Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Л д холбогдох эрүүгийн 1806 0621 72183 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Л

Холбогдсон хэргийн талаар:

Б.Л нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин “Станц”-ын урдхан талд иргэн Г.Даваацэрэнг “нутаг дээр бие заслаа” гэдэг шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би гэрийн ойролцоох дэлгүүрийн урд зогсож байсан. Гэтэл 2 хүн автобусны буудал хүргээд өг гэсэн. Тэгээд тэр хоёрыг хүргэж өгсөн. Тэгээд нэг харсан чинь нэг хүн хашааны хаалга руу шээлээ гээд тэр хоёр хүүхэдтэй муудалцаж байсан. Би салгах гэтэл муудалцаад тийм зүйл болсон гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Даваацэрэнгийн өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 цагийн орчим Болортамир, Отгонбаяр бид 3 Ботаникийн эцсийн автобусны буудлын хажуугийн караокед орж нэг хүний гурван шил “Сэнгүр” нэртэй пиво ууцгаасан. Караокенаас 02 цагийн орчим гараад хойшоо зам дагаж гэр рүүгээ алхаж явж байгаад станцын урдхан талд нь манай найз Отгонбаяр бие засаж байхад бидний хойноос машинтай хэдэн хүн хүрч ирээд шууд Отгонбаярыг цохихоор нь очоод салгасан чинь намхан биетэй залуу миний зүүн талын нүдний доод талд нэг зүйлээр цохих шиг болоод би юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн тэр хүмүүс нь явчихсан эмнэлгийн тэрэг ирсэн байсан. Тэр жижиг биетэй залуу намайг цохисноос хойш юу болсныг сайн санахгүй байна. Миний зүүн нүдний доод зовхи сэтэрсэн, уруул язарсан, хамар мурийж цөмөрсөн, духны зүүн тал шалбарсан байгаа...

...Машины урд талын жолооч талаасаа бууж ирсэн залуу намайг цохиж, надад гэмтэл учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 45 дугаар тал/,

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9165 дугаартай шинжээчийн:

            1. Г.Даваацэрэнгийн биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, уруулд шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, баруун бугалганд цус хуралт, дух, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн дал, бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун н үдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Л гийн: ...2018 оныы 07 дугаар сарын 25-ны өдөр би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч гэх хүн миний машинд байсан 2 хүнтэй муудалцсан, би салгах гэж очсон. Нэг нь эхлээд намайг цохисон, би зөрүүлээд цохисон. Ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.Л гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32, 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Л нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин “Станц”-ын урдхан талд иргэн Г.Даваацэрэнг “нутаг дээр бие заслаа” гэдэг шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Б.Л д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин “Станц”-ын урдхан талд иргэн Г.Даваацэрэнг “нутаг дээр бие заслаа” гэдэг шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Даваацэрэнгийн болон шүүгдэгч Б.Л нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9165 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Л г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Даваацэрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон хэргийн материалтай танилцахдаа бичгээр илэрхийлсэн бөгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 16-17, 45, 46, 47 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Л нь үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа тухайгаа илэрхийлсэн, хохирогч Г.Даваацэрэн гомдол саналгүй болох нь хохирогчоор өгсөн мэдүүлэг болон түүний бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул Б.Л д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Л г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Л д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ