Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01960

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/01960

 

 

Д СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 4,029,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баяртогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Өнөрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д СӨХ нь ХХХХХ тоотод үйл ажиллагаа явуулдаг Б ХХК нь 2022 оны 05 сараас 2023 оны 12 сар хүртэлх СӨХ-ны төлбөрийн үлдэгдэл болох 4,029,440 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас тус төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Манай Б ХХК нь 2015 оноос ХХХХХ тоотод буюу өөрийн өмчлөлийн байранд Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

2.2. Д СӨХ-оос сарын СӨХ-ны 4,029,440 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй юм. Учир нь манай компани Д СӨХ-нд харьяалагддаггүй, үйлчилгээ авдаггүй.

Өөрөөр хэлбэл, манай компанийн орц, гарц тусдаа бөгөөд өдөр тутам СӨХ-ноос үзүүлж буй үйлчилгээг огт авдаггүй, тог /гэрэлтүүлэг/, хогийг тусдаа хариуцдаг тул СӨХ-ноос үйлчилгээний төлбөрт мөнгө төлөх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Б ХХК-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 4,029,440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-д 79,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн татгалзлын гол агуулга бол Д СӨХ нь ХХХХХ орон сууцны хотхоны оршин суугч, аж ахуй нэгж байгууллага нараас авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн төлбөрийн хэмжээ, холбогдох зардлыг анх тогтоохдоо тус байрны оршин суугч, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага нарын төлөөллийг оролцуулалгүйгээр зөвхөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй хурлаар баталсан явдал бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл тул хариуцагч нь дээрх хууль зөрчиж гарсан шийдвэрийг дагаж мөрдөх түүнчлэн тус нэхэмжилж буй төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй болохыг тогтоолгох байсан. Тодруулбал, 2016 оны 03 сарын 19-ний өдөр Д СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар тус СӨХ-ны дүрмийг, 2020 оны 01 сарын 26-ны өдөр Д СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг баталсан байдаг.

4.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно. гэж заасан.

4.3. Гэтэл анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 01586 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7.2-д Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 03 сарын 19-ний өдрийн ХХХХХ орон сууцны Д СӨХ-ны оршин суугчдын хурлаар Д Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг баталж, бүх гишүүдийн хурлаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ. гэж заасан байдаг. гээд 7.3-д Д СӨХ-ны 2020 оны 01 сарын 26-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг хэлэлцэж баталсан байх бөгөөд уг журмаар 3 дугаар зүйлд заасан айл өрхийн санхүүжүүлэлтийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулж, 4 дүгээр зүйлд заасан аж ахуйн нэгжийн санхүүжүүлэлтийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, дээрх санхүүжүүлэлтийн хувь хэмжээ нь 2016 оны 03 сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмын дагуу нэхэмжилж байгаа болох нь төлбөрийн тооцоо, тооцооны хуудас гэсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэв. гэж тайлбарлажээ.

4.4. Шүүх ийнхүү үзсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно. гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.5. Харин шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3-д ... Хариуцагч Б ХХК нь... 2016 оны 03 сарын 19-ний өдөр Д СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам баталсан нь эрх зүйн хувьд хуульд нийцэхгүй ... тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал, төлбөрийг шаардах эрхгүй гэж үгүйсгэсэн... хэмээн хариуцагчийн хариу тайлбарыг зөрүүтэйгээр ойлгож хариуцагчийн хариу тайлбартаа илэрхийлсэн утга санааг алдагдуулсан. Мөн Үндэслэх нь хэсгийн 7.4-д Иймд Сууц өмчлөгдчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна. гэж дурдсан.

4.6. 2016 оны 03 сарын 19-ний өдөр баталсан журмын 11.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд Д СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгө, түүний засвар, үйлчилгээний зардлыг хэрхэн хуваарилах талаар агуулга бүхий буюу байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг тусгасан байхад зардлын хэмжээ, төлбөрийн нөхцлийг тогтоосон мэтээр үнэлэлт дүгнэлт өгсөн нь шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03683 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2016 оны бүх гишүүдийн хурлаар баталсан дүрэм болон дундын санхүүжилтэд оролцох журмыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 онд баталсан журмаар айл, өрхүүдтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулснаас аж ахуйн нэгжтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулаагүй.

5.2. Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар баталсан санхүүжилтийн журам нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуульд нийцсэн.

5.3. Гэтэл хариуцагчаас бүх гишүүдийн хурлаас баталсан журмыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй. Сууц өмчлөгчдийн холбоотой тусгайлан гэрээ хийх шаардлагагүй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд оролцох, санхүүжилтэд хяналт тавих эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д СӨХ нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 4,029,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Д СӨХ нь ХХХХХ байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан явуулдаг;

 

3.2. Хариуцагч Б ХХК нь ХХХХХ тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч;

 

3.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01818 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар 2017 оны 01 сараас 2021 оны 11 сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд хариуцагч Б ХХК нь 11,142,208 төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

 

4. Анхан шатны шүүх хариуцагч Б ХХК-аас 2022 оны 05 сараас 2023 оны 12 сарыг дуустал хугацааны буюу нийт 20 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 4,029,440 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д СӨХ-нд олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ./хх-3,12/

 

4.1. Нэхэмжлэгч нь 2016 оны 03 сарын 19-ний өдрийн Д СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар баталсан тарифийг үндэслэн хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 4,029,440 төгрөг шаардаж байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасантай нийцсэн байна.

 

4.2. Хариуцагч өмнө нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөр зөвшөөрч, нэхэмжлэгч талтай эвлэрч байсан атлаа төлөхийг зөвшөөрсөн хугацаанаас хойшхи тогтмол хугацаанд төлөх мөнгөн төлбөрийн үүргийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

4.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Хариуцагч Б ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5.1. Д СӨХ-ны 2016 оны 03 сарын 19-ний өдрийн оршин суугчдын хурлаар Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг баталж, мөн хурлаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам-ыг баталсан ба уг журмаар айл, өрх болон аж ахуйн нэгжийн санхүүжилтийн хувь хэмжээг тогтоосон байна. /хх-7-11, 31/

5.2. Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар 2020 оны 01 сарын 26-ны өдрийн 16/0319 дугаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам-аар айл өрхийн зардлын хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан, харин аж ахуйн нэгжийн зардлын хэмжээг хувь хэмжээг өөрчлөөгүй байх тул Д СӨХ-ны 2016 оны 03 сарын 19-ний өдрийн оршин суугчдын хурлаар тогтоосон хувь хэмжээгээр шаардсаныг буруутгах үндэслэлгүй. /хх-4/

 

5.3. Сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 03 сарын 19-ний өдрийн 16/0319 дугаар журмыг хүчингүй болгосон эрх зүйн акт, шүүхийн шийдвэр гараагүй байх тул уг журмаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР