| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2023/01361/И |
| Дугаар | 210/МА2024/01931 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01931
2024 10 25 210/МА2024/01931
С.Ч ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/03682 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ч ын хариуцагч М ХХК, Г.Л нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С.Ч болон М ХХК-ийн захирал Г.Л нар нь Өр авлагын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр С.Ч нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот хаягт байрлах, 71,05 м.кв талбайтай байрыг 100,000,000 төгрөгөөр Д.У т шилжүүлэх, мөн Хюндэй 2900 эл си7 /Hyandai 2900LC/ маркийн **-**УН улсын дугаартай экскаваторыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 80,000,000 төгрөгөөр М ХХК-д түрээслүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт үнийн дүн 180,000,000 төгрөг болно.
Гэрээний төлбөрийг Г.Л нь өөрийн эзэмшлийн Хюндэй 480 эл си9 /Hyandai 480LC9/ маркийн 8*-6*УН улсын дугаартай экскаваторыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бусдад түрээслүүлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 160,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.
Өр авлагын гэрээ-гээр тохирсон авлагыг уг гэрээний 2.2-т С.Ч нь 8*-6*УН улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрөөр суутгаж дуусаагүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг М ХХК-ийн захирал Г.Л гээс нэхэмжлэх, 3.5-д Г.Л нь иргэн С.Ч т өглөгийг бүрэн барагдуулах үүргийг хүлээхээр тохиролцсон.
Гэвч төлбөрийг экскаваторын түрээсээр барагдуулаагүй, хариуцагч Г.Л нь тус экскаваторын түрээсийн төлбөрийг С.Ч т шилжүүлж байгаагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно.
Тиймээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Өр авлагын гэрээ-ний үлдэгдэл төлбөр 160,000,000 төгрөгийг хариуцагч Г.Л гээс гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч хариуцагч М ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.
2.1. Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тухайд:
Хариуцагч Г.Л нь нэхэмжлэгч С.Ч той Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй учир тус гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдсан тохиолдолд өмчлөх эрхийг шинэ өмчлөгчийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт байхгүй болно.
2.2. Хюндай 2900 ЭлСи-7 маркийн **-**УН улсын дугаартай экскаваторыг түрээсэлсэн харилцаа үүсээгүй тухайд:
Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 80,000,000 төгрөгөөр Хюндай 2900 ЭлСи-7 маркийн **-**УН улсын дугаартай экскаваторыг М ХХК-д түрээслүүлэхээр амаар ярилцаж байсан боловч нэхэмжлэгч нь уг экскаваторыг хариуцагчид шилжүүлж өгөөгүй тул түрээсийн харилцаа үүсээгүй бөгөөд түрээсийн төлбөр болох 80,000,000 төгрөгийг төлөхийг шаардах үндэслэлгүй.
Өр авлагын гэрээгээр талуудын хооронд өмнө нь үүссэн тодорхой нэг гэрээний харилцааны үндсэн дээр шаардах эрх үүссэн байхыг шаардах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг аль ч харилцаа үүсээгүй бөгөөд хэрэгт хавсаргагдсан өр авлагын гэрээ нь хэрэгжих боломжгүй, хэн нэгэнд шаардах эрхийг үүсгээгүй, зөвхөн цаасан дээрх хэлцэл болно.
Иймд 160,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Д.У миний бие 2018 оны хавар М ХХК-ийн захирал Г.Л г Говь-Алтай аймагт төслийн ажил явахад нь С.Ч ахын Hyundai 2900 LC-7 маркийн **-**УН улсын дугаартай экскаваторыг түрээслүүлэхээр тохиролцсон. Мөн М ХХК Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот хаягт байрлах орон сууцыг Хас банкны барьцаанд тавихад нь би байсан.
Учир нь **-**УН улсын дугаартай экскаватор миний төрсөн дүүгээс С.Ч ах бэлэн мөнгөөр нь худалдаж авсан. Мөн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот байрыг би худалдаж авахаар тохирсон байсан бөгөөд найз Г.Л д итгэж барьцаанд тавиулсан.
С.Ч ахын **-**УН улсын дугаартай экскаваторыг М ХХК-ийн захирал Г.Л д түрээслэхээр тохиролцож ажилд гаргаад 2018 оны зун, намар ажил хийгээд авсан түрээс ч байхгүй итгэж барьцаанд тавиулсан байр нь ч барьцаанд хураагдаж байгааг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр л мэдлээ.
С.Ч болон М ХХК-ийн захирал Г.Л нартай 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өр авлагын гэрээ байгуулсан, тус гэрээгээр Г.Л С.Ч ахын төлбөрийг төлж барагдуулаад Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоотод байрлах, 71.05 м2 талбай бүхий байрыг Д.У миний бие өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон байсан. Тийм учраас тухайн үед С.Ч ах өөрийнхөө нэр дээрх Сүхбаатар дүүрэгт байрлах тус байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн. гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Л гээс 160,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ч т олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 958,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан дагуу шийдвэрээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.
С.Ч нь М ХХК-тай байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Өр авлагын гэрээ-ний дагуу 160,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан орон сууц худалдсан хариу төлбөрийн үлдэгдэлд 80,000,000 төгрөг, түрээсийн гэрээний төлбөрт 80,000,000 төгрөгийг өр барагдуулах гэрээгээр тооцоо нийлсэн гэж үзэж нэхэмжилсэн байдаг.
Нэхэмжлэгч нь Өр авлагын гэрээ-г байгуулахдаа М ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Л тэй гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, Өр авлагын гэрээг иргэн Г.Л тэй бус хуулийн этгээд болох М ХХК-тай байгуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан өр авлагын гэрээгээр нотлогдож байгаа болно.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаар М ХХК-ийг татсан боловч түүнээс татгалзаж, иргэн Г.Л г татсан нь хариуцагчийг буруу тодорхойлсон үйлдэл бөгөөд иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан, мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч- Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно гэж тус тус заасны дагуу иргэн болон хуулийн этгээд нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо ялгаатай эрх эдэлж, үүрэг хүлээдэг, хариуцлагын хувьд ч мөн ялгаатай субъектүүд байх тул иргэн Г.Л нь хариуцагч биш байна.
Шүүх шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 8.1.1, 186.1, 206.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэл болгосон байна. Гэтэл үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй иргэн Г.Л гээс тус үндэслэлээр шаардах эрх үүсээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шүүхээс хэрэгт хавсаргагдсан гэрээг нотлох баримтаар үнэлээгүй, гэрээний нэг тал нь М ХХК байхад хувь иргэн Г.Л гээс шаардах эрхтэй байдлаар дүгнэх нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
Маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот 71,05 м.кв байрыг хариуцагч Г.Л нь нэхэмжлэгч С.Ч той Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий байрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах бөгөөд тухайн байр нь үл хөдлөх хөрөнгө учир улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалттай байна. Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 80,000,000 сая төгрөгөөр Хюндай 2900 ЭЛСИ-7 маркийн **-**УН улсын дугаартай экскаваторыг М ХХК-д түрээслүүлсэн гэх тайлбарт иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд экскаваторыг шилжүүлсэн үйлдэл болон хариуцагч нь тухайн экскаваторыг түрээслэн үр шимийг олж авсан буюу ашиг олсон үйл баримт хавтаст хэрэгт байхгүй тул түрээсийн харилцаа үүсээгүй байна.
Өр авлагын гэрээгээр талуудын хооронд өмнө нь үүссэн тодорхой нэг гэрээний харилцааны үндсэн дээр шаардах эрх үүссэн байхыг шаардах буюу талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг аль ч харилцаа үүсээгүй тул өр авлагын гэрээний дагуу шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч С.Ч нь Хас банкны барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцаа үүрэг гүйцэтгүүлэхээр тавьсан байгаа нь өр, төлбөр барагдуулах гэрээний дагуу шаардах эрх биш бөгөөд тухайн орон сууцны өмчлөлийг хуульд зааснаар дуусгавар болгож, шилжүүлсэн үйл баримт хэрэгт хавсаргагдаагүй байгаа болно.
Иймд шүүх өр төлбөр барагдуулах гэрээний дагуу үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч гэрээний оролцогч биш буюу гэрээний тал биш иргэн Г.Л гээс төлбөр гаргуулах шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгаа болно.
Мөн шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Л болон өмгөөлөгч Б.Х нарт мэдэгдэх хуудсаар хурлын товыг мэдэгдээгүй байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, хариу татгалзал, үндэслэлээ амаар тайлбарлах, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.5-т заасан эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр эзгүйд шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2023 оны 11 дүгээр сард давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Үүнээс хойш анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл буюу 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 удаа шүүх хуралдаан болсон боловч хариуцагч болон хариуцагчийн итэмжлэгдсэн төлөөлөгч нар нэг ч удаа ирж байгаагүй. Мөн хэргийн материалтай танилцаж байгаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд 1 удаа ирж байсан. Хариуцагчийн өмгөөлөгчид 7 дугаар сарын 16-ны өдөр хурлын тов мэдэгдсэн талаарх баримтыг шүүгчийн туслах хэрэгт хавсаргасан. 7 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн итгэмжлэлд дурдсан болон иргэний үнэмлэхний оршин суугаа хаяг руу шүүхээс мэдэгдэх хуудас явуулсан. Шүүхээс хурлын тов мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Мөн хариуцач буюу хэргийн оролцогч хурлын товыг лавлах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөн. Иймд хэргийг шийдвэрлэхдээ процессын зөрчил гаргасан гэх гомдол үндэслэлгүй. Г.Л иргэн хүнийхээ хувьд оролцоогүй гэж хэлдэг боловч гэрээний 1.5-д хэрвээ гэрээнд заасан хугацаанд М ХХК нь өр төлбөрөө барагдуулаагүй бол Г.Л өөрөө хариуцаж өр төлбөрөө төлж барагдуулна гэсэн агуулгыг оруулсан. Иргэний эрх зүйн чадамжтай, өөрийнхөө хийсэн үйлдлийг ойлгох чадвартай этгээд гэрээний 1.5-д заасныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэдийгээр гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан гэх боловч иргэн хүнийхээ хувьд энэ гэрээнд оролцсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзсэн. Иргэн Г.Л гарын үсэг зурав гэж тусад нь гэрээнд оруулах шаардлага байхгүй. Мөн чанарын хувьд Г.Л энэ гэрээнд оролцсон. Өр авлагын гэрээнд дурдсан агуулгын хувьд 160,000,000 төгрөгийг М ХХК болон Г.Л гийн хувьд худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас эдгээр гэрээний харилцаа үүсээгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч М ХХК, Г.Л нарт холбогдуулан Өр авлагын гэрээ-ний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Талууд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өр авлагын гэрээ байгуулж, уг гэрээгээр:
-Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот хаягт байрлалтай, 71.05 м.кв талбай бүхий орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдан авах нөхцөлтэйгөөр урьдчилгаа болох 20,000,000 төгрөг төлж Хас банкны зээлийн барьцаанд тавиулсан байрны үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөг,
-М ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд Хюндэй 2900 эл си7 /Hyandai 2900LC/ маркийн **-**УН улсын дугаартай экскаваторыг сарын 25,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулсан төлбөр болох 125,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс операторын цалин хөлс, засвар үйлчилгээний зардалд 25,000,000 төгрөгийг суутган 100,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхийг харилцан тохиролцож 80,000,000 төгрөг,
-нийт 160,000,000 төгрөгийн авлагыг М ХХК-ийн захирал Г.Л гийн эзэмшилд байгаа Хюндэй 480 эл си9 /Hyandai 480LC9/ маркийн 8*-6*УН улсын дугаартай эксковатыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бусдад түрээслүүлэх зарчмаар С.Ч нь бүрэн барагдуулж авах,
-дээрх хугацаанд буюу түрээсийн төлбөрөөр авлага бүрэн төлөгдөж дуусаагүй тохиолдолд Г.Л гийн зүгээс төлж барагдуулах,
-С.Ч болон М ХХК-ийн захирал Г.Л нарын өр авлага дуусгавар болоход, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот хаягт байрлалтай 71.05 м.кв орон сууцыг иргэн Д.У ийн нэр дээр эзэмшлийг шилжүүлэн өгөхөөр тохиролцож гарын үсэг зуржээ. /хх-ийн 6-8-р тал/.
4.а. Талууд Өр авлагын гэрээ-г байгуулах болсон үндэслэл нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот хаягт байрлалтай, 71,05 м.кв талбай бүхий С.Ч ын өмчлөлийн орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдах, **-**УН улсын дугаартай экскаваторыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд М ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон хэлцлүүд байх бөгөөд хариуцагч талаас эдгээр хэлцлүүдийг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр байгуулаагүй, түрээсийн зүйлийг шилжүүлж өгөөгүй, зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж маргажээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийгдээгүй, уг орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт байхгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн.
Гэвч талууд 2019 онд хийгдсэн хэлцлийн үүргийг 2021 оны 2 сарын 25-ны өдрийн өр авлагын гэрээгээр барагдуулахаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан 2021 оны хэлцэл нь үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх, үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.
4.б. Түүнчлэн хариуцагч нь татгалзалдаа С.Ч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл **-**УН улсын дугаартай экскаваторыг М ХХК-д түрээслүүлэхээр амаар тохиролцсон боловч түрээсийн зүйлийг шилжүүлж өгөөгүй тул түрээсийн төлбөр 80,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байх боловч хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Өр авлагын гэрээ-нд гарын үсэг зурснаар дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Нөгөө талаар, нэхэмжлэгч болон хариуцагч нар өмнө үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Өр авлагын гэрээ-гээр харилцан тохирсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.в. Өр авлагын гэрээ-ний 1.3-т зааснаар нэхэмжлэгч С.Ч нь дээрх 160,000,000 төгрөгийн авлагыг Г.Л гийн эзэмшлийн 8*-6*УН улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлэх замаар барагдуулахаар талууд харилцан тохиролцсон боловч хариуцагч Г.Л нь уг 8*-6*УН улсын дугаартай экскаваторыг С.Ч т шилжүүлэн бусдад түрээслүүлсэн, улмаар төлбөрийг барагдуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу 160,000,000 төгрөгийг хариуцагч Г.Л гээс нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй. Гэрээний 1.5-д ... түрээсийн төлбөрөөр авлага бүрэн төлөгдөж дуусаагүй тохиолдолд Г.Л гийн зүгээс төлж барагдуулахаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч Г.Л нь гэрээнд зааснаар 160,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч С.Ч т төлөх үүрэгтэй байна.
Иймээс зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэрээнд Г.Л нь М ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан бөгөөд иргэний хувьд төлбөрийг хариуцахгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлгүй.
5. Хариуцагч давж заалдах гомдолдоо ... хариуцагч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. гэжээ. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хэргийн материалтай танилцах хариуцагч талын эрхийг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулжээ. Шүүх хариуцагчийн өмгөөлөгч Б.Х д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Түүнчлэн хариуцагч Г.Л гийн оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч нүүсэн гэх шуудангийн магадлагаа, дээрх хаяг тус хороонд байдаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлжээ. /хх-ийн 156-158-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. ... гэж тус тус заасан. Хариуцагч тал хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд шүүх хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зэрэг түүний эрхийг хязгаарласан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Ийнхүү анхан шатны шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Б.Х д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/03682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 957,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ