| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00943/И |
| Дугаар | 207/ма2024/00106 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 207/ма2024/00106
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 207/МА2024/00106 |
2024 11 07 207/МА2024/00106
********ы нэхэмжлэлтэй, хариуцагч
******** холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01166 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********д холбогдох,
9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч ********ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Баттулга, хариуцагч ********, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...********ын хүсэлтээр 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаагаар түүний Хаан банкны ******** тоот дансруу шилжүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2,500,000 төгрөг, 04 дүгээр сарын 07-ны өдөр 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг одоог хүртэл өгөөгүй. Иймд ********аас зээлийн үлдэгдэл 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр хүн хоорондоо нэг нь мөнгийг чинь өсгөж өгье гээд амаар хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Ингээд 2.500.000 төгрөг, 7.500.000 төгрөг өгсөн. Буцаагаад хэрэгт авагдсан баримтаар 1.00.000 гаруй төгрөг буюу 2 удаагийн гүйлгээ байна гэж харсан. Яалт ч байхгүй ******** дансаар мөнгө нь орсон, энэ хүн тодорхой хэмжээний ашиг харж хийж байгаа байх. ******** ******** тоот дансанд мөнгө орсон байдаг. Тиймээс энэ хүний 9.000.000 төгрөгийг ********хариуцаад гаргаж өгөх нь зүйтэй байна. Цаашаа Стэйнфорд нь байна уу? эсхүл өөр хүн байна уу? яасан нь сонин биш байна. Энэ хүний дансанд мөнгө нь орсон, энэ хүн хохирчихоод байгаа учраас ********мөнгөө авах нь зүйтэй байна гэв.
Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би 2018 оны 03 дугаар сарын эхээр Стэйнфорд сүлжээнд үеэл дүү ********хамт оролцож байсан юм. Би ********ыг огт танихгүй. Миний үеэл дүүг сүлжээний талаар хүнтэй ярилцаж байхад ******** хажуугаас нь сонсож мэдээд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр анх ******** миний данс руу Стэйнфорд сүлжээнд орохоор 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд сүлжээний ашиг удаа дараалан авсныхаа дараа ******** өөрийн сүлжээг өргөсгөх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дахин миний дансанд 7.500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш удалгүй Стэйнфорд сүлжээний хэсэг цагдаад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсэж уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн байдаг. Би өөрөө мэдэлгүйгээр Стэйнфорд гэх луйврын сүлжээнд хамрагдаж ********ы нэгэн адил хохирсон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай сүүлд олж мэдсэн учраас эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, оролцож чадаагүй. Би ********д Стэйнфорд сүлжээний талаар ямар ч мэдээлэл өгч, хүсэлт тавиагүй бөгөөд түүнээс ямар ч мөнгө зээлж аваагүй, бидний хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй, ******** бид хоёулаа уг сүлжээний хохирогч болсон нь үнэн. Стэйнфорд сүлжээний хэрэг нэгэнтээ эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж дууссан бөгөөд эрүүгийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Иймд ********ы нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******** нь анх 10.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, 10.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг буцааж авсан, мөнгийг 5 сарын хугацаатай зээлдүүлсэн гэдэг утгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Хариуцагч үүнийг хүлээж аваад хариу тайлбараа өгөөд холбогдох баримтуудаа өнөөдрийг хүртэл өгөөд явж байгаа. 4 удаагийн гүйлгээгээр хариуцагчид 1.207.400 төгрөгийг шилжүүлчихсэн, энэ шилжүүлгийг харахаар ********ы дансны хуулга нь хариуцагчийн яриад байгааг нотолж байна гэж үзэж байна. Учир нь ******** ******** данс руу 10.000.000 төгрөгөө шилжүүлчихсэн учраас буцааж авна гэдэг байдлаар өнөөдрийг хүртэл хандаж байна гэж яриад байна. Өөрийнх нь өгөөд байгаа дансанд дээрээс харахаар 2.500.000 төгрөг шилжсэн энэ мөнгөний ашиг нь 7 хоногийн дараа 4 удаа ******** данснаас ороод байгаа. Ийм байдлаар энэ хүний мөнгө Стэйнфорд гэдэг компанитай холбогдсон гэдэг үйл баримт тогтоогдож байна. Тэгэхээр зээлийн гэрээ байдлаар гаргаад байгаа нэхэмжлэл нь өөрөө анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага хангаагүй нэхэмжлэл байсан байна гэдэг дүгнэлтийг хийж байна. Хэрвээ хөрөнгө оруулалтын компанид мөнгө нь орчихоод үүнийгээ цагдаагийн газарт шалгуулах байтал харин эсэргээрээ ******** зээлсэн мэтээр нэхэмжлэлийг гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэг хэлэлцэгдэж явж байх явцад би өмгөөлөгчөөр оролцож ирсэн, шүүхийн шийдвэрийг үзээд энэ хэрэг үнэхээр эцэслэж шийдвэрлэгдсэн юм уу гээд өөрийн хэмжээнд шүүх.мн сайт руу ороод харахад Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэгдсэн, Улсын дээд шүүх гэдэг байдлаар мэдээллүүдийг үзэхээр дээд шүүхээс Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаагдсан үйл баримт тогтоогдсон. Тэрнээс хойш юу болсон нь одоо болтол миний эрх хэмжээнд байхгүй, тэрийг иргэн хүний хувьд Баянгол дүүргийн прокурорын газарт очоод ийм хэрэг дээр өргөдөл гомдол нэмж өгье гэдэг байдлаар нэхэмжлэгч хандах юм бол тухайн серверт нь мэдээлэл байдаг гэдэг шүүхийн шийдвэр, магадлал зэргээс тухайн Стэйнфорд гэдэг компани нь 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл буюу 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан сүлжээ биш хөрөнгө оруулалтын компани гэдгээр бүх хохирогч нар мэдүүлэг өгчихсөн үүнтэй ижилхэн миний үйлчлүүлэгч ч гэсэн хөрөнгө оруулалтын компани гэдэг нь тухайн үед яригдаж байсан гэдгийг хар ухаанаар бид нарынхаар сүлжээ гэдэг зүйл байсан юм байна билээ. Ийм юманд нэгэнт өөрөө ороод 7 хоног болгон мөнгө орж ирээд байгаа учраас ах дүү нар болон ойр дотны хүмүүсээ элсүүлэх ажиллагаа хийсэн байгаа. Гэхдээ энэ дунд ******** гэдэг хүн ямарч мэдээлэлгүйгээр над руу хандаад гуйгаад байхаар нь ижилхэн ашиг авчихаасай гэдэг үндсэн дээр энэ хүний бүртгэлийг үүсгээд байгаа болохоос биш хэрвээ хүн элсүүлээд доороо оруулах тусам өөрт нь ашиг ирдэг байсан бол хүн нэмж аваад оруулах гээд сургалт хийгээд явах байсан. Гэтэл энэ компанийн пэйж хуудсан дээр байгаа мэдээлэл нь заавал хүн оруулах гээд байх шаардлага байхгүй, та нар өөрсдөө багцдаа ороод 7 хоног болгон ашгаа авна гэдэг мэдээлэл дээр үндэслээд хүмүүсээс доллар аваад багцынхаа ашгийг хүртээд явж байсан. Гэтэл тухайн компани нь 2018 оны 04 дүгээр сард дампуурсан харагдаад байгаа мөртлөө ямар ч гүйлгээ хийж болохгүй болоод 09 дүгээр сар буюу 08 дугаар сарын сүүлээр мэдээ үзээд мэдээний дагуу ******** гэдэг хүнд мэдээлэл өгөөд тэрнээс хойш ******** гэдэг хүн Энхжаргалтай холбогдоогүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл өгсөн үйл баримт байгаа. Энэ нь үнэхээр зээлийн гэрээ юм уу гэхээр зээлийн гэрээ биш, өнөөдөр нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарлаад байгаа мөн дансны хуулга, хариуцагчийн тайлбар бусад нотлох баримтуудаар хөрөнгө оруулалтын компанид хийгдсэн байна гэдэг тайлбар хийж байна. 2 дугаарт үнэхээр зээлийн гэрээ гэж шүүх үзлээ гэж бодоход зээлийн гэрээний харилцаа 2018 онд хийгдээд 2024 оны байдлаар Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жилийн хугацаатай байгаа. 2018 оноос хойш өнөөдөр хүртэл 6 жилийн хугацаа өнгөрчихсөн гэхдээ үүнийг зээлийн гэрээ гэж үзэхэд эргэлзээтэй байна. Энэ хүн ноогдол ашгийг аваад байр болгоно гэж яриад байгаа байдлаас харахад зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Гэхдээ хариуцагч тухайн үед энэ хүнийг бүртгэж өгөөд 5 хувийн ашиг орсон юм шиг байна, энэ ашгийг өгье гэж байгаа учраас 480.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01166 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********аас 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.520.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч ********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамж 15.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******** давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
…Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг ******** нь намайг “Стейнфорд” гэдэг сүлжээнд бүртгүүлэхэд тусалсан, бид 2-ын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнээд миний нэхэмжлэлээс 8.520.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож намайг сүлжээнд бүртгүүлсний төлөө ******** 5 хувийн ашиг олсон гэж үзээд ********аас надад 480.000 төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Тухайн үед ******** бид 2 албан ёсоор бичгээр гэрээ хийгээгүй ч мөнгө өсгөдөг компанид ********миний мөнгийг байршуулж надад ашиг орлого ороход туслахаар тохиролцож би түүний дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. ******** надад зуучилж өгснийхөө төлөө 5 хувийн ашиг авахаар тооцсон юм байна гэдгийг би одоо ойлгож байна. Хариуцагч надаас мөнгө авч миний нэрээр тодорхой үйл ажиллагаа явуулаад ашиг олох зорилготой байсан. “Стейнфорд” гэдэг хөрөнгө оруулалтын компани нь луйврын сүлжээ болох нь тогтоогдсон учир ********ын үйл ажиллагаагаа зогсоосон. ******** одоо болохоор ******** бид 2 хоёулаа “Стейнфорд” гэдэг луйврын сүлжээний хохирогч болсон гэж тайлбарлаж үүнийг үндэслээд шүүх миний нэхэмжлэлээс 8.520.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. ******** өөртөө тодорхой ашиг олохоор надад тусалж зуучилж өгсөн гэж өөрөө хүлээн зөвшөөрсөөр байхад ийм шийдвэр гарсныг би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдолтой байна. Хар ухаанаар бодоход хүн ашиг олох зорилготой хүнээс мөнгө авч эргэлдүүлсэн бол тэр мөнгөө ямар ч тохиолдолд буцааж төлөх үүрэгтэй гэж би бодож байна. Мөн хэргийн материал дотор ********ын Хаан банкны ******** гэсэн данснаас ******** тоот дансанд 2018.03.18-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018.04.07-ны өдөр 7.500.000 төгрөг шилжсэн баримт байдаг. Хэргийн материалаас харахад “Стейнфорд”-ын данс гээд ******** гэх мэт олон данс байдаг боловч ******** гэдэг данс хэний данс болох нь тогтоогдоогүй тодорхой бус байдаг учир миний мөнгө үнэхээр “Стейнфорд”-ын дансанд шилжсэн гэхэд эргэлзээтэй байна..Ийм учир хэргийг хянан хэлэлцэж миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******** давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
…Би ********ыг огт танихгүй, түүнд Стамфорд хөрөнгө оруулалтын кампанийн ямар ч мэдээлэл өгөөгүй. Уриалан дуудаагүй бөгөөд бүх мэдээллийг миний үеэл дүү ********болон өөрөө ******** худалдааны төвд хүнээс сонсоод орох хүсэлтэй байна гэж анх над руу утсаар холбогдож байсан. Анх ********тэр хоёрын дунд ямар яриа үүссэнийг би мэдэхгүй. Би огтхон ч байр машинтай болно гэж яриагүй. Би анх 2014 онд ипотекийн байр, 2009 онд приус-10 машин лизингдэж авсан. Одоо ч тэр зээлээ төлж, зээлийн байрандаа амьдарч байна. приус-20 машинаас өөр хөрөнгө байхгүй. ******** Худалдааны төвөөс авсан анхны мэдээллээ намайг ярьсан гэж андуураад байх шиг байна. ******** нь анхнаасаа шүүхэд нэхэмжпэл өгөхөөс эхлээд шүүх хуралдааны үеэр болон давж заалдахад намайг маш ихээр гүтгэж байна. ******** нь анх утсаар ярьж элсэх хүсэлтэй байна гэж үеэл дүү Баярмаагийн дэргэд миний Facebook хувь чатаар иргэний үнэмлэхний зургаа илгээгээд араас нь орой данс руу мөнгө хийсэн байдаг. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа намайг зээлсэн, зээлийн үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна гэж гүтгэсэн. Огт танихгүй уулзаж байгаагүй хүндээ яагаад мөнгө зээлсэн бэ? Өөрийн бодлоор шууд дансанд орсон ганцхан шалтгаанаар ямар ч хамаагүй аргаар гүтгэж байна. Анх шилжүүлсэн 2.500.000 төгрөгний 2 удаагийн ашгаа авсны дараа ашигтай гэж үзээд 2024.04.06-ны өдөр 7.500.000 төгрөгийг дахин шилжүүлээд нөхрийнхөө нэр дээр орох хүсэлтэй байна гэхэд нь би “Чи өөрөө оруулах бүрэн боломжтой, маш тодорхой байдаг бүгд монгол хэл дээр байдаг гэж тайлбарлахад би юу ч мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй байна. Та зүгээр л өсгөөд өгчих гэж өөрийн хүсэлтээр дахин хөрөнгө оруулалт хийчихээд шүүх хуралдаан дээр, сүлжээ гэж бодоогүй, намайг л өсгөж өгнө гэсэн гэж гүтгэлээ. Дөрвөн удаагийн мөнгө авсны дараа Стамфорд Монголиа цахим хуудсаар болон жимайл хаягаар Стамфорд компани нь дотоод гүйлгээ хийгдэхгүй түр зогсонги байдалд шилжиж хөрөнгө оруулсан бүх хүмүүс хүлээлтийн байдалд шилжсэн. Гэтэл ******** 1 удаагийн л мөнгө авсан гэж тайлбар өгсөн. Мөн анх над руу мөнгөө шилжүүлэхдээ ямарч хариуцлага хүлээх талаар яриагүй. Би огт танихгүй хүний мөнгийг данс руугаа хийлгээд, дампуурвал би хариуцлагыг нь хүлээе гээд зогсох хүн байх уу. Гэтэл мөн л шүүх хуралдаан дээр намайг хариуцлагаа өөрөө үүрнэ гэж хэлсэн гэж гүтгэсэн. Нөхрийн нэр дээр 7.500.000 төгрөгөөр элсэн орохдоо иргэний үнэмлэхээ чатаар зөв дарж явуулахгүй байсан бөгөөд би яаж ч тайлбарлаад буруу дараад явуулаад байсан учир би утсаар яриад ойрхон явж таараад анх уулзаж байсан. Тэгээд зогсонги байдалд орсны дараа Стамфорд Монголиад цахимаар хүмүүс гомдол гаргаад байна гэсэн мэдээллийг өгч 2 дахь удаагаа уулзаж байсан. Уулзахдаа бүх мэдэээллийг өгсөн. Гомдол гаргаад явж болох, бүх мэдээллээ баримтжуулаад яваарай гэж хэлсэн. Өөрөө огт хөөцөлдөж явахгүй мөртлөө утсаар зан ааш муутай, маш бүдүүлгээр над руу миний мөнгийг өг хэмээн дайрч дарамталдаг байсан болохоос би огтхон ч энэ хүнийг дарамтлаагүй. Гэтэл шүүх хуралдааны туршид намайг гүтгэж зээлсэн, өсгөж өгье гэсэн, шүүхдээ хандаад ав гэсэн гэх мэт гүтгэлэгүүдийг хэлсэн. ********дээр очоод муудалцахдаа Баярмаа түүнд шүүхдэхгүй юу гэж хэлсэн юм билээ. Гэрчийн мэдүүлэг болон сайтын мэдээлэл дээр доороо хүн элсүүлэх шаардалагагүй, зөвхөн өөрөө хөрөнгө оруулалт хийгээд өсгөөд явах боломжтой бүх мэдээллүүд нь байсан. Бүртгүүлэх, нэвтрэх хаягаар ороод өөрөө дотоод шилжүүлгээ хийгээд ашгаа аваад явах бүрэн боломжтой байсан. Энэ хүнд би утсаар маш олон удаа хэлсэн, юу ч ойлгохгүй байна. Би чадахгүй. Та л өсгөөд өг гэсэн учраас би тусалсан. Би энэ хүнийг ингэж гүтгэнэ гэж бас бодоогүй, тэгсэн бол бас туслахгүй л байх байсан. Хувийн дэвтэр дээр 5% off гэсэн тэмдэглэгээ байсан учраас би 4000 долларын 200 доллар 480.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Хүн элсүүлж ашиг хүртдэг сүлжээ байсан бол маш олон хүн сургалт явуулж, ашиг олох байсан байх. Өөрөө хөрөнгө оруулаад 7 хоног бүр хөрөнгө оруулалтын ашиг хүртгэнэ гэсэн горимтой байсан. Бүртгүүлэх линкээр ороод бүртгэлээ үүсгээд иргэний үнэмлэхний зургаа илгээхэд айди дугаар ирнэ. Үүний дараа, өмнө орсон хөрөнгө оруулагчдаас ногдол ашиг болох долларуудыг айди дугаар луугаа дотоод шилжүүлгээр шилжүүлж аваад монгол төгрөгөө хаан банкны дансруу шилжүүлснээр стамфорд компанид нэгдэнэ. Дараа долоо хоногт орсон ашгаа шинээр хөрөнгө оруулалт хийж буй хөрөнгө оруулагчид дотоод шилжүүлгээр доллараа зарснаар өөрийн ашгаа хаан банкны дансандаа монгол төгрөг болгон авах зарчмаар явагдаж байсан. Ийм зарчмаар би ********ы 2.500.000 болон 7.000.000 төгрөгийн дансыг нээж өгөөд хувь чатаар бүх мэдээллийг нь өгсөн. Эргээд орсон ашгаа, болон хэдэн доллараар хөрөнгө оруулсан стамфорд компанийн бүх мэдээллийг өгөхөд өөрөө хүлээн зөвшөөрч чаталсан мэдээлэл одоо ч байсаар байтал, эхлээд зээлсэн, сүүлдээ сүлжээ гэж мэдээгүй, байр машин болгож өгнө гэсэн, миний мөнгийг ашиг олох зорилгоор эргэлдүүлсэн гэж, анхны нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр ярьсан тайлбар, давж заалдахад өгсөн гомдлууд нь өөр хоорондоо зөрчилдөх гэх мэтээр маш ихээр гүтгэж байгаад гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч ********ы гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******** шүүхэд “...эхлээд 2.500.000 төгрөг, дараа нь 7.500.000 төгрөгийг хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлж нийт 10.000.000 төгрөг зээлдүүлсэн, нэг сая төгрөг буцааж авсан тул үлдэгдэл 9.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...2.500.000 төгрөг шилжүүлсний дараа мөнгө дансанд орж ирсэн тул ашиг олох боломжтой юм байна гэж бодоод нэмж 7.500.000 төгрөг шилжүүлсэн, мөнгө зээлдүүлээгүй, чиний мөнгийг койн болгосон байгаа удахгүй өгнө, чи хүлээж бай гэж хэлдэг байсан...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, үлдэгдэл 9.000.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******** зөвшөөрөхгүй маргасан байна.
3.Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********ын Хаан банкны ******** тоот дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч өөрийн дансанд шилжүүлж орж ирсэн мөнгөн хөрөнгийг гүйлгээнд оруулж улмаар нэхэмжлэгчид 6 удаа нийт 1.913.340 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн баримт, дансны хуулга болон бусад баримтаар тогтоогдсон ба зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй байна.
4.Хариуцагч ******** нь нэхэмжлэгчийн оруулсан мөнгийг өсгөж өгнө гэж амлаж байгаа хэдий ч тэрээр нэхэмжлэгчээс мөнгө зээлж авах, хүү төлж өсгөж өгөх санал тавьсан, тохиролцсон гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
5.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********ыг мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэг хүлээсэн гэдгийг нотолж чадаагүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ зохих ёсоор биелээгүй байна.
6.Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 480.000 төгрөгийг ********аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
7.Иймд нэхэмжлэгч ********ы давж заалдах журмаар гаргасан “...хариуцагч ********д шилжүүлсэн 10.000.000 төгрөгнөөс 8.520.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдлыг барагдуулж өгнө үү...” гэх гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
8.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Нэхэмжлэгч ********ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158.950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум 0дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ********ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч ********ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ