Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01939

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 01 өдөр Дуга 210/МА2024/01939

 

 

Б.Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/04635 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Д ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Б , Ч.А нарт холбогдох,

 

42,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие нь Н.Б , Ч.А нартай 2022 оны 12 сарын 08-ны өдөр 28,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авснаас хойш сap бүр авсан мөнгөнийхөө хүүг өгч байсан боловч 2023 оны 11 сараас хойш үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүг огт өгөөгүй.

1.2. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Н.Б , Я.А нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх 42,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Хариуцагч Н.Б ы хөдөлмөрийн чадвар алдалт зэргийг харгалзаж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 35,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Бид хоёр Б.Д гэх хүнээс эгчээрээ дамжуулан хувиараа худалдаа эрхлэх зорилгоор 2022 оны 12 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 19-ний өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 30-ны өдөр13,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг 0,5 хүүтэй зээлж авсан. Энэ хугацаанд 2024 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэл нийт 7,350,000 төгрөгийг хүүнд төлсөн.

2.2. Манай нөхөр Н.Б нь бөөрний архаг дутагдал төгсгөлийн шат, зүрхний архаг дутагдал 2-р үе гэсэн оноштой бөгөөд 2023 оны 12 сард яаралтай тусламжийн төвөөр хүргэгдэн хагалгаанд орж, тунель гуурс 6 сарын хугацаатай тавиулсан ба энэ хугацаанд бөөрний донор олж яаралтай солиулах шаардлагатай байгаа юм. Одоогоор Н.Б нь байнгын асаргаанд байдаг бөгөөд өндөр өртөгт эм тариа хэрэглэдэг тул Б.Д оос авсан мөнгийг төлж барагдуулахад хүндрэлтэй байна.

2.3. Зээлсэн 28,000,000 төгрөгийг хүү, алданги тооцож төлж чадахгүй нөхцөлд байгаа тул үндсэн мөнгийг хугацаа тохирч төлж барагдуулах хүсэлтэй байна. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дах хэсэгт зааснаар Б.Д ын нэхэмжлэлтэй, Ч.А, Н.Б нарт холбогдох, 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 35,000,000 төгрөгөөс 14,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 20,650,000 төгрөгийг хариуцагч Н.Б , Ч.А нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.Д т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б , Ч.А нараас 261,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.4-т Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч нараас хүүнд 7,350,000 авсан. Одоо үндсэн зээл 28,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг гаргуулна гэж... хэмээн маргааны үйл баримтыг тогтоосон атлаа хариуцагчийн нэгэнтээ хүлээн зөвшөөрч төлсөн, зохигчдын маргаагүй 7,350,000 төгрөгийн хүүг үндсэн зээл болох 28,000,000 төгрөгөөс хасаж шийдвэрлэсэн нь Иргэний 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

4.2. Учир нь хариуцагч нар нь хариу тайлбартаа ... нийт 28,000,000 төгрөг зээлж авсан. Нийт 7,350,000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Уг зээлийг авсан эсэх дээр маргаан байхгүй. Б.Д оос зээл авсан. Бидний зүгээс хүү, алданги тооцохгүй үндсэн зээл болох 28,000,000 төгрөгийг төлнө гэж, Үндэслэх хэсгийн 2-т, мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд хариуцагч Ч.А : Сарын 5 хувийн хүүтэй, буцаан төлөх хугацааг тохироогүй, cap бүр хүүг нь төлөхөөр аман гэрээ хийсэн гэв. Даргалагчаас: Нийт хэдэн төгрөгийн хүү Б.Д т төлсөн юм бэ гэхэд, Хариуцагч Ч.А : 7,350,000 төгрөг төлсөн гэв хэмээн /xx-45-46 дахь талд/ тайлбарласаар ирсэн. Гэтэл шүүх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх үндэслэлээр зээлдүүлэгчийн шаардах эрхтэй эсэх талаар зохицуулсан хэм хэмжээг зээлдэгчийн хүлээн зөвшөөрч төлсөн хүүг үгүйсгэх буюу буцаан шаардах эрхийн үндэслэл болгож буй нь үндэслэлгүй байна.

4.3. Тодруулбал, шүүх уг маргааны тохиолдолд үндсэн зээл 28,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг-ийн шаардлагаас зөвхөн хүү 7,000,000 төгрөг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

4.4. Түүнчлэн хариуцагчийн Бидний зүгээс хүү, алданги тооцохгүй үндсэн зээл болох 28,000,000 төгрөгийг төлнө гэснийг үл тоон, өөрийн үзэмж, дур зоргоор хариуцагч нарт давуу байдал бий болгож, илт ашигтайгаар шийдвэрлэж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн тэгш байдал, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн диспозитив буюу хөндлөнгийн байх гэсэн тусгай зарчмуудыг тус тус ноцтой зөрчиж байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.5. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 28,000,000 төгрөг шилжүүлж, зээл олгосонд зохигчид маргаагүй. Харин хариуцагч нь 7,350,000 төгрөгийн хүү төлсөн гэж тайлбарладаг ба нэхэмжлэгчийн зүгээс тухайн тооцоог бодож үзээгүй шүүх хуралдаанд оролцож, тооцоог бодож үзэх талаар шүүхэд хүсэлт тавьсан ч шүүх одоо боломжгүй гэсэн байна. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд Даргалагчаас: Нийт хэдэн төгрөг таны дансанд төлсөн юм бэ гэхэд Нэхэмжлэгч: Сайн мэдэхгүй байна, тооцож үзээгүй гэснээс харагдах ба одоо тооцож үзэж болохуу гэснийг мөн шүүх боломжгүй гэснийг тэмдэглэлд тусгаагүй байна.

4.6. Энэхүү нөхцөл байдлаас үүдээд нэхэмжлэгч болон шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоогүй байна. Учир нь хэрэгт авагдсан хариуцагч Н.Б ы дансны хуулгаас үзвэл тэрээр нэхэмжлэгчийн эзэмшлийн ХХХХХ тоот /Б.Д / Хаан банкны төгрөгийн дансанд нийт 12 удаагийн зарлагын гүйлгээгээр нийт 3,550,000 төгрөг шилжүүлсэн байх ба үүний amraa ХХХХХ гэх утгатай 2 удаагийн 75,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийн шилжүүлэг нь зохигчдын зээлийн харилцаанд хамааралгүй бөгөөд энэ талаар зохигчид маргадаггүй, мөн нэхэмжлэгч үүнийг шүүх хуралдааны явцад тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь зээлийн хүүнд 7,350,000 төгрөг бус харин 3,400,000 төгрөг төлсөн үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байгаа юм.

4.7. Гэтэл шүүх бодит үйл баримтыг үл хайхран зээлийн хүүнд 7,350,000 төгрөг төлсөн мэт дүгнэж, түүнийгээ үндсэн зээлээс хасаж, шийдвэрлэсэн хэсэг нь үндэслэлгүй болж байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг илтэд зөрчиж байна.

Иймд зохигчдын хүсэл зориг, талуудын тэгш байдал, маргааны бодит үйл баримтыг харгалзан эрх тэгш, хөндлөнгийн байх зарчмыг удирдлага болгон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/04635 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, үндсэн зээл 28,000,000 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Б , Ч.А нараас зээлийн гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 28,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин хүү төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... Н.Б , Ч.А нарын хүсэлтээр 2022 оны 12 сарын 08-ны өдөр 28,000,000 төгрөгийг цувуулж, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй авсан... гэж, хариуцагч нар нь ... Анх 2022 оны 12 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 19-ний өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 30-ны өдөр 13,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 13,000,000 төгрөгийн зээлийн хүүг 3 cap төлсөн, 5,000,000 төгрөгийн хүүг 6 cap, 7,000,000 төгрөгийн хүүг 6 cap, 3,000,000 төгрөгийн хүүг 12 cap тус тус төлсөн гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч Б.Д нь 28,000,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан зээлдэгч нарт шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Анхан шатны шүүх нэхэмжпэгч Б.Д нь хариуцагч 28,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр Н.Б , Ч.А нарт зээлдүүлэхээр аман хэлбэрээр тохиролцсон үйл баримтыг зөв тогтоож, зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний тохиролцоо хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4. Хариуцагч нар нь зээлийн хүүнд нийт 7,350,000 төгрөгийг төлсөн үйл баримтад зохигч талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч нар нь зээлийн хүүг зөвшөөрч, хүүнд зориулж 7,350,000 төгрөг төлсөн байхад хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн хүүнд төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь буруу.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй.

 

Харин, нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөгийн хүү шаардах эрхээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр алдана гэж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч нар нь нэхэмжлэлээс 28,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч маргаагүй байхад анхан шатны шүүх талуудын зарчимд халдаж, 20,650,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн алдааг залруулж, хариуцагч нараас 28,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/04635 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б , Ч.А нараас 28,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 261,200 ... гэснийг ... 297,950 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР