Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 0017

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэнийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Г.Гантуяа би Булган аймгийн Рашаант сумын нутагт газар тариалан эрхэлдэг “Мон-Кек” ХХК-иас Булган аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан ирүүлсэн “тус сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 дугаартай захирамжийн “Мон-Кек” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч,  2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаарын захирамжаар 158/2017/0017/З индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Булган аймгийн Рашаант сумын “Мон-Кек” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Булган аймгийн Рашаант суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг.

Рашаант сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 дугаартай захирамжаар 6307001802 нэгж талбарын дугаар бүхий 24 га, 6307001803 нэгж талбарын дугаар бүхий 521 га, 6307001804 нэгж талбарын дугаар бүхий 472 га, нийт 997 га үр тарианы зориулалттай газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмших эрхийг шилжүүлэн авч, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг авсан.

       Уг газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, зориулалтын дагуу ямар нэгэн зөрчилгүй эзэмшиж байсан ба 2017 оны тариалалтанд бэлтгэж 2016 онд талбайд уринш, хөрсний боловсруулалтыг хийж багагүй хөрөнгө зарцуулсан төдийгүй, орон нутгийн иргэдийг ажиллуулан ажлын байраар хангаж байна.

       Гэтэл Рашаант сумын Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр А/36 дугаартай захирамж гаргаж манай компанид газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/29, мөн сарын 26-ны өдрийн Б/39 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

        Энэ талаар манай компани 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдэж, Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж шийдвэрийг хүлээн авч дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч тодорхой шийдвэр гаргаагүй 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "Рашаант сумын Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн.” гэсэн хариу өглөө.

        Рашаант сумын Засаг дарга шийдвэр гаргаж манай компанийн эзэмшиж байгаа дээрх газарт дахин хуваарилалт хийж иргэдэд олгох үйл ажиллагааг явуулж байна.

Засаг даргын энэхүү илтэд хууль зөрчсөн шийдвэрийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, багагүй хэмжээний эд хөрөнгийн хохирол учраад байна…

          Иймд Рашаант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 дугаартай захирамжийн “Мон-Кек” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож өгнө үү.” гэжээ.

        Хэргийн оролцогчдын харилцан тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд:

““Мон-Кек” ХХК-иас Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А36 дугаартай захирамжийн “Мон-Кек” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

        Нэхэмжлэгч “Мон-Кек” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баярхүү, хариуцагч Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1. “Мон-Кек” ХХК нь үр тарианы зориулалтаар эзэмшиж буй 997 га талбай бүхий газраас 10 хувийг буюу 100 га газрыг орон нутагт буцаан шилжүүлэх үүрэг хүлээнэ.

2. Рашаант сумын Засаг дарга нь “Мон-Кек” ХХК-ийн эзэмшиж буй газраас үлдэх хэсэг буюу 897 га газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулан, гэрчилгээг шинэчлэн бичиж “Мон-Кек” ХХК-д олгох үүргийг хүлээнэ.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Булган аймгийн Рашаант суманд үйл ажиллагаа явуулдаг “Мон-Кек” ХХК-иас Булган аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан ирүүлсэн “тус сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/36 дугаартай захирамжийн “Мон-Кек” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Мон-Кек” ХХК нь үр тарианы зориулалтаар эзэмшиж буй 997 га талбай бүхий газраас 10 хувийг буюу 100 га газрыг орон нутагт буцаан шилжүүлэх үүрэг хүлээхээр, хариуцагч Рашаант сумын Засаг дарга нь “Мон-Кек” ХХК-ийн эзэмшиж буй газраас үлдэх хэсэг буюу 897 га газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулан, гэрчилгээг шинэчлэн бичиж “Мон-Кек” ХХК-д олгох үүргийг хүлээхээ илэрхийлэн харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

       Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0017/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “ Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.” 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар “...нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111. 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Мон-Кек” ХХК нь үр тарианы зориулалтаар эзэмшиж буй 997 га талбай бүхий газраас 10 хувийг буюу 100 га газрыг орон нутагт буцаан шилжүүлэх үүрэг, хариуцагч Рашаант сумын Засаг дарга нь “Мон-Кек” ХХК-ийн эзэмшиж буй газраас үлдэх хэсэг буюу 897 га газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулан, гэрчилгээг шинэчлэн бичиж “Мон-Кек” ХХК-д олгох үүрэг тус тус хүлээн харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0017/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ГАНТУЯА