Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох, Л.Оргилмаа,

       Г.Эрдэнэбаатар, С.Эрдэнэцэцэг, Ц.Батбилэг нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Бадамцэцэг,

шүүгдэгч Б.Оюундэлгэрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

шүүгдэгч Ж.Баттогтохын өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

шүүгдэгч Л.Оргилмаагийн өмгөөлөгч А.Дулмаа,

шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч С.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч М.Машбат,

шүүгдэгч Ц.Батбилэгийн өмгөөлөгч Г.Бадамханд,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Бадамцэцэгийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох, Л.Оргилмаа, Г.Эрдэнэбаатар, С.Эрдэнэцэцэг, Ц.Батбилэг нарт холбогдох 201501000187 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон ботт овгийн Батмөнхийн Оюундэлгэр, 1963 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 36 дугаар байрны 14 тоотод оршин суух, Алтан гадас одонтой, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧН63020609/

 

2. Ядамжав овгийн Жанлавын Баттогтох, 1972 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, англи хэлний багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 дугаар байрны 13 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 69 дүгээр байрны 18 тоотод оршин суух, Алтан гадас одонтой, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: АЭ72031574/

 

3. Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Оргилмаа, 1973 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 3; эгч, охины хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 52 дугаар байрны 21 тоотод оршин суух,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: С373110201/

 

4. Олхнуд овгийн Галсандоржийн Эрдэнэбаатар, 1969 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4; хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайзын 12 дугаар гудамжны 149а тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ТБ69060811/

 

5. Бор овгийн Цогтдоржийн Батбилэг, 1969 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Гаалийн 17 дугаар байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: КЮ69021075/

 

6. Уран хан овгийн Сосорбарамын Эрдэнэцэцэг, 1968 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага, аялал жуулчлалын удирдлагын зохион байгуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4; хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэлмэг хотхоны 88 дугаар байрны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧК68032201/

 

Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 92 дугаар тогтоолоор баталсан “Гаалийн Ерөнхий газрын дүрэм”-ийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Эрдэнэцэцэгийг Улаанбаатар хотын Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/306, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар зуучлуулан Г.Эрдэнэбаатараас 1,200,000 төгрөг, Ж.Баттогтохоор зуучлуулан С.Эрдэнэцэцэгээс 3,000,000 төгрөг, мөн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бусдаар зуучлуулахгүйгээр Ц.Батбилэгээс 500,000 төгрөгийг тус тус давтан үйлдлээр хээл хахуульд авсан гэмт хэрэгт,

 

Ж.Баттогтох нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаа ашиглан Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Эрдэнэцэцэгийг Улаанбаатар хотын Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/306 дугаар тушаалуудыг гаргуулсны төлөө Г.Эрдэнэбаатараас гаалийн улсын байцаагч Л.Оргилмаагаар зуучлуулж өгсөн 1,200,000 төгрөг, мөн С.Эрдэнэцэцэгээс өгсөн 3,000,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэрт давтан үйлдлээр хээл хахуульд зуучлан өгсөн гэмт хэрэгт,

 

Л.Оргилмаа нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын улсын байцаагчийн албан тушаалаа ашиглан Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаалыг гаргуулсны төлөө Г.Эрдэнэбаатараас хээл хахуульд өгсөн 1,200,000 төгрөгийг тус газрын гаалийн улсын ахлах байцаагч Ж.Баттогтохоор зуучлуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэрт зуучлан дамжуулж өгсөн гэмт хэрэгт,

 

Г.Эрдэнэбаатар нь Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаас чөлөөлж, Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаалыг гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэрт тус газрын гаалийн улсын байцаагч Л.Оргилмаа, гаалийн улсын ахлах байцаагч Ж.Баттогтох нараар зуучлуулан 1,200,000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт,

 

С.Эрдэнэцэцэг нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/306 дугаар тушаал гаргуулсны төлөө Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэрт 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг Ж.Баттогтохоор зуучлуулан хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт,

 

Ц.Батбилэг нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, мөн өөрийн эхнэр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар тус тус шилжүүлэн томилуулах тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308 дугаар тушаалуудыг гаргуулахын тулд Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэрт 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Оюундэлгэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Эрдэнэбаатар, С.Эрдэнэцэцэг, Ц.Батбилэг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1, Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох, Л.Оргилмаа, Г.Эрдэнэбаатар, С.Эрдэнэцэцэг, Ц.Батбилэг нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш, дутуу хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Үүнд:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 369 дүгээр шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дүгээр заалтад заасан “Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас шүүгдэгч Ж.Баттогтохын “2 нь С.Эрдэнэцэцэгийнх, ...танихгүй хүн орж ирээд ширээн дээр Эрдэнэцэцэг өгчөөрэй гээд боодолтой зүйл үлдээгээд явсан, ...Эрдэнэцэцэгээс би мөнгө аваагүй” гэх, шүүгдэгч Эрдэнэцэцэгийн “...би хэнд ч мөнгө төгрөг өгөөгүй” гэх баримтууд авагдсан байх бөгөөд Ж.Баттогтохын өрөөнд танихгүй хүн орж ирж мөнгө өгсөн гэх хүнийг олж тодруулан байцаалт аваагүй, мөн С.Эрдэнэцэцэг мөнгө өгсөн бол яг хэдэн төгрөг өгсөн болох нь тодорхойгүй, 3,000,000 төгрөг өгсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад ял өөрчлөн сонсгосон тогтоол дээр шууд 3,000,000 төгрөгийг хээл хахуульд өгсөн мэтээр хэт яллах талыг барьсан, нөгөөтэйгүүр шүүгдэгч нарын эхний тайлбар, сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр “хээл хахуульд өгсөн, зуучилсан” гэх мөнгөн дүнгүүд /1,000,000, 1,200,000, 2,000,000, 3,000,000, 100,000, 500,000/ хоорондоо зөрүүтэй байгааг нарийвчлан тогтоолгүйгээр хавтгайруулан зүйлчилсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэснийг
биелүүлээгүй байна.           

Хавтаст хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч нар нь өөр өөр мөнгөн дүнг хэлдэг бөгөөд прокурор зөвхөн Б.Оюундэлгэрийн мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь ойлгомжгүй байна.

2. Прокуророос Б.Оюундэлгэрийг “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 92 дугаар тогтоолоор баталсан Гаалийн Ерөнхий газрын дүрэм”-ийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх” үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Эрдэнэцэцэгийг Улаанбаатар хотын Гаалийн газарт гаалийн улсын
байцаагчаар шилжүүлэн томилох тухай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн
Б/306. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг тус тус гаргуулсны төлөө давтан үйлдлээр хээл хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлджээ.

Гэтэл Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйл “Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх, 2711.1.10-т “...сэлгэн ажиллуулах...” гэж заажээ. Мөн Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ерөнхий газрын дарга нь энэ дүрмийн 4.8-д заасан асуудлаар түүнд зөвлөх үүрэг бүхий захиргааны зөвлөлийг байгуулан ажиллуулна”, “4.8.5-д гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулна” гэж заасан байх бөгөөд Б.Оюундэлгэр нь дээрх дүрэмд заасан үүргийг гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг нарийвчлан тогтоож ирүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт прокурорын зөвшөөрөл нь авагдаагүй байна. Түүнчлэн хавтаст хэрэгт 3 ширхэг дуу болон дүрсний бичлэгтэй “СД” ирсэн бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар талд шинжилгээнд ирүүлж дүгнэлт гаргуулсан “СД” нь хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн “СД” хоёр хоорондоо зөрүүтэй байх тул 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4183 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул энэ асуудлыг зөв тогтоож ирүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлүүдийг заан хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох, Л.Оргилмаа, Г.Эрдэнэбаатар, С.Эрдэнэцэцэг, Ц.Батбилэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Бадамцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... шүүхийн тогтоолын 1 дэх заалтын тухайд: Ж.Баттогтох нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сэжигтнээр өгсөн “Эрдэнэбаатарын боодолтой мөнгийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын гаальд шилжин ирсэн Эрдэнэцэцэг мөн даргад өгөөрэй гээд боодолтой мөнгө өгснийг би Оюундэлгэр даргад хамт өгсөн... Эрдэнэцэцэгийг манайхны нэг л мөн уламжилж байсан. Гэхдээ Эрдэнэцэцэгийн мөнгийг нэг танихгүй хүн надад өгөөд гарсан. Эрдэнэцэцэг өгч байсан гээд л үлдээгээд гарсан. Хэн гэдэг хүн байсныг хэлж мэдэхгүй... Хот руу шилжих гэсэн чинь өөр газарт шилжүүлчих гээд болдоггүй гээд байсан. Тэгээд л Оюундэлгэр даргад энэ талаар нь хэлж байсан. Тэгээд л Улаанбаатар хотын гаальд тушаал нь гарчихсан байсан. Тэгээд л дарга хүсэлтийг маань хүлээн авч дээ гэж бодсон” гэсэн /1-р хх-130-131/,

Ж.Баттогтох нь Замын-Үүдийн гаалийн байцаагч С.Эрдэнэцэцэгийг Улаанбаатар
хотын гаальд шилжүүлэн томилуулах тухай асуудлыг Б.Оюундэлгэрт уламжлан
шийдвэрлүүлж, уг үйлдлийн хариуд өгсөн хээл хахуулийн зүйлийг Г.Эрдэнэбаатарын
Л.Оргилмаагаар зуучлуулан өгсөн хээл хахуулийн зүйлтэй хамтатган Д.Оюундэлгэрт өгсөн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасны дагуу цуглуулж бэхжүүлэн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон CD /цэнхэр өнгийн CD дэх video 07-2015.08.11 oyundelger battogtoh nariin yaria/ батлагдаж байх тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагуу уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, яллах үндэслэлээ болгосон.

Уг CD-нд бичигдсэнээр “Ж.Баттогтох нь Шивээгээс нөгөө яасан ахлах байна ш дээ тэр чинь нэг иймийг өгчий гээд хуруугаараа зааж, /яриан дундуур нь Д.Оюундэлгэр өөртөө хуваасан уу гэж асууж/, Замын-Үүдээс хот руу ирсэн ш дээ тэр чинь гурван саяыг өгсөн” гэж хээл хахуулийн зүйлийн үнийн дүнгийн талаар тодорхой ярилцаж байгаа дуутай, дүрстэй бичлэг байхад түүнийг нотлох баримтаар үнэлэлгүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын худал мэдүүлэгт хөтлөгдөж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх, 284 дүгээр зүйлийн 284.3-т заасан “шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Ж.Баттогтох нь С.Эрдэнэцэцэгийн хээл хахуулийн зүйлийг танихгүй нэг этгээдээс хүлээн авч Оюундэлгэрт өгсөн гэсний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Ж.Баттогтох, С.Эрдэнэцэцэг нараас энэ талаар асууж тодруулах ажиллагааг хийхэд тухайн этгээд нь хэн байсан талаар мэдүүлээгүй, С.Эрдэнэцэцэг нь уг асуудлыг үгүйсгэсэн. Ж.Баттогтох нь мөрдөн байцаалтын явцад дээрх мэдүүлгээсээ буцсан. Өөрөөр хэлбэл энэ талаар хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, С.Эрдэнэцэцэг, Ж.Баттогтох нараас асууж тодруулахаас өөрөөр хийгдэх ажиллагаа байхгүй байхад мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн сэжигтэн, яллагдагч нарын хээл хахуульд өгсөн гэх мөнгөний дүн нь хээл хахуульд авсан гэх мөнгөний дүнтэй зөрүүтэй, эсхүл сэжигтэн, яллагдагчийн урьд өгсөн мэдүүлэг дэх мөнгөний үнийн дүн дахин өгсөн мэдүүлэгтээ өөрчлөгдсөн хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон СД дэх бичлэгт /гэмт хэрэг үйлдэгдэж байх цаг хугацаанд хийгдсэн бичлэгт/ үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасан “яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэсний дагуу нотлох баримтаар үнэлж яллах ажиллагаа явуулсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдсэний үр дүнд далд хэлбэрээр үйлдэгддэг, тухайн үйл баримтыг шууд гэрчлэх хүнгүй онцлог байдаг. Гэтэл шүүх яллагдагч, шүүгдэгчийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.6-д заасан “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах”, 36.3.4-т заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхийнхээ дагуу үйлдсэн гэмт хэргээ үгүйсгэсэн, удаа дараа өөрчилж мэдүүлсэн мэдүүлгүүдэд хөтлөгдөн, бусад цугларсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийлгүйгээр алиныг үнэн болох буюу мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцэхгүй байхаас гадна ач холбогдолгүй, үр дүнгүй гэж үзэж байна.

Шүүхийн тогтоолын 2 дахь заалтын тухайд:

Дээрх хууль, дүрмийн заалтын хүрээнд гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах, томилох тухай асуудал нь Гаалийн Ерөнхий газрын даргын эрх хэмжээний асуудал байх боловч Гаалийн Ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтын хувьд Төрийн захиргаа хамтын ажиллагааны газар нь Гаалийн Ерөнхий газрын хэмжээнд хүний нөөц, сургалт, гадаад харилцаа гэсэн 3 чиг үүргийг хариуцан ажилладаг бөгөөд тус хэлтсийн даргын хувьд Б.Оюундэлгэрт дээрх үүрэг ногдохоор байна. Энэ нь ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгалаа олсон байна.

Мөрдөн байцаалтад Б.Оюундэлгэр нь Г.Эрдэнэбаатар, С.Эрдэнэцэцэг, Ц.Батбилэг нарын шилжин томилогдох тухай асуудлыг Гаалийн Ерөнхий газрын даргад танилцуулж шийдвэрлүүлэх үүрэг бүхий албан тушаалтан болох нь гэрч Ө.Тэгшээ, Д.Эрдэнэбаяр, Н.Энхцогт, Г.Батсайхан нарын мэдүүлгүүд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар цуглуулж бэхжүүлсэн дүрс бичлэгт бэхжүүлэгдсэн үйл баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Тухайлбал Б.Оюундэлгэр нь томилгоо, сэлгээ хийх тушаалын төсөл боловсруулах талаар Ж.Баттогтохтой ярилцаж буй байдал, Ц.Батбилэг нь өөрийн болон эхнэр Ц.Дариймааг шилжүүлэн томилуулах тухай асуудлыг Б.Оюундэлгэрт хандаж хүсэж буй байдлыг дуу, дүрсээр бэхжүүлсэн байгаа. Мөн Л.Оргилмаа нь Г.Эрдэнэбаатарын шилжин томилогдох тухай хүсэлтийг Ж.Баттогтохоор дамжуулан Б.Оюундэлгэрт уламжилж, мөн түүгээр дамжуулан хээл хахуулийн зүйлийг Б.Оюундэлгэрт өгсөн зэрэг нь тэрээр Гаалийн Ерөнхий газрын даргын хууль дүрмээр олгогдсон гаалийн улсын байцаагчийг томилох, сэлгэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрх, үүрэг бүхий этгээд болохыг нотолж байна. Гаалийн Ерөнхий газрын даргын томилгоотой холбоотой шийдвэр нь Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх ёстой байтал тэгж хэлэлцүүлэхгүйгээр Гаалийн Ерөнхий газрын даргад шууд танилцуулан шийдвэрлүүлж байсан нь хангалттай нотлогдож байгаа. Иймд шүүх зөвхөн шүүгдэгч Б.Оюундэлгэрийн мэдүүлэгт хөтлөгдөн хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн тогтоолын 3 дахь заалтын тухайд:

Төрийн нууцын жагсаалт батлах тухай 2004 оны хуулийн Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын хүрээнд гэх 4 дүгээр хэсгийн 44-т заагдсан маш нууцад хамаарах баримтыг эрүүгийн хэрэгт ил болгон хавсаргуулахаар даалгаж буй шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж олж авсан баримт сэлт /дуу, дүрс бүхий бичлэгүүд/-ийг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэхээр СД-нд буулган ил болгож хэрэгт хавсаргасан.

Уг эд мөрийн баримтаар тооцогдсон СД дэх мэдээлэл, үйл баримт нь тухайн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээдтэй хамааралтай эсэхийг буюу дүрс бичлэг дэх яриа нь сэжигтэн, яллагдагч нарын яриа мөн эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчээр тогтоолгоход “Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох, Ц.Батбилэг нарын дуу авиатай тохирч” байгаа талаар 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр №4183 дугаартай дүгнэлт гаргасныг хэргийн 2 дугаар хавтасны 243 дугаар хуудаст хавсаргасан байгаа. №4183 дугаар дүгнэлтэд юунд, хэрхэн яаж шинжилгээ хийсэн талаар тодорхой дурдсан, тухайн шинжилгээний объект нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон дуу, дүрс бичлэгтэй тохирч байхад шүүх юуг зөрүүтэй гэж үзсэн нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

           

Шүүгдэгч Б.Оюундэлгэрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “CD” дэх бичлэгийг үзүүллээ. Прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар авсан цэнхэр өнгийн “CD” дэх видео дэх “Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нар хээл хахууль болон мөнгөний талаар ярьсан” гэж байна.  Гэтэл сая улаан өнгийн “CD” үзүүлж байна. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD” нь шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн “CD” нь өөр байна. Иймд энэ сая үзүүлсэн “CD” эд мөрийн баримтаар хураагдсан “CD” мөн үү, биш үү гэдэг асуудал яригдана гэдгийг шууд хэлье. Прокурор байнга таамаглал дэвшүүлж маргадаг. Сая ч гэсэн бичлэг үзээд “3 сая гэж хэлээд гараа хөдөлгөж байна” гэж байна. Гэтэл Ж.Баттогтох гэж хүн байнга гараа хөдөлгөж ярьдаг болох нь анхан шатны шүүх хуралдааны шатанд хангалттай тогтоогдсон. Энэ нь анхнаасаа миний үйлчлүүлэгчийг нотлох баримтгүйгээр яллаж байгаагийн тод жишээ гэж хэлмээр байна. Төрийн нууцын жагсаалт батлах тухай 2004 оны хуулийн “маш нууц”-д хамаарах баримтад зөвшөөрөл гэж зүйл байхгүй. Зөвхөн шийдвэр гэсэн зүйл байдаг. Гэтэл гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан баримтад мөрдөн байцаалтын шатанд прокурорын зүгээс ил болгосон баримтад зөвшөөрөл олгогдсон эсэхийг тодруулах нь зайлшгүй чухал юм. Миний үйлчлүүлэгчийг тагнаж мөрдсөн ажиллагаа нь 28-30 хоног үргэлжилсэн байдаг. Улсын яллагч нууцад хамаарсан гэх баримтуудыг нууц гэж байгаа нь үндэслэлгүй. Харин ч анхан шатны шүүх үүнд маш бодитой дүгнэлт хийсэн. Нууцад хамаарсан гэх баримтыг ил болгочихоод байгаа юм чинь улсын яллагч ч гэсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газар ажиллаж байсан. Түүнийг амралттай байх хугацаанд гэрчээр оролцсон Эрдэнэбаяр, Батсайхан нар зөвлөлийн хурлаар оруулалгүйгээр үүнтэй адил маш олон тушаал шийдвэр гаргасан байдаг. Иймд Б.Оюундэлгэр хүний нөөцийн асуудлыг хариуцдаг уу, үгүй  юу гэдгийг нарийвчлан тодруулах шаардлагатай. Б.Оюундэлгэрийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь “CD”-д бичигдсэн шиг эхлэл, төгсгөл байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийг зөрчиж эрүүдэн шүүж, хуурч мэхлэн мэдүүлэг авсан байдаг. Учир нь эдгээр хүмүүсийг өглөөний 8 цаг 30 минутаас шөнийн 12 цаг хүртэл байлгах хугацаандаа дээрх бичлэгийг хийж, мэдүүлэг авсан. Б.Оюундэлгэрээс 1 цаг 30 минутын хугацаанд мэдүүлэг авсан байхад бичлэгт ердөө 28 минут байсан. Л.Оргилмаагаас ингэж хэлэх юм бол чамайг хэрэгт холбогдолгүй болгоно шүү гэж хэлж мэдүүлэг авсан байдаг. Энэ асуудлыг нэмж шалгах шаардлагатай. Бусад зүйлийн хувьд шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Баттогтохын өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан, прокурорын шүүхийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218, 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Мөрдөн байцаалтын шатнаас эхэлж Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүгдэгч нарыг анхны байцаалтаас эхлэн өмгөөлөгчгүй, хуурч мэхлэн байцаалт авсан нь тогтоогддог ба шүүгдэгч нарт өмгөөлөгч авах эрхийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд өмгөөлөгч авбал их үнэтэй байдаг, мөнгө авсан өгсөн асуудал чинь тодорхой байгаа гэж тулгаж, хуурч мэхэлж мэдүүлэг авсан. Ж.Баттогтохыг өглөөний 8 цаг 30 минутаас оройн 10 цаг хүртэл байлгаж, байцаалт авч, 10 цагт хойшлуулшгүйгээр цагдан хорих арга хэмжээ авсан байдаг. Тэрээр өөрийгөө чихрийн шижин өвчтэй гэдгээ хэлж нотолсон байхад цагдан хорьсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Гэтэл түүнээс ердөө 1 цагийн хугацаанд байцаалт авсан юм шиг харагддаг. Хэрэгт авагдсан “CD” бичлэггийг нотлох баримтаар үнэлэхийн тулд тухайн нотлох баримтыг заавал прокурорын зөшөөрөлөөр олж авч, цуглуулсан байх ёстой. Тухайн ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ёстой байсан гэдгийг дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг баримтлаагүй, зөрчиж олж авсан бол нотлох чадвараа алдана” гэж заасан. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан зөрчил байгаа тул мөрдөн байцаалтын шатанд шалгуулж өгнө үү. Хэргийг өмнө нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 369 дүгээр шүүгчийн захирамжид “шүүгдэгч нар хэзээ, хэдэн төгрөг өгснийг шалга” гэж заасан байхад энэ талаар огт шалгалгүй хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. С.Эрдэнэцэцэг нь Л.Оргилмаа, Ж.Баттогтоход хэдийд 3,000,000 төгрөг өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ байдал “CD” дэх бичлэгт тодорхой харагддаггүй. Эдгээр зүйлсийг тодруулах. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүгдэгч нараас байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа тул үүнийг мөн шалгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.Оргилмаагийн өмгөөлөгч А.Дулмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 369 дүгээр шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй гэдэгтэй санал нэг байна. Л.Оргилмаагийн үйлдлийг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байснаа хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчилж сонсгосныг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахуульд зуучилсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар гаалийн улсын байцаач нь төрийн албан тушаалтанд хамаардаг. Л.Оргилмаа нь хүний нөөцийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажил хийж байсан бөгөөд түүнийг хүний нөөцтэй холбоотой мэдээлэл цуглуулах, судалгаа гаргах гэж ажлын байрны тодорхойлолтод нь заасан байдаг. Хээл хахуульд зуучилсан асуудал түүний албан тушаалын байдалтай ямар холбоотой юм бэ, албан тушаалын нэр хүндтэй ямар холбоотой юм бэ гэдгийг нотолж чадаагүй. Иймд энэ асуудлыг дахин шалгуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан асуудлуудыг шалгах нь зүйтэй. Шүүх нухацатай хандаж ийм дүгнэлт хийсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Гүйцэтгэх ажиллагааны эрхгүй прокурор нотлох баримттай яаж танилцаж, яаж яллах асуудлыг шийдвэрлэж орж ирж байгаа нь эргэлзээтэй байх тул энэ нь өөрөө хууль бус ажиллагаа юм биш үү гэж ойлгогдож байна. Гүйцэтгэх ажиллагааны арга хэрэгслээр олдсон материалын алийг нь ил гаргах вэ, алийг гаргахгүй вэ гэдэг нь тодорхой байдаг. Тэдгээр баримттай танилцах эрх бүхий хүмүүс танилцаад шийдвэр гаргасан. Улсын яллагч гэж тэр баримтуудтай танилцах эрхгүй хүн сууж байна. Өмгөөлөгч бид нар ч гэсэн танилцах эрхгүй.” гэв.

 

Шүүгдэгч С.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Батбилэгт С.Эрдэнэцэцэг яаж мөнгө өгсөн бэ гэдгийг тогтоолгомоор байна. Улсын яллагч “CD” дэх бичлэгт Ц.Батбилэг, С.Эрдэнэцэцэг нарын яриа бичигдсэн гэж хэлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд бичлэгийг шинжлэн судалж байх үед улсын яллагч “Тэрийг сонсдоо С.Эрдэнэцэцэг гэж хэлж байна” гэж хэлэхэд бид дахин сонсоход тэгж хэлсэн зүйл байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан “CD” бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахүй, ямар нэг ач холбогдолгүй зүйл юм. Ёстой шүүгчийн хэлдэг чих сайтай нь сонсоод, хараа сайтай нь хараад байгаа юм уу гэдэг шиг зүйл болж байна. Би анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхэд ч санал зөрж байна. Би анхнаасаа С.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байр суурьтай байсан. Хавтаст хэрэгт С.Эрдэнэцэцэгийн гэм бурууг нотлох хангалттай нотлох баримт байхгүй. Гаалийн байцаагч нар Замын-Үүд рүү хошуурдаг болохоос бусад газар луу шилжих гэж хошуурдаггүй юм гэдгийг бүх шүүгдэгч нар хэлсэн. Хээх хахууль авах, өгөх гэмт хэргийн ашиг сонирхол С.Эрдэнэцэцэгийн үйлдэлд хаана харагдаж байна вэ. Замын-Үүдэд байх нь ашигтай ч өвчтэй нөхрөө асрахын тулд Улаанбаатар хотод шилжиж ирье гэж хүсэлт гаргасан байдаг. Тэрээр өмнө 4 удаа шилжихдээ өөрийн саналаар биш, дээд байгууллагын шийдвэрээр шилжиж байсан. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “яллагдагчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдвол...” гэж заасныг үндэслэн Ц.Батбилэг, С.Эрдэнэцэцэгийн үйлдэл нотлогдож байна гэж дайраад байгаа болохоос С.Эрдэнэцэцэг мөнгө өгсөн гэх шууд нотлох баримт байхгүй. Шүүх бүрэлдэхүүн үүнд дүгнэлт хийнэ үү. С.Эрдэнэцэцэгийн үйлдэлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг хэрэглэх болсон гэж үзэж байна. Ийм эргэлзээтэй нотлох баримтаар хүнийг 1 жилийн хугацаанд шалгаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Батбилэгийн өмгөөлөгч Г.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс өмнөх шүүгчийн захирамжийг хангах ажиллагааг хийж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байсан. Энэ нь зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа юм. Мөн үнийн дүнгийн асуудалд прокурор ач холбогдол өгөхгүй байгаа ч үүнийг хөдөлбөргүй тогтоож байж хүнийг яллах ёстой гэж үзэж байна. Тогтоолын 3 дахь заалтын тухайд прокурорын зөвшөөрөлгүй явагдсан ажиллагаагаар олж авсан нотлох баримтыг үнэлүүлэх гээд байна гэдгийг өмгөөлөгч нар хэлж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд Ц.Батбилэг, Б.Оюундэлгэр нарын хоорондын ярианы бичлэг шинжилгээний шаардлага хангахгүй байна гэсэн байхад мөрдөн байцаагч нь хөндлөнгийн гэрчийг байлцуулж “CD” бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байх ба уг тэмдэглэлдээ өөрийн санаа бодлыг тусгаж, ярианы цөөн хэсгийг түүж бичсэн. Эмнэлгийн бичгээ өгсөн үйлдлийг дугтуйтай мөнгө бололтой гэх зэргээр бодит байдалд нийцэхгүй, өөрийн санаа бодлыг оруулсан. Эдгээр байдлуудыг тодруулж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох, Л.Оргилмаа, Г.Эрдэнэбаатар, С.Эрдэнэцэцэг, Ц.Батбилэг нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн тогтоолд зааснаас гадна гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан цуглуулсан нотлох баримт болох дуу болон дүрс бичлэг дээрх үйл хөдлөл, үг ярианаас хэрэгт холбоотой хэсгийг тусгай техник технологи, мэргэжилтний тусламжтайгаар тодруулж, сайжруулах шаардлагатай. 

 

Мөн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд “шүүгдэгч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж эрүү, шүүлт тулгасан” гэж гомдол, тайлбар гаргасныг нягтлан шалгаж, тэдний хүсэлтэд үндэслэн зохих шалгалтыг явуулах нь зүйтэй.

 

Харин эд мөрийн баримт болох “СD” дээрх ярианы бичлэг нь 4183 тоот шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр хавсралт /2-р хх-243/-д бичгээр буулгасан байдалтай тохирч байх тул “шинжээчийн дүгнэлт гаргасан “CD” бичлэг, эд мөрийн баримттай зөрүүтэйн улмаас уг дүгнэлт эргэлзээ төрүүлсэн” гэх шүүхийн тогтоолын заалтыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дахь заалтаас “шинжилгээнд ирүүлж дүгнэлт гаргуулсан “СD” хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн “CD”-нээс  зөрүүтэй тул шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн №4183 дугаар дүгнэлт эргэлзээтэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоолд заасан бусад асуудлууд болон энэ магадлалд заасан ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дахь заалтаас “шинжээчийн дүгнэлт гаргуулсан “CD” хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD”-тэй зөрүүтэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийн дээрх үндэслэлээр бичсэн хэсгийг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

М.ПҮРЭВСҮРЭН