| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0861/Э |
| Дугаар | 860 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Гд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 4229 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Г
Холбогдсон хэргийн талаар:
Т.Г нь бусадтай бүлэглэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь, Дэнжийн 3-167 тоотод оршин суух иргэн Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртик, хаш хөөрөг, цасны өмд, эрэгтэй гутал 1 ширхэг, эмэгтэй гутал 1 ширхэгийг хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух иргэн Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр, спирт, дарс, хүүхдийн цүнх зэрэг эд зүйл хулгайлж 319.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 12-27 тоотод оршин суух иргэн Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 10.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Нэргүйн өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 18-ны өглөөний 08:00 цагийн үед би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гэрээ цоожлоод гарсан. Тэгээд би нөхрийн хамт өдрийн 14:00 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс нь авсан. Тэгээд нөхөр, хүүхэд бид 3 машинтай гэртээ очих гээд явж байтал манай гэрийн тэнд манай дүү Эрхэмбаяр түүний найзууд Билгүүн, Бархас нар машинтай таарсан. Тэгээд манай хашааны жижиг хаалга хагас онгорхой байхаар нь машинаас буугаад нөхөр бид 2 хашаа руу ороод цасан дээр өөр хүний мөрүүд байхаар нь манай нөхөр тэр мөрнүүдийг дагаад байшингийн хойшоо гарсан. Тэгээд би байшингийн хаалгыг онгойлгох гээд байж байсан чинь манай байшингийн цонхоор 2 залуу гарч хашаа давж зугтаасан. Тэгээд би харчихаад хулгайч нар зугтааж байна гэж нөхөр дүү нартаа хэлэхэд манай нөхөр дүү нар хулгайчуудын араас гүйгээд хулгайч хоёр залууг уулын тэнд очиж барьж авсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Отгоншарын өгсөн: ...Замдаа товчоон дээр эхнэрийн дүү Билгүүн, Эрхэмбаяр нар таараад манай гэрээс очиж эхнэрийн гар утас авна гээд дагаад явсан. Тэгээд хашааны хаалга тал онгойсон байхыг хараад сэжиг аваад хашаагаараа орсон чинь цас орчихсон байсан болохоор хүний мөр гараад цонх руу явсан байхаар нь дагаж очоод цонхон дээрээ зогссон. Нөгөө хэд маань хаалган дээр очоод эхнэр хөөе энд хулгайч байна гэж орилохоор нь гүйгээд очтол хашааны хойшоо 2 залуу даваад зугтаасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Билгүүний өгсөн: ...Яг 2 залуу хоёулаа цонхоор нь цувраад гараад зугтааж байхыг харсан. Тэр 2 залуу баригдчихаад манай найзыг явуулчих аа, манай найз сая шоронгоос гарч ирсэн юм, намайг ганцаараа байсан гээд хэлчих гэж гуйгаад байсан юм. 20.000 төгрөг өгье тэгээд хэлчих гээд юм яриад л байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Олонбаярын өгсөн: ...Хулгай хийж авч гарах гэж байсан зүйлүүд гээд үүднийх нь амбаарт рукилкан цүнхэнд гутал 2ш, өмд, цагаан хаш хөөрөг, савхин куртик, мөнгөн аяга зэргийг хийгээд авч гарах гэж байгаад баригдсан байхаар нь асуухад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харъяат Бат-Эрдэнэ овогтой Ууганбаатар гэдэг залуу байсан ба хамт явсан хүнийг нь Гантулга гэх 2 залуу байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 дугаар тал/,
- Хохирогч Г.Нэргүйн алдагдсан эд зүйлийг үнэлсэн “Тод үнэлгээ” ХХК-н гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 123 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Гэрэлчимэгийн өгсөн: ...эргээд 16 цагт гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд шкафанд байсан манай нөхрийн ноосон цамцыг гаргаад газар хаячихсан байсан. Бас шкафанд байсан булган малгай, цагаан үнэгэн малгай, Оросоос авч ирсэн дарс 33 гр-ын цэвэр спирт, хүүхдийн цэнхэр өнгийн цүнх зэрэг эд зүйлс байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 дугаар тал/,
- Хохирогч Ц.Гэрэлчимэгийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ “Тод үнэлгээ” ХХК-н гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 120 дугаар тал/,
- Криминалистикийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай мөр шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 85-86 дугаар тал/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирол барагдуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 113, 177 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Алтантуяагийн өгсөн: ...Комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай үнэт эдлэлүүд дан гар аргаар хийсэн хуучны дээр үеийн зүйлүүд байсан юм. Тэгэхээр манайн нийт 19.141.000 төгрөгийн хохирол учирснаас 13.050.000 төгрөгийн хохирлыг буцааж авсан, одоо 6.091.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэнийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130 дугаар тал/,
- Хохирогч Ч.Алтантуяагийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 157-163 дугаар тал/,
- Хохирогч Ч.Алтантуяад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 164 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Г: ...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдрийн 11 билүү 12 цагийн орчим найз Ууганбаатартай хамт Ууганбаатарын найзтай нь уулзахаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон зоорины орчим цуг явж байгаад Ууганбаатар найзынхаа гэрт орчихоод ирье гээд нэг хашаа руу орчихсон. Би тухайн үед хашааны гадна хүлээгээд зогсож байсан. Тэгсэн Ууганбаатар гүйгээд гараад ирсэн...Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Найз Ууганбаатар, Төмөрчөдөр нарын хамт Ууганбаатар Төв аймаг орж хүнтэй уулзах ажилтай бид 2 хамт явсан. Төв аймагт очоод зах дээр нь буугаад зах орж тамхи тариа авч захаар явж байгаад 13 билүү 14 цагийн орчим нөгөө айл руугаа явна гээд захаас нь зүүн хойшоо явсан. Явж байгаад гэр хорооллын гудамжаар явж байгаад ийшээ орчихоод ирье гээд Ууганбаатар нэг айлын хашаа руу орсон. Тэр үед нь Төмөрчөдөр бид 2 хашааных нь гадна тамхи татаад зогсож байсан. Тэгсэн Ууганбаатар хашаанаас гарч ирэхдээ хар цүнхтэй юм авч гарч ирээд урагшаа эргээд явж байгаад нэг айлын хашааны гадаа очоод ийшээ орчихоод ирье гээд цүнхтэй юмаа Төмөрчөдөрт өгөөд Ууганбаатар орчихоод гараад ирсэн. Гарч ирэхдээ тортой юм барьчихсан гарч ирсэн. Тэгээд замын унаагаар буцаад хотод ирээд бид 3 салсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-15 дугаар тал/,
- Шүүгдэгч Т.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагааурьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 1-р хх-н 45-50-р тал, 205- 217-р тал, 2-р хх-н 125- 137-р тал, дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь Б.Ууганбаяртай бүлэглэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь, Дэнжийн 3-167 тоотод оршин суух иргэн Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртик, хаш хөөрөг, цасны өмд, эрэгтэй гутал 1 ширхэг, эмэгтэй гутал 1 ширхэгийг хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн давтан үйлдлээр Г.Төмөрчөдөр, Б.Ууганбаатар нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух иргэн Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр, спирт, дарс, хүүхдийн цүнх зэрэг эд зүйл хулгайлж 319.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн давтан үйлдлээр Г.Төмөрчөдөр, Б.Ууганбаатар нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 12-27 тоотод оршин суух иргэн Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 10.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нэргүй, Ц.Гэрэлчимэг, Ч.Алтантуяагийн мэдүүлэг, алдагдсан эд зүйлийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрч Х.Отгоншар, Д.Олонбаяр, Г.Билгүүны мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Г нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсхийсэн байх тул Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 201625014229 тоот Прокурорын тогтоолоор бүлэглэн үйлдсэн Г.Төмөрчөдөр, Б.Ууганбаяр нарын хэргээс тусгаарласан байна. /1-р хх-ийн 1-2-р тал/
Шүүгдэгч Т.Гтай бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 152-156-р тал/
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 224 тоот Прокурорын тогтоолоор Т.Гд холбогдох хэргийг яллагдагч Т.Г нь хаана байгаа нь тогтоогдохгүй тул мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /2-р хх-ийн 38-39-р тал/
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 тоот яллагдагч Т.Г эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тухай прокурорын тогтоол гарсан байна. /2-р хх-н 40-41-р тал/
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоот прокурорын тогтоолоор түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоосон байна. /2-р хх-н 44-45-р тал/
Шүүгдэгч Т.Г нь хохирогч Г.Нэргүйн гэрээс эд зүйл хулгайлан газар дээрээ баригдаж эд зүйл буцаан өгсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй байна.
Хохирогч Ц.Гэрэлчимэгт учирсан хохирлыг төлж барагдуулсан байна. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирол барагдуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 113, 177 дугаар тал/,
Хохирогч Ч.Алтантуяад учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн байна. /1-р хх-ийн 164-р тал, 2-р хх-н 179-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Т.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийдвэрлэгдэж байсан зэрэг хувийн байдал харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Г нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс сэжигтнээр цагдан хорьж 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Т.Г энэ хугацаанд нийт 200 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнээр цагдан хорих тухай шүүгчийн захирамж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 159-163, 178-183, 233-234-р тал/
Мөн Т.Г мөрдөн байцаалтаас оргон зайлсхийсэн тул 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймагт саатуулагдаж 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /2-р хх-н 116-118-р тал/
Иймд шүүгдэгч Т.Г урьд цагдан хоригдсон 200 хоног, мөн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 34 хоног, мөн Увс аймагт саатуулагдсан 2 хоног нийт 236 хоноийг эдлэх ялд оруулан тооцох үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Т.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Г гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Т.Г гэм буруугийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу Баянзүрх дүүргийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Гд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г цагдан хоригдсон 236 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ