Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1524

 

 

 

 

 

 

 

 

 

“Маршал” сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00321 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Маршал” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Бямбаад холбогдох

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1 352 392 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Бямбаагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Авирмэд

Хариуцагч: С.Бямбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхоны бүх оршин суугчдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр “Маршал” СӨХ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/18 тоот гэрчилгээгээр батламжлагдан СӨХ-ны үйлчилгээ, үйл ажиллагаагаа эхлээд хууль дүрмийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээнд шаардагдах сангийн хөрөнгө бүрдүүлэх, сууц өмчлөгчдын эрх ашиг, тав тухтай амьдарч, ажиллах боломжоор хангах үүднээс гадна орчноо тохижуулах, ногоон байгууламж хийх, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх, харуул хамгаалалтаа сайжруулах, камержуулах зэрэг ажлуудыг хийж оршин суугчдад тайлангаа тавьж хангалттай үнэлгээ авч 3 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Гэтэл тус СӨХ-ны гишүүн 113 дугаар байрны 23 тоотын оршин суугч С.Бямбаа нь СӨХ-ны төлбөрөө 17 сар төлөхгүй байгаагаас СӨХ-ны санхүү хүндэрч сарын цалингаа зээлээр тавьж, саван, угаалгын нунтаг зэргийг гэрээсээ зөөхөд хүрч, дээврийн дусаал гоожиж байгааг зогсоох, хагарч хугарсан сантехникийн урсгал засварыг ч хийж чадахгүйд хүрээд байна. Бусдын төлсөн мөнгөөр засагдаж, цэвэрлэгдэж, хамгаалагдаж байгаа тавлаг орчин дээр төлбөрөө төлөхгүй амьдарч байгаа айлуудад хугацаатай шаардлага өгөх, хуулийн байгууллагад өгөхийг оршин суугчид захиргаанд хатуу шаардаж байгаа” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би уг орон сууцыг Б.Уянга гэдэг хүнээс 2014 оны 10 дугаар сард худалдан авч өөрийн өмчлөлдөө шилжүүлснээс хойш өнөөг хүртэл уг байранд хүн амьдраагүй, эзэнгүй байх хугацаанд ОСНААҮГ-ын харьяа Маршал Комфорт компанийн нэхэмжлэлийн дагуу орон сууцны ашиглалт дулааны эрчим хүч, засвар үйлчилгээний төлбөрийг тухай бүр төлж ирсэн бөгөөд энэ төлбөрт хэрэгцээний халуун, хүйтэн усны төлбөр, цахилгаан эрчим хүч хэрэглээгүй учраас гардаггүй байсан. “Маршал” СӨХ-ны иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлд манай байранд байнга хүн амьдарч байгаа учраас СӨХ-ны төлбөрийг төлөхийг шаардсан байна. Иймд уг байранд өнөөг хүртэл хүн амьдраагүй эзэнгүй байгаа тул дээрх нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Миний бие энэ байранд хүнгүй байгаа гэдгийг СӨХ-нд тухай бүр мэдэгдээгүйн улмаас ийм байдалд хүрсэн гэж үзэж байна” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д зааснаар С.Бямбаагаас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1 215 592 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Маршал” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбаагаас улсын тэмдэгтийн хураамжид 33 724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Бямбаа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэртээ “...Тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 06 дугаар тогтоолоор сууц өмчлөгчөөс cap бүр хураах үнэ тарифыг тогтоож, тогтмол зардал авдаг болох нь...зохигчдын тайлбар, төлбөрийн баримтуудаар нотлогдож байна. Хэдийгээр хариуцагч тогтоосон үнэ тарифын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч дээрх тогтоолд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байгааг дурдлаа" гэжээ. Миний гаргаж буй гомдлын үндэслэл нь нэхэмжлэгчид хуульд зааснаар шаардах эрх үүссэн эсэх тухай асуудал юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна" гэж, мөн хуулийн 7.2-д " Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ" гэж тус тус заагаад энэ хуулийн 7.2.3-т "Холбооны сангийн бүрдүүлэлтийг... зөвхөн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ" гэж заасан байна. Түүнчлэн "Маршал" СӨХ-ны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна" гэж, мөн дүрмийн 4.1.3-д "Бүх гишүүдийн хурал нь Холбооны санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг тогтооно" гэж тус тус заасан байна.

Гэтэл "Маршал" СӨХ-ны Удирдах зөвлөл нь холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх эрхгүй байж, уг асуудлыг СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэлгүй, мөн хэлэлцүүлэхээр хурлыг товлож, зарлалгүй, Удирдах зөвлөл өөрөө дур мэдэн сууц өмчлөгчөөс хураах үнэ тарифыг тогтоож, энэ үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчөөс cap бүр хураах үнэ тарифыг тогтоосон 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Холбооны Удирдах зөвлөлийн 06 дугаартай тогтоол нь хууль болон Холбооны дүрэмд заасан журмыг зөрчсөн тогтоол учир нэхэмжлэгчид хуульд зааснаар шаардах эрх үүсэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Маршал” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Бямбаад холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1 352 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 136 800 төгрөгөөр багасгаж 1 215 592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцанд амьдраагүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

 

“Маршал” Сууц өмчлөгчдийн холбоонд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхон, 113 дугаар байрны 23 тоот орон сууц нь хариуцагч С.Бямбаагийн өмчлөлд байдаг нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Хариуцагч С.Бямбаа нь дээрх нийтийн зориулалттай байшин дахь орон сууц өмчлөгчдийн нэг болохын хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

 

С.Бямбаа нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 761 260 төгрөг, 2015 оны 08, 09 дүгээр сарын төлбөр 144 749 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 371 000 төгрөг, нийт 1 352 393 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны тодорхойлолт, нэхэмжлэгчийн гаргасан тооцоо зэргээр тогтоогдсон, эдгээр баримтыг хариуцагч няцааж чадаагүй байх тул түүнээс 1 215 592 төгрөгийг гаргуулж “Маршал” Сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хариуцагч С.Бямбаа нь тухайн орон сууцанд амьдраагүй тул энэ хугацааны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж буй боловч энэ нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

           

Мөн хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаарх тайлбар, түүнийг нотолсон баримтыг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар энэ үндэслэлээр гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянах боломжгүй юм.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Бямбаагийн төлсөн 33 724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН