Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01900

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 16 өдөр Дуга 210/МА2024/01900

 

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/03350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.М , А ХХК-д тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,435,254 төгрөг гаргуулах, батлан даалтын гэрээний дагуу ХХХХХ тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хишигдэлгэр, Ж.Энхболд, Г.Бямбасүрэн, хариуцагч С.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Номин-Эрдэнэ, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С.М нь Г тай 2019 оны 07 сарын 08-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, гэрээгээр 10,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй ашиглах нөхцөлтэйгээр тохиролцсон.

1.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А ХХК-тай ХХХХХ дугаар Батлан даалтын гэрээ байгуулсан.

1.3. Зээлдэгч авсан зээлээ эгүүлэн төлөлгүй 390 хоногоор хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа ба зээлийн үндсэн төлбөр 10,387,177 төгрөг, зээлийн хүүний төлбөр 10,831,814 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 6,581,306 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр 2,250,513 төгрөг, шимтгэл 49,900 төгрөг, нийт 30,100,710 төгрөг төлөөгүй байна.

1.4. Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүний 6,665,456 төгрөгийг хөнгөлж байгаа тул үлдэгдэл төлбөр болох 23,435,254 төгрөгийг гаргуулж, хариуцагч А ХХК-аас Батлан даалтын гэрээний дагуу кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.М ын хариу тайлбарын агуулга:

2.1. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 13-ны өдрийн 203 тоот тушаалаар банкны хүүг олгох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийг ил тод байдлын дотоод журмын энгийн 3 дугаар нөхцөл дээр үндсэн төлбөрөө эргүүлэн төлөөгүй тохиолдолд зөвхөн нэмэгдүүлсэн хүү гэж тооцно гэсэн байна. Тиймээс эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй юм.

2.2. С.М нь 2019 оны 07 сарын 09-ний өдөр Кредит картын гэрээ байгуулсан ба мөн өдөр А ХХК-тай ХХХХХ дугаар Батлан даалтын гэрээ байгуулсан. Уг Батлан даалтын гэрээгээр хэрвээ С.М нь кредит картын гэрээний 1.2, 2.1-т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд А ХХК төлбөрийг нь төлөхөөр заасан.

2.3. Гэтэл хариуцагч С.М 2020 оны 03 сарын 09-ний өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлээд Батлан даалтын гэрээний дагуу батлан даагч буюу А ХХК-ийн ХХХХХ тоот данснаас нэхэмжлэгч нь шууд мөнгийг татах эрхтэй.

2.4. Г ХК нь өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй, үүргийн зөрчлийн талаар мэдэгдээгүй өнөөдрийг хүртэлх хүүг нэмэгдүүлж хуримтлуулсаар байсан байна.

2.5. Мөн нэмэгдүүлсэн хүү дээр тухайн 2019 оны 07 сарын 09-ний өдөр Кредит картны гэрээ байгуулагдах үеэр 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны зээлийн үйл ажиллагааны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт 20 хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт гэрээнд үүнийг заавал тусгаж өгнө, 20 хувиас хэтрүүлэхгүй байна гээд заасан.

2.6. Түүнчлэн Монгол банкны журмын 1 дүгээр зүйлийн 1.3.9-т Иргэний хуулийг барина гэж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нэмэгдүүлсэн хүүг 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар гэрээнд тусгаж болно гэж заасан тул нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй гэдэг шаардлагад нийцэх ёстой.

Иймд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл үүсэхгүй гэж үзэж байна. Харин зээлийн үлдэгдэл болох 10,387,177 төгрөгийг бол төлөхийг зөвшөөрч байна.

 

3. Хариуцагч А ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

3.1. Манай компанийн зүгээс Г ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өнөөдрийг хүртэл манай компани улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх хаягтаа үйл ажиллагаа явуулж байгаа. Г ХК-ийн ажилтны буруутай үйл ажиллагааг бид хариуцахгүй, Г ХК өөрөө хариуцах ёстой.

3.2. С.М аас Г ХК-ийн ажилтан төлбөрийг чинь би хийчихье гэж мөнгийг нь аваад дутуу мөнгийг нь хийж зөрүүг нь төлөөгүй сунжирсан асуудал үүссэн байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаад энэ маргааныг шийдвэрлүүлчихсэн бол өнөөдөр ийм өндөр хүү, төлбөр гарахгүй байх байсан. Мөн манай компанид зээл төлөх талаар болон С.М ыг зээлээ төлөхгүй байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М аас зээлийн гэрээний үүрэгт 21,218,991 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,216,263 төгрөг болон Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,127 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М аас 264,045 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ С.М тай ХХХХХ дугаартай Кредит картын гэрээ, А ХХК-тай ХХХХХ дугаартай Батлан даалтын гэрээг тус тус байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үнэлсэн.

5.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 222 дугаар зүйлийн 222.5, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн кредит картын гэрээний 2.1-т хэсэгт кредит картын нэг жилийн хураамж 49,900 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү /сарын/-1%-аар тооцох нөхцлөөр кредит картын төлбөр төлөөгүй хугацаанд нийт 2,216,263 төгрөг хуримтлагдсаныг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

5.3. Анхан шатны шүүхийн захирамжийн үндэслэх хэсгийн 9.4-т Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд 460.2-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан атлаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр буюу батлан даагч зээлдэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлснээр батлан даалт дуусгавар болно гэсэн заалтыг хайхралгүй дан ганц нэхэмжлэгчийн А ХХК-ийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үүргийг хангуулаагүй гэж нэг талыг барьж шийдвэрлэсэн.

5.4. Үндэслэх хэсгийн 9.5-д Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 2.2-т зааснаар хариуцагч С.М ыг кредит картын гэрээний үүргээ гүйцэтгээгүй талаар батлан даагч А ХХК-д мэдэгдэж байсан эсэх талаарх баримтгүй, хариуцагч С.М үүргээ биелүүлж чадахгүй гэсэн байдал илт тодорхой байна гэх нөхцөл байдал тогтоохдохгүй байх тул хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт болох 2021 оны 07 сарын 24-ний өдрийн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32021/08324 тоот захирамж, 2022 оны 03 сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/Ш32022/06473 дугаар захирамжаар А ХХК-ийн хаяг тодорхойгүй шалтгааны улмаас Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 05 сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2022/01522 дугаар шийдвэрт А ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, 22-ын товчоо 32 тоот хаягт бүртгэлгүй болох нь тогтоогдож байгаа атал С.М ийн кредит картын үүргээ гүйцэтгээгүй гэдгийг мэдэгдэх боломжгүй, хаяг мэдээлэл өөрчлөгдмөгц банканд мэдээлэх үүргээ биелүүлээгүйг орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/03350 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангаж, С.М , А ХХК-аас гаргуулж Г анд олгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

6.1. С.М нь Кредит картны гэрээг Г тай байгуулсан бөгөөд 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс зээлийн эрх нээгдэж, зээлийг олгосон. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, үндсэн хүүний төлбөрт 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг эс зөвшөөрч байна.

6.2. Нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдолдоо С.М нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь илт тодорхой нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Гэтэл зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд 4 жил болсон байхад тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.3. Түүнчлэн Батлан даалтын гэрээг Зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд батлан даагчаас нь гаргуулахаар гэрээ байгуулагдсан байхад Г ХК нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.7-д хариуцагчийн хаягт өөрчлөгдсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй байсан ба Кредит картын гэрээний 6.2 дугаар зүйлийн 6.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:

7.2. 2021 оны 07 сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2021/08324 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл 2024 оны 04 сарын 05-ны өдөр Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Г ХК-ийн нэхэмжлэлд хариуцагч С.М ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блю скай 46Б байр, 1 тоот хаягийг дурдаж хүргүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг гардан авч Иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тухайн үед гаргасан нэхэмжлэл хариуцагч хаяг бүртгэлгүй одоогийн гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн хаяг бүртгэлтэй байгаа нь хариуцагчийн хаягт өөрчлөлт ороогүй гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагч хаяг өөрчлөгдсөнөө мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

7.3. Мөн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2022/06473 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блю скай 46Б байр, 1 тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаяг тус хороонд байдаггүй тухай Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн байдаг. Учир нь нэхэмжлэгч Г ХК нь өөрсдийн ажлын хариуцлагагүй байдлаас улбаалан Хан-Уул дүүргийг Баянзүрх дүүрэг гэж буруу бичиж нэхэмжлэл гаргасан нь хариуцагчийн буруутай үйлдэл биш нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс хугацаа алдсан болно.

7.4. Түүнчлэн батлан даагч А ХХК-д С.М ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тухай мэдэгдэж байгаагүй мөн нэхэмжлэгч бие даасан шаардлагыг А ХХК-ийн хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай нотлох баримт байдаггүй болно. /Батлан даалтын гэрээний 3.4 дэх хэсэг/

7.5. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан боловч шүүхээс Г ны нэхэмжлэл гаргаж байсан үйлдлийг үнэлсэн боловч тус нэхэмжлэлийг яагаад хэрэгсэхгүй болгосон эсэх, нэхэмжлэгчийн хайхрамжгүй үйлдлээс үүссэн үр дагавар гэдгийг үнэлээгүй, харин хариуцагчийг хаягаа өөрчлөөгүй атал хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдээгүйгээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруу дүгнэсэн.

7.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д хариуцагч С.М аас зээлийн үлдэгдэл 10,387,177 төгрөг, зээлийн ашигласан хугацааны хүү 10,831,814 төгрөг нийт 21,218,991 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс зээлийн ашигласан хугацааны хүүг 10,831,814 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

7.7. 2019 оны 07 сарын 09-ний өдөр Г ХК болон С.М тай байгуулсан ХХХХХ тоот Кредит картын гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.13-д Хэрэв карт эзэмшигч Батлан даалтаар кредит карт нээлгэж байгаа тохиолдолд ХХХХХ тоот хадгаламж, харилцах дансыг зээл бүрэн төлөгдөж, гэрээ дуусгавар болох хүртэл банк барьцаалах ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд уг данснаас суутгаж, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг.

7.8. 2019 оны 07 сарын 09-ны өдрийн Г ХК болон А ХХК-тай байгуулсан ХХХХХ тоот гэрээний 2.2-т Үүрэг гүйцэггэгч зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол банк Батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээх бөгөөд Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардаж болно, мөн тус гэрээний 3.4 дүгээр зүйлийн 3.4.1, 3.4.2-т Батлан даагчийн Г ин дахь ХХХХХ тоот дансыг дурдаж зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол уг данснаас үл маргах журмаар төлбөрийг гаргуулах эрхтэй тухай заасан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж тус тус заасан байдаг.

7.9. Гэтэл Г ХК нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасны дагуу зээлдэгч Кредит картын зээлийн гэрээний 2.1-т заасны дагуу cap бүрийн 20-ны өдөр зээлийн эргэн төлөлт хийхээр заасан боловч 2020 оны 02 сарын 23-ны өдрөөс хойш орлого хийгээгүй атал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож байгуулсан Батлан даалтын гэрээний дагуу А ХХК-ийн дансыг битүүмжлэх, данснаас нь шууд зээлийн төлбөрийг гаргуулаагүй, батлан даагчид зээлийн гэрээний үүргийн зөрчлийн талаар мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй, Г ХК нь уг зээлийн маргааны асуудлаар шүүхэд хандсан боловч зээлдэгч С.М ын хаягийг буруу бичсэн, түүнчлэн нэхэмжлэл дээр гэрээ нь дээр бичигдсэнээс өөр ХХХХХ тоот утасны дугаар бичиж нэхэмжлэл гаргасан нь өөрсдийн буруутай үйлдлээс болж хугацаа хэтрүүлсэн ба хариуцагч нарт зээлийн гэрээний зөрчлийн талаар мэдэгдээгүй улмаас үүссэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн С.М аас хугацаа хэтрүүлсний төлбөр, шимтгэл нийт 2,216,263 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээж, харин зээлийг ашигласан хугацааны хүү 10,831,814 төгрөгийг С.М аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

8.1. Хариуцагч тал нь банкийг хугацаа хэтрүүлсэн буюу хариуцагч нарыг төлбөрийн үүргээ арилгана уу, төлбөрийн үүргээ төлнө үү гэх шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс болж хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч тал яагаад өөрийн Батлан даалтын болон Зээлийн гэрээний хуулиар хүлээсэн төлбөрийн үүргээ зөрчсөн талаар дурдахгүй байгааг ойлгохгүй байна.

8.2. Түүнчлэн зээл ашигласан хугацаа, зээлдүүлэгч болон зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, буцаан төлснөөр дуусгавар болох ёстой буюу зээлийн гэрээ дуусгавар болсноор батлан даалтын гэрээний үүрэг мөн дуусгавар болно гэх агуулгаар банк С.М болон А ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 онд нэхэмжлэл гаргасан боловч А ХХК нь тухайн хаягт байдаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

8.3. С.М болон А ХХК руу манай байгууллагын зүгээс төлбөр төлөх тухай шаардлагыг мессэж болон шуудангаар удаа дараа илгээж байсан боловч хариуцагч нар нь оршин байх хаягтаа байдаггүй гэх мэдэгдэл ирсэн байдаг.

Иймд хариуцагч талын хугацаа хэтэрсэн талаар мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч С.М , А ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,435,254 төгрөг гаргуулах, батлан даалтын гэрээний дагуу ХХХХХ тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч С.М тай 2019 оны 07 сарын 09-ний өдөр ХХХХХ дугаар Кредит картын гэрээ байгуулж, уг гэрээгээр Г ХК нь 10,000,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлэх хэмжээ 2 хувь, эргэн төлөх доод хэмжээ 20 хувь байхаар 2 жилийн хугацаатай карт эзэмшигчид зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ./хх-13-17/

 

3.1. Мөн Г ХК нь хариуцагч А ХХК-тай 2019 оны 07 сарын 09-ний өдөр ХХХХХ дугаар Батлан даалтын гэрээ байгуулж, гэрээгээр Г ХК, С.М нарын хооронд байгуулагдсан ХХХХХ дугаар Зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг 10,000,000 төгрөгийн зээл, үүн дээр зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлөхийг үүрэг гүйцэтгүүлэгчид баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч хариуцахаар харилцан тохиролцсон. /хх-18-20/

 

Анхан шатны шүүх Г ХК болон С.М нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, Г ХК болон А ХХК нарын хооронд мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.

 

4. Зээлдүүлэгч Г ХК нь дээрх гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй кредит картыг зээлдэгч С.М д шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Зээлдэгч нь 2019 оны 07 сарын 08-ны өдрөөс 2023 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл нийт 11,590,411 төгрөгийн бэлэн болон бэлэн бус гүйлгээг хийж, зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 02 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн гэрээний үүрэгт 10,387,177 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч С.М аас үндсэн зээлийн гэрээний үүрэгт 10,387,177 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 10,831,814 төгрөг, нийт 21,218,991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, Г ХК нь хариуцагч А ХХК-тай 2019 оны 07 сарын 09-ний өдөр ХХХХХ дугаар Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхөх хариуцлагын гэрээ байгуулсан байх тул анхан шатны шүүх хариуцагч А ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий этгээд нь зээлдэгчээс зээлийн гэрээний төлбөр, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн төлбөр гэх 2,216,263 төгрөгийг нэхэмжилсэн нь хуулийн дээрх шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй байна.

 

Түүнчлэн, 49,900 төгрөгийн шимтгэл гаргуулахаар шаардсан боловч уг шимтгэлтэй холбоотой ямар зардал гарсан талаар нотлоогүй байх тул шимтгэл 49,900 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

6.2. Хариуцагчийн гаргасан хэтэрсэн хугацааны хүү 10,838,814 төгрөгийг төлөхгүй талаарх гомдлыг хангахгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг төлөх үүрэгтэй тул хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, батлан даалтын гэрээний тал нь гэрээнд заасан хаягт байрлаж байсан үйл баримт нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/03350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,411 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,1991 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР