Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01930

 

 

 

 

 

 

 

 

2024 10 25 210/МА2024/01930

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02800 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн хариуцагч У ХХК-д холбогдуулан гаргасан 82,955,590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, П ХХК нь V4 маркийн 1300 ширхэг, V2 маркийн 650 ширхэг тулаас төмөр /сапуд/-ийг 30 хоногийн хугацаатай У ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон бөгөөд түрээслэгч талын хүсэлтээр барилгын талбай дээр ашиглагдаж байсан болон нэмж сапуд өгсөөр нийт V4 маркийн 5050 ширхэг, V2 маркийн 5430 ширхэг сапуд хүлээлгэн өгсөн. Үүнээс V4 маркийн 2050 ширхэг сапудыг ашиглахгүйгээр буцааж өгч, нийт 8430 ширхэг сапудыг ашиглаж байсан. Хариуцагч нь зарлагын падаанаар хүлээн авч, ашигласан 8430 ширхэг сапуднаас 7571 ширхгийг хүлээлгэн өгч, 859 ширхэг сапудыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Иймээс буцаан өгөөгүй, үлдэгдэл 859 сапудыг гэрээнд заасан Ү2 маркийн сапудны үнээр тооцож, 38,655,000 төгрөгийг гэрээний 3.4-т заасны дагуу нэхэмжилж байна. Мөн гэрээний 3.5-д Түрээслэгч түрээсийн тулгуур төмрийг дутаасан буюу үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн төлбөрийг зогсоохгүй тооцсоор байх болно. гэсний дагуу дээрх хүлээлгэн өгөөгүй 859 ширхэг сапудыг гэрээнд заасны дагуу тооцоход 36,078,000 /859*100 төгрөг*420 хоног, 2022.09, 10 сар, 2023.03-10 сар, 2024.03-06 сар, нийт 14 сар*30=420/ төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй. Түүнчлэн талуудын тооцоогоор хүлээлгэн өгсөн сапудны түрээсийн үлдэгдэл төлбөр 8,222,590 төгрөг бөгөөд үүнээс 2,615,160 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Гэвч хариуцагч нь уг түрээсийн төлбөрийн тооцооллоо хийхдээ сапудыг хүлээлгэн өгснөөр түрээсийг зогсоохгүй, өөрсдийн барилгын талбай дээрээс гэрээнд заасан хуваарийн дагуу буулгаснаар түрээсээ зогсоож байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 8,222,590 төгрөг, дутаасан буюу буцаан хүлээлгэн өгөөгүй 859 ширхэг сапудны үнэд 38,655,000 төгрөг, уг сапудны түрээсийн төлбөрт 36,078,000 төгрөг, нийт 82,955,590 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компани 2022 оны 02 сарын 16-ны өдөр П ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Нийт 7680 ширхэг сапуд авсан. Э.Мөнгөний гарын үсэгтэй, 2022 оны 03 дугаар сарын 15, 20, 25-ны өдөр гэсэн огноотой, нэг өдөр үйлдсэн гурван баримт байгаа. Энэ гурван баримтыг давхардаж байгаа гэдэг баримтыг хавтас хэргийн 79-84 дүгээр хуудсанд харуулсан байгаа. Эдгээр баримтуудыг Цогзолбоо констракшн ХХК-ийн захирал н.Ц нь ... танайхаас төлбөрийнхөө урьдчилгаа мөнгийг авах гэсэн юм, чи зүгээр гарын үсгээ зураад өгчих гэсний дагуу оффис дээр үйлдсэн. Үүнийг үйлдэж байх үед манай барилгын талбар дээр тэдний нярав, манай нярав хоёр газар дээр нь тоолж баримтууд үйлдэж байсан. Миний бие ерөнхий инженер албан тушаалтай, ямар нэг бараа материал хүлээж авах үүрэг байхгүй, бид нэг ширхэг ч бараа материал хүлээлцээгүй. Энэ баримт дээр миний гарын үсэг, н.Ц захирлын гарын үсэг л байгаа. Бусад баримт дээр 2 талын няравууд мөн н.Хонгорзулын гарын үсэг зурсан байдаг. Энэ гурван баримтыг ашиглаж болохгүй. 27 сапуд үлдсэн, гэрээнийхээ дагуу төлбөрийг төлнө. Түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн төлбөрийг бүрэн барагдуулсан. 27 сапудны үнэ 1,320,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,295,160 төгрөгийг төлнө. гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Удам констракшн ХХК-иас 4,809,160 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, үлдэх 78,146,430 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 91,896 төгрөгийг гаргуулж Платиниум тауэр ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээгээр V4 маркийн 1300 ширхэг, V2 маркийн 650 ширхэг тулаас төмөр /сапуд/-ийг 30 хоногийн хугацаатай түрээслэхээр тохирсон бөгөөд түрээслэгч талын хүсэлтээр барилгын талбай дээр ашиглагдаж байсан болон нэмж сапуд өгсөөр нийт V4 маркийн 5050 ширхэг, V2 маркийн 5430 ширхэг сапуд хүлээн авсан. Үүнээс V4 маркийн 2050 ширхэг сапудыг ашиглахгүйгээр буцааж өгч, нийт 8430 ширхэг сапудыг ашиглаж байсан. Энэ нь хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн маргаж буй 3 баримт буюу 5530 ширхэг тулаас төмрийг давхацсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шүүх 5530 ширхэг тулаас төмрийг давхацсан гэж үзвэл нэхэмлэгч 2900 /8430-5530/ ширхэг тулаас төмрийг хариуцагчид өгч ашиглуулсан болж байна. Гэтэл хариуцагч 7571 ширхгийг буцаан хүлээлгэн өгсөн бөгөөд үүнийг талууд хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлэхээр очиход хариуцагч нь маргаад байгаа 3 баримтын 2 баримтыг хүлээн зөвшөөрч, 1 баримт дээр маргасан хирнээ шүүх хуралдаан дээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 2,615,160 төгрөгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан атлаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, үндэслэлээ өөрчилж, түрээсийн үлдэгдэл төлбөр 8,222,590 төгрөг, дутаасан буюу буцаан хүлээлгэн өгөөгүй 859 ширхэг сапудны үнэд 38,655,000 төгрөг, гэрээний 3.5-д заасны дагуу уг сапудны түрээсийн төлбөрт 36,078,000 төгрөг, нийт 82,955,590 төгрөгийг шаардсан байхад дээрх түрээсийн төлбөр болох 2,615,160 төгрөгөөс 1,320,000 төгрөгийг өөрсдийн дутаасан гэх 27 сапудны үнэ, үлдэх 1,235,160 төгрөгийг түрээсийн төлбөр гэж зөрүүтэй тайлбар өгч байхад шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 02 дугаар сарын 25, 03 дугаар сарын 15, 03 дугаар сарын 22-ны өдөр бараа материалаа түрээсэлж эхэлсэн. Нэхэмжлэгч компанийн нярав н.Батжаргал, хариуцагч компанийн нярав н.Хонгорзул нар бараа материал хүлээлцсэн. 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч компанийн захирал Р.Ц манай оффист ирж түрээсийн мөнгөө авах гэсэн юм гэж 2 дугаар сарын 25, 03 дугаар сарын 15, 03 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримтад гарын үсэг зуруулсан. Мөнгөө авах гэсэн юм гэж хэлээд надад нэхэмжлэх өгөөд гарын үсэг зурчих гэсэн. Тухайн өдрүүдэд нэхэмжлэгч болон хариуцагч компанийн няравууд бараа материал хүлээж авсан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэрээ байгуулснаас хойш гэрээний хугацаа дуусах хүртэл Р.Ц болон миний бие барилгын талбайд нэг ч бараа материал хүлээлгэн өгч, хүлээн аваагүй. Манай зүгээс 27 ширхэг сапуд үлдсэн, тэрнийхээ түрээсийн төлбөр болон өртгийн төлбөрийг бүрэн төлж хариуцна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 82,955,590 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. П ХХК нь Ю ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч Ю ХХК нь V4 маркийн тулаас төмөр 1300 ширхэгийг, өдрийн 150 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай, V2 маркийн тулаас төмөр 650 ширхэгийг, өдрийн 100 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон.

Мөн, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр V2 маркийн тулаас төмөр 650 ширхэгийг өдрийн 100 төгрөгөөр, V4 маркийн тулаас төмөр 1300 ширхэгийг өдрийн 150 төгрөгөөр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус 30 хоног, V2 маркийн тулаас төмөр 650 ширхэгийг өдрийн 100 төгрөгөөр, V4 маркийн тулаас төмөр 1300 ширхэгийг өдрийн 180 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус 30 хоног, V2 маркийн тулаас төмөр 850 ширхэгийг өдрийн 100 төгрөгөөр, V4 маркийн тулаас төмөр 1100 ширхэгийг өдрийн 180 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс тус тус 30 хоног, V2 маркийн тулаас төмөр 850 ширхэгийг өдрийн 100 төгрөгөөр, V4 маркийн тулаас төмөр 1100 ширхэгийг өдрийн 180 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс тус тус 30 хоног, V2 маркийн тулаас төмөр 1950 ширхэгийг өдрийн 100 төгрөгөөр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс , 1950 ширхэгийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс, 1950 ширхэгийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс, 1950 ширхэгийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс, 1950 ширхэгийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс тус тус 30 хоног, 124 ширхэгийг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 28 хоног, V4 маркийн тулаас төмөр 176 ширхэгийг өдрийн 180 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 28 хоногийн хугацаатай, нийт 64,234,240 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна.

4. Анхан шатны шүүх Ю ХХК нь оноосон нэрээ У гэж өөрчлөн бүртгүүлсэн үйл баримтыг зөв тогтоож, талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан талаар зөв дүгнэсэн байна.

 

5. Анхан шатны шүүх хавтаст хэргийн 10 дугаар талд байгаа 3 баримтын тооцоолол давхардсан гэж дүгнээд, уг баримтуудад бичигдсэн тулаас төмрийн тоог хасаж, нэхэмжлэгчээс нийт 4819 ширхэг тулаас төмрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэхдээ хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, хариуцагчийн хүлээлгэн өгөөгүй гэх 27 ширхэг тулаас төмрийн нэг бүрийн үнийг 45,000 төгрөгөөр тооцоолсон гэх боловч нийт дүн нь 1,320,000 төгрөг гэж буруу тооцоолсон байна. Түүнчлэн, нэхэмжлэгч хүлээлгэн өгөөгүй гэх тулаас төмрийн түрээсийн төлбөрийг 420 хоногоор тооцож нэхэмжилсэн байхад 820 хоногоор тооцоолсон, тулаас төмрийн үнэ 1,320,000 төгрөг, түрээсийн төлбөрт 2,214,000 төгрөг, хүлээлгэн өгсөн тулаас төмрийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,295,160 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэсэн боловч нийт үнийн дүнг 4,809,160 төгрөг гэж зөрүүтэй тусгасан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

5.1. Нэхэмжлэгч байгууллага нь ...У ХХК-д 8430 ширхэг тулаас төмөр хүлээлгэж өгсөн, үүнээс 7571 ширхэгийг буцаан хүлээж авсан, 859 ширхэг тулаас төмрийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарлаад дутаасан буюу буцаан хүлээлгэж өгөөгүй 859 ширхэг тулаас төмрийн үнэ 38,655,000 төгрөг, уг төмрийн түрээсийн төлбөрт 36,078,000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,222,590 төгрөг, нийт 82,955,590 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан байна.

Хариуцагч У ХХК нь ...7680 ширхэг тулаас төмөр түрээслэн ашигласан. Үүнээс 27 ширхэгийг хүлээлгэн өгөөгүй бөгөөд үүний үнэ болон түрээсийн төлбөрт 2,615,160 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүлээлгэн өгсөн тулаас төмрийн түрээсийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр татгалзлаа тайлбарласан.

 

5.2. Түрээсийн гэрээний дагуу төлвөл зохих нийт төлбөрийн хэмжээ болон анх түрээсийн зүйл болох хэдэн ширхэг тулаас төмрийг хүлээн авсан, хэдэн ширхэгийг буцааж хүлээлгэн өгсөн зэрэг нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5.3. Нэхэмжлэгч П ХХК нь V2 маркийн тулаас төмөр 5430 ширхэг, V4 маркийн тулаас төмөр 5050 ширхэгийг тус тус хүлээлгэн өгч, үүнээс V4 маркийн 2050 ширхэг тулаас төмрийг ашиглахгүйгээр буцаан авсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан орлого, зарлагын баримтуудаар V2 маркийн тулаас төмөр 5269 ширхэг, V4 маркийн 5050 ширхэгийг хариуцагч У ХХК-д хүлээлгэн өгч, V2 маркийн 4131 ширхэг, V4 маркийн 3730 ширхэг, нийт 7861 ширхэг тулаас төмөр буцаан хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Үүнээс ашиглаагүй буцаан өгсөн гэх V4 маркийн 2050 ширхэг тулаас төмрийг хасаж тооцвол нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 8269 ширхэг тулаас төмрийг хүлээлгэн өгч, түрээслэн ашиглуулснаас хариуцагч нь 7861 ширхэгийг буцаан хүлээлгэж өгсөн ба 408 ширхэгийг буцаан хүлээлгэж өгөөгүй байна. /хх-ийн 9-15, 141, 154, 161, 162/

 

5.4. Талуудын байгуулсан гэрээний 3.4-т түрээслэгч нь түрээсийн зүйлийг эвдэж гэмтээсэн тохиолдолд хавсралт 1-д заасан V2-45,000 төгрөг, V4-60,000 төгрөгийн үнийн дүнгийн хувиар, дахин ашиглагдахааргүй, засвар авахгүйгээр гэмтээсэн, устгасан, алдсан тохиолдолд 100 хувиар бодож түрээслэгчийг хохиролгүй болгох, 3.5-д түрээслэгч түрээсэлсэн тулаас төмрийг дутаасан буюу үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг барагдуулах хүртэл түрээсийн төлбөрийг тооцохоор харилцан тохиролцсон байна. Хариуцагчийн дутаасан буюу буцаан хүлээлгэж өгөөгүй 408 ширхэг тулаас төмрийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар түрээсийн хоногийг 420 хоногоор, түрээсийн төлбөрийг өдрийн 100 төгрөгөөр тооцоход 17,136,000 төгрөг, харин 408 ширхэг тулаас төмрийн нийт үнэ нь нэг бүрийг үнийг 45,000 төгрөгөөр тооцоход 18,360,000 төгрөг болж байна. Иймээс хариуцагч У ХХК нь гэрээний дагуу буцаан хүлээлгэж өгөөгүй 408 ширхэг тулаас төмрийн үнэ 18,360,000 төгрөг, уг тулаас төмрийн түрээсийн төлбөрт 17,136,000 төгрөгийг нэхэмжлэгч П ХХК-д тус тус төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч нь ...хариуцагчид нийт 8430 ширхэг тулаас төмөр хүлээлгэж өгснөөс 859 ширхэгийг дутаасан буюу хүлээлгэн өгөөгүй... гэх, хариуцагч нь ...7680 ширхэг тулаас төмөр хүлээн авч, 27 ширхэгээс бусдыг хүлээлгэн өгсөн, түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь ...тулаас төмрөөс дутаасан буюу буцаан хүлээлгэж өгөөгүй төмрийн үнийг үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр заасан. Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хариуцагч У ХХК нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүй, 408 ширхэг тулаас төмрийг нэхэмжлэгчид буцааж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

8. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл гэх 8,222,590 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ болон 2022 оны 03 дугаар сарын 22-ны нэмэлт, өөрчлөлтөөр V2 маркийн тулаас төмрийн хоногийн төлбөрийг 100 төгрөг, V4 маркийн тулаас төмрийн хоногийн төлбөрийг 150 болон 180 төгрөг байхаар харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь V2-100 төгрөг, V4-150 төгрөгөөр тус тус тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул түрээсийн төлбөрийг дараах байдлаар тооцоолов. Үүнд:

 

V2 маркийн тулаас төмрийн түрээсийн тооцоо

Хүлээлгэн өгсөн тоо

Огноо

Хуудасны дугаар

Буцаан хүлээн авсан тоо

Огноо

Хуудасны дугаар

Ашигласан хоног

Түрээсийн үнэ

Төлбөр

650

2022.02.25

10

650

2022.05.31

12

95

100

6,175,000

650

2022.02.26

9

150

2022.05.31

94

100

1,410,000

 

2022.02.26

 

500

2022.06.07

13

101

100

5,050,000

650

2022.03.15

10

197

2022.06.07

84

100

1,654,800

 

2022.03.15

 

453

2022.06.08

12

85

100

3,850,500

580

2022.03.22

9

347

2022.06.08

78

100

2,706,600

 

2022.03.22

 

233

2022.06.09

154

79

100

1,840,700

850

2022.03.22

10

625

2022.06.09

79

100

4,937,500

 

2022.03.22

 

95

2022.06.23

162

93

100

883,500

 

2022.03.22

 

23

2022.07.02

13

102

100

234,600

 

2022.03.22

 

107

2022.07.02

13

102

100

1,091,400

500

2022.04.09

9

500

2022.07.02

84

100

4,200,000

550

2022.04.11

9

251

2022.07.02

82

100

2,058,200

839

2022.04.29

11

 

 

 

 

 

 

5269

 

 

4131

 

 

 

 

36,092,800

V4 маркийн тулаас төмрийн түрээсийн тооцоо

1300

2022.02.25

10

400

2022.04.15

15

49

150

2,940,000

 

2022.02.25

 

400

2022.04.15

49

150

2,940,000

 

2022.02.25

 

500

2022.04.15

49

150

3,675,000

300

2022.03.15

10

300

2022.04.18

15

34

150

1,530,000

1300

2022.03.15

10

200

2022.04.18

34

150

1,020,000

 

2022.03.15

 

150

2022.04.20

14

36

150

810,000

 

2022.03.15

 

500

2022.04.29

14

45

150

3,375,000

 

2022.03.15

 

212

2022.05.07

14

53

150

1,685,400

 

2022.03.15

 

38

2022.05.08

141

54

150

307,800

 

2022.03.15

 

200

2022.05.20

14

66

150

1,980,000

1050

2022.03.22

9

325

2022.05.20

59

150

2,876,250

 

2022.03.22

 

32

2022.06.07

12

77

150

369,600

 

2022.03.22

 

54

2022.06.09

12

79

150

639,900

 

2022.03.22

 

367

2022.06.17

13

87

150

4,789,350

 

2022.03.22

 

40

2022.06.23

162

93

150

558,000

 

2022.03.22

 

12

2022.07.02

13

102

150

183,600

1100

2022.03.22

10

 

 

 

 

 

 

5050

 

 

3730

 

 

 

 

29,679,900

 

Дээрхээс дүгнэвэл, хариуцагч У ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт V2 маркийн тулаас төмрийн түрээсийн төлбөрт 36,092,800 төгрөг, V4 маркийн тулаас төмрийн түрээсийн төлбөрт 29,679,900 төгрөг, нийт 65,772,700 төгрөгийг нэхэмжлэгч П ХХК-д төлөхөөр байна. Үүнээс хариуцагч нь 58,702,860 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 46-52/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэрээний дагуу төлөх 65,772,700 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 58,702,860 төгрөгийг хасаж, үлдэх 7,069,840 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.

 

9. Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч У ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт буцаан хүлээлгэж өгөөгүй тулаас төмрийн үнэ 18,360,000 төгрөг, уг тулаас төмрийн түрээсийн төлбөрт 17,136,000 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,069,840 төгрөг, нийт 42,565,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,389,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02800 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 42,565,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,389,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... 91,896 ... гэснийг 370,779 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 548,683 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ