Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 15

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

 

                              Даргалагч шүүгч        Б.Батзориг

                              Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                                  Д.Буянжаргал

                     Оролцогчид

                              Зөрчил гаргагч           Д.Дэмүүл

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдоржийн шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн  давж заалдсан гомдлоор Доржийн Дэмүүл, Цэрэндоржийн Оюун, Банзрагчийн Батсүх /Сонгуулийн тухай хуулийн 92.2.1/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газраас “Д.Дэмүүл, Б.Батсүх, Ц.Оюун нар нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагаас Сэлэнгийн долгио чуулгын байранд явагдсан Сүхбаатар сумын 6 дугаар багийн Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох сонгуульд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багаар нэрлэн, тус багийн харъяалалгүй мөртлөө санал өгч, сонгууль будлиантуулан санал хувааж, сонгуулийн тухай хууль тогтоомж зөрсөн” зөрчил гаргасан  үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

                            

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын  21-ний өдрийн 28  дугаартай  шийтгэврээр:

-Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.1 дэх хэсэгт зааснаар  Сэлэнгэ аймгийн Шаамар  сумын Дулаанхаан тосгоны харъяат Тайван овогт Доржийн Дэмүүлийг 14 хоногоор баривчилж   шийдвэрлэжээ.

 

          Зөрчил гаргагч  Д.Дэмүүл   давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

2.

 

         …Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг үндэслэн баривчлах шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл болох “Хурлын хуралдаан” хэсгийн 23.10 дахь заалтыг үндэслэл болгож, Иргэдийн нийтийн хурлыг сонгууль гэж үзсэн байна.

            Анхан шатны шүүх баривчлах шийтгэл ногдуулахдаа Сонгуулийн тухай хуулийг хэрэглэсэн байгаа ба уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их хурал, Монгол Улсыэ Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн иргэн миний эрхэд халдсан хууль бус шийдвэр гаргасан байх тул 28 дугаартай шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Тодорхойлох  нь:

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Д.Дэмүүл, Б.Батсүх, Ц.Оюун нар нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагаас Сэлэнгийн долгио чуулгын байранд явагдсан Сүхбаатар сумын 6 дугаар багийн Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох сонгуульд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багаар нэрлэн, тус багийн харъяалалгүй мөртлөө санал өгч, сонгууль будлиантуулан санал хувааж, сонгуулийн тухай хууль тогтоомж зөрсөн” зөрчил гаргасан  гэх үндэслэлээр материалыг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.1 дэх хэсэгт  зааснаар Д.Дэмүүлийг 14 хоног баривчилж шийдвэрлэсэн  28 дугаартай  шийтгэвэр нь “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

         Зөрчил гаргагч Д.Дэмүүлийн давж заалдах гомдлын дагуу зөрчлийн материалыг судлан үзэхэд:

         2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар сумын 6 дугаар багийн Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох сонгууль Сэлэнгийн долгио чуулгын байранд болж, тус багийн харъяалалгүй Д.Дэмүүл, Б.Батсүх, Ц.Оюун нар санал өгснөөс санал хуваагдан, сонгууль будлиантууллаа гэж 6 дугаар багийн иргэн Д.Ариунжаргалын гаргасан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх зөрчлийн материалыг хүлээн авч, иргэн Б.Батсүх, Ц.Оюун нар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн иргэд мөн болох нь тогтоогдож байх тул хариуцлага хүлээлгэх боломжгүй, харин иргэн Д.Дэмүүл нь тус багт оршин сууж байгаад 2016 онд Шаамар сумын Дуланхаан тосгон руу шилжих хөдөлгөөн хийлгэсэн ба буцаж Сүхбаатар сум руу шилжээгүй, шилжих хөдөлгөөн хийлгээгүй гэх дүгнэлт үндэслэлтэй боловч Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дэмүүлд 14 хоногийн  баривчлах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

 

            Учир нь Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн

 

3.

 

аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзэхэд багийн Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох сонгууль нь дээрх хуулийн зохицуулалтанд хамааралгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн  гэж үзэхээр байна.

 

            Түүнчлэн Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн нэгж, Түүний Удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д зааснаар баг, хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн оролцож болох хуулийн зохицуулалттай байх ба хурлын тогтоол нь хууль зөрчсөн бол мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу хэрхэх эсэхийг шийдвэрлэхээр заасан байна.

         Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28  дугаартай шийтгэврийг хүчингүй болгож, Доржийн Дэмүүлд захиргааны хариуцлагаас чөлөөлж  шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28  дугаартай шийтгэврийг хүчингүй болгож, Доржийн Дэмүүлийг захиргааны хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Энэ магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ