Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 207/ма2024/00105

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2024/00105

 

 

 

 

 

 

 

 

2024     11          07                                         207/МА2024/00105

 

 

  “********” ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “********” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01165 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “********” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Харицуцагч: “********” ХХК-д холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103.014.990 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.********, түүний өмгөөлөгч Б.Цэдэмдамбаа нарын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.********, түүний өмгөөлөгч Б.Цэдэмдамбаа, хариуцагч С.********, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “********” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“********” ХХК нь манай компанитай 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2023 оны 07 дугаар сарын 26 ны  өдрийг хүртэлх хугацаанд хамтран ажилласан. Компаниас авсан бүтээгдэхүүний төлбөрийг байгууллагын данс руу шилжүүлээгүй. Тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөр тооцоог график гаргаж төлөхөөр тохиролцсон боловч огт төлөөгүй. Иймд үндсэн төлбөр тооцоо 69.227.650 төгрөг, гэрээний дагуу алданги 33.787.340 төгрөг нийт 103.014.990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай үйлчлүүлэгч болсон бүх үйл баримтынхаа санхүүгийн баримтыг тодорхой ярьлаа. Би өмгөөлөгчийн зүгээс 2020 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар гэрээ байгуулсанд тооцогдоно. Яагаад гэвэл хоёр тал гарын үсэг зурж, хамтарч бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэ гэрээ байгуулсны үндсэн дээр нөгөө талаас шинжлэн судлуулсан гэрээний 7.10 дугаар зүйлд борлуулагч талд барааний үнийн дүнгийн 3 хувиар алданги тооцно гэсэн байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги төлбөр тооцоог тооцно гэсэн заалтууд байгаа. Иргэний хуулийн 232.4-т 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтын дагуу алдангийг манайх тооцсон. Тэрнээс нийт алдангийг бодоод үзэхээр 50 хувиасаа хэтрээд явж байгаа учраас хуулиар зохицуулж нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч болон нэхэмжлэгч тал нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Үүргийнхээ хүрээнд манайх нотолх баримтаа хангалттай гаргасан. Тооцоо нийлсэн акт нь хувь хүний хооронд ч юм уу компанийн хооронд хайнга ханддаг зүйл биш учраас 2023 оны 05 дугаар сарын тооцоо нийлсэн 53.740.762 төгрөгийн акттай танилцаад нягтлан бодогч ********, “********” ХХК-ийн захирал ******** гээд гарын үсэг зурсан байгаа. Үүнийг гүнзгийрүүлээд ********ХХК өөрийнхөө бланкан дээр “********” ХК гээд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргасан. Энэ бол “********” ХХК-ийн тооцооны төлбөр болох 57.447.584 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй нь үнэн бөгөөд бид тус тооцоог 06 дугаар сарын 01-ээс, 07 дугаар сарын 31-ний хооронд нийт 6 хувааж төлөх хүсэлтэй байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гээд график гаргаж өгсөн байгаа. Тооцоо нийлсэн акт таны гарын үсэг мөн үү гэхэд мөн гэсэн. 2 дугаарт 69.000.000 төгрөгийн акт нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа болгосон, энэ дээр нийт 69.227.650 төгрөгийн акт гээд мөн ялгаагүй тамга дараад гарын үсэг зурцгаасан байгаа. Үүнд ялгаагүй “********” ХК-ийн захиралд гээд албан ёсны хүсэлт гаргаж, график гаргаад захирал ******** өөрөө хүсэлт өгсөн. Өөрийнхөө хүсэлтийг өгөөд тооцоо нийлсэн актаа бүрэн өгчихөөд өөрийнхөө өгсөн баримтыг амаар хэлж байгаа болохоос биш нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн нэг ширхэг ч баримт байхгүй. Яагаад байхгүй гэхээр эдний гаргаж өгсөн баримтууд манай гаргаж өгсөн баримтуудтай тохирсон. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нотлох баримтаа зөвхөн амаар хэлж байгаа болохоор хангалтгүй, гаргаж өгсөн тооцооныхоо үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас “********” ХК-аас гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага болох 69,227,654 төгрөг, алданги 33.787.440 төгрөг, нийт 103.014.990 төгрөгийг “********” ХХК аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 6.400.000 төгрөгийг одоогийн байдлаар манай дансанд ороогүй байгаа учраас хасахгүйгээр шийдэж өгнө үү. Мөнгө нь орсон тохиолдолд хасах боломжтой... гэв.

Хариуцагч ******** ХХК-ийн төлөөлөгч С.******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“********” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байна. Зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай “********” ХХК нь “********” ХК-тай 2020 оноос 2023 оны 06 дугаар сар хүртэл хамтарч ажилласан. Энэ хугацаанд төлбөр тооцоо 60.000.000 гаруй төгрөг болоод байна гэж хэлээд байна. Манайх өөрт байгаа төлбөр тооцоогоо зөндөө хаагаад, зарим үед хасах төлбөртэй ч үе байгаа. Гол нь чатанд үзлэг хийгээгүй зүйл болчихлоо, чат гээд байгаа нь зай хооронд хол байгаа учраас баримт надад хангалтгүй байна. Эднийх 3 жилийн хугацаанд надтай хамтарч ажиллах хугацаанд 3 нягтлан, 4 дарга солигдсон. Төлбөр тооцооны баримтууд яагаад ойрхон ойрхон явагдаад байна гэхээр нэг захирал ирэхээрээ нэг өөр шийдэл ярьдаг, өөр арга барил ярьдаг энэ болгонд нь ийм байна гэж бичиж өгдөг байгаа. Сүүлийн баримтуудыг бичиж өгөхөд манайх нягтлангүй байсан, би тооцоо төлбөрөө нягталж үзэхгүйгээр ярилцах журмаар гарын үсэг зураад явуулчихъя дараа нь төлбөр тооцоо нийлье гэж хэлсэн. Одоо энэ бичиж өгсөн баримтуудаар нэхэмжлээд байх шиг байна. Энэ тооцоог харахад 2023 оноос 30.000.000 гаруй төгрөг даваад ороод ирсэн гэж хэлээд байна. Тэр нь ямар бараагаар яаж хэзээ орж ирсэн тэрийгээ өөрсдөө нотолмоор байна. Тэгээд баримт гаргуулъя гэхээр баримт гаргаж өгөхгүй байна. Манай тооцооноос хариу нь өөр гараад байна. Үүнд л маргаан үүсээд байна. 2022 оны 11, 12 дугаар сарын баримтыг нэхсэн нь учиртай. 11 сард манай баримтаар эхний үлдэгдэл 355.832 төгрөг байсан, тэрэн дээр манайх 11 сарын борлуулалт буюу авч байгаа бараа нь 44.042.300 төгрөгийн бараа авсан. Манайх тооцооны эхний явуулсан тамга тэмдэгтэй актаар 12 сард эхний үлдэгдэл байхгүй гэж байна. Тэгээд манай татан авсан бараа нь 24.461.800 төгрөгийн бараа авсан. Ингээд 11, 12 дугаар сар буюу жилийн эцсийн тооцоогоор 68.059.932 төгрөгийн барааг “********” ХК-аас манай компани руу авсан байгаа. Үүнээс шилжүүлсэн төлбөр нь бэлэн мөнгө буюу дансаар 41.689.260 төгрөгийн бэлэн мөнгө дансаар шилжүүлсэн байсан. Мөн гэрээний гүйцэтгэл буюу компани хоорондын гэрээний гүйцэтгэл Номин агуулах, Оргил сүлжээ дэлгүүрт өгсөн барааны тооцоо нийлээд 17.000.000 төгрөгийг эхний 68.000.000 төгрөгөөсөө хасаж тооцох ёстой. Ингээд 68.859.932 төгрөгийн бараанаас 59.949.484 төгрөгийн төлбөр тооцоо хийгээд манай тооцооллоор жилийн эцсийн эхний үлдэгдэл 8.910.448 төгрөг болж байна. Үүнд 10 сараас 11 сар руу давж орж ирсэн 355.832 төгрөгийг 12 дугаар сарын үлдэгдэл дээр нэмэхээр манай тооцоогоор 9.246.280 төгрөгийн үлдэгдлийн тооцоотой харагдаж байгаа. Тэгэхэд нэхэмжлэгчийн тооцооллоор 30.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй гээд тэрийгээ ямар ч баримтгүйгээр Анхаад хэлсэн чинь Анхаа хуваагаад төлнө гэсэн гэх мэт юм яриад байна. 2023 оны тооцоог би бодоход 1 сараас 6 сарын хооронд “********” ХК-аас өөрсдийнх нь явуулсан баримтанд үндэслээд бодоход 249.679.700 төгрөгийн бараа татаж авсан байсан. Үүнээс бэлэн мөнгө болон дансаар шилжүүлсэн мөнгө мөн гэрээтийн төлбөр харилцагч ******** сүлжээ дэлгүүрүүдэд бараа нийлүүлсэн төлбөр, буцаалтын зардлаа хасахаар 209.043.420 төгрөгийг манайх төлсөн байгаа. Ингээд 2023 оны нийт үлдэгдэл 40.636.280 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй харагдаж байна. Үүнд 2022 оны үлдэгдэл 9.246.280 төгрөгийг нэмээд 49.546.728 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй харагдаад байна... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 32.146.728 төгрөг, үүнээс 96.440 төгрөгийн алданги, нийт 32.243.168 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 70.771.822 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь өөрийнх нь үүрэг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 07 дугаар сараас 26-ны өдрийн хоорондох хугацааны нийт 4 жилийн өр төлбөрийн асуудал яригддаг. Гэтэл 69.000.000 төгрөг нь зүгээр л 69.000.000 төгрөгийн тооцоо байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч яг 2019 оны бараа юм уу, ямар бараа юм, талх юм уу, боов юм уу хэдэн уут боов юм, хэзээ авсан, үүнээс хэдийг нь “********” ХХК төлсөн юм, 2023 оны барааны төлбөр нь хэд юм, 2019 оны барааны төлбөр нь хэд юм, жилийн үлдэгдэл нь хэд юм гэх мэт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч 69.000.000 төгрөгийн үндсэн төлбөр, алданги 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол 69.000.000 төгрөг чинь ингэж ингэж гарсан шүү гэдэг задаргааныхаа баримтыг гаргаж өгөх ёстой. Манайхаас нэхүүлж байж сая хурал дээр дутуу дулимаг баримт гаргаж өгсөн, гэхдээ тэр баримтандаа бүрэн дүүрэн ажиллаад үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй байна. Жишээ нь 69.000.000 төгрөгийн үндсэн төлбөр нь хэдэн оны үлдэгдэл төлбөр юм. 2022 оных 40.000.000 төгрөг юм уу? 30.000.000 төгрөг юм уу энэ задаргаагаа гаргаж хэлж тайлбарлаж чадахгүй байна. Тэгэхээр тооцооны дэлгэрэнгүйг та бүхэн өөрөө хийсэн учраас ийм ийм учиртай, үүнийг нэмээд, үүнийг хасаад, энэ нь дансаар орж ирж байгаа гэдгээ үндэслэл бүхий тайлбараар шүүх энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрч байгаа үнийн дүн бол 2023 оны 1-6 сар хүртэлх хугацааныхыг энэ хэрэгт өгсөн тооцооны дэлгэрэнгүй буюу тооцоо нийлсэн акт хоёр дээрээс нийт авсан борлуулалтын бараа бүтээгдэхүүн, өөрийнхөө шилжүүлсэн төлбөр, гэрээт борлуулагчийн суутгах ёстой төлбөр, эдгээрийн төлбөрийг нийлүүлээд 40.636.280 төгрөгийг зөвшөөрч байгаа. Ганцхан маргаантай байгаа үйл баримт нь 2022 оны 11, 12 дугаар сард маргаж байгаа. Яагаад маргаад байна гэхээр хариуцагч миний авсан борлуулалт нь тооцоо нийлсэн актан дээр байгаа, тооцооны дэлгэрэнгүй үлдэгдэл дээр ч байгаа гэж байна. Тооцоо нийлсэн актын зарим баримтыг манайхаас хэвлэж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гээд шүүх үнэлэхгүй байж болно гэхдээ 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 1-6 сарын баримт нь дундын нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Тэгэхээр шүүгч тооцоо нийлсэн акт, тооцооны дэлгэрэнгүй хоёрын нотлох баримтыг үнэлэхэд энэ дээр хоёр маргаангүй зүйл нь нэг нь татан авсан борлуулалт яг гарч ирж байгаа, нийт төлсөн төлбөр, гэрээт байгууллагын суутгалын төлбөр нь яг тооцооны дэлгэрэнгүй дээр хасаж тооцсон дүнгээр яваад байгаа. Тэгэхээр 2023 оны тооцоон дээр дээр маргах зүйл байхгүй, 2022 оны баримтанд маргаж байгаа. 2022 оны баримтанд яагаад маргаж байна гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтууд бүгд эргэлзээтэй байна. Хавтаст хэргийн 137 дугаар талд авагдсан 2022 оны 12 дугаар сарын эхний үлдэгдэл нь 355.382 гэж байгаа, 2023 оны 01 дүгээр сарын акт дээр үлдэгдэл байхгүй. 2023 оны баримтыг харахад 2022 онд “********” ХХК ямар ч төлбөргүй юм шиг нойл гэж гарч ирсэн байна. Гэтэл өнөөдөр шүүх хуралд гаргаж өгч байгаа баримт нь 39.689.620 төгрөгийн үлдэгдэлтэй, энэ нь зөрөх зөрөхдөө ядаж 2, 3 сая төгрөгөөр зөрөхгүй яагаад бүх л бүтэн 39 сая төгрөгөөр зөрөөд байгаа юм бэ. Хариуцагчийн дансны хуулгаас бүгдийг нь нэмэхээр 149.990.234 төгрөг гарч ирж байна. Саяны яриад байгаа гүйцэтгэл болон суутгах төлбөр гэдэг нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцооны дэлгэрэнгүй дээр суутгах төлбөрүүдийг хассан ачааны төлбөр, вагоны зардлын төлбөр, гэрээт байгууллагын төлбөр гээд нэмэхээр зөвхөн 2023 оныг бодоход 59.053.186 төгрөг байгаа. Тэгэхээр 249.679.000 төгрөгийн бараа авсан юм байна, гүйцэтгэлийн төлбөр зарцуулсан төлбөр хэрэгт дансны хуулгаар шүүгээд үзэхэд нийт 209.000.000 төгрөг байна. 2023 оны зөрүү нь 40.436.280 төгрөг байна. 2023 онд аль аль нь авсан бараа, өгсөн мөнгө төлбөр дээр маргаангүй байгаа учраас 2023 оныг бодсон аргачлалаар 2022 оныг бодоод үзэхээр анх тооцооны дэлгэрэнгүй хуудсаар татан авсан борлуулалт 68,000,000 төгрөг, 11 дүгээр сарын эхний үлдэгдэл нь 355.000 төгрөг гэж бодсон. Яагаад гэхээр өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн тооцооны дэлгэрэнгүй хуудас дээр “********” ХХК-ийн 10 дугаар сард авсан бараа бүтээгдэхүүний татан авалтын борлуулалт 30.000.000 төгрөг байгаа. Гэтэл дансны хуулгыг бид өнөөдөр өглөө 09 цагт мэдээлэл лавлагаанд өгсөн тэр дансны хуулган дээр нийлбэр нь 37.000.000 төгрөгийн бэлэн мөнгө шилжүүлсэн. 30,000,000 төгрөгийн бараа авчхаад 37.000.000 төгрөг төлөхөөр 7.000.000 төгрөгийн хасах зөрүү гарч байна. Үүнд дээр гэрээт байгууллагын төлбөрөө нэмэхээр 10.000.000 төгрөг болно. 10.000.000 төгрөгт авсан бараа, өгсөн мөнгө нь тодорхой байгаа учраас хүн 30.000.000 төгрөгийн бараа авчихаад 37.000.000 төгрөг төлсөн байхад яагаад ч хасах 30.000.000 төгрөг гарахгүй. Хэрэгт байгаа тооцоо нийлсэн актын 11 дүгээр сарын эхний үлдэгдэл 355.000 төгрөг нь зөв гэж харж байгаа. 11 сард авсан борлуулалтын үнэ нь 44.000.000 төгрөгийн бараа авсан байна, бэлнээр шилжүүлсэн нь 19.000.000 төгрөг байна, хасах буюу гэрээт байгууллын төлбөр нь 10.000.000 төгрөг гээд яг 2023 оныг бодсон аргачлалаар бодохоор нийт 68.859.932 төгрөг байгаа. Үүнээсээ шилжүүлсэн дансны хуулгатай төлбөрөө хасаад гэрээт байгууллагын төлбөрөө хасахаар 59.000.000 төгрөг байгаа. Тэгэхээр 68.859.932 төгрөгөөс 59.949.484 төгрөгийг хасахаар 2022 оны үлдэгдэл нь 8.910.000 төгрөг байна. Ингээд 2022 оны үлдэгдэл нь 8.910.000 төгрөгт 2023 оны үлдэгдэл 40.000.000 төгрөгөө нэмээд 49.546.728 төгрөгийг гаргаж байна. 40.000.000 төгрөгийн үлдэгдэл өгөх ёстой мөнгө байсан байна, үүнийг өгөөгүй юм байна. Үүнээс 2023 оны 9, 11, 12 дугаар сарын 7.000.000 төгрөгийг огт хасаагүй байна. Дээр нь нэмээд ********ын зүгээс нэхэмжлэх хийгээд өгсөн дундын харилцах дансны 6.400.000 төгрөгийг хасаж тооцож өгөөч, мөн Голомт банкны 4.000.000 төгрөг хасаагүй байна гээд нийт 17.400.000 төгрөгийг 49.000.000 төгрөгөөс хасаад бид нарын төлөх ёстой 32.146.728 төгрөгийг зөвшөөрч байна. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хоёр хуулийн этгээдийн байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй учраас үлдэх төлбөрөө гэрээний төлбөр гэж нэхэмжилж байгаа маргаан. Түүнээс биш ганцхан иргэн ******** гэдэг хүний гарын үсэгтэй өргөдлийн дагуу шаардах эрх үүсэхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Ингээд уг гэрээгээр төлөгдөөгүй төлбөр нь 32.146.728 төгрөг учраас гэрээний 7.10 дахь заалтын дагуу буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь гэдэг зохицуулалт байгаа учраас энэ 32.146.728 төгрөгөөс 0.3 хувийг бодохоор 96.440 төгрөгийн алданги төлөхийг зөвшөөрч байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг харгалзана гэсэн байгаа. Тэгэхээр гэрээг шууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь гэж заасан учраас үүнд нийтдээ 1 жил гаруй хугацаа өнгөрсөн учраас хоног тутмаар авах гэдэг үгээ оруулаагүй учраас үүнийг ямар нэгэн байдлаар төсөөтэй хэрэглэх зохицуулалт байхгүй. Тэгэхээр гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэрээнд заасан үнийн дүнгээр алданги төлөхийг зөвшөөрч байна. Ингээд 32.146.728 төгрөгт алдангиа нэмээд 32.243.168 төгрөгийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй учраас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01165 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “********” ХХК-аас 42.674.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 60,340,622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч “********” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “********” ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 371.321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХК-д олгож шийдвэрлэжээ.

“********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.********, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Иргэний хэргийн Анхан шатны шүүх хурал дээр хариуцагч “********” ХХК-ийн захирал С.******** нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэргийг эс зөвшөөрч 49.546.728 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсний дагуу хариуцагчийн аман хэлбэрээр ярьсан зүйллийг шүүх тусган авч, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 69.227.650 төгрөгнөөс ямар үндэслэлээр нотлох баримтын хүрээнд хавтаст хэргийн хэд дугаар хуудас ямар бичгийг нотлох баримт байгаа зэргийг шүүх анхаарч үзээгүй. Нэг талыг барьж хариуцагчийн амаар зөвшөөрсөн эсэхийг нь иш үндэс болгон Иргэний хэргийн 243 дугаар зүйллийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “********” ХХК-иас 42.674.368 /дөчин хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга гурван зуун жаран найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХК-д олгож нэхэмжлэлээс үлдэх 60.340.622 /жаран сая гурван зуун дөчин мянга зургаан зуун хорин хоёр/ төгргийг хэрэгсэхгүй болгосон гэж шийдэрлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйллийн 38.1д зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэтэл хариуцагч тал ямар нотлох баримт гаргаж өгсөн нь тодорхой бус. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаас юуг нь үнэлж нэхэмжилэгчийн нэхэмжилсэн 69.227.650 төгрөгнөөс бичгийн ямар ямар баримтаар хэдэн төгрөг яаж хассан тухай байхгүй мөртлөө “********” ХХК- аас “********” ХК-д 49.546.728 төгргийн өр төлбөртэй болох нь тогтогдож байна гэж дүгнэсэн зөвхөн хариуцагч талын ярьсныг хуулбарлан тавьсан байна. “********” ХК-ийн нотлох баримтаар өгсөн баримтууд: 1.Тооцоо нийлсэн акт 2023.03.01 өдрөөс 2023.03.31-ны өдрийг дуустал 53.740.762 төгрөг “********” ХК-ийн нягтлан бодогч ********“********” ХХК-ийн нягтлан бодогч С. ******** гэсэн 2 талын гарын үсэг тамга тэмдэг дарсан нотлох баримт болон тооцооны дэлгэрэнгүй. 2.Тооцоо нийлсэн акт 2023.05.01 өдрөөс 2023.05.24-ны өдрийг дуустал 57.447.584 төгрөг “********” ХК-ийн нягтлан бодогч ********“********” ХХК-ны нягтлан бодогч С.******** гэсэн 2 талын гарын үсэг тамга тэмдэг дарсан нотлох баримт тооцооны дэлгэрэнгүй “********” ХК-д “********” ХХК-ийн хүсэлт гаргасан албан бичиг 2023.05.26-нд, 3.Тооцоо нийлсэн акт 2023.07.01 өдрөөс 2023.07.26-ны өдрийг дуустал 69.227.650төгрөг “********” ХК-ийн нягтлан бодогч ********“********” ХХК-ийн нягтлан бодогч С.******** гэсэн 2 талын гарын үсэг тамга тэмдэг дарсан нотлох баримт болон тооцооны дэлгэрэнгүй нэхэмжлэх, ******** ХК-д “********” ХХК-ийн хүсэлт гаргасан албан бичиг 2023.07.26-нд, 4.Хавтаст хэргт авагдсан нотлох баримтаар 2022 оны 09-р сарын эхний үлдэгдэлээс 2023 оны 06-р сарыг дуустал ******** ХК-аас Агуй-сутай ХХК-д 2022оны 09- р сард эхний үлдэгдэл 30.000.000 /гучин сая/ төгрөг 09, 10, 11, 12-р саруудын нийт “********” ХХК-д нийлүүлсэн барааны төлбөр 159.029.800 /нэг зуун тавин есөн сая хорин есөн мянга найман зуу/ төгрөг. “********” ХХК-иас орж ирсэн барааны төлбөр нь 128.668.352 /нэг зуун хорин найман сая зургаан зуун жаран найман мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг. “********” ХХК-ны 2022 оны өр 30.361.448 /гучин сая гурван зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөг. 2023 оны эхний үлдэгдэл өр 30.361.448 төгрөг. ******** ХХК  2023 оны 01-06-р сарын нийт “********” ХХК-нд нийлүүлсэн барааны төлбөр нь 279.931.148 /хоёр зуун далан есөн сая есөн зуун гучин нэгэн мянга нэг зуун дөчин найм/ төгрөг. Үүнээс “********” ХХК-аас орж ирсэн барааны төлбөр 217.703.498 /хоёр зуун арван долоон сая долоон зуун гурван мянга дөрвөн зуун ерөн найман/ төгрөг. Зөрүү өр нь 62.227.650 /жаран хоёр сая хоёр зуун хорин долоон мянга зургаан зуун тавин/ төгрөгийн өртэй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн харагдаж байгаа болно.******** ХК нь 2022 оны 09-р сараас 2023 оны 06-р cap хүртэл “ ********” ХХК-д нийт нийлүүлсэн барааны төлбөр нь 408.599.500 /дөрвөн зуун найман сая таван зуун ерөн есөн мянга таван зуун/ төгрөг. “********” ХХК-иас орж ирсэн барааны үнэ 346.371.850 /гурван зуун дөчин зургаан сая гурван зуун далан нэгэн мянга найман зуун тавин/ төгрөг дутагдал 62.227.650 төгрөг болж байгаа нь хавтаст хэргт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа болно. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7-10-т нийлүүлсэн барааны үнийн дүнгийн 0,3% -иар алданги тооцоход 42.546.728. 0,3%-иар 127.640 төгрөг гаргасан нь үндэслэлгүй хуулийн заалт зөрчсөн байна. Иргэний хууллийн 232 дугаар 232.1 хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хууланд тодорхой заасан нь уг гэрээний 7-10-т борлуулагч тал төлбөр төлөөгүй цаг тухайд нь хийгээгүй тохиолдолд нийлүүлсэн барааны үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно гэсэн нь Иргэний хууллийн 232 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзэж байна. Гэрээний дагуу алданги 33.787.340 /гучин гурван сая долоон зуун наяан долоон мянга гурван зуун дөчин/ төгрөгийг “********” ХХК-аас нэхэмжлэх нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг 2024.05.15-ны өдөр “********” ХХК-ийн захирал С.********аас “********” ХК-ийн хоорондын тооцооны үлдэгдэл 69.227.650 төгрөг үүний алданги  33.787.340 төгрөг нийт 103.014.990 төгрөгийг нэхэмжилсэн. Хоёр компанийн хоорондын тооцоо 2023.07.01-2023.07.26-ны өдөрийн 69.227.650 төгрөг үлдэгдэл өр төлбөрт гарснаа “********” ХХК-ийн захирал хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс хойш 2023.09.07-нд 5.000.000 төгрөг, 2023.11.22-нд 1.000.000 төгрөг, 2023.12.31-нд 1.000.000 төгрөг нийт 7.000.000 сая төгрөг хийсэн нь шүүх хурал дээрх нотлох баримтаар тогтоогдсон манай компанийн орлогод орсон учираас 69.227.650 төгрөгнөөс 7.000.000 сая төгрөгийг хасаад 62.227.650 төгрөг алданги 33.787.340 төгрөг нийт 96.014.990 /ерэн зургаан сая арван дөрвөн мянга есөн зуун ерэн/ төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2024.09.12-ны өдрийн 142/ШШ2024/01165 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн “********” ХХК-иас барааны төлбөр 62.227.650 төгрөг алданги 33.787.340 төгрөг нийт 96.014.990 төгрөгийг гаргуулж “********” ХК-д олгож өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нь  давж заалдсан гомдолд гаргасан  хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо хариуцагчийн гаргасан амаи хэлбэрээр яръсан зүйлийг шүүх тусган авсан...” гэж тусгажээ. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн ундэслэлийг няцааж тайлбар өгөх, нэхэмжилж буй үнийн дүнгийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан талаархи нотлох баримт буюу Хаан банкны дансны хуулгыг өгч өөрийнхөө татгалзлаа нотлож, нэхэмжлэлийн шаардлагыг үтүйсгэх замаар мэтгэлцэх зармыг хэрэгжүүлэн оролцсон. Мөн гомдолдоо “...Хариуцагч тал ямар нотлох баримт гаргаж өгсөн нь тодорхой бус...,шүүх нэхэмжилсэн дүнгээс 69.227.650 төгрөгийг бичгийн ямар ямар баримтаар хэдэн төгрөг хэрхэн хассагн тухай баримт байхгүй мөртлөө хариуцагчаас нэхэмжлэгчид 49.546.728 төгрөгиин өр төлбөртэй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь зөвхөн хариуцагч талын ярьсныг хуулбарлан тавьсан байна.. ” гэжээ. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 11 гэж дугаарласан хэсэгт хариуцагч байгууллагын захирал С.********ын бараа бүтээгдэхүүний тооцоо хийж шилжүүлж байсан банкньг дансны хуулгыг үндэслэж 49.546.728 төгрөгийн өр төлбөртэй байсан болохыг дүгнэсэн байна. Энэхүү хаан банкны дансны хуулгыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан буюу хариуцагчийн зүгээс татгалзлаа нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж гаргаж өгсөн шүүхээр хэлэлцэгдсэн баримт юм. ”********” ХХК нь 62.227.650 төгрөгийн өр төлбөртэй хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн хангагдаж байна” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаас 2022 оны 09, 10, 11, 12 саруудын тооцооны дэлгэрэнгүй гэх баримтууд нь /хх 176-179/ хоёр тал гарын үсэг зурж албажуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, нэхэмжлэгч талын хянасан албан тушаалтны гарын үсэггүй дан ганц хөтөлсөн гарын хүний гарын үсэг бүхий нотлох баримт байгаа. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа тул анхан шатны шүүх эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтаар үнэлээгүй гэж үзэж байна. .Мөн “...Шүүх барааны үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцоход 42.546.728 төгрөгийг 0.3 хувиар 127.640 төгрөг гаргасан нь үндэслэлгүй...’ гэжээ. Гэрээ гэдэг нь талуудын хооронд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан тохиролцоог ойлгоно. Талуудын хооронд худалдааны хамтран ажиллах гэрээ 2022.10.02-ны өдөр байгуулагдсан бөгөөд 2 жилийн өмнө талуудын байгуулагдсан, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж албажуулсан. Гэтэл уг гэрээнд тусгагдсан заалтыг шүүх санаачилгаараа өөр байдлаар тайлбарлаж хэрэглэх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь гэснийг хоног тутам 0.3 хувь гэж өөрчлөн шүүх шийдвэрлэх боломжгүй юм. Иймд алдангитай холбоотой хэсэг мөн адил хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч “********” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 2022 оны 9, 10, 11, 12 саруудын үлдэгдэл төлбөрийн тухайд маргадаг буюу борлуулалтаас давсан үнийн дүнгээр төлбөрийг хангалттай шилжүүлсэн байхад дахин 30.000.000 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй гарч байгаа нь илтэд үндэслэлгүй гэсэн тайлбар илэрхийлж маргадаг. Энэ талаарх татгалзлалаа нотолж мөнгө шилжүүлсэн дансны хуулгаа хэрэгт нотлох баримтаар өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу маргаантай байгаа саруудын эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдэл, шилжүүлэн авсан төлбөр зэрэг нь хэд болохыг нотлоогүй. Нэхэмжлэгч 2022 оны жилийн эцсийн үлдэгдэл 30.000.000 орчим сая төгрөг гэж шүүх хуралдаанд тайлбарладаг боловч нотлох баримт хэрэг авагдаагүй. Мөн хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа нь үлдэгдэл зөрүүтэй өөр өөр байгаа талаар мөн С.********ын гарын үсэг бүхий баримтуудын талаар өмгөөлөгчийн зүгээс яагаад өөр өөр байгаа талаар асуулт хариултын шатанд асууж тодруулахад “... энэ хүнтэй удаан хамтарч ажилласан учраас 30 саяын үйлдэгдэлтэй байсныг 15 саяын үлдэгдэлтэй гэж баримт үйлдэж өгсөнгэж /хх 201 тал тэмдэглэлийн 9 дүгээр хуудас/ нэхэмжлэгчийн төлөөлөгч хариулсан бөгөөд үүнээс үзвэл тооцоо нийлсэн акт мөн С.********ын өгнө гэж бичсэн хүсэлтүүд нь үнэн зөв, бодитой эсэхэд эргэлзээ төрж байна. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оноос 2023 оны хугацаанд үүссэн өр төлбөр гэж шаардлага гаргасан боловч 2019-2023 онуудын ямар нэр төрлийн бүтээгдэхүүн хэзээ, ямар давтамжтай хэрхэн яаж нийлүүлсэн, үүнээс хэдийг төлж барагдуулсан, хэзээ хэзээний үлдэгдлүүд нийлээд 103.014.990 төгрөгийн өр төлбөр үүссэн талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор энэ нэхэмжлэээд буй 103.014.990 төгрөгийн 69.227.650 төгрөгийн үлдэгдэл хэдэн оны бараа бүтээгдэхүүнийн үлдэгдэл төлбөр талаар асууж тодруулахад “...2023 оны З-6 сарын тооцооны үлдэгдэл” гэж /хх 200 тал, шүүх хуралдааны тэмдэглэл 8-р тал /тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцооны дэлгэрэнгүй болон тооцоо нийлсэн актын баталгаа, мөн хариуцагч талаас гаргаж өгсөн хаан банкны дансны хуулгаар 2023 онд хариуцагч нь 249.679.700 төгрөгийн бараа бүтээгдэхүүн аваад 209.043.420 төгрөгийн төлбөр шилжүүлсэн болох нь тодорхой харагдаж байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн дээрх тайлбар няцаагдаж байна. Тодруулбал******** ХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ 2019-2024 онуудын төлбөр тооцооны үлдэгдэл гэж тодорхойлсон боловч хавтаст хэрэгт 2019 онд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй, 2020-2023 онд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд харин эсрэгээрээ зөвхөн нэхэмжлэгчийн амаар гаргасан баримтыг шүүх үнэлж, дүгнэлт өгөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шүүхийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үндэслэл нь С.******** гэх хүний гараар бичсэн өргөдлийг үндэслэдэг. Гэтэл С.********ын гараар бичсэн өргөдлийн дагуу шардах эрх тодорхойлогдохгүй, харин хоёр хуулийн этгээд хоорондын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх харилцааг зохицуулсан худалдааны хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй харилцаа тул нэхэмжлэгч тал хамтран ажиллахдаа ямар нэр төрлийн, ямар тоо хэмжээний барааг хэзээ хэрхэн нийлүүлсэн, үүнээс хэдэн төгрөгийн төлбөр тооцоог авсан, одоо үлдэгдэл нь хэд байгааг шүүхэд нотолсны дүнд шүүх уг харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийнэ. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсгийн хүрээнд мэтгэлцэж, хүлээн зөвшөөрөхгүй зөрүүтэй байгаа зүйлийн талаар үгүйсгэж мэтгэлцсэн, холбогдох баримтыг шүүхэд гарган өгсөн. Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн хамт биечлэн оролцох тул шүүх хуралдааныг товыг мэдэгдэнэ үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “********” ХК нь хариуцагч “********” ХХК-д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103.014.990 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч “********” ХХК-аас 42.674.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 60.340.622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.

 “********” ХК болон “Агуйт- сутай” ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч “********” ХК компаниас хариуцагч “********” ХХК-д хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлж, “********” ХХК нь борлуулахаар тохиролцсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “********” ХК нь хариуцагч “********” ХХК-аас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 69.227.650 төгрөг, алданги 33.787.340 төгрөг, нийт 103.014.990 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бөгөөд  “********” ХХК нь манай компанитай 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2023 оны 07 дугаар сарын 26-ны  өдрийг хүртэлх хугацаанд хамтран ажилласан. Компаниас авсан бүтээгдэхүүний төлбөрийг байгууллагын данс руу шилжүүлээгүй. Тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөр тооцоог график гаргаж төлөхөөр тохиролцсон боловч огт төлөөгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.  Хавтаст  хэргийн 6, 7  дугаар хуудсанд авагдсан  тооцоо нийлсэн акт болон  хариуцагч “********” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.********ын хүсэлт зэргээс үзэхэд бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 69.227.650 төгрөг, алданги 33.787.340 төгрөг, нийт 103.014.990 төгрөгийн барааны үлдэгдэлтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч “********” ХК нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Тооцоо нийлсэн акт /хх-6 хуудас/, хариуцагч С.********ын хүсэлт /хх-7 хуудас/ зэрэг баримтуудаар тодорхойлж байгаа боловч энэхүү тооцооны үлдэгдэл нь бусад тооцооны баримтанд авагдсан үлдэгдэл төлбөрийн дүнтэй тохирохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “...2023 оны 06 дугаар сарын байдлаар “********” ХХК нь “********” ХК-д 49.546.728 төгрөгийн өр төлбөртэй байсан болох нь тогтоогдсон байна...” гэсэн дүгнэлт хийж, 7.000.000 төгрөгийг төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болох 49.546.728 төгрөгөөс хасч, “********” ХХК-аас 42.674.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 60.340.622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 7.10.-т нийлүүлсэн барааны үнийн дүнгийн 0,3 хувиар алдангийг тооцоохоор заасан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ...”, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д “...гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна...” гэж тус тус заасны дагуу алдангийн хэмжээг хоног тутамд тооцохоор тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6.-д “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд алданги тооцон төлүүлж байгаагүй, талуудын хооронд гэрээний биелэлтийг дүгнэж тооцоо хийх үедээ алдангийг хэрхэн тооцох талаар харилцан тогтсон хэлцэл эсхүл бичиг баримт үйлдэж байгаагүй байна. Иймд шүүх гэрээний агуулга болон нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх ёстой үлдэгдэл төлбөрөөс тооцож нэхэмжлэл гаргасныг үндэслэж хариуцагчаас алданги 127.640 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч  “********” ХК нь тооцоо нийлсэн акт болон  хариуцагч “********” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.********ын хүсэлтийг үндэслэн “********” ХХК-аас барааны төлбөр 62.227.650 төгрөг алданги 33.787.340 төгрөг нийт 96.014.990 төгрөгийг гаргуулж “********” ХК-д олгож өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг баримтлаагүй, холбогдох хуулийн заалт хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.********, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 638.024.95 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01165 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч “********” ХХК-аас 42.674.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 60.340.622 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг  “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч “********” ХХК-аас төлбөрийн үлдэгдэл 42.674.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрийн үлдэгдэл 60.340.622 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162  дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.********, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 638.024.95 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТТӨР