| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0654/Э |
| Дугаар | 655 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 655
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч А.Мөнхзул,
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт ийн д холбогдох 1908015920635 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуу овогт ийн /ИЕ85112077/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагч С.ийн толгой, гаран тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед гэртээ байх үед манай хамтран амьдрагч болох манай эгчийн хүүхэд болох тай хамт манайд цагаан сараар байсан нэг шил архийг хувааж уусан. Манай хамтран амьдрагч дахиж архи авч ууна гээд надаас машины түлхүүр авах гээд байхаар нь би түлхүүр өгөөгүй. Тэгээд надад уурлаад намайг дэгээдэж газар унагаад миний дээр гарч суугаад гараараа нүүр рүү 2 цохиод боосон. Тэгээд босоод зугатаачихсан. Намайг машины түлхүүр өгсөнгүй гэж уурлаад цохьсон. Надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 6-7 х/,
2.Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 03-р сарын 09-ний өдөр 10-11 цагийн орчим би эхнэрийн хамаатан өөрийн найз Бааскаа буюу тай архи уусан юм. Тэгээд би тай архинаас болж маргалдсан байх сайн санахгүй байгаа, тэгээд гэрлүүгээ яваад орсон, гэр нь манай гэрийн хажууханд байдаг. Тэгээд би согтуу машинаа унаж гараад дэлгүүрээс архи авч ууна гэхэд манай эхнэр намайг явуулахгүй гээд мшины түлхүүр надтай булаацалдаад байхаар нь уур хүрээд эхнэр ийн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл эхнэр цагдаа дуудсан, ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх 72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019.03.09-ний өглөө 10 цагийн орчим гэрийн хажууд амьдардаг хамаатны ийн гэрт ороод түүний нөхөр ийн хамтаар архи хувааж уусан. ажил руугаа явж архи ууна гээд байхаар нь би гэр рүүгээ яваад орчихсон. нь машинаа согтуу барьж гарна гээд эхнэр нь болиулах гэхээр нь эхнэрээ зодсон юм гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,
4.Гэрч Э.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нь манай ээжийн талын холын хамаатны залуу байгаа юм. тэй Улаанбаатар хотод байх Гурвалжингийн баруун доод талд байдаг хялгант модны зах дээр хөрөө рам дээр хамт ажилладаг. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, сүүлийн үед бүр архи уухаа больсон. Ааш зангийн хувьд даруу төлөв зантай, хүнд тусархуу залуу байгаа юм. эхнэр 4 хүүхдийн хамтаар Баянхошууны баруун салаанд амьдардаг. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
5.Шинжээчийн 3224 тоот дүгнэлт
1.С.ийн биед зүүн зовхи, хамар эрүү, хүзүү, хоёр бугалга, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Зүүн зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ..." гэх дүгнэлт /хх 25 х/,
6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30 х/
7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 32 х/
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33 х/
9.Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 37 х/
10.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 39-41 х/
11.Ажлын газрын тодорхойлолт /хх 49 х/
12.Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 58-59 х/
13.Хамтарсан багийн тэмдэглэл /хх 60-61 х/
14.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 62-66 х/
15.Захиргааны зөрчлийн бүртгэл /хх 53-57 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Б. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Дахиж архи ууна, машины түлхүүр өг хэмээн” хамтран амьдрагч С.тэй маргалдаж улмаар толгой, гаран тус хэсгүүдэд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч С.ийн “...намайг дэгээдэж газар унагаад миний дээр гарч суугаад гараараа нүүр рүү 2 цохиод боосон. Тэгээд босоод зугатаачихсан. Намайг машины түлхүүр өгсөнгүй гэж уурлаад цохьсон. Надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 6-7 х/,
- Шүүгдэгч Б.ийн “...уур хүрээд эхнэр ийн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл эхнэр цагдаа дуудсан, ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх 72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Ч.ын “... нь машинаа согтуу барьж гарна гээд эхнэр нь болиулах гэхээр нь эхнэрээ зодсон юм гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,
- С.ийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 3224 тоот дүгнэлт /хх 25 х/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 58-59 х/
- Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 60-61 х/
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 62-66 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б. нь С.ийн биед зүүн зовхи, хамар эрүү, хүзүү, хоёр бугалга, хоёр шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б. хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Б.ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тусгай шалгуурыг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... хамтран амьдрагч, дундаасаас хүүхэдтэй ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Б., хохирогч С. нар гэр бүлийн баталгаагүй /хх 37 х/ боловч нэг гэр бүлд хамтран амьдардаг, дундаасаа хүүхдүүтэй болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 39-41 х/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.ийн хохирогч С.ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч С. эмчилгээний зардал, төлбөр нэхэмжилсэн баримтгүй, гомдол саналгүй болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 75 х/-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.
Б.д холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар үйлдсэн, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа боловч архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэж зөрчлийн тухай хуулиар удаа дараа шийтгэл хүлээж байсан, ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой зэргийг харгалзан түүнд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Алаг адуу овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.ийг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.д мэдэгдсүгэй.
4.Б.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ