Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01918

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 21 өдөр Дуга 210/МА2024/01918

 

 

Ц.М гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/03928 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.М гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Э , Б.Ч нарт холбогдох,

 

8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие нь өөрийн оёдлын газрын хэрэгцээнд зориулж бараа материал Ж.Э аар захиж авахуулдаг байсан. Тухайн үед хариуцагч Ж.Э нь ээжийн хамт Н зах дээр оёдлын туслах материал зардаг байсан.

1.2. 2020 оны 11 сарын 20-ны өдөр нийт 28,000,000 төгрөгийн бараа материалыг захиалсан. Ингэхдээ Ж.Э ын хүсэлтээр түүний ээж Б.Ч ийн Хаан банкны дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.3. Гэвч захиалсан бараа материал нь ирээгүй ба хил, гааль хаагдсан, ковид гарсан, өөр бараа өгье гэх мэтээр удаа дараа хугацаа авч хойшлуулсаар ирсэн. Иймд хариуцагч нараас үлдэгдэл төлбөр болох 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Э , Б.Ч нарын хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хурал дээр гаргана гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э аас 4,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М д олгож, хариуцагч Б.Ч эд холбогдуулан гаргасан 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э аас 82,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4 дэх заалтаар ... нэхэмжлэгчтэй аливаа эрх зүйн харилцаанд оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна ... хариуцагч Б.Ч ийг 4,250,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

4.2. Нэхэмжлэгч анх шүүхэд хандахдаа хамтран хариуцагч нарыг ээж, охин болохыг, мөн тэднийг Н зах дээр оёдлын материал хамтран худалдаалдаг болохыг дурдаж, Ж.Э ын ээж Б.Ч ийн дансанд 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд 2022 оны 04 сард 5,000,000 төгрөгийг Ц.М д буцаан шилжүүлэхдээ хариуцагч Б.Ч өөрийн данснаас түүнд шилжүүлсэн. Энэхүү үйлдэл нь талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн болохыг илэрхийлэхээс гадна уг мөнгийг анх өөрийн дансаар хүлээн авч, хөрөнгөжсөн этгээд нь Б.Ч байгаа баримтыг шүүхээс дүгнэлт хийсэнгүй.

4.3. Хэрэгт хариуцагч нар нь хариу тайлбарыг гаргахдаа хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл огт гаргадаггүй, харин ч уг төлбөрийг 3 хуваан төлнө, уг төлбөртөө бараа материал өгнө гэхчилэн нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай утсаар холбогдож байсан бөгөөд нэг удаа нэхэмжлэгч өөрийн биеэр бараа материалтай танилцахаар Эрдэнэт хотоос хүрч ирсэн ч тохиолдол байдаг.

4.4. Гэтэл шүүх хуралдаан дээр огт тийм зүйл болж байгаагүй гэж тайлбар хэлсэн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагчийн хүсэлтээр удаа дараа хойшлуулж байсан үйлдлүүд зэрэг нь хариуцагч нар нь уг ажиллагаанд ямар байр суурьтай оролцож байсныг, мөн талуудын мэтгэлцэх хүрээ хязгаар зэргийг илэрхийлдэг. Хариуцагч нар нь тайлбарын үндэслэлээ нотолдоггүй, тэд харилцан биендээ шаардлага гаргах эрх байсаар атал шүүхээс нэг талын тайлбарыг үндэслэн нэг хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийг хохироож байна.

4.5 Нэхэмжлэгчийн хувьд ээж, охин хоёрыг хамтран оёдлын бизнес эрхэлдгийг мэддэгээс, хэн нь хэрхэн дансаа удирддаг болохыг мэдэх боломжгүй тул хамтран хариуцагчаар татсан шаардлагаа хуваан хариуцуулсан. Хариуцагч нарт шаардлага гаргах эрх нь нээлттэй байхад энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хариуцагч Б.Ч нь охин Ж.Э тай данс тооцооны асуудлаа тохиролцох, тооцоолох боломжтой этгээдүүд зэргийг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч тус бүрээс 4,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Шүүх Б.Ч ийг хариуцах этгээд биш үзсэн нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч хариуцагч Ж.Э ын хүссэнээр түүний ээжийн дансанд мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг.

5.2. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар 2020 оны 11 сард буюу ковид-19 цар тахал гарсан үед Ц.М нь төрийн байгууллагуудад комбинзон үйлдвэрлэж нийлүүлэх эрх авсан байсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч Ц.М нь Ж.Э тай хамтарч ажиллая, хөл хориотой байгаа үед ашигтай ажил гэж хамтран ажиллахаар болж Ж.Э ын ээж Б.Ч ийн данс руу мөнгө шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэл гуравдагч этгээдийн дансаар мөнгө өгч, хүлээн авсан.

5.3. Нэхэмжлэгч нь Б.Ч ийг огт харж байгаагүй мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд гуравдагч этгээдтэй зээлийн болон хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Ж.Э , Б.Ч нарт холбогдуулан 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь ... Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тул талууд гэрээний эрсдэлийг хамтран хариуцна гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч талаас 28,000,000 төгрөгийг материалын үнэ гэсэн агуулгаар бараа, материалын үнийг хариуцагч Ж.Э , Б.Ч нарын дансанд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-4/

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл, харилцан мөнгөн хөрөнгө шилжүүлсэн зэрэг үйл баримтыг анхаарахгүйгээр талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрх зүйн зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нь материалын үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, мөн уг мөнгө хөрөнгийг буцаан шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ... талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн тайлбар, үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэв.

 

Харин, анхан шатны шүүх хариуцагч Ж.Э нь хамтран ажиллах зорилгоор 28,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлаж маргаж байх боловч талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, дээрх гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

4. Хариуцагч нар нь гэрээний төлбөрөөс 19,500,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт нь зохигч талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүх Б.Ч нь гэрээний үнийгг өөрийн дансаар шилжүүлсэн авч, улмаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан өгсөн үйл баримтын анхаарахгүйгээр Б.Ч эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах зарчимд нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Б.Ч нь хамтран үүрэгт гүйцэтгэгч гэж үзэх тул гэрээний үүргийг Ж.Э , Б.Ч нараас шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/03928 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э , Б.Ч нараас 8,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М д олгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 82,950 ... гэснийг ... 150,950 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР