Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 460

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Сартуул овогт Осорын Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911012840542 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 73-991 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Осорын Бат-Эрдэнэ /РД: ЦА70082715/,

 

Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 73-991 тоотод хохирогч Б.Баяржаргалын нүүрэнд эхнэр Н.Байгалмааг гэртээ хонууллаа гэх шалтгаанаар маргалдах явцдаа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь "зовхи, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий" хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Одоогоос 4-5 жилийн өмнө Нармандахын Байгалмаатай анх танилцаж байсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчим манай гэрт Н.Байгалмаа ирж хоносон. 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Байгалмаагийн салсан нөхөр О.Бат-Эрдэнийн байх Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 73-991 тоотод хашаа руу хамт очсон. Бат-Эрдэнэ гэртээ ганцаараа 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи авчихсан ууж байсан. Байгалмаа нь Бат-Эрдэнээс таксины мөнгө гэж 20.000 төгрөг авч, үлдсэн 8.000 төгрөгөөр нь 0,75 литрийн Хараа нэртэй 1 шил архи авсан ... хувааж ууж байгаад Бат-Эрдэнэ урд айлынхаа хүмүүст гэрийнхээ тавилгыг 30.000 төгрөгөөр зарсан гэж хэлэхэд Байгалмаа хүний бүх тавилгыг 30.000 төгрөгөөр зараад байхдаа яадаг юм, орж уулзана гээд гэрээс гараад явсан. Тэр хойгуур Бат-Эрдэнэ надад манай эхнэрийг гэр орондоо хонуулаад байхдаа яадын гэхээр нь би орох оронгүй амьтныг хөөгөөд явуулах юм уу, аяга хоол идүүлсэн юм гэж хэлсэн. Тэгсэн гэнэтхэн Бат-Эрдэнэ босож ирээд миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Би уйлаад гэрээс гараад зугтаасан, араас Бат-Эрдэнэ гарч ирээд хашааны үүдэнд дахин 1 удаа гараараа нүүр лүү цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

Гэрч Б.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... утас дуугарч, Б.Баяржаргал нь Бат-Эрдэнэ намайг зодчихлоо, арай гэж зугтаж гарч ирлээ гээд уйлаад яриад байсан. Тэгээд би айсандаа гараад хашааны гадаа очиход Баяржаргалын зүүн талын нүд нь хавдсан, хацар нь хөхөрч, хавдсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5031 дугаартай дүгнэлт: "... Б.Баяржаргалын биед зовхи, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 29х/

Гэрч О.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр цагийг нь одоо санахгүй байна. Салсан эхнэр Н.Байгалмаа зүс таних Б.Баяржаргалын хамтаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 73-991 тоот гэрт ирсэн. Н.Байгалмаа миний утсаар дүүтэйгээ яриад гараад явсан. Тэгээд би Баяржаргалыг Байгалмааг гэр орондоо хонууллаа гэж уурлаад нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Би Баяржаргалд эмчилгээний зардалд 200.000 төгрөгний хохирол барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч О.Бат-Эрдэнийг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Сартуул овогт Осорын Бат-Эрдэнийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бат-Эрдэнийг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай..

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бат-Эрдэнэд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бат-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ