| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2024/00897/И |
| Дугаар | 210/МА2024/01924 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01924
2024 10 25 210/МА2024/01924
Э.И-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/04165 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.И-ийн хариуцагч Н-д холбогдох, сэлгэн ажиллуулах тушаал, өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, улирлын урамшуулал 1,684,800 төгрөг гаргуулах, 2023 оны 2, 3, 4 сарын цалин хөлс 5,073,438 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Н-ийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дугаар зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.1.1-д заасан ажлын ачааллыг тэнцүүлэх гэсэн үндэслэлийг заасан. Гэтэл ажлын байрыг сольсноор ямар ажлын ачааллыг тэнцүүлэх гээд байгаа нь тодорхой бус, сэлгэн ажиллууснаар ажлын ачаалал тэнцвэржих үндэслэлгүй. Сэлгэн ажиллуулах санал авч тохиролцсон асуудал байхгүй болно. Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэсний цалинг төвийн даргын тушаалаар Санхүүгийн алба нөхөж олгох нь өөрөө хууль зөрчсөн, одоо ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаал дээр авдаг цалин буурсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан сэлгэн ажиллуулахыг хориглох хэм хэмжээнд хамаарч байгаа. Ажил хүлээлцэх комиссын гишүүд Бодлого төлөвлөлт үйл ажиллаагаа хариуцсан орлогч даргын үүрэгт ажлыг хүлээн авч Эмнэлэг Хөдөлмөрийн магадлалын хуралдаа үргэлжлүүлэн суухыг даалгасан. Миний хувьд байгууллагын даргын өгсөн үүргийг гүйцэтгэх, эс биелүүлсэн тохиолдолд ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байгаа тул ажилтан миний Хөдөлмөрлөх эрх ажил мэргэжлээ хуулийн дагуу чөлөөтэй сонгох эрхийг сэргээн тогтоож, Н-ийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дугаар бүхий Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын 3.1-д заалтыг хүчингүй болгож, Н-ийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү.
1.2. Миний бие өмнө нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/00197 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч байгууллага намайг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажилд эгүүлэн томилсон боловч 2023 оны 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийж өгөөгүй. Иймд нэг сарын 1,691,146 төгрөгөөр бодож, 2023 оны 2, 3, 4 дүгээр сарын цалинд нийт 5,073,438 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү.
1.3. Н-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/284 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрх тушаалд Удирдлагын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаал гаргасан. Гэтэл уг хурлаар Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажил үүрэгтэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцээгүй. Надад сахилгын шийтгэлийг оногдуулах талаар мэдэгдээгүй, мэдээгүй байхад шууд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг ажлын бус цагаар танилцуулсан. Миний бие ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан. Гэтэл төвийн дарга хууль бус тушаал гарган сахилгын шийтгэл оногдуулснаас болж 2023 оны 3, 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалингийн 60 хувь буюу нийт 1,684,800 төгрөг хасаж олгосон. Иймд надад оногдуулсан 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, олгох ёстой байсан үр дүнгийн урамшуулал болох 1,684,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх явцад Н-ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/471 дугаар тушаалыг танилцуулсан. Уг тушаалыг өмнө нь хараагүй, мэдээгүй. Гэтэл энэ тушаалаар намайг Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил албан тушаалаас чөлөөлсөн байсан. Өнөөдрийн байдлаар намайг өөр ажилд томилсон, сэлгэн ажиллуулсан, урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн агуулга бүхий тушаал гарчихаад байгаа тул тус газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дугаар Э.И-ийг өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гэсэн тушаалыг хүчингүй болгож, Н-ийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Н-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Э дарга нарыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Э.И нь байгууллагын гаргасан төлөвлөгөө, тайлангийн чанар, үр дүнгийн хэрэгжилтийг хангах ажил нь хангалтгүй, эмчилгээ, үйлчилгээний доголдлын талаар бодитой, баримттай мэдээлэл өгдөггүй, гарсан доголдлыг арилгахад чиглэсэн бодит ажлыг цаг алдалгүй хийгээгүй, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу арга хэмжээг зохих түвшинд авч хэрэгжүүлдэггүй, улирлын шинжтэй өвчний талаарх тусламж, үйлчилгээний төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж, батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохих ёсоор хийгээгүй зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зорилтот ажлуудыг хангалтгүй гүйцэтгэсэн тул түүний цалин хөлс, албан тушаалыг бууруулахгүйгээр сэлгэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан нь хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй.
2.2. Э.И нь ажлаа хүлээн авсныхаа дараа Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь 45 тоот тэмдэглэлийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардан авсан үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т заасан хугацаа зөрчсөн. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд шууд хандаж, хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлж болох байтал ийнхүү нэхэмжлэл гаргаагүй.
2.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00197 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг биелүүлж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/228 тоот тушаалаар Э.И-ийг Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргаар эгүүлэн томилж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 13,529,248 төгрөгийг түүнд олгосон. Шүүхийн шийдвэрт 2023 оны 2, 3, 4 сарын цалин хөлсийг гаргуулах талаар заагаагүй, Э.И ажилд эгүүлэн томилогдсоноос хойш 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гомдол гаргаагүй бөгөөд энэ талаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.4. Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/284 дугаар тушаалаар үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагыг мэдээллээр хангаагүй үндэслэлээр Э.И т нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан бөгөөд уг хорооноос гарсан шийдвэрийг мэдсэн, мэдэж байсан атлаа хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй, хүчин төгөлдөр тул хөдөлмөрийн дотоод журмын 13.4-т заасны дагуу түүнд 2023 оны 3, 4 улиралд үр дүнгийн урамшуулал олгох ёсгүй. Иймд олгох ёстой байсан үр дүнгийн урамшуулалд 1,684,800 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.И-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Н-ийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дүгээр Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын 3.1 дэх заалт, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.И-ийг Н-ийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/284 дүгээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, улирлын урамшуулал 1,684,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,073,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.И т олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Э.И-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Н-д даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.1. Шүүх нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргасан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасанд нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 тоот тушаалын дагуу Э.И , Д.Ө нарын ажлыг хүлээлцсэн, Э.И нь ажлаа хүлээн авсныхаа дараа Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо гаргасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн хороо хуралдсан. Уг хуралдаанд гомдол гаргагч Э.И өөрийн биеэр оролцсон бөгөөд хуралдааны үед талууд эвлэрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т заасан хугацаа зөрчигдсөн байна. Учир нь, Э.И нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосныг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хуулиар тогтоосон ажлын 10 өдрийн дотор шүүхэд хандаагүйн дээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаалын талаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд шууд хандаж, хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлж болох байтал ийнхүү нэхэмжлэл мөн гаргаагүй. Маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсээр байж тэмдэглэлийг 61 хоногийн дараа гардан авсан нь хөөн хэлэлцэх хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх, эсхүл уг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх хуулийн үндэслэл болохгүй. Гэтэл шүүх хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь илэрхий байгааг анхаарахгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шүүхэд гомдол гаргах талаар хуулиар тогтоосон журам, зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8, 158.1.1-д заасныг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гарсан.
4.2. Н-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Э дарга нарыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Э.И нь Эрүүл мэндийн төвийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг үгүйсгэсэн гомдлыг гаргасан. Ажил олгогчийн зүгээс ажилтан авч ажиллуулах, уг хөдөлмөрийн харилцааны явцад ажилтны цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын байр хооронд ажилтныг сэлгэн ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг байгууллага дотроо авч хэрэгжүүлсэн нь хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь заасныг зөрчөөгүй. Манай байгууллага зайлшгүй шаардлагын үүднээс нэхэмжлэгчийг албан тушаал болон цалин хөлс бууруулахгүйгээр сэлгэн ажиллуулсан нь үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулах болсон дээрх зайлшгүй үндэслэлүүдийг анхаараагүй.
Нэхэмжлэгч Э.И-ийг ажлаас чөлөөлсөн, томилсон албан тушаалын цалин зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлээгүй нь нотлох баримтыг үнэлэх талаарх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх 2024 он гарснаас хойш намайг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд суулгаагүй тул Нийгмийн даатгалын хэлтсээс авдаг цалин хөлс буурсан гэх нэхэмжпэгчийн тайлбарыг үнэлж, уг тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 101 дүгээр зүйлийн 101.1, 102, 104 дүгээр зүйлүүдийг харьцуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан цалин хөлс гэх ойлголтод ажил олгогчоос ажилтанд олгож буй мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан цалин хөлс гэх ойлголт хамаарах байхад шүүх Нийгмийн даатгалын хэлтсээс авдаг цалин хөлсийг бууруулсан нь хуульд нийцээгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.3. Э.И нь Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ажлын байранд ажиллаж байхдаа ч элдэв шалтаг тоочиж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж байсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00197 дугаар магадлалын үндэслэх хэсгийн 4.1-д заасан үндэслэлээс тодорхой харагдах бөгөөд энэ байдал мөн л давтагдсан учир ажил олгогчийн зүгээс хувь хүнтэй холбоотой энэ асуудлыг Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалаас тусад нь тушаал гаргаж зохицуулсан. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулах замаар зөв үнэлж чадаагүйгээс дээрх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй.
4.4. Анхан шатны шүүх цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг анхаараагүй. Шүүхийн шийдвэрийн дагуу Э.И-ийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/228 тоот тушаалаар 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргаар эгүүлэн ажиллуулсан. Мөн Э.И-ийн ажилгүй байсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 13,529,248 төгрөгийг түүнд олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрт 2023 оны 2, 3, 4 сарын цалин хөлсийг гаргуулах талаар заагаагүй, Э.И 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар ажилдаа эргэж томилогдсоноос хойш 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд энэ талаарх гомдол, нэхэмжпэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан 90 хоногийн дотор гаргаж байгаагүй бөгөөд одоо энэ талаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг шүүх анхаарахгүйгээр нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дугаартай тушаалыг гардаж авснаас хойш 9 хоногийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тухайн гомдлын хурал явагдсан. Тухайн үеэс хойш хурлын тогтоолыг авах талаар хэлэхэд гишүүд гарын үсэг зурж, баталгаажаагүй байна гэх тайлбарыг өгсөн. Мөн тухайн тогтоолыг миний бие 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч, 8 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн тогтоолыг гардаж авсан он, сар, өдрийг баталгаажуулж, нотлох баримтын шаардлага хангуулж, хэрэгт хавсаргасан. Сэлгэн ажиллуулах А/144 дугаартай тушаалын үндэслэл нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага тавьсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3, 59.1.4-т заасан үндэслэлүүдэд чанар сайжруулах зайлшгүй шаардлага гэх үндэслэл байхгүй. Мөн гомдолд дурдаж буй байгууллагын чанар сайжруулах, сэлгэн ажиллуулах талаар үндэслэлийг хуулиар зохицуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар ажил олгогчтой харилцан тохиролцох, сэлгэн ажиллуулах асуудлыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн удирдлагын хурал болон надтай биечлэн ямар нэгэн асуудал ярьж, тохиролцоогүй атлаа ажлын бус цагаар тушаалыг танилцуулж, сэлгэн ажиллуулж байгаа гэх тушаалыг гаргаж өгсөн. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүргийг гүйцэтгэж байхдаа хөдөлмөр, магадлалын групп тогтоодог хуралд оролцож, 450,000-500,000 төгрөгийн цалинг авдаг. Гэвч бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаа эрхэлсэн орлогч даргаар хуралд оролцох боломжгүй. Уг нөхцөл байдлын улмаас цалин хөлсөнд өөрчлөлт орсон талаар мэдэгдсэн. 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 479 дугаартай тушаалыг надад танилцуулаагүй атлаа 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бодлого төлөвлөлтийн үйл ажиллагаа эрхэлсэн орлогч даргаар ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Уг гэрээ хүчин төгөлдөр байгаа тул тухайн сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 3 шатны шүүх намайг ажилд эгүүлэн тогтоосон байхад ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэл төлөхгүй гэсэн. А/144 дугаартай тушаал нь агуулгын хувьд алдаатай бөгөөд илт хууль зөрчсөн тушаал гаргасан. Тухайн тушаалыг гаргахдаа ажилтантай тохиролцоогүй бөгөөд сэлгэн ажиллуулах хугацааг тухайн гаргасан тушаалд дурдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э.И нь хариуцагч Н-д холбогдуулан сэлгэн ажиллуулах тушаал, өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, улирлын урамшуулал 1,684,800 төгрөг гаргуулах, 2023 оны 2, 3, 4 сарын цалин хөлс 5,073,438 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Э.И нь хариуцагч Б-д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03865 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00197 дугаар магадлалаар Э.И-ийг Н-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй./хх16-19/
3.1. Хариуцагч нь уг шийдвэрийг биелүүлж, Н-ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/228 дугаар тушаалаар Э.И-ийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргаар томилсон байна./хх-12/
4. Улмаар хариуцагч Н нь Э.И-ийг тус төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/284 дугаар тушаалаар үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагыг мэдээллээр хангаагүй тул нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх-27/
4.1. Дээрх тушаалыг Э.И эс зөвшөөрч, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 37 тоот хуралдааны тэмдэглэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон байна./хх32-36/ Уг шийдвэрийг нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад ...2023 оны 10 дугаар сард гардан авсан гэж тайлбарласан боловч хэрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэрийг хэзээ гардан авсан талаарх баримт авагдаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэжээ.
4.2. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Н-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/284 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, 2023 оны 3, 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалингийн 60 хувь буюу нийт 1,684,800 төгрөг гаргуулах тухай шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.
5. Н-ийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дугаар зохион байгуулалтын зарим арга хэмжээ авсан тушаалаар Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга ажлын байранд ажиллаж буй Э.И-ийг Бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан орлогч даргын ажлын байранд, сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн/хх13-15/ байх ба улмаар тус төвийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дугаар тушаалаар Э.И-ийг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заажээ./хх-180/
5.1. Уг тушаалыг Э.И эс зөвшөөрч, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсаныг тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 45 тоот хуралдааны тэмдэглэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон ба шийдвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Э.И гардан авч, уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Хариуцагч Н нь зохион байгуулалтын зарим арга хэмжээ авч, байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах албан ажлын зайлшгүй шаардлагын үүднээс орлогч даргыг дотооддоо сэлгэн ажиллуулж, ажлын байр ачаалтай байсныг тэнцвэржүүлсэн гэж тайлбарладаг боловч ажилтантай зөвшилцөж уг албан тушаалд томилсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, өөр ажилд сэлгэн ажиллуулсан тушаалын агуулгыг буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7.1. Хэрэгт Н-ийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дугаар тушаалаар Э.И-ийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргаас чөлөөлж, мөн өдрөөс Бодлого төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан орлогч даргаар томилсон байна. Уг тушаалын агуулга болон хэлбэрээс үзвэл нэг тушаалаар ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон нь тусдаа эрх зүйн үр дагавартай, өөр эрх зүйн харилцааг агуулсан байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн сэлгэн ажиллуулахтай холбоотойгоор хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгасан нь үргэлжилсэн хэм хэмжээ гэж үзэх боломжгүй. Учир нь тусдаа эрх зүйн үр дагавар агуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон баримт гэж үзнэ. Иймд ажил олгогчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1, 4 дүгээр хавсралт, 2023 оны 241 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралт, хөдөлмөрийн дотоод журмын 4.1.8, 4.1.15, 6.2.9-д заасныг тус тус үндэслэсэн нь ажил олгогчийн ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй.
7.2. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зохицуулалтад нийцээгүй тул Н-ийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дугаар зохион байгуулалтын зарим арга хэмжээ авсан тушаалын 3.1 дэх заалт, тус төвийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.И-ийг Н-ийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх зохицуулалтад нийцсэн байна.
8. Харин анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 5,073,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад уг шаардлагыг хангах боломжгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
8.1. Тодруулбал, хариуцагч Н нь өмнөх Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00197 дугаар магадлалыг биелүүлж, нэхэмжлэгч Э.И-ийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн тогтоосон байх ба уг хугацаанаас эхлэн бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх байгууллагад хандах эрхтэй.
8.2. Нэхэмжлэгч Э.И нь ажилгүй байсан хугацааны олговор гаргах эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагч байгууллагыг үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
8.3. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаааны олговорт 5,073,438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/04165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Н-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,073,438 төгрөг гаргуулах, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Э.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 96,125 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЦОГТСАЙХАН