Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0655/З |
Дугаар | 001/ХТ2024/0001 |
Огноо | 2023-12-25 |
Маргааны төрөл | Тендер, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2024/0001
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сангийн яаманд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0946 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0284 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 427 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Г.М (цахимаар) нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Х ” ХХК-аас Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/**** дүгээр албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/**** дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, улсын орлого болгож нэхэмжлэгчийг хохироосон, тендерийн баталгааны 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/**** дүгээр албан бичгээр “... тус компаниас тендерт санал болгосон ачааны машин, ковш/авто ачигч/, экскаватор нийт 3 тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын мэдээллийг ирүүлээгүй нь цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байх тул шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй ...” гэх хариуг өгсөн байна.
2.1.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/****** дүгээр албан бичгээр “... ЭМЧ/********* дугаартай ...тендер шалгаруулалтад оролцсон “Х ” ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/***** албан бичгээр мэдэгдсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 7 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн Хасбанкны *************** дугаартай цахим тендерийн баталгааны 16,000,000.0 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын ************** тоот дансанд төвлөрүүлэх”-ийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгджээ.
3.Нэхэмжлэгч компаниас “...тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын мэдээллийн тайлбар тодруулгыг ирүүлэхийг манайхаас шаардаж, тодруулга авах бүрэн боломжтой байсан зэргийг Сангийн яам гомдол хянахдаа харгалзан үзээгүй, Тендерийн баримт бичигт давуу эрх олгоход шаардлагатай ямар нотлох баримтыг ирүүлэх болон давуу эрх олгох талаар заагаагүй мөртлөө тус компанид давуу эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 28 дугаар зүйлийн 28.7.2, Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлалын 1.4-д заасныг зөрчсөн байтал Сангийн яам энэ талаар гаргасан манай гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. “Н” ХХК-ийн тендерийн материал, Авто тээврийн үндэсний төвийн Автобокс цахим системийн мэдээллээс илэрхий зөрүүтэй байсан зэргийг үндэслэн гомдол гаргасан, гэтэл гомдлыг хянан үзэхдээ хайхрамжгүй хандаж, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн албан бичиг болсон, мөн гомдлыг хянасан албан бичгийн үр дагавраас тендерийн баталгааг улсын орлого болгож, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэж нэхэмжлэл гарган маргажээ. (нэхэмжлэлийн үндэслэлийг агуулгаар нь товчлон тусгав).
3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Г.М нараас “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу тус компанийн тендерээс татгалзсан болон “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хянан үзсэн, гомдолд дурдсан үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхэд хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул журмын 6.1.2-т зааснаар гомдол гаргагч болон захиалагчид мэдэгдсэн, тус шийдвэрийн дагуу захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрт аливаа өөрчлөлт оруулаагүй буюу уг шийдвэр нь нэхэмжлэгчид шинээр эрх зүйн үр дагавар бий болгоогүй тул захиргааны хэргийн шүүх уг албан бичигт холбогдуулан маргаан үүсгэсэн үндэслэлгүй, анхдагч захиргааны акттай маргах бол захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрыг хариуцагчаар татан оролцуулах хууль, эрх зүйн орчин үйлчилж байна. ... Тендерийн баримт бичгийн 28.1-д зааснаар захиалагч тендерт оролцогчоос тодруулах, тайлбар авах эрхийг зөвхөн түүний “тендер, эсхүл цахим системээр илгээсэн мэдээлэл” ойлгомжгүй, тодорхойгүй, зөрчилдөөнтэй байх тохиолдолд эдэлнэ. Гэтэл тус компанийн санал болгож байгаа 5 тээврийн хэрэгслийн 2-оос бусдынх нь талаар ямар ч нотлох баримт, гэрээ байхгүй буюу ирүүлээгүй байхад тухайн баримт бичиг, мэдээллийг нөхөж авах зорилгоор тодруулах үндэслэлгүй. Журмын 3.7-д заасны дагуу захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас ирүүлсэн мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэнэ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар тус хуулийн 10.1-д захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ давуу “эрх олгож болно” гэснийг “эрх олгоно” гэж өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн дагуу хуульд заасан нөхцөл хангасан оролцогч бүрд давуу эрх олгох болсон ба хуульд нийцүүлэн тус тендер шалгаруулалтын ТШЗ-ын 33.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн “дотоодын давуу эрх тооцсон нь зөрүүтэй” гэсэн үндэслэлгүй, ... “Н” ХХК-ийн 5***УАК, 3***УБХ тээврийн хэрэгслийн мэдээллийг 2022.04.12-ны өдөр “А” ТӨҮГ-ын цахим мэдээллийн сангаас шалгахад дээрх 2 тээврийн хэрэгслийн даац тус бүр 5тн гэж лавлагаанд заасан байсныг үндэслэн шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан. Сангийн яам захиалагчаас ирүүлсэн материал, мэдээлэлд үндэслэн хянан үзэж тендерт оролцогчийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9, Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 7 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн баталгааг улсын орлого болгох шийдвэр гаргасан, журамд заасан зохицуулалт нь тендерт оролцогчийг худалдан авах ажиллагааг үндэслэлгүй удаашруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилгоор ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэслэлгүй гомдол гаргасан тохиолдолд тендерийн баталгааны хорин сая төгрөг хүртэлх үнийн дүнг улсын орлого болгодог журам юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай хариу тайлбар гаргажээ.
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9-д заасныг баримтлан “Х” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/***** дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03/**** тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг хүчингүй болгож, Тендерийн баталгааны 16,000,000 /арван зургаан сая төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ө.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 427 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ө.А нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулгатай дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
7.1.Тендерт оролцогч захиалагчийн шаардсан мэдээллийг ирүүлээгүй байхад тодруулах нь захиалагч хуулийн 26.8-д заасныг зөрчсөн үйлдэл болох юм. Дээрх асуудал нь ирүүлсэн мэдээлэл нь ойлгомжгүй, бүдэг, зөрүүтэй нөхцөл байдал бус ачааны автомашин, ковш, экскаваторын тээврийн хэрэгслийн улсын дугаарын мэдээллийг тендерийн материалын аль ч хэсэгт огт тусгаж ирүүлээгүй байсан асуудал юм. Гэтэл шүүх үүнийг тодруулж үнэлгээнд харгалзан үзэх боломжтой байсан гэж дүгнэж байгаа нь хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэж байна
7.2.“... Тендерт оролцогчдыг төөрөгдөлд оруулж болзошгүй нөхцөл байдалд нэхэмжлэгчээс ямар нэгэн тодруулга авалгүйгээр...’’ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлага зөрүүтэй, ойлгомжгүй, тодруулах шаардлагатай гэж үзвэл аливаа этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 54 дүгээр зүйлийн 54.1, мөн захиалагч тендерийн баримт бичгийн талаар тодруулах шаардлагатай бол тодруулах эрхийг тендерт оролцохыг сонирхогч этгээдэд олгосон (тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 8.2-т) байхад тендерийн нээлтээс өмнө захиалагчаас дээрх асуудлын талаар ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэхээр байна гэж огт тодруулаагүй.
7.3.Түүнчлэн нэхэмжлэгч анхан болон давах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, мөн хуралдааны үеэр захиалагчийн тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, мэдээлэл нь ямар нэгэн төөрөгдөлд оруулах талаар дурдаагүй байхад шүүх тендерт оролцогчдыг төөрөгдөлд оруулж болзошгүй нөхцөл байдал гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг зөрчсөн байна.
7.4.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс маргаан бүхий автомашин, ковш, экскаваторын тээврийн хэрэгслийн улсын дугаарын мэдээллийг тендерийн аль хэсэгт тусгаж хүргүүлсэн талаар огт тодруулаагүй. Харин эсрэгээрээ тендерийн агуулгатай холбоотой ирүүлээгүй байсан мэдээллийг тодруулах нь зүйтэй гэж шийдвэр гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Энэ нь цаашид тендерт аливаа мэдээллийг ирүүлээгүй байсан ч захиалагч тодруулж үнэлээд шаардлага хангаагүй этгээдийг шаардлага хангасан болгож үнэлэх боломжтой гэдэг хууль хэрэглээний ноцтой зөрүүтэй үр дагаврыг бий болгохоор байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгч машин механизмын мэдээллээ ТШЗ-ны 17.6.3-т зааснаар бус ТӨХ-д илүү тодруулсны дагуу гаргаж өгөөгүй гэж буруутгасныг үгүйсгэхгүй ...” гэж дүгнэсэн нь шүүх уг мэдээллийг ирүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа эсрэгээр нь шийдвэр гаргаж ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.
7.5.Уг тендер шалгаруулалтад нийт 11 компани оролцсон байдаг бөгөөд хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд захиалагч “А” ТӨҮГ-ын цахим мэдээллийн сангаас дээрх 11 тендерт оролцогч нарын санал болгосон тээврийн хэрэгслийн мэдээллийг шалгасан байхад шүүх зөвхөн “Х” ХХК-ийн тендерт тусгаж ирүүлээгүй тээврийн хэрэгслийн улсын дугаарын мэдээллийг тодруулгаар авч үнэлэх боломжтой байсан гэж дүгнэж байгаа нь бусад тендерт оролцогч нарын эрх ашиг хөндөгдөж, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг алдагдуулж байгаа хэрэг юм.
7.6.Монгол Улсын Засгийн газар цахим тогтолцоо руу шилжиж, төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос цаасаар шаардахгүй байхаар бүх шатны төрийн байгууллагууд цахим тогтолцоо руу шилжихээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Гэтэл шүүх Засгийн газрын дээрх шийдвэрийг буруутгаж цаасаар ирүүлсэн мэдээлэл зөв, цахим системээр ирүүлсэн мэдээллийг буруу гэж дүгнэсэн нь дээрх Сангийн сайдын тушаалын 3.13-т заасныг үгүйсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
7.7.“А” ТӨҮГ-аас шүүхэд ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаартай хуулбар үнэн нотлох баримтад 5***УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн даац 5000 гэж ирүүлснийг шүүх огт харгалзан үзээгүй бөгөөд яагаад уг нотлох баримтыг шүүхийн процесст авч үзээгүй талаар шүүхийн дүгнэлт, магадлалд дурдаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, мөн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн заалтыг мөрдлөг болгон ажиллаагүй байна.
7.8.Аливаа нэг тендерт оролцогч бага үнэ санал болгосноор тендерт хавсаргаж ирүүлээгүй мэдээллийг тодруулга авч шаардлага хангасан болгож үнэлгээ хийх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг ноцтой зөрчих асуудал мөн юм. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт 158,578,052.00 төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн компани шаардлага хангахгүй байсан ч тодруулга аваад ирүүлээгүй материалыг ирүүлсэн болгож тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд нөлөөлж байгаа нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр юм.
7.9.Хэрвээ “Н” ХХК шаардлага хангахгүй гэж шийдвэрлэсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж заасны дагуу удаах хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерт оролцогч этгээдийг шалгаруулах хуулийн заалттай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад “Х” ХХК-аас бага үнэтэй, захиалагчийн шаардлагад нийцсэн “Б р т” ХХК байсан бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан материалуудыг бүрэн танилцаж шийдвэр гаргалгүй “Х” ХХК-ийг “Н” ХХК-аас бага үнэ санал болгосон нь тодруулга авч шалгаруулах боломжтой байсан мэтээр дүгнэсэн нь хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
7.10.“Н” ХХК-аас гомдолд дурдсан асуудлын талаар тайлбар огт аваагүй, гуравдагч этгээдээр оролцуулаагүй, дээрх төсөл, арга хэмжээ одоо ямар үе шатанд явж байгаа талаар анхан, давах шатны шүүх ямар огт харгалзан үзээгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “...Нөгөөтээгүүр ...тэгш бус байдлыг бий болгожээ” гэж дүгнэжээ. “Х” ХХК тендерийн баримт бичигт заасны дагуу автомашины улсын дугаарын мэдээлэл ирүүлээгүйгээс захиалагч шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн, харин “Н” ХХК нь автомашины улсын дугаарын мэдээллээ ирүүлсэн байхад зөрүүтэй үнэлж тэгш бус байдлыг бий болгосон гэж шүүх дүгнэсэн нь өөрөө тэгш бус байдлыг бий болгож байгаа шийдвэр юм. Захиалагч нэг ижил шалгуур үндэслэлийг өөрөөр үнэлсэн биш, өөр өөр шалгуур үзүүлэлтийг дээрх компаниуд хангасан эсэхийг хянан үзсэн байдаг.
7.11.Шүүх дээрх дүгнэлтэд “Н” ХХК тендерийн баримт бичигт заасан аль шалгуур үзүүлэлтийг хангаагүй талаар тодорхой дурдаагүй, мөн нэг шалгуур үзүүлэлтийг “Н” ХХК болон “Х” ХХК-ийн хувьд зөрүүтэй үнэлсэн мэтээр дүгнэсэн байна. Түүнчлэн шүүхээс “Н” ХХК-ийг шаардлага хангаагүй тендер ирүүлсэн гэж дүгнэсэн нь гэрээ цуцлах нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар уг төсөл, арга хэмжээний хэрэгжилт ямар шатандаа байгаа, хэрвээ уг компани шаардлага хангахааргүй байсан бол шалгаруулсан нь хууль бус байсан бол нэн даруй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Дээрх асуудлууд нь Сангийн яам улсын орлого болгосон тендерийн баталгааг буцааж өгөх, эс өгөхтэй холбоотой зүйл биш юм. Шүүх илтэд хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэхдээ зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил юм.
7.12.Сангийн яам захиалагчаас ирүүлсэн материал, мэдээлэлд үндэслэн хянан үзэж тендерт оролцогчийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 7 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн тендерийн баталгааг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/**** тоот албан бичгээр улсын орлого болгох шийдвэр гаргасан болно. Дээрх журамд заасан зохицуулалт нь тендерт оролцогчийг худалдан авах ажиллагааг үндэслэлгүй удаашруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилгоор ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэслэлгүй гомдол гаргасан тохиолдолд тендерийн баталгааны 20.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнг улсын орлого болгодог журам юм.
7.13.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэж байгаа тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0946 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0284 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.Эрүүл мэндийн яамны захиалгатай, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан XIX.1.54 “Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга/Улаанбаатар, * дүүрэг, *** дугаар хороо/-ын ЭМЯ/*************** дугаартай тендер шалгаруулалт 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарлагдаж, “Х ” ХХК болон нийт 10 компани уг тендерт оролцох саналаа хүргүүлсэн байна.
11.Тус тендерийг шалгаруулах Үнэлгээний хорооны хурлын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд “... Тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 16.1-д тухайн төсөл арга хэмжээнд зайлшгүй шаардагдах машин механизмыг тендерт оролцогч жагсаалтын дагуу санал болгоно, “Х” ХХК нь маягтын дагуу машин механизмын улсын дугаарыг бичиж ирүүлээгүй бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг ямар нэг нотлох баримтыг ирүүлээгүй ...” шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзсэн талаар тусгагдаж, Тендерийн Үнэлгээний хорооны тайлан, дүгнэлтийн 8.Шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн эсэх хэсэгт ““Х” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.3-д заасан шаардлагыг хангаагүй буюу тухайн төсөл арга хэмжээнд ашиглах ачааны машин, экскаватор, ковшийг санал болгож ирүүлээгүй бөгөөд машин механизмыг ажил гүйцэтгэхэд ашиглах үндсэн техник хэрэгслийн маягтын дагуу авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээг ирүүлээгүй тул “А” ТӨҮГ-ын цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байгаа нь шаардлагад нийцээгүй” ... Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзжээ.
12.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/985 дугаар албан бичгээр “Тендерийн баримт бичгийн заалт ТШЗ 16.1-д заасан шаардлагыг хангаагүй тул ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан” талаар “Х” ХХК-д мэдэгджээ.
13.“Х” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/25 дугаар албан бичгээр Сангийн сайдад “тендерээс татгалзсан шийдвэр болон “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг” хянуулахаар гомдол гаргаж, гомдолдоо “ ... “Х ” ХХК-ийн тендерт хүргүүлсэн материал нь ТШЗ 17.6.3 дахь заалтыг бүрэн хангаж байгаа тул нотлох баримтуудаа захиалагчийн боловсруулсан Тендерийн баримт бичгийн 5-р бүлгийн маягтад ... заасны дагуу хавсаргасан, хамгийн сайн үнэлэгдсэн “Н” ХХК-ийн тендерт “... ТӨШ-ийн ТШЗ 17.6.1-д заасан тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн БА-2.1, БА-7.1 заалтууд байхгүй, ТШЗ 17.6-д заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбарыг ирүүлээгүй, жишиг маягтын дагуу ирүүлээгүй, ТШЗ 17.6.3-т заасан машин механизмууд нь хүчин чадалдаа хүрэхгүй /4.5 тн даацтай/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь зориулалтын бус /зүтгүүр/, техник хяналтын үзлэгт тэнцээгүй, өрөмдлөгийн машины фото зураг хавсаргасан, жишиг маягтын дагуу ирүүлээгүй, улсын дугаарыг харуулсан фото зургийг ирүүлээгүй, дотоодын давуу эрх тооцсон зэрэг ноцтой зөрчлүүд байгаа” талаар дурджээ.
14.Дээрх гомдлыг Сангийн яам хянаад, Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/***** дүгээр албан бичгээр “...тус компаниас тендерт санал болгосон ачааны машин, ковш /авто ачигч/, экскаватор нийт 3 тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын мэдээллийг ирүүлээгүй нь цахим мэдээллийн сангаас шалгах боломжгүй байх тул шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, ... “Н” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цахим системээр хянан үзээд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үнэлсэн; тус компанийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2019 онд байгуулсан “XII.1.1.260 сургуулийн өргөтгөлийн барилга, 120 суудал /С З сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.10.02-ны өдрийн БУ-98/2020 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн; ... цахим системээс хянан үзэхэд 3*** УБХ, 5*** УАК улсын дугаартай автокраны даац 5000 кг гэж заасан байгаа нь тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 17.6.3-т заасантай нийцсэн гэж үнэлсэн; 3*** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээслэхээр Ю.С-тэй 2022.04.05-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, улсын дугаарыг харуулсан фото зургийн хамт ирүүлснийг тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 17.6.3-т заасан шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэрүүд үндэслэлтэй, ... хуулийн 10.1 дэх хэсэг, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 33.1-д заасан тул дотоодын давуу эрх олгохоор тендерийн баримт заагаагүй мөртлөө давуу эрх тооцсон тухай гомдол үндэслэлгүй” гэх агуулгатай хариуг өгсөн байна.
15.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/**** дүгээр албан бичгээр “... ЭМЧ/*************** дугаартай ... тендер шалгаруулалтад оролцсон “Х” ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/**** албан бичгээр мэдэгдсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 7 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн Хасбанкны ************* дугаартай цахим тендерийн баталгааны 16,000,000 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын ************ тоот дансанд төвлөрүүлэх”-ийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгджээ.
Хууль хэрэглээний хувьд:
Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс шийдвэрлэх асуудал нь: Тендерт оролцогчоос гаргасан гомдлын хүрээгээр захиалагчийн шийдвэрийг хянан үзсэн эсэх тухай байна.
16.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.” гэж тус тус заажээ.
17.Энэ хэргийн тухайд, “Х” ХХК-аас үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийнхээ мэдээллийг захиалагчийн тендерийн баримт бичгийн маягт 5-д заасны дагуу өөрчлөлт оруулаагүй буюу машин техникийн улсын бүртгэлийн дугаарыг бичих хэсэггүй тул дугаарыг бичээгүй нь тогтоогдох бөгөөд энэ тохиолдолд захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардаж болохоор байна.
18.Уг маягтад заасан мэдээлэл (агуулгын хувьд) нь тендерийн агуулга, үнийг өөрчлөхтэй холбоотой мэдээлэлд хамаарахгүй бөгөөд захиалагчид дээрх хуулиар тайлбар тодруулга авах боломжийг олгосон байхад нэхэмжлэгч компанийн “ачааны автомашин, ковш, экскаватор гэсэн 3 тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын мэдээллийг ирүүлээгүйгээс цахим мэдээллээс шалгах боломжгүй, шаардлагад нийцээгүй үндэслэлээр” тендерээс татгалзсан шийдвэрийг Сангийн яам хянахдаа дээрх хуулийн хүрээнд тайлбар, тодруулга авах боломжтой нөхцөл байдал байсныг харгалзан үзээгүй нь гомдлыг хуулийн хүрээнд хянасан гэж үзэхээргүй байна, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй.
19.Түүнчлэн тендерт оролцож хамгийн сайн үнэлэгдсэн “Н” ХХК-ийн тендерийн баримт бичигт ... 3*** УБХ улсын дугаартай ачааны автомашины улсын дугаарыг харуулсан фото зургийг ирүүлээгүй, ачааны 2 автомашин нь 5 тн-оос багагүй даацтай байх шаардлагыг хангаагүй буюу автомашины баримт бичиг, техникийн үзүүлэлтийг хангаагүй материал ирүүлсэн байхад зөвхөн “Х” ХХК-аас гаргасан автотээврийн хэрэгслийн мэдээллийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус болжээ.
20.”Х” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан атлаа мөн тендерт шаардлага хангасан баримт бичгийг ирүүлээгүй оролцогч “Н” ХХК-ийн тендерийг шаардлага “хангасан” гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг бодитойгоор харьцуулан судалж, гомдлыг хянан үзээгүй хариуцагчийн шийдвэр нь тендерт оролцогчдод тэгш бус байдлыг бий болгосон, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарууд үндэслэлтэй байна.
21.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. ...”, 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” гэж тус тус заасан.
22.Хариуцагч нь захиалагчийн шийдвэрийг гомдлын хүрээнд нэг бүрчлэн судлан үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд, тайлбаруудаар мөн тогтоогдох тул нэхэмжлэгчээс захиалагчийн шийдвэрт гаргасан гомдол бүрэн хангагдахаар байсан тул тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй, энэ талаарх шүүхийн шийдвэрүүд үндэслэлтэй.
23.Иймд шүүхийн шийдвэр хэвээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0946 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0284 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ө.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН