Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар С.Уранбилэг,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Ц.Батбаяр,

шүүгдэгч О.Бадамжав, Л.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Хотон овогт Отгонбаярын Бадамжав, Баяд овогт Лхагвбаатарын Ханбүргэд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033141175 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Билэг интернэйшнл ХХК-д зөөгч ажилтай, ам бүл 3, эмээ дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а-77 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хотон овогт Отгонбаярын Бадамжав /РД:У397123111/.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 6-16 тоотод оршин суух хаягтай,

2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Баяд овогт Лхагвбаатарын Ханбүргэд /РД:УП96090930/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ О.Бадамжав, Л.Ханбүргэд нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч О.Бадамжав өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн  шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Л.Ханбүргэд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн  шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батбаяр өгсөн мэдүүлэгтээ “...Би тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч хөмсгөндөө 8 оёдол тавиулсан, нүдний дотор талд 1 оёдол тавиулсан байгаа. Тухайн хэрэг гардаг өдөр би ажил дээр 2 пиво уучихаад ойрхон пабад орж суусан. Миний суусан ширээний хажуу талд энэ 2 залуу агсан тавьж, орилж чарлаад байсан, зөөгч шаардлага тавьсан боловч шүүгдэгч нар шаардлагыг хүлээн авахгүй бүдүүлэг үйлдэл гаргаад байсан болохоор нь би олон нийтийн газар үйлчлүүлж байгаа тул энэ үйлдлээ зогсоо гэх шаардлагыг тавьсан. Гэвч шүүгдэгч Л.Ханбүргэд уурлан элдэв үгээр хэлж, надруу дайрч эхэлсэн. Найз охин нь салгах гэсэн боловч салгаж чадаагүй. Энэ үед шүүгдэгч О.Бадамжав ирсэн. Биднийг салгах гэж байна гэж би бодсон боловч, О.Бадамжав намайг араас зуурч унагаан Л.Ханбүргэд намайг 2 удаа  цохиж, бас өшиглөсөн. Дараа нь цагдаа ирэхэд Л.Ханбүргэд зугтаагаад явчихсан. Хэрэг гарсаны дараа би шууд Гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. Хөмсөг сэтэрсэн байдал, шанааны хэсгийн гэмтэл зэрэг нь цаашид миний гоо сайханд нөлөөлж байгаа тул би хөмсөг болон шанааны гэмтлийг нөхүүлж оёулах, шаардлагатай байгаа. Би өөрийн үзүүлсэн эмнэлгээс эмчилгээний төлбөрийг нотолсон баримт гаргаж өгөхийг хүссэн боловч эмчилгээний мөнгийг төлж эхэлсэн тохиолдолд эмнэлгээс баримт бичиж өгнө гэсэн. Тиймээс цаашид миний хөмсөгийг нөхөх мэс ажиллагааны төлбөр болох нийт 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан авах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч О.Бадамжав, Л.Ханбүргэд нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "М" гэх нэртэй үйлчилгээний газарт хохирогч Ц.Батбаяртай маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, баруун шанаанд шарх, зүүн зовхи, зүүн шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт хөнгөн хохирол бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт “Peace mall” худалдааны төвийн баруун талд байрлах паабад найз Оогийгийн хамт орж суусан. Бид хоёрыг уг газарт орох үед дотор нь үйлчлүүлж байсан нэг нь цагаан футболктой, нөгөөх нь хар футболк өмссөн 20 орчим насны хоёр залуу согтуу агсараад өөр сууж байсан хэсэг хүмүүстэй маргалдаад байсан. Би ч чимээгүй сууж байгаад бүр тэвчээр алдаад уг хоёр залууд хандаж олон нийтийн газар больчих, зүгээр болчих гэж жирийн шаардлага олон удаа тавьсан. Тэгтэл хар өнгийн футболк өмссөн Ханбүргэд гэх залуу нь надад хандаж пизда минь үзэх юм уу? Амжих уу гэж ирээд намайг цохих гэж оролдсон. Би бултаад цохиулаагүй ба зөрүүлж түүнийг барьж аваад хойш нь сандал дээр дарж суулгаад түүний хэвлийн тус газарт нь 2 удаа цохисон. Тэгтэл миний араас цагаан футболктой залуу нь намайг багалзуурдаж хойш татаад намайг унагаасан. Тэгэхээр нь би босч ирээд тэр цагаан футболктой залуугийн шанаа руу нь нэг удаа цохисон боловч оноогүй. Тэгтэл намайг татаж унагаагаад хоёулаа миний нүүр толгой, цээж хэвлий рүү ээлжлээд олон удаа өшиглөж зодсон. Энэ зодоон болж байх үед манай найз Оогий байхгүй байсан ба Оогий нойлоос ирээд салгасан. Тэгтэл миний хөмсөг шанаа хэсэг газрууд сэтэрч их цус гарч байсан ба хар футболктой залуу нь миний царай зүсийг хараад шууд зугтаачихсан. Цагаан футболктой залууг нь зуураад явуулахгүй байж байгаад цагдаад барьж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/,

гэрч Б.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн үед найз залуу Ханбүргэд болон найз Бадамжавын хамт гурвуулаа Урт цагаанд байрлах пабад орж нэг шил архи авч уусан. Хэмжээ нэрийг нь санахгүй байна. Уг архийг уугаад уг сууж л байсан газраасаа шөнийн 01 цагийн үед гараад тэндээсээ гараад Пийс молл худалдааны төвийн баруун талд байрлах пабад орж суусан. Тухайн үед Ханбүргэд, Бадамжав нэлээд согтсон байсан. Уг газарт ороод сууж байтал хажууд ширээнд суу& байсан хэсэг залуусаас нэг нь бид нарт хандаж та нар золбин юм уу? Өлөн юм уу гээд хэл амаар доромжлоод өдөөд байсан. Тэгээд би гурав 500 граммын нзг шилтэй архи авчихаад сууж байсан. Бадамжав нь энэ авсан юм аа гялс уучихаад гаръя, энэ хүмүүс өдөөд байна, муудалцаж магадгүй юм шиг байна гээд яриад суусан. Тэгээд хэсэг сууж байгаад Бадамжав хажуу ширээний залуус дээр уулзахаар очсон. Тэгтэл Ханбүргэд босох гээд байхаар нь би Ханбүргэдэд хандаж чи ийм согтуу байж яах гээд байгаа юм гэтэл Ханбүргэд яадаг юм гээд надтай маргалдсан. Би Ханбүргэдтэй маргалдаж байтал бид хоёр дээр шал өөр ширээнд сууж байсан нэг залуу ирээд шууд л Ханбүргэдийг түлхээд л түүн рүү томроод байсан. Тэгзэд Ханбүргэд уг залуутай барьцалдаж аваад унаад ноцолдоод байсан, би салгах гээд чадахгүй байсан. Тэгтэл Бадамжав уг залууг татаж аваад, түүн рүү чи манай найзыг зодчихлоо гээд түүнтэй зодолдсон. Би тухайн үед их айгаад хэн хэнийгэз яаж цохиж зодсоныг ч харж чадаагүй. Уг хэрэг явдал маш богинохон хугацаанд болоод л өнгөрсөн. Тэгээд зодоон маргаан болж дууссан. Уг зодоон болоод дууссаны дараагаар тэр залуугийн хөмсөг орчим газраас бага хэмжээний цус гарч байсан. Уг асуудал болоод дуусах үед Ханбүргэд куртик, дээгүүрх хувцасаа орхиод гараад явчихаар нь би санаа зовоод араас нь гарсан ба түүнийг аваад таксидаад гэртээ харьж амарсан. Уг газарт Бадамжавыг ганцааранг нь үлдээгээд явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13926 тоот: “Ц.Батбаярын биед зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, баруун шанаад шарх, зүүн зовхи, зүүн шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх 17/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Шүүгдэгч О.Бадамжав, Л.Ханбүргэд нарыг тухайн үед шөнийн цагаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр хохирогчтой маргалдаж, улмаар хохирогч Ц.Батбаярыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

Хохирогч Ц.Батбаяр нь баримттайгаар нийт 190.600 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч О.Бадамжав, Л.Ханбүргэд нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох зүйтэй гэж шүүх үзэв. Харин хохирогч Ц.Батбаяр нь энэ гэмт хэргийн улмаас бусад учирсан хохирол, цаашид гарах эмчилгэний зардал зэргээ Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Бадамжав, Л.Ханбүргэд нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотон овогт Отгонбаярын Бадамжав, Баяд овогт Лхагвбаатарын Ханбүргэд нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бадамжавыг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Л.Ханбүргэдийг 340 /гурван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч О.Бадамжав, Л.Ханбүргэд нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, тэднийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээлгүй бол хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бадамжаваас 95.300 төгрөгийг, шүүгдэгч Л.Ханбүргэдээс 95.300 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ц.Батбаярт олгосугай.

 

5. Хохирогч Ц.Батбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Бадамжав, Л.Ханбүргэд нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ