслэл дээр ч байдаг, бидний үр хүүхдэд хамааралгүй гэж бичсэн байдаг. Бид хоёр үхэхдээ хоёулаа хэнээс ч юу ч гуйхгүй амьдаръя гэсэн үндсэн дээр ийм эд хөрөнгийг бий болгосон. Иймд, Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, Ш гудамж, - дугаар байрны - тоот, 43,3 м.кв талбайтай орон сууц, - ДГА улсын дугаартай Toyota hilux маркийн суудлын автомашин, Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг, - 2000 м.кв өвөлжөөний газрыг талийгаач Д.А, И.Ө нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү. - ДГА улсын дугаартай Mazda bongo truck машиныг манай айл малчин С.Н, нөхөр Э нарын 100 хувийн хөрөнгө буюу 13 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Нөхөр Э нь жолооны үнэмлэх байхгүй, бичиг үсэггүй улмаас манай нөхрийн нэр дээрх бүртгүүлсэн гэжээ.
4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ өмчүүд, энэ хөрөнгүүд бүгдээрээ Д.А гэдэг хүний нэр дээр байгаа. Энэ хүн нас барчихсан. Тэгэхээр энэ эзэнгүй хөрөнгө. Энэ хөрөнгийн, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нь М.А биш. М.А өнөөдрийн энэ хөрөнгүүдийн эзэн биш, яагаад М.А холбогдуулж гаргаад байгаа юм бэ? Өмгөөлөгчийн хэлснээр энэ хөрөнгө дэс дараалалтай явагдах ёстой. М.А шилжсэн тохиолдолд миний хөрөнгө М.А чи авчихлаа, миний хөрөнгө нийлээд холилдоод тэдэн төгрөг орчихсон, орон сууц авахад миний тэдэн төгрөг орчихсон, чи энэ орон сууцнаас тэдэн төгрөг гаргаж өг гэж М.А холбогдуулж энэ нэхэмжлэлийг гаргах ёстой. Энэ эд хөрөнгийг дундын хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоож өгөөч гээд И.Ө гуай өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлыг хэрэгсэхгүй болгоод шүүх шийдчихсэн. Энэ чинь хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байна. Д.А нэр дээр хөрөнгүүд нэрлэн заагдаад гэрчилгээнүүд авагдчихсан байна. Тийм болохоор энэ хөрөнгүүдэд таны хөрөнгө орчихсон, тэдэн хувь нь таных байна, тэдэн хувь нь Д.А гэдгийг тогтоох боломжгүй байна гэдэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Тийм болохоор энэ нэхэмжлэлийн шаардлага өөрөө өнөөдрийн үндсэн нэхэмжлэлд холбогдож гаргах сөрөг нэхэмжлэлд нийцэхгүй, холбогдохгүй байна. Гэрээслэлийн талаар гарын үсэг мөн гээд шинжээчийн дүгнэлтүүд гараад ирсэн. Гэрээслэл заавал нотариатаар гэрчилж байж хууль ёсны болно гээд Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.3 дахь хэсэгт энэ хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна гэдэг нь нотариатаар гэрчлүүлээгүй бол энэ өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хэлбэр тийм чухал биш гэж хариуцагчийн өмгөөлөгч яриад байна. Хэлбэрийн талаар хуульд тусгайлан зохицуулчихсан байдаг. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дахь хэсэгт нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэсэн зохицуулалт. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гээд хэлцэл хийсэн гэж үзнэ гэж байгаа юм. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн 4.4.1-т нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр гэж үзэх зохицуулалт байгаа. Тэгэхээр нотариатаар гэрчлэх бол хэлбэрийн төдий зүйл биш. Энэ бол агуулга гэдгийг тодорхой зохицуулчихсан байна. Хүчин төгөлдөр бус гэрээслэл гэж үзэх үндэслэлтэй. Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3., 108 дугаар зүйлийн 108.1., 520 дугаар зүйлийн 520.1.1., 523 дугаар зүйлийн 523.3., дугаар зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, - гудамж, - дугаар байрны - тоот, 43,3 м.кв талбай бүхий орон сууц /Ү-/-ны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар,
Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, - гүний ус 2000 м.кв өвөлжөө гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн /дугаар -/ гэрчилгээг эх хувиар, - ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн хөх ягаан өнгийн суудлын 2002 онд үйлдвэрлэгдсэн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар,
- ДГА улсын дугаартай Mazda Bongo Truck маркийн цагаан өнгийн 1990 онд үйлдвэрлэгдсэн ачааны машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар,
30,000,000 төгрөгийн үнэтэй дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай, халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэтэй алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга зэрэг хөрөнгүүдийг хариуцагч И.Ө тус тус гаргуулан нэхэмжлэгч М.А олгож,
Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг, - гудамж, - дугаар байрны - тоот, 43,3 м.кв талбай бүхий орон сууц, Дорноговь аймгийн С сумын - дугаар баг, - 2000 м.кв өвөлжөө, Toyota Hilux маркийн хөх ягаан өнгийн суудлын автомашин зэргийг талийгаач Д.А, И.Ө нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч И.Ө нь эмчилгээний зардал болох 120,124,824 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ө улсын тэмдэгтийн хураамжид 398,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А олгож, хариуцагч И.Ө сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,
давж заалдах гомдол гаргах эрхийг тайлбарлаж шийдвэрлэжээ.
6. Хариуцагч И.Ө, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд үнэхээр гомдолтой байна.
Хариуцагч И.Ө нь талийгаач Д.А 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, дээрх хугацаанд хувийн мал аж ахуйг хамтран эрхлэн орлого ашиг олж, түүгээрээ хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Талийгаач Д.А нь 2012 оноос хавдар судлалын үндэсний төвд элэгний гол судас боолгосон, 2013 онд элэгний баруун тал тайруулсан, 2020 онд элэгний зүүн тал тайруулсан, 2021 онд хөхлөгийн хавдарын хагалгаа хийлгэсэн. Мөн 2013 оноос хойш чихрийн шижингийн богины тариа өдөрт 2 удаа, уртын тариа 12 цагийн зайтай тарих, эмчлэх сувилах, асрах бүхий л ажлыг хариуцагч И.Ө гардан ганцаараа гүйцэтгэж үүний хажуугаар мал аж ахуй эрхлэн ажилласан юм. Энэ их урт хугацаа /2013-2021-11 сар/ энэ их нөр их ажил, жилийн 4 улирлын алинд нь ч нэхэмжлэгч М.А нь огт тусалж байгаагүй, нэг ёсондоо аавыгаа мартсан байсан.
Дээрх байдлуудыг нүдээр харж, биеэр туулсан талийгаач нь үр хүүхэд, ах дүү нартаа өөрийн эрхгүй өр зүрхнээсээ гомдсон учир өөрийн гараар гэрээслэл бичиж энэ гэрээслэлдээ миний гарын үсэг, малчны тамгаар нотлогдоно гэж бичсэн гэрээслэл нь 2 удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон юм. Талийгаач өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ уг гэрээслэлд үлдээсэн. Гэрээслэл нь хэлбэр талаасаа нотариатаар батлуулахыг шаарддаг боловч тухайн үеийн нөхцөл байдал, эрүүл мэнд, цар тахал ковид-19 үнэхээр нөлөөлсөн. Хэлбэр хэзээ ч агуулгыг тодорхойлдоггүй гэдгийг анхан шатны шүүх дээр дахин дахин хэлсэн. Одоо ч шүүх хуралдааны тэмдэглэлд албан ёсоор бичүүлмээр байна. Хэлбэр төдий боловч агуулга нь маш тодорхой байгаа. Шүүх дээрх гэрээслэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж шийдвэрлэсэнд, мөн нэр бүхий эд хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр биш гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүх албан ёсны өмчлөгч нь хэн бэ гэдгийг албан ёсоор тогтоогоогүй байж нэг хууль ёсны өмчлөгчид нөгөө хууль ёсны өмчлөгчийн бичиг баримтыг шилжүүлсэн гэж үзэж байгаа.Шүүхийн шийдвэрт шударга ёс, хувь хүний ёс зүйг анхаарч шийдээгүй, хариуцагч И.Ө олон жил ажилласан нөр их хөдөлмөр хүч чадал чармайлт, өөрийн эрүүл мэндээ үл хайрлан амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл нь талаар өнгөрч энэ хүний хийж бүтээсэн хөдөлмөрийн үр шимийг нь нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээслэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцэл нотариатаар гэрчлүүлээгүй бол хүчин төгөлдөр бус гэж үзэж, энэ хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон. Нөгөө талаар гэрээслэлд дурдагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг нэрлэн бичихдээ хаана байрлах, ямар загвар, ямар төрлийн хөрөнгийг гэрээслэж байгаа нь тодорхойгүй байдаг. Хариуцагч нар тухайн гэрээслэлийг цар тахалтай хэцүү үе байсан, нотариатад очих, дуудах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн цаг хугацаанд нотариатын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй, үйл ажиллагаа нь хэвийн байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болно. Хариуцагчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэх зохицуулалтаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд байх ба М.А нь И.Ө ямар эрх ашгийг зөрчсөн нь тогтоогдохгүйн зэрэгцээ нэр бүхий хөрөнгүүдийн өмчлөгч нь Д.А гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн. Хариуцагч И.Ө нь шүүхийн шийдвэрээр Д.А хамтын амьдралтай байсныг тогтоосон нь хууль ёсны эхнэр гэж үзэх үндэслэл болохгүй. Гаргасан гомдол нь үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Маргаан бүхий эд хөрөнгүүдийг гэр бүлийн дундын өмч гэдгийг тогтоож өгөөч гэсэн гомдол гаргасан. Гэр бүл гэж хэн бэ, эхнэр, нөхөр мөн байсан уу гэдгийг харах ёстой байх. Гэр бүл гэдгийг Гэр бүлийн тухай хуульд заасан байгаа. Төрийн зохих байгууллагад бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэр бүл гэнэ гэж зохицуулсан байгаа. Д.А, И.Ө нар гэр бүл биш байсан учраас гэр бүлийн дундын өмч гэж үзэх үндэслэл байхгүй. 2-т маргаан бүхий эд хөрөнгө зөвхөн Д.А өмч байсан, И.Ө ч биш, М.А ч биш, эзэнгүй өмч хөрөнгө. Эдгээр эзэнгүй эд хөрөнгийн өвийн асуудлыг шийдэх ёстой. Хариуцагч тал М.А хууль ёсны өмчлөгч биш гэдэг талаас ярьж байна. М.А Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч, Д.А төрсөн охин мөн гэдэг нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон ийм учраас эд хөрөнгийг өвлөн авах нь хуульд нийцнэ. Өвийг шийдэгдсэний дараа, хамтран амьдрал байсан, тогтоогдсон гэж үзэж байгаа бол эд хөрөнгийн асуудлыг ярихгүй гэх газаргүй байх. Өнөөдрийн хувьд шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн, гэр бүлийн дундын хөрөнгө гэж тогтоох үндэслэлгүй, хэний өмч гэдэг нь тодорхойгүй байхад булаацалдах нь үндэслэлгүй. М.А энэ хөрөнгийг өвлөж авсны дараагаар тодорхой зүйлүүдийг ярьж болно. Яагаад нэхэмжлэл гаргах болсон гэхээр нотариатын байгууллага дээр очоод Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан шаардлагууд шаарддаг. Хууль ёсны өвлөгч нь байх ёстой, эд хөрөнгүүдийн бичиг баримтууд нь эх хувиараа байх ёстой гэх шаардлагуудыг тавьсан. Гэтэл эдгээр бичиг баримтууд аль аль нь М.А байхгүй, И.Ө байгаа учраас эдгээр бичиг баримтыг авах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх эдгээр нэхэмжлэлүүдийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа учраас хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч М.А нь нас барсан эцэг Д.А хөрөнгийг өвлөж авах зорилгоор орон сууц, тээврийн хэрэгсэл, өвөлжөөний газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулах үндсэн шаардлага, мөн эцгийнхээ хуваарьт хөрөнгө болох хөөрөг, алтан бөгж, мөнгөн аяга зэргийг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг хариуцагч И.Ө эс зөвшөөрч, орон сууц, тээврийн хэрэгслийг Д.А дундаа хамтран өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрч “Д.А нэр дээрх хөрөнгүүд нь бидний хамтын амьдралтай байх хугацаанд хамтдаа мал малласан орлого, ашиг шимээр олж авсан хөрөнгө, түүнчлэн талийгаач өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээслэл үлдээсэн байхад хүчин төгөлдөр бус гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар гомдол гаргажээ.
3. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтанд хамаарах нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тухайлбал, нэхэмжлэгч М.А “өвлөх эрхийн гэрчилгээ авахын тулд эх бичиг баримтуудыг шаардсан” гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг “тухайн эд хөрөнгүүд Д.А, И.Ө нарын дундын өмч учраас өгөх боломжгүй, ...тогтоож өгөөч” гэсэн хариуцагчийн тайлбар, сөрөг шаардлагыг нотлох баримтын хүрээнд зөв дүгнэсний эцэст үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь тодорхойлогдоно.
4. Д.А 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан, И.Ө 2009-2021 онд албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан, нэхэмжлэгч М.А нь Д.А төрсөн охин бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох нь маргаангүй байна.
5. Д.А, И.Ө нарын хамтын амьдралын хугацаанд буюу 2015 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг - гудамж, -дугаар байрны - тоот орон сууц, 2018 онд - ДГА улсын дугаартай Toyoto Hilux маркийн тээврийн хэрэгсэл бий болж Д.А нэр дээр бүртгүүлсэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг - 2000 м.кв газрыг 2016 оноос хойш өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, малын А данс, Мал тэжээвэр амьтдын хашаа, худгийн тооллого, гэрч Д.О-, Ц.С- нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч талаас дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй.
Өөрөөр хэлбэл, Д.А, И.Ө нар нь ам бүл хоёулаа, жилийн дөрвөн улиралд хамтдаа мал аж ахуйн хөдөлмөр эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог малчин өрх байсан бөгөөд олсон орлогоороо үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийг худалдан авсан болох нь тогтоогдож байна.
Д.А өөрөө гараар бичиж үлдээсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэрээслэл гэх бичвэрт “...манай гэр бүл Ө бид 2 нь хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон гэр орон, худаг ус, мал ахуй хашаа хороо, байр сууц, машин тэрэг, ...надаас хойш миний 10 гаруй жил гэр бүл болон ам бүл 2-уулаа амьдарч ирсэн хань Ө өмч мөн болно” гэж тэмдэглэснээс үзэхэд эд хөрөнгийг хамтран өмчлөгч нэг тал болох этгээд нь маргаангүй хүлээн зөвшөөрсөн, түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Хэлцэл хийснээс хойш нас барсан, ... этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх, талуудын хооронд өвлөх эрхийн гэрчилгээ олгох, хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгч мөн болохыг тогтоолгох, гэрээслэлтэй холбоотой эд хөрөнгө хуваарилах маргаан үүсээгүй, шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.3-т зааснаар гэрээслэл хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас хальсан, эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй дүгнэлт болсон байна.
Мөн нэхэмжлэгч талаас, “М.А нь хууль ёсны өвлөгчийн хувьд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээж аваагүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн хариуцагч биш” гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч М.А нь өвлөх эрхийн гэрчилгээ авах зорилгоор эд хөрөнгийн гэрчилгээг эх байдлаар гаргуулах шаардлага гаргасны эсрэг түүнд холбогдуулан хариуцагч И.Ө нь тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан “сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох ...” гэсэн хуульд нийцсэн байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2023/00149 дугаар шийдвэрээр маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагатай И.Ө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч этгээдийг оролцуулаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хангагдсан, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх үндэслэлгүй болжээ. Иймд, хариуцагч И.Ө сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хангаж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчийг шүүх нэмж тогтоосонтой холбогдуулан үүссэн үр дагавар болох бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.
6. Эзэмшил бүхий газрын хувьд хэдийгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон байгаа ч Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар малчин өрхөд өвөлжөөний бэлчээрээр ашиглах зориулалтаар эзэмшүүлсэн газар байх тул өрхийн тэргүүн Д.А нас барснаар үлдсэн гишүүн болох И.Ө нь эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаж, үргэлжлүүлэн эзэмших эрх нь нээлттэй, харин нэхэмжлэгч М.А нь хууль ёсны өвлөгчийн хувиар өвлөн авах эд хөрөнгө биш гэж үзэж, дундын өмч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч М.А нь хууль ёсны өвлөгч болохын хувьд өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэлийн баримт бичгийг шаардах эрхтэй.
Гэвч хариуцагч И.Ө орон сууц болон - ДГА тээврийн хэрэгслийг нас барагчтай дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг дээр дүгнэсэн, - ДГА тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн өмчлөлийнх болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, өвөлжөөний газрыг өвлөгдөх эд хөрөнгөд тооцоогүй зэргээс дүгнээд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан ба мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй юм.
8. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 34,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, алтан бөгж, мөнгөн аяга зэргийг хариуцагчаас гаргуулсан, хариуцагч эмчилгээний зардал 120,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталсан анхан шатны шүүхийн шийдвэрийн заримыг хэвээр үлдээлээ.
Учир нь, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь энэ талаар маргаагүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэг хууль зөрчөөгүй үндэслэлтэй байх тул хөндөхгүй орхисон.
9. Анхан шатны шүүх, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хариуцагчийн төлсөн 553,705 төгрөгийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхийн шийдлийн хүрээнд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
10. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангасан тул гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2024/00177 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Дорноговь аймгийн С сумын - дугаар баг - гудамж, - дугаар байр, - тоот, 43,3 м.кв талбай бүхий Ү- бүртгэлийн дугаартай - өрөө орон сууц, - ДГА улсын дугаартай Toyoto Hilux маркийн тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр хариуцагч И.Ө тогтоож,
Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг Ү г у 2000 м.кв өвөлжөөний зориулалттай газрын дундын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 30,000,000 төгрөгийн үнэтэй дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай, халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэтэй алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга зэргийг хариуцагч И.Ө гаргуулж нэхэмжлэгч М.А олгож,
нэхэмжлэлээс Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг Ш гудамж, - дугаар байрны - тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь, - ДГА улсын дугаартай Toyoto Hilux маркийн болон - ДГА улсын дугаартай Mazda Bongo Truck маркийн тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг эх хувиар нь, Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг Ү г- у- 2000 м.кв өвөлжөөний зориулалттай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж ,
3 дахь заалтын” : “...үлдээж,” гэсний дараа “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч И.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,382,662.12 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 544,955 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийдвэрт “Дорноговь аймгийн Сайншанд сумын - дугаар баг Ш гудамж, - дугаар байр, - тоот, 43,3 м.кв талбай бүхий Ү- бүртгэлийн дугаартай - өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр хариуцагч И.Ө бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэсэн заалт нэмсүгэй.
3. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч И.Ө давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА