Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/523

 

 

 

    

 

 

 

                          

   2019        05         31                                   523                                       

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2019/0490/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Хохирогч Н.Хоролбарав,

Шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц-д холбогдох эрүүгийн 1708015011088 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ж.Ц /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47-15 тоотод оршин суух иргэн Н.Хоролбаравын байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг хулгайлсан;

2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн эзэмшлийн Айфоне-6-Эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан;

2017 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны гадна талын зогоол дээр байсан иргэн Г.Болдбаатарын эзэмшлийн 39-95 УБЛ улсын дугаартай автомашинаас эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ц-ийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2017 онд 18 нас хүрээд асрамжийн газраас гарч байсан. Би багшийн дээд дээр нохойн хоол зардаг байсан тул орой дүүдээ найзаараа дамжуулан мөнгө өгч байсан. Би дүүгээ бодон гэртээ очдоггүй байсан. Би эгчийгээ нас барснаас болж сэтгэлээр унасан тул 10 дугаар сараас эхлэн архи ууж эхэлсэн. Би хүүхдүүдтэй хамт явж байгаад хулгай хийж сурсан. ...Би тухайн үед би архи уугаад шоконд орсон байсан тул юу ярьснаа мэдэхгүй байна. Би аав дүү хоёртойгоо байнга уулздаг байсан. Намайг согтуу байхад хууль мэдэхгүйгээр далимдуулан хэрэгт гүтгэсэн гэж үзэж байна. Байцаагч нар намайг 18 нас хүрээгүй тул ял авахгүй гэж хэлж байсан. ...Би хууль зүйн туслалцааны төв дээр очиж уулзахад чи энэ хэргийг ганцаараа хүлээвэл өндөр ял авна гэж надад хэлсэн. ...Баянжаргал байцаагч над дээр ирээд чи ингээд өгчих, Мандах, Төгөлдөр нар шүүх дээр ирэх болно, чи хэргээ хүлээчих гэж гуйж хэлж байсан” гэх мэдүүлэг;

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэрэг болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Жавзандуламын Ж.Ц нь 2017.07.16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны гадна талын зогоол дээр байсан хохирогч Гомбодоржийн Болдбаатарын эзэмшлийн 39-95 УБЛ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины шилийг нь цохиж хагалан, дотор нь байсан 1 024 000 /нэг сая хорин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан,

 2017.09.19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн         47-15 тоотод оршин суух хохирогч Нэргүйн Хоролбаравын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 17 916 620 /Арван долоон сая есөн зуун арван зургаан мянга зургаан зуун хорь/ төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан;

2018.03.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Батбаярын Анужингийн эзэмшлийн Айфоне-6-Эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 584 000 /таван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ж.Ц-ийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19, 153-154, 192-194 тал/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-33 тал/,

Хохирогч Н.Хоролбаравын мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай гэрийн авдрыг онгойлгоод алтан ээмэг, бөгж, монетан ээмэг, бөгж, гинж, мөнгөн даруулга, их хэмжээний ээмэг зүүлт, ханын стинкен дотор байсан 4 мөнгөн аяга, нийт 660.000 төгрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Ааваас надад өвлөж өгсөн хуучин цагийн 5 ширхэг шүр, 1 ширхэг нь 3.000.000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг шүр нийлээд 15.000.000 төгрөгөөр үнэлнэ. Ээжээс өвлөж авсан хуучин цагийн шүрэн шигтгээтэй үсний мөнгөн даруулга, шүр нь ялихгүй сэтэрсэн содон шинж тэмдэгтэй, 4.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хуучин цагийн дунд гарын цулгай, тагштай мөнгөн аяга 1 ширхэг, 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 600.000 төгрөгөөр үнэлнэ. Хуучин цагийн 3 ширхэг сувд алдагдсан 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Манай аваас 1988 онд ээжид бэлэглэж байсан 1 ширхэг хос алтан ээмэг, би одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. /сорьц болон граммыг мэдэхгүй/, 2009 онд 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан алтан ээмэг, бөгжний хослол, 2017 оны 08 сарын 10-ны өдөр Мөнгөн завъяагаас худалдаж авсан 2,98 грамтай алтан ээмэг 1 хос, 1 ширхэг хос монетан ээмэг, бөгж хосоороо 2002 онд манай аав хулалдаж авч өгч байсан одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Одоогоос 3 жилийн өмнө охиндоо 2 ширхэг ээмэг авч өгч байсан ба нэгийг нь 70.000 төгрөгөөр, нөгөөхийг нь 120.000 төгрөгөөр авч өгч байсан. Одоо энэ хоёрыг 300.000 төгрөгөөр үнэлнэ. 2016 онд манай дүү Хоролсүрэн ээжийн төрсөн өдрөөр худалдаж авч өгч байсан монетан ээмэг, бөгжний хослол байсан, үүнийг 450.000 төгрөгөөр үнэлнэ. 5 жил орчмын өмнө 170.000 төгрөгөөр худалдаж авч байсан монетан ээмэг, бөгжний хослол байсан, үүнийг 250.000 төгрөгөөр үнэлнэ. Улаан хүрэн шигтгээтэй ээмэг бөгжийг хосоор нь 2016 онд 280.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 380.000 төгрөгөөр үнэлнэ. Их хэмжээний мөнгөн, ээмэг, бөгжнүүд байсан, би үнийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Дунджаар 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. 2014 онд 330.000 төгрөгөөр хулалдаж авч байсан монетан гинжийг 450.000 төгрөгөөр үнэлж байна. 2 ширхэг монетан гинжийг 130.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хүүгийн Ай фоне 5 маркийн гар утас 2012 онд Драгон худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр хулалдаж авч байсан, одоо үнэлж мэдэхгүй байна. 2 ширхэг өргөн мөнгөн гинж 2015 онд нэгийг нь 60.000 төгрөгөөр авсан, нэгийг нь манай дүү өгч байсан үнэлж мэдэхгүй байна. Их хэмжээний мөнгөнүүд байсан бас үнэлгээг нь сайн мэдэхгүй байна, багаар бодоход 500.000 төгрөгөөр үнэлнэ. 2 ширхэг үнэртэй ус байсан, 1 ширхэгийг нь 180.000 төгрөгөөр үнэлнэ /Күчи брендийн үнэртэй ус байсан, шинээрээ байгаа гэх/ 1 ширхэгийг нь манай дүү гадаадаас өгч явуулж байсан Прадо брендийн үнэртэй ус байсан, үнэлж мэдэхгүй байна. Бэлэн 660.000 төгрөг байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 34-39 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эмээ Есөнжингийн хамтаар 14 цагийн орчимд КФС-гийн хүүхдийн 100 дахь салбарт хоол идэхээр орсон. Бид хоёр хаалганы хажуу талын ширээн дээр суугаад хоол идэж байхад үл таних хүн бид хоёроос мөнгө асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь хоол руу дайрах гэхэд нь хоолоо авсан чинь хурдан гарч зугтаасан. Тэгээд гараад замын хажуугаар явж байхдаа гар утсаа үзтэл алга болсон байсан ба хоол идэж байхад тэр хүн авчихсан юм шиг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан... Гар утсаа 584.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг санал хүсэлт байхгүй. Бидэнд хохирол төлөөгүй тул хохирлоо нэхэмжилж байна. Гэм буруутай этгээдэд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-160, 2хх-ийн 38 тал/,

Хохирогч Г.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим 5 дугаар байрны урд зогсоол дээр машинаа тавьсан юм. ...Тэгээд өглөө 08 цаг 30 минутанд машин дээрээ ирэхэд зүүн талын урд байдаг гурвалжин цонх хагарсан байсан. Тэгээд сандраад голын хайрцаг, урд талын хайрцгаа үзэхэд Чүнчигноров хөөрөг алга болсон байсан. Мөн машины дугуй хийлдэг цахилгаан аппарат, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 196-198, 199-201 тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өглөөний 07 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 47-15 тоот гэрээсээ хичээлдээ явсан юм. Тэгээд хичээлээ тараад ангийнхаа Пүрэвдэлгэр түүний дүүгийн хамт гэртээ ирэхэд манай гэрийн жижиг өрөөний цонх онгорхой, хаалга онгойхгүй байхаар нь том өрөөний цонхоор очоод харсан чинь гэрийн хамаг юм эмх замбараагүй болсон байсан. Тэгээд Пүрэвдэлгэрийн дүүг жижиг өрөөний цонхоор оруулж хаалгаа дотор талаас нь жижиг цоожийг нь онгойлгуулсан. Тэгээд гэртээ ороод ээждээ утсаар манай гэрт хулгай орсон байдалтай байна гэж хэлэхэд ээж удалгүй ирээд цагдаад дуудлага өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

Эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 43-55, 164-168, 208-212 тал/,

Гэрч Г.Юмжирдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Болдбаатарын эзэмшлийн 33-95 дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинд хулгайч орж эд зүйлс алдсан талаар би хөдөө явж байхдаа сонссон. Манай нөхрийн машинаас алдсан хөөрөг нь нэг талдаа Чүнчигноровтой, нөгөө талдаа өөр нэгэн төрлийн чулуутай хоёр өөр төрлийн чулуунаас бүтээсэн, даваа толгойтой, алтан нуухтай, дунд гарын хөөрөг байсан юм. ...Би тухайн хөөргийг хэн гэдэг хүн хэзээ бүтээсэн талаар мэдэхгүй байсан. Ямар ч байсан  Монгол Улсад бүтээсэн хөөрөг байгаа юм. Тухайн хөөргийг миний эцэг Галбадрах нилээд олон жилийн өмнө буюу 2000 оны эхэн үед авч байсан гэсэн бөгөөд ямар үнээр худалдан авч байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хөөргийг сайн хийдэг залуугаар хийлгэж байгаа гэж ярьсан байсан. Чүнчигноров болон Гартаам гэсэн хоёр төрлийн чулуугаар бүтээсэн, гаднаа ямар нэгэн хээ, дүрсгүй, цулгай дунд гарын хэмжээтэй, даваа толгойтой, алтан нуухтай хөөрөг байсан бөгөөд даваа толгойг 2 жил гарангийн өмнө Бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг дархан дээр солиулж байсан. Харин алтан нуухыг миний эмэг эхийн зүүдэг байсан алтан бөгжөөр солиулан хийж байсан юм. Би тухайн хөөргөө 3.000.000 төгрөгөөр үнэлж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 202 тал/ болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Ц нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт “Би хохирогч Хоролбаравын гэрт орж хулгай хийгээгүй, нөгөө 2 хулгайн үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаагч намайг Хоролбаравын гэрт хулгай орсон үйлдлийг хүлээчих гэсэн гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.ЧулуунЖ.Ц шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Хоролбаравын гэрт орж, хулгай хийсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна гэж өмгөөллийг явуулсан бөгөөд дээрх байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, ДАМНО ХХК-ийн хохирлын үнэлгээ, хохирогч, шүүгдэгч нарын өгч байсан мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч Т. Хатанбаатар нарын мэдүүлэг зэргээс шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Н.Хоролбаравын гэрт хууль бусаар нэвтрэн орж          17 916 620 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Ц-ийн дээрх үйлдлүүд нь бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Ингэхдээ шүүгдэгч Ж.Ц-ийн бусдын эд хөрөнгийг хэд хэдэн удаагийн үйлдлээр, тодруулбал 3 удаагийн үйлдлээр хулгайлсан үйлдэл холбогдлыг шүүгдэгчид ашигтай байдлаар, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.Ц-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт өгч байгаа гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

                                                                         

Шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Н.Хоролбарав, Г.Болдбаатар, насанд хүрээгүй хохирогч Б.Анужин нарын эд хөрөнгөнд учирсан хохирлыг аль алийг нь төлж барагдуулаагүй байх тул шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээнд заасны дагуу хохирлуудыг шүүгдэгч Ж.Цээс гаргуулж, хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Ц-д 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.ЧулуунЖ.Ц нь улсын яллагчийн саналаас доош татаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Ж.Ц-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон амьдралын бэрхшээлт байдлаас болж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ахуй амьдралын байдал зэргийг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ж.Ц-ийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 194 /нэг зуун ерин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-д 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-ийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 194 /нэг зуун ерин дөрөв/ хоногийг ял эдлэх  хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-с 17 916 620 /арван долоон сая есөн зуун арван зургаан мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Хоролбаравт, 1 093 000 /нэг сая ерин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Болдбаатарт, 584.000 /таван зуу наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Анужин нарт тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ж.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ж.БОЛДБААТАР