| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0428/Э |
| Дугаар | 445 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 445
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Э.Анхбаатар,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Анхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911000000432 тоот хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-371 тоотод оршин суух хаягтай, аав хүүгийн хамт амьдардаг, урьд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоног хорих ял,
Мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн 3 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Энхтайваны Анхбаатар /РД- УХ96022330/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Э.Анхбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Анхбаатар нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхбаярын өмдний баруун халааснаас "Ай фоне-7 плас" маркийн гар утсыг хулгайлан авч нийт 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед Э.Анхбаатарын өгсөн мэдүүлгүүд,
хохирогч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулиас 2 дугаар ангийн хүүгээ аваад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах мөнгөн завьяагийн автобусны буудал дээрээс хороолол руу гэр рүүгээ явахаар автобус хүлээгээд зогсож байтал удалгүй 15 цаг 50 минутын үед гэж санаж байна хорооллын автобус ирж зогссон... Тэгээд автобусанд арай гэж суугаад их дэлгүүр өнгөрөөд явж байхад би гар утсаа өмдний баруун халаасандаа тэмтэрч үзэхэд байхгүй байсан. Тэгээд л шууд буугаад цагдаагийн байгууллагад хандсан. 2017 онд Америкт байдаг манай дүү надад цоо шинэ гар утас бэлэглэж байсан. Ямар нэгэн сэв зураасгүй гар утас байгаа. "Ай фоне-7 плас" маркийн шаргал өнгөтэй гар утас байгаа... Би өөрийн гар тусыг 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. Би өөрийн гар утсыг хүлээн авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,
гэрч У.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэн ...явж байхад урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Э.Анхбаатар мөнгөн завьяагийн автобусны буудал явж байгааг харсан... хэлтэс дээр ирээд байж байтал жижүүрийн шуурхай албанаас иргэн Б.Мөнхбаяр халааснаасаа гар утсаа алдсан талаар мэдсэн. Ингээд дээрх гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Э.Анхбаатар тус хорооны нутаг дэвсгэрт явж байхыг харсан учраас Э.Анхбаатарын 88190139 дугаарын утас руу нь залгаж ирж уулзах шаардлагатай байгаа талаар хэлэхэд Э.Анхбаатар нь хулгайлсан гар утсаа аваад хүрээд ирсэн. Ингээд гар утсыг хүлээн авч хохирогчид хүлээлгэн өгсөн байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
Эд зүйлийн үнэлгээ “Ай фоне-7 плас” загварын гар утас 820.000 төгрөг” /хх-ийн 6х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Анхбаатарыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн эд хөрөнгийг нуцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Мөнхбаяр нь өөрт учирсан хохиролоо мөрдөн шалгах ажиллагааны үед биет байдлаар буцаан авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Анхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Анхбаатарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сартуул овогт Энхтайваны Анхбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаатарт 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Анхбаатарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Анхбаатар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Анхбаатарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ