Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01934

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 25 өдөр Дуга 210/МА2024/01934

 

 

Б.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02440 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.У ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.А , Б.Ат нарт холбогдох,

 

132,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ц.А , Б.Ат нартай 2022 оны 09 сарын 30-ны өдөр 0443 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай барьцаагүйгээр зээлдүүлсэн.

1.2. Зээлийн гэрээ байгуулсан тухайн өдрөө Ц.А ийн Хаан банкны ХХХХХ тоот дансанд 80,000,000 төгрөгийг, Б.Ат гийн Богд банкны ХХХХХ тоот дансанд 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

1.3. Гэтэл Ц.А , Б.Ат нар нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө төлөөгүй ба зээлийн төлбөрөөс нийт 20,400,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Ц.А , Б.Ат нараас үндсэн зээл 88,600,000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 44,300,000 төгрөг, нийт 132,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Ц.А миний бие Б.У аас 100,000,000 төгрөг авсан үнэн. Миний бие бүтэн жилийн хугацаанд хэвтрийн дэглэм барьж дутуу төрсөн үүнээс шалтгаалж зээлээ төлж чадаагүй. Ажил хэвийн явж байхдаа зээлийн төлбөрөөс өгч байсан. Хүү, алданги төлөх боломжгүй байгаа учир үндсэн 88,600,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.А , Б.Ат нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 132,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А , Б.Ат нараас 822,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Бидний хувьд З.У аас 100,000,000 төгрөг зээлсэн асуудал дээр бол маргахгүй. Харин зээл төлөх хугацаанд эхнэр Ц.А нь дутуу төрөн байнгын хэвтрийн дэглэм барьж, нөхөр Б.Ат нь эхнэрээ байнга асарч байсан тул ажил, бизнесээ явуулах боломжгүй болж зээлсэн мөнгөө буцаан төлж чадахгүйд хүрсэн.

4.2. Бидний ийм аргагүй байдлыг харгалзан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно., 232 дугаар зүйлийн 232.8-т Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасны дагуу алдангид бодогдсон 44,300,000 төгрөгөөс талыг нь хасаж тооцон нийт 110,750,000 төгрөг гаргуулахаар шийдэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсаны дагуу алдангийн хэмжээг зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хэт хохиролтой тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан алдангийн хэмжээг хуульд заасны дагуу багасгаж нэхэмжилсэн.

5.2. Хариуцагч нараас 2022 оноос хойш зээлийн гэрээний үүрэг шаардсан бөгөөд гэрээний үүрэг шаардаж байх явцад хариуцагч нарын зүгээс зээлийн төлбөр төлөх боломжгүй байгаа нөхцөл байдлаа тайлбарлаж, хэлж байгаагүй тул алдангийн хэмжээг багасгах үндэслэл байхгүй. Түүнчлэн хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан эрхийн актын дугаар шүүхийн шийдвэрийн дугаартай зөрж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ц.А , Б.Ат нарт холбогдуулан зээлийн төлбөр 132,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үндсэн төлбөр 88,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талуудын хооронд 2022 оны 09 сарын 30-ны өдөр 0443 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.А , Б.Ат нар нь 3 сарын хугацаатай, 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон;

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.А ийн данс руу 80,000,000 төгрөгийг, Б.Ат гийн данс руу 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 100,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэхгүй.

6. Хариуцагч нарын ... алдангид бодогдсон 44,300,000 төгрөгөөс талыг нь хасаж тооцон ... гаргуулж өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талууд 2022 оны 09 сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

6.2. Анхан шатны шүүх 88,600,000 төгрөгийн алдангийн 50 хувьтай тэнцэх 44,300,000 төгрөг гэж алдангийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул алдангийн хэмжээг багасгах үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР