Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/181

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн 1938003140222 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Цагаанбургас гэх газарт иргэн Б.Сийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Цагаанбургас гэх газарт иргэн Б.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003140222 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас Б.Стэй хэрэлдэж зодолдсон. Б.Сийн биед нь хөнгөн хохирол учруулсан...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхбат нь эхнэр Н.Дтай хэрэлдээд байхаар нь дундуур нь орж салгаж байхад Н.Д хэрүүл хийгээд над руу дайраад байсан. Тэгээд миний хүзүүний дунд хэсэгт маажаад баруун талын гарыг хөхөртөл базсан. Мөн хоолны халбага авч шидэхэд нь би гараараа хаахад тохой хэсэг рүү онож хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр Б.С дундуур нь ороод салгасан чинь Мөнхбат нь гараад явсан. Тэгсэн чинь Н.Д нь манай эхнэрийн хөхийг нь хөхөртөл нь базаад, хоолойг нь маажаад хаясан байсан. Мөн Н.Д нь хоолны халбагаар манай эхнэрийн баруун гарны тохой хэсэгт онож гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхбат ахын гэрт орход Б.С эгч Н.Д эгчийн дээр нь гарсан хоорондоо зодолдож байсан. Б.С эгч Н.Дг дээр нь сууцан нүүрийг нь маажаад байх шиг байсан. Тэгэхээр нь би Б.С эгчийг болиочээ гээд хойш нь түлхэж салгасан. Тэгээд би Мөнхбат ахын гэрээс гараад гэрлүүгээ орсон. Дахин эргэж Мөнхбатынд ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Ё.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрээс гараад гэрийн хойд модонд хэсэг сууж байгаад буцаад гэртээ орж ирэхэд Н.Дгийн нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Б.С, Н.Д хоёр зодолдсон шинжтэй байсан. Хоорондоо хэрэлдээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 25-26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 223 дугаартай:

       1. Б.Сийн биед хүзүүний гол дунд хэсэг, цээжний баруун дээд хэсэгт
зулгаралт, хүзүүний зүүн гол хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалганы
дотор дунд хэсгээс баруун шууны дотор дунд хэсэг хүртэл цус хуралт бүхий гэмтэл
тогтоогдлоо.     

       2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

       3. Б.Сийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 44-45 дугаар хуудас/,

       Хохирогч Б.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003140222 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв 6 дугаар багийн нутаг Цагаанбургас гэх газарт иргэн Б.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/, гэрч Ц.З-ын /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Н.Х-йн /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Ё.М-ын /ХХ-ийн 21-22, 25-26-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,  Хохирогч Б.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Д нь хохирогч Б.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Н.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Н.Д нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938003140222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Н.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938003140222 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР