Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00506

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-4-28 тоотод оршин суух, ВП58050117 регистрийн дугаартай, Гөрөөчин овогт Чойдонгийн Цэвэгсүрэнгийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Цэвэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ч.Цэвэгсүрэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1958 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Хөдөлмөрийн хуулийн заалтыг үндэслэн 10 жил хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул 1980 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нийтийн ахуй үйлчилгээнд няраваар, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тус сумын ахуй үйлчилгээний төвд манаачаар, 1982 оны 12 дугаар сарны 15-ны өдрөөс 1992 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын ахуйн үйлчилгээнд хими цэвэрлэгээний машинистаар, 1992 оны 10 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарыг дуустал Өлзийт сумын 4-р багийн засаг даргаар тус тус ажиллаж байдлыг тогтоож өгнө үү ? Өлзийт сумын Нийтийн аж ахуй нь шатсан учир миний ажилласан байдлын талаархи баримт архиваас гарахгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт албан тушаалтны гарын үсэг тамга дарагдаагүй гэх шалтгаанаар ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна..гэв.

Шүүх хуралдаанаар Ч.Цэвэгсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 815 дугаар албан бичиг, 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 120 дугаартай албан бичиг, Ч.Цэвэгсүрэнгийн 1984 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Цэвэгсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Цэвэгсүрэн нь 1980 оны 01 сарын 17-ны өдрөөс 1981 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 5-р бригадад аж ахуйн нярав, 1982 оны 02 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд манаачаар, 1982 оны 12 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ахуй үйлчилгээний газарт хими цэвэрлэгээний машинистаар, 1992 оны 12 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р багийн засаг даргаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 815 дугаар албан бичиг, 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 120 дугаартай албан бичиг, Ч.Цэвэгсүрэнгийн 1984 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ч.Цэвэгсүрэнгийн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гөрөөчин овогт Чойдонгийн Цэвэгсүрэнгийн 1980 оны 01 сарын 17-ны өдрөөс 1981 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 5-р бригадад аж ахуйн нярав, 1982 оны 02 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд манаачаар, 1982 оны 12 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ахуй үйлчилгээний газарт хими цэвэрлэгээний машинистаар, 1992 оны 12 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р багийн засаг даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.Цэвэгсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ