Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0455

 

 

 

 

  

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0455

       Улаанбаатар хот

 

                   Е.Х нарын 11 хүний нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

                              

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ы гаргасан давж заалдах гомдлоор, Е.Х нарын 11 хүний нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

                                              ТОДОРХОЙЛОХ нь:      

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дүгээр шийдвэрээр: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Х нарын нэр бүхий 11 хүний тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай тогтоолын 1 дэх хэсгийн ...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488.000.000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосныг хүчингүй болгох, тусламжийн мөнгө болох 1.023.000.000 төгрөгийг Бүгд Найрамдах Казахстан Улсын саналыг харгалзан ил тод, шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийг үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нуртуган давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:“Нэхэмжпэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 багт оршин суух Барах суйиндик овогт Еженханы Х, Ители овопг Саудабайн Махсат, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг Шеруши ожых овогт Уйсивийн Азимхан, Молхы хошах овогт 'Тауекелийн Үмитгүл, Секел овогт Зейнолдагийн Сауле, Шыбарайгыр овогт Темейн Бахытгүл, Шыбарайгыр овогт Елеусизийн Жанболат, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг Хар бургэд овогт Ножоогийн Ванчин, Секел овогт Зейнолдагийн Рауаят, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг оршин суудаг Төлек овогг Хайрбайн Сейтмурат, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12-р багт оршин суудаг Базар хулелеш овогт Рамазаны Барша нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 дугаар багт оршин суудаг Жантекей атантай овогт Алейханы Нуртуган миний бие Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Ризагийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дугаартай шийдвэрийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гардан авч танилцаад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарласан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзээд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Бид Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай "Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай" тогтоолын 1 дэх хэсгийн ...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488.000.000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосныг күчингүй болгож. тусламжийн мөнгө болох 1.023.000.000 төгрөгийг Бүгд Найрамдах Казахстан Улсын саналыг харгалзан ил тод шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай шаардлага аргасан билээ.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаан болж, өнгөрөгч 7 дугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор гадаадын улс орнууд, олон улсын болон төрийн бус байгууллага. аж ахуйн нэгж. иргэдээс ирсэн хандивын йг хуваарилах асуудлыг хэлэлцсэн юм. Казахстан Улсын Засгийн газраас гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулж манай улсад 500.000 ам.долларын тусламж үзүүлсэн. Үүнээс Засгийн газрын холбогдох шийдвэрээр 400.000 ам.долларыг нь Баян-Өлгий ;аймагт зарцуулахаар шийдвэрлэсэн. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас 15.000 ам.доллар. Хаан банк болон Төрийн банкан дахь хандивын дансанд цугларсан 240.000.000 төгрөг цугларсан байхад тухайн хандив тусламжийг үндэслэлгүйгээр хувиарлаж гамшигт нэрвэгдсэн иргэд хүртэх ёстой хандив тусламжаа хүртэж чадахгүйгээр хохирсон. "Аргагүйн эрхэнд шүүхэд хандсан боловч анхан шатны шүүх албан тушаалтныг хамгаалан хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Гамшигт нэрвэгдсэн иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хандивласан 1.000.000 төгрөгийг тус тус аймгийн Засаг дарга захиран зарцуулснаас үлдсэн 170.900.000 төгрөг, гадаадын улс орнуудаас ирсэн 415.000.000 ам.доллар. нийтдээ өнөөдрийн ханшаар 1.223.000.000 төгрөгийг Хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлж хуваарилсан юм.

Үүнд 510.000.000 төгрөгийг гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдэд зориулж байшин барихад, 200.000.000 төгрөгийг үерт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж олгоход, 488.000.000 төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч г1арын цалин хөлс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд, 25.000.000 сая төгрөгийг үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар тус тус баталсан.

Гамшгийн үед манай Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, эхний ээлжид гэр, техник гээд нийтдээ 500.000.000 гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн. Үүнээс гадна бусад байгууллага, хувь хүмүүсээс ирсэн 1.3 тэрбум төгрөгийн тусламж ирсэн байсан. Гэтэл энэ их тусламжийн хөрөнгөнөөс ард түмний гарт очиж, нүдэнд харагдах нь тун бага буюу хангалтгүй байсаар ирсэн.

Өөрөөр хэлбэл, тусламжаар ирсэн хөрөнгө мөнгө гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд чиглэгдэн хүрэлцэхгүйгээр барагтаа шатахууны мөнгөнд зарцуулагдаж байгаад нь маш их гомдолтой, сэтгэл дундуур байсаар ирсэн. Тэр болгоныг ард түмэн бид тэвчсээр ирсэн. Өмнөх үргүй зарцуулж ирсэн хандивын хөрөнгүүдийн талаар ямар нэгэн хэл ам аргалгүйгээр тэвчээртэй хандаж байсан ба Казахстан Улсаас ирсэн мөнгөн тусламжуудыг шударга хуваарилж өгөх байх гэсэн итгэлээр хүлээж байсан боловч арай л шударга бус андсан.

Тухайлбал энэ удаагийн хуваарилагдах ёстой 1.223.000.000 сая төгрөгийн тусламжийн өнгөнөөс 488 сая төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд 25.000.000 төгрөгийг үерийн ус орсон аймгийн мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар болсон нь шударга бус айна. Энэхүү хуваарилагдах ёстой тусламжийн мөнгө зориулалтын дагуу гамшигт нэрвэгдсэн иргэд бидэнд хуваарилагдаагүйгээс болж хохирч үлдэхээр байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад нийт 500.000 ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд үүний 50.000 ам.долларыг л шатахуун, цэвэрлэгээ, томилолтын зардалд хуваарилахыг, үлдсэн хэсгийг иргэд бидэнд тарааж өгөх тухай бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч тал 400.000 ам.долларын дийлэнх олонх хэсэг дээрх байдлаар зориулалтын бус байдлаар хуваарилсанд гомдолтой байна. Жил бүр төсвөөс 'болзошгүй гамшигт зориулж улсаас хөрөнгө мөнгө /нөөц/ хуваарилдаг. Гэтэл хандиваар ирсэн мөнгийг ашиглаж байгаа явдалд гомдолтой байна.

Нэр бүхий нэхэмжлэгч нарын олонх нь гэр оронгүй болсон бөгөөд одоо болтол эсгий гэрт хэцүү байдалтай амьдарч байна. Бидний эрх маш ихээр зөрчигдөж байна төр засаг, хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудлыг шийдэхгүйгээр дараа нь шийдвэрлэж болох асуудлыг чухалчилсан байдлаар утга учиргүй шийдвэр гаргасан явдалд туйлын гомдолтой байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2-д "Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Хэрэв Казахстан улсаас тусламжийн мөнгө ирээгүй байсан бол гамшгийн улмаас учирсан хохирлыг яаж арилгах байсан бэ гэдэг асуудал үүсэж байгаа.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заасан байх ба 32.1.1 -т "нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх" гэж заажээ. Гэтэл аймгийн Засаг дарга хуулийг илт зөрчиж, тусламжид ирсэн хөрөнгийг бусад зардалд зарцуулсныг эрс эсэргүүцэж байна.

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д "Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана" гэж заасныг  Аймгийн Засаг дарга мөн хэрэгжүүлээгүй байна. Бүгд Найрамдах Казахстан Улсаас 400.000 ам.доллар шилжиж ирээгүй байсан бол ариутгал, халдваргүйжүүлэлттэй холбоотой гарсан 188.000 төгрөгийг яаж зохицуулах байсан бэ гэж бодож байна. Энэ зардлыг 2019 оны төсөвт суулгах аль эсвэл орон нутаг хөгжүүлэх сангийн давсан хэсгээс шийдэх боломжтой байсан боловч ийм арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, санаачилгатай ажиллаагүй, зөвхөн тусламжийн мөнгөнөөс бүх зардлыг гаргасанд эрс эсэргүүцэж нэхэмжлэл гаргасан юм.

Миний бие 11 хүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, улмаар тэднийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд эдгээр 11 хүний 10 нь орон гэргүй болсон. Эдгээр хүмүүсийн ард олон гэр бүл гамшигт нэрвэгдсэн 1200-аад айл байдаг.

Гаднаас ирсэн тусламжийн мөнгийг гамшигт өртсөн иргэдэд тэгш хуваарилаагүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж, одоо хүртэл гамшгийн улмаас учирсан хохирол арилаагүй байгаа. Хандивын мөнгөн хөрөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуваарилалт хийхдээ хаалттай, тэгш бус байдлаар, иргэдээс санал хүсэлт авалгүй, хүртээх ёсгүй байгууллагад хуваарилж шийдвэрлэсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хандивын мөнгийг хуваарилах гэж байгаа талаар иргэд мэдээгүй, иргэдийн төлөөллийг хуралдаанд оролцуулаагүй юм. Харин хариуцагч талаас аймгийн иргэдийн өөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь өөрөө иргэдийн төлөөлөл учраас тэднийг оролцуулсан гэх тайлбар үндэслэлгүй байгаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандивын мөнгийг хуваарилах чиглэл өгсөн боловч үүнд иргэдийн төлөөлөл болон төрийн бус, байгууллагын төлөөллийг оролцуулан хуваарилахыг хандивлагч байгууллагаас санал болгосон байх тул уг саналыг зайлшгүй харгалзан үзэх ёстой байсан.

Казахстан улсын Элчин сайдаас ирүүлсэн албан бичигт ...Мөнгөн тусламж олгохдоо доорх асуудлыг онцгойлон анхаарахыг хүсье..." гэж дурдсан. Үүний дагуу тус улсаас олгосон мөнгөн тусламжийг хуваарилах ёстой байсан гэж бид үзэж байгаа. Үүнд ил тод шударга, тэгш байдлаар, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор олон нийтэд нээлттэй хуваарилах ёстой байсан боловч ийм байдлаар хуваарилалт хийгээгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 төлөөлөгч хаалттай байдлаар хуралдаад нийгмийн байгууллага гамшигт нэрвэгдсэн иргэдийн төлөөллийг болон хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулаагүй хуваарилалт хийж, тогтоол гаргасныг гамшигт нэрвэгдсэн иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Хандивын мөнгөн тусламжийг зайлшгүй шаардлагатай айл, өрхийг орон байраар хангах, нийгмийн байгууллага, сургууль, цэцэрлэг болон бусад гэж заасан байх бөгөөд нийгмийн зайлшгүй шаардлагатай байгууллагад сургууль, цэцэрлэг ордог болохоос төрийн бусад байгууллагыг хамруулахгүй гэдгийг ойлгох нь зүйтэй байна.

Гамшгийн улмаас орон байргүй болсон айл, .өрхүүдийг орон байраар хангах чиглэл хүргүүлсэн ба гамшгийн улмаас хэчнээн айл өрх орон байргүй болсон талаарх тооцоо судалгаа хангалттай хийгдсэн байдаг.

Энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, 200-300 айл, өрх орон байргүй болсон гэж аймгийн Засаг даргын орлогч А.Камелият гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн. Хандивын мөнгөн тусламжийг хуваарилах үеэр хамгийн түрүүнд орон байргүй болсон айл, өрхүүдийг орон байртай болох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч хандивын мөнгөний талаас дээш хувийг бусад үйл ажиллагаанд буюу цэвэрлэгээ үйлчилгээнд зарцуулсан. Хурлаас 510.000.000 төгрөгөөр 56 айлын байшин барихаар төлөвлөж, тогтоол гаргасан нь үлдсэн өрхийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.

Засаг дарга, Хурал хуваарилалт хийх ёстой байсан бол шударгаар, тэгш хуваарилалт хийж, хандивын мөнгийг хохирсон иргэдэд тэгш хуваарилах ёстой байсан. Ингэж 56 айлыг орон байртай болгосноор цаана нь орон байргүй үлдсэн олон айл өрхүүд өрсөлдөх асуудал гардаг 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилтээр үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд зарцуулна гэж саналд тодорхой заасан байхад 1/3 илүү хэмжээний санхүүжилтийг үерийн үр дагаврыг арилгахтай холбоотой арга хэмжээнд зарцуулсан байдаг.

Үерийн үр дагаврыг арилгахдаа шатахуун түгээх станцуудаас зээлээр шатахуун авсан ба хандивын мөнгөөр төлсөн гэж ярьж болохгүй, хандивлагч орны онцгойлон хамаарахыг хүссэн хүсэлтийг нь үл тоомсорлож хуваарилалт хийсэн үйлдэлд иргэд гомдолтой байгаа Хоёрдугаарт, Казахстан Улсаас хохирсон иргэдэд зориулан тэрбум төгрөгийн хандивын тусламж өгсөн байхад үерийн улмаас хохирсон иргэд хохирсон хэвээр байгаа Тухайн жилийн аймгийн нийт төсвийн нэг хувийг гамшгаас хамгаалах арга зарцуулахаар хуульчилж өгсөн байхад аймгийн удирдлагууд хуулийг зөрчиж, хуулийн Д төсвийг гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд зарцуулдаггүй. Казахстан Улсад итгэсэн асуудал байгаа. Тэгж болохгүй гэдгийг төрөөс хуулиар зохицуулж өгсөн байна.

Тухайн жилийн нийт төсвийн нэг хувийг гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон гамшгийн улмаас бий болсон аливаа хохирлыг арилгахад зарцуулахаар хуульчилсан боловч хуулийг огт биелүүлээгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийг батлахдаа анхаарч үзээгүй орхигдуулсан байна. Үүнээс гадна гамшгийн хохиролд зарцуулах төсвийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнд тусгасан байхад Засаг дарга гамшигт зарцуулах ёстой.

300.000 гаруй төгрөгийн нөөц хөрөнгөнөөс нэг ч төгрөгийг гамшигт зарцуулахгүйгээр зөвхөн хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулсан асуудал байгаа. Мөн аймгийн Засаг даргын нөөц сангаас зарим иргэдийн эмчилгээний зардал болон тэтгэвэр тэтгэмж, шагналын мөнгийг тараасан асуудал байгаа. Уг хөрөнгийг дээрх байдлаар гамшгийн хор хохирлыг арилгахад зарцуулсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-д заасан "Төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна" гэснийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчиж батлаагүй явдалд иргэн хариуцлага хүлээх ёсгүй.

Өөрөөр хэлбэл, тухайн жилийн нийт төсвийн 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгө аймгийн гамшгаас хамгаалах төсөвт байх ёстой боловч ийм мөнгө байгаагүй явдалд иргэн хариуцлага хүлээхгүй. Үүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хураас батлаагүй гэж Казахстан Улсаас |хохирсон иргэдэд зориулагдаж ирсэн хандивын мөнгийг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх асуудалд зарцуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Хандив, тусламжийн мөнгийг хуваарилахдаа ямар аргачлал, заавраар хуваарилсан нь, мөн хохирсон иргэдэд тэгш байдлаар хүртээсэн нь тодорхой бус байгаа. Иргэдэд учруулсан хохирлыг арилгаагүй, ард түмэн хохирч байхад төрийн байгууллагад хандивын мөнгөнөөс 25.000.000 төгрөг хуваарилж өгсөн нь хуульд нийцэхгүй байна. Байгууллагыг тохижуулах, засвар үйлчилгээ, өргөтгөл хийх төсөв төрийн байгууллагын өөрт байдаг.

Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өөрсдөө дүгнэлтээ гаргаад иргэдэд ирсэн тусламжийн мөнгөнөөс албаны байрны засвар үйлчилгээний зардлыг гаргуулж авсан нь буруу байна. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө нь асар их төсөвтэй, нөөц хөрөнгөөс онц байдалд зарцуулах төсвийг хууль, журмаар зохицуулсан байдаг. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг хүндэтгэлийн арга хэмжээ болон шагнал урамшуулалд зарцуулчхаад гамшгийн зардалгүй болж гамшиг тохиолдсон үед гамшигт нэрвэгдсэн иргэдэд ирсэн тусламжийн мөнгөнөөс иргэд бухимдалтай байгаа.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийг Гамшгаас хамгаалах тухай хуульд дараах байдлаар зохицуулсан байх ба үүнд 21 дүгээр зүйлийн 21.2-т хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж, Засаг дарга нь 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх ...бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр 51 дүгээр зүйлийн 51.1 -д төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багццаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана гэж, 51.3-т аймаг, нийслэл, сум. дүүрэг нь тухайн жилийн төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна гэж, 51.4-т ...аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр тус тус заасныг шүүх буруу тайлбарлан шийдвэр гаргасан.

Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам"-ын Гурвын 3.1-д дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлэхээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг орон нутагт Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байхад хүмүүнлэгийн тусламжийн зориулалтыг зөрчиж өөр зүйлд зарцуулсныг шүүх зөвтгөсөн нь буруу боллоо.

Маргаан бүхий тогтоолоор хуваарилсан 1.223.000.000 төгрөгийн зарим хэсэг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас үзүүлсэн гэх 15.000 ам.долларын хувьд энэ нь мөн гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулж үзүүлсэн тусламж байх тул маргаан бүхий захиргааны актад заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай нийт :1.223.000.000 төгрөгийн бүрдэл хэсэг болгож хуваарилсан нь Гамшгаас хамгаалах тухай 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан үр дагаврыг арилгахад чиглэгдсэн, уг мөнгөн хөрөнгө нь өгөгдсөн зориулалтын дагуу хуваарилагдсан гэж дүгнэсэн нь буруу болсон.

Мөнгөн хөрөнгө |нь өгөгдсөн зориулалтын дагуу хуваарилагдаагүй болох нь Казахстан улсын элчин сайдын  албан бичгээр давхар давхар нотлогдож байгаа болно.

Иймд Баян-Өлгий аймагт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон олон хүний эрх ашгийн үүднээс хэргийг бүхэлдээ хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү.

                                                 ХЯНАВАЛ:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Еженханы Х, Саудабайн Махсат,  Уйсивийн Азимхан, Тауекелийн Үмитгүл, Зейнолдагийн Сауле, Темейн Бахытгүл, Елеусизийн Жанболат, Ножоогийн Ванчин, Зейнолдагийн Рауаят, Хайрбайн Сейтмурат, Рамазаны Барша нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Алейханы Нуртуган давж заалдах гомдол гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд шийдвэрийг хэвээр үлээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Е.Х нарын 11 хүнээс:1/Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай тогтоолын 1 дэх хэсгийн ...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488.000.000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосныг хүчингүй болгож,

2/ Тусламжийн мөнгө болох 1.023.000.000 төгрөгийг Бүгд Найрамдах Казакстан Улсын саналыг харгалзан ил тод, шударга хуваарилахыг,

3/ Хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг,

4/ Үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг,

5/ Орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Давж заалдах гомдолд “ ... энэ удаагийн хуваарилагдах ёстой 1.223.000.000 сая төгрөгийн тусламжийн мөнгөнөөс 488 сая төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд, 25.000.000 төгрөгийг үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар болсон нь шударга бус байна. Энэхүү хуваарилагдах ёстой тусламжийн мөнгө зориулалтын дагуу гамшигт нэрвэгдсэн иргэд бидэнд хуваарилагдаагүйгээс болж хохирч үлдэхээр байна.

Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад нийт 500.000 ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд үүний 50.000 ам.долларыг л шатахуун, цэвэрлэгээ, томилолтын зардалд хуваарилахыг, үлдсэн хэсгийг иргэд бидэнд тарааж өгөх тухай бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч тал 400.000 ам.долларын дийлэнх олонх хэсгийг дээрх байдлаар зориулалтын бус байдлаар хуваарилсанд гомдолтой байна.

Жил бүр төсвөөс “болзошгүй гамшиг”-т зориулж улсаас хөрөнгө мөнгө /нөөц/ хуваарилдаг. Гэтэл хандиваар ирсэн мөнгийг ашиглаж байгаа явдалд гомдолтой байна”  гэжээ.

Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад нийт 500.000 ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд үүний 400.000 ам долларыг аймаг хуваарилсан болох нь тогтоогдсон, үүнд талууд маргаагүй байна. Гагцхүү энэхүү тусламжийн 50.000 ам долларыг л шатахуун, цэвэрлэгээ, томилолтын зардалд хуваарилах, үлдсэн хэсгийг иргэд бидэнд тарааж өгөх гэж маргаж байна. Үүний үндэслэл нь Казахстан  улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Хобландин нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж, олгогдсон тусламжийг хуваарилах, захиран зарцуулах ажлыг ил тод, шударга, нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн оролцоотойгоор олон нийтэд нээлттэй явуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэж, олгогдсон мөнгөн тусламжийг бодит төслүүдэд зарцуулах, тухайлбал зайлшгүй шаардлагатай байгаа айл өрхүүдийг орон байраар, мөн нийгмийн зайлшгүй объект /сургууль цэцэрлэг, бусад/-оор хангах, түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд зарцуулахгүй байх, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуй, халдвар судлалын үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг онцгойлон анхаарах санал гаргасныг дээрх мөнгийг иргэдэд бэлэн мөнгөөр тараах байдлаар хуваарилахыг тусламж үзүүлсэн тал хүссэн гэсэн агуулгаар гомдож байна.

Дээрх албан бичигт тусламжийн мөнгийг хэрхэн зарцуулах талаар  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх тухай тусгагдсан бөгөөд энэхүү хүсэлт биелэгдсэн байна. Мөн олгогдсон мөнгөн тусламжийг бодит төслүүдэд зарцуулах, тухайлбал зайлшгүй шаардлагатай байгаа айл өрхүүдийг орон байраар, мөн нийгмийн зайлшгүй обьект /сургууль цэцэрлэг, бусад/-оор хангах талаар тусгагдсан байх бөгөөд энэхүү зорилт бас биелэгдсэн байна.

Харин үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуй, халдвар судлалын үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос /тооцож үзэхэд 128.244.500 төгрөгөөс/ хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг санал болгосон боловч 488.000.000 төгрөгийг буюу дээрх саналд тусгасан мөнгөн хөрөнгийн хэмжээнээс 359.755.500 төгрөгөөр илүү хөрөнгийг орчны газрын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ тусламжийн мөнгөөр орчны газрын цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэх боломжгүй байна.

Давж заалдах гомдолд мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д "Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ" гэж заасан байдаг, ... Энэ зардлыг 2019 оны төсөвт суулгах аль эсвэл орон нутаг хөгжүүлэх сангийн давсан хэсгээс шийдэх боломжтой байсан боловч ийм арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, санаачилгатай ажиллаагүй, зөвхөн тусламжийн мөнгөнөөс бүх зардлыг гаргасанд эрс эсэргүүцэж байгаа тухай дурджээ.

Дээр дурдагдсан хуулийн заалт болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувийг ...гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.4-т “улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд зардлаа өөрөө хариуцна” гэж заасан боловч тухайн үед хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн,

Баян-Өлгий аймгийн хувьд тухайн жилийн төсвийн 1 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг гамшгаас хамгаалах зардалд тусгуулахаар Сангийн яаманд захиалга хүргүүлсэн боловч тус яамнаас улсын хэмжээнд улсын төсвийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг Монгол Улсын Шадар сайдын багцад шилжүүлсэн, аймаг орон нутгийн хувьд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулаад тэрнээс илүү гарсан мөнгийг Засгийн газарт хандаж шийдвэрлүүлнэ гэсэн чиглэл өгсөн,  2018 онд гамшгийн зардал батлагдаагүй байсан болох нь тогтоогджээ.

Иймд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан хуримтлагдсан хандив, тусламжийн мөнгийг захиран зарцуулахаар шийдвэрлэсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг буруутгах үндэслэлгүй.

Давж заалдах гомдолд мөн иргэд хохирсон, орон гэргүй болсон талаар дурдаж, дээрх иргэдийн эрх ашгийн үүднээс хохирлыг барагдуулахаар мөнгийг тараас ёстой байсан гэж үзэж байгаа болохоо давтан илэрхийлсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар үерийн гамшгийн улмаас иргэдийн орон байр, эд хөрөнгөнд 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол гамшгаас хамгаалах бусад үйл ажиллагаанд 762.4 сая төгрөг шаардлагатай байжээ. Эндээс дүгнэхэд хуримтлагдсан гэх бүх тусламж, хандивыг бүгдийг нь бэлэн мөнгөөр тараасан ч нийт иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй байна.

Гамшгаас хамгаалах тухай хуульд “ гамшгийн хор уршгийг арилгах” гэдэгт  4.1.15-д зааснаар гамшгийн хор уршгийг багасгах, хоёрдогч аюулын шинж чанарыг бууруулах, гамшгийг гэтлэн давахад чиглэсэн хойшлуулшгүй үйл ажиллагааг ойлгохоор, “хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа” гэдэгт 4.1.16-д зааснаар гамшгийн улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэсэн шинээр босгох, сэргээн засварлах арга хэмжээг тус тус ойлгохоор заажээ.

Баян-Өлгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1.223.000.000 төгрөгийн 710.000.000 төгрөгийг хохирогч иргэдэд бэлэн мөнгө, байшин барих зориулалтаар зарцуулахаар, 25.000.000 төгрөгийг хуулийн этгээдэд, 488.000.000 төгрөгийг гамшигт өртсөн орчны газрын ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд хуваарилсан байна.

Гамшгийн улмаас хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн сөрөг үр дагавар болох хог хаягдал, бусад байдлаар бохирлогдсон гэх талбайг цэвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангах зорилгоор хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажиллагаа хийх нь үүссэн нөхцөл байдлыг хэвийн байдалд оруулах, нийтэд халдварт өвчин тусах зэргээр хоёрдогч аюул бий болохоос урьдчилан сэргийлсэн, гамшгийг давахад чиглэсэн хойшлуулшгүй үйл ажиллагаа тул энэ нь гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны чухал шаардлагатай хэсэг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.16 дахь заалттай нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

             

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР