Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01921

 

 

 

 

 

 

 

 

2024 10 25 210/МА2024/01921

 

 

Р.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/03413 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Р.О-ны нэхэмжлэлтэй

хариуцагч Ж ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үнэ 21,093,193 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2022 оны 07 дугаар сард Хан-Уул дүүрэгт********* хотхон , 132 дугаар байр, *** тоотод байрлах 167 м.кв орон сууцандаа паркетан шал хийлгүүлэхээр Ж ХХК-аас 150 м.кв талбай бүхий шал худалдан авч, нийт 21,093,193 төгрөг төлсөн.

1.2. Гэтэл маргааш нь паркетан шал ховхорч хөндийрөн хотойж доголдол илэрсэн. Иймээс тэр даруйд доголдлын талаар Ж ХХК-д хэлж мэдэгдсэн. Ингээд компанийн удирдлагуудад хэлж асуудлыг шийдэж өгөхөөр болсон ба өнөөдрийг хүртэл намайг хохироосоор байна. Иймд Ж ХХК-аас паркетан шалны үнэ 21,093,193 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Р.О нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 19,405,726 төгрөгийн үнэтэй 145,82 м.кв 46 хайрцаг паркетан шал манай байгууллагаас худалдаж авсан. Дараа нь шал дутлаа гээд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,687,500 төгрөгийг шилжүүлж, паркетан шал нэмж худалдан авсан.

2.2. Манай компани зөвхөн паркетыг худалдсан бөгөөд угсралт буюу паркет шахалтын ажлыг гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах харилцаа үүссэн бөгөөд бидний хооронд ажил гүйцэтгэх харилцаа үүсээгүй. Р.О нь паркет худалдан авснаас хойш ямар хүмүүсээр хэрхэн яаж шахалт, угсралтыг хийлгэсэн, арчилсан гэдгийг мэдэхгүй. Худалдан авалт хийснээс хойш олон сарын дараа худалдан авагчаас гомдол гаргасны дагуу манай компанийн инженер Ц.Д очиж үзээд газар дээр нь манайх хариуцахгүй гэдэг хариуг өгсөн. Нэхэмжлэлд дурдсанчилан удирдлагадаа танилцуулж шийдэж өгнө гэсэн зүйл байхгүй. Энэ талаар тухайн үед газар дээр нь хийсэн дүрс бичлэг байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-аас 21,093,193 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.О д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 263,500 төгрөг, шинжээчийн зардал 1,400,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.О д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Р.О нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүлээн авах үүргээ биелүүлээгүйгээс мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул шаардах эрхгүй юм. Паркетыг худалдагч тал хүргэж өгөхөөр тохиролцон компанийн жолооч н.А нь Кинг тауэр хотхонд заасан газар хүргэж өгөхөд 30 гаран насны залуу хүлээн авсан байдаг. Худалдан авагч нь шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа ...паркетыг өөрөө шалгаж хүлээж аваагүй, хэн хүлээж авсныг мэдэхгүй, Эко констракшн авсан байх гэж тайлбарласан, жолоочийн өгсөн гэрчийн мэдүүлэг, гэрч н.О-ийн мэдүүлэг зэргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байгаа. Манай компани зөвхөн паркетыг худалдсан бөгөөд угсралт буюу паркет шахалтын ажлыг гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах харилцаа үүссэн бөгөөд бидний хооронд ажил гүйцэтгэх харилцаа үүсээгүй. Р.О нь паркет худалдан авснаас хойш ямар хүмүүсээр яаж шахалт, угсралтыг хийлгэсэн, яаж арчилсан гэдгийг бид мэдэхгүй. Хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч тухайн паркетан шалыг хүлээж авахдаа шалгаж аваагүй гэдэг. Паркет шалыг газар дээр нь угсарч, шалгаж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч шаардах 6 сарын хугацаанд хариуцагч компанид удаа дараа мэдэгдсэн. Мөн худалдагч, нягтлан, нярав гэх хүмүүсийг гэрчээр асуулгасан. Мөн шинжээч томилуулснаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр Р.О нь эрхийн доголдолтой эд хөрөнгө хүлээж авсан гэх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан паркетан шалны үнэ 21,093,193 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Р.О нь Ж ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 150 м.кв цагаан шаргал өнгийн паркетан шалыг худалдан авч, уг барааны үнийг төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тогтоожээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

4.1. Дээрх гэрээний дагуу худалдан авагч Р.О нь худалдагч Ж ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5038006300 тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 9,702,863 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 9,702,863 төгрөг, 1,687,500 төгрөг, паркетан шалны үнэд нийт 21,0993,226 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн./хх7-9/

4.2. Худалдагч Ж ХХК 150 м.кв паркетан шалыг худалдагч авагч Р.О д шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй.

5. Хэрэгт авагдсан Э ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11/23 тоот дүгнэлтээр ...үйлдвэрээс чанарын хяналтаар ороогүй байх магадлалтай, ...угсарсан шалан дээр гарсан 1,62 мм-ийн өндөр намын зөрүү угсралтаас шалтгаалаагүй болох нь батлагдаж байна. ...Р.О д худалдсан парт бүтээгдэхүүний хил гаалийн хяналтаар он, сар, өдрөөр батлагдах чанарын гэрчилгээ түүнийг орлох бичиг баримт гэж үзэх үндэслэлийг хангаагүй... гэж тусгасанаас үзвэл паркетан шал чанарын шаардлага хангаагүйн улмаас биет байдлын доголдолтой болох нь тогтооогдож байна./хх-76-81/

5.1. Иймд паркетан шалыг зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолтой гэж үзнэ.

5.2. Дээрх доголдлыг худалдан авагч буюу нэхэмжлэгч хүлээн авч, паркетан шалыг угсарнаас хойш шал хагарч хөндийрсөний улмаас биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болохыг мэдсэн, энэ талаар худалдагчид мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд буюу зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.3. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй. гэж заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн эсэргүүцэл үндэслэлгүй болжээ.

Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй.

6. Нэхэмжлэгч Р.О нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй, харин эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлыг шаардлага гаргах хугацааны зохицуулалтыг баримталж нэхэмжлэлийг шийвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч Р.О нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

8. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ж ХХК-аас 21,093,193 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.О д олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн зөв боловч нэхэмжлэгч талд шилжсэн паркетан шалыг хариуцагчид буцаан өгөх талаар шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч Р.О аас 150 м.кв паркетан шал гаргуулж хариуцагч Ж ХХК-д олгох талаар нэмэлт оруулна.

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлээгүй, паркетыг худалдсан бөгөөд угсралт буюу паркет шахалтын ажлыг гүйцэтгээгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/03413 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж ХХК-аас 21,093,193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.О д олгож, нэхэмжлэгч Р.О аас 150 м.кв паркетан шалыг гаргуулан хариуцагч Ж ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН