Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1246

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 27                  Дугаар 1246                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

ХХ, ХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03502 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ, ХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ, ХХХХ, ХХХХХ ХХК нарт холбогдох,

 

Ажлаас халагдсаны тэтгэмжид нийт 121.154.984 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Өмгөөлөгч ХХХ,

Нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “...ХХХХХХ”-ийг анх 1994 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Ионсей их сургуулийн Анагаах ухааны төв хамтран 50х50 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1999 онд дүрмээ шинэчлэхдээ Эрүүл мэндийн газар бус ХХХтай хамтарсан гэрээ байгуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлснээр эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн. Тус захиргаанаас 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нийт эмч ажилчдад амаар Нийслэл өмчөө авсан учир манай байгууллага татан буугдахаар болсон, үйл ажиллагаа эцсийн байдлаар 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл явагдаад зогсоно гэсэн. Бид нарын ажлын байр байхгүй болно уг ажлын байран дээр Концессын гэрээгээр Нийслэлийн оношилгоо, эмчилгээний төв баригдахаар болсон тухай танилцуулсан. Монгол-Солонгосын хамтарсан Ионсей найрамдал эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолоор Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар “өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан” гэдгээр татан буугдах шийдвэр гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас минь татан буугдаж байгаа гэсэн шалтгаанаар халагдаж байгаа тул тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдээд ажилчдын төлөөлөгч нартай харилцан тохиролцон тус хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмжийг тохиролцсоноор өгөх ёстой гэсэн шаардлага тавьсан. 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тус эмнэлгийн нийт эмч, ажилчдын хурлыг зохион байгуулж, хуралдаад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг энэ байгууллагыг анх байгуулагдахад л орж ажилласан хүмүүс дийлэнх нь байгаа, санхүүгийн хувьд ч өгөх боломжтой гэж үзэж 9 сараар тэтгэмжээ авах шийдвэрт санал нэгдсэн. Ингээд 100 хувийн саналаар эмч ХХХ, их эмч ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХХ нарыг ажилтны төлөөллөөр сонгон холбогдох байгууллагад энэ тухай шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Ионсей найрамдал эмнэлгийн захиргаа, ХХХ, Татан буулгах комисс, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга ХХХХХ, Нийслэлийн Эрүүл мэндий газар, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МЭМҮЭХ, Нийслэлийн Засаг даргын орлогч ХХХХХ нарт өгсөн. Гэвч 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр татан буулгах комиссын үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөөс өөрсдийн ашиглаж байсан зарим тоног төхөөрөмж, эд хогшлыг 84,000,000 төгрөгөөр өөрсдөө худалдан авч, энэ мөнгөөрөө 1 сарын тэтгэмж аваад л хоцорсон ба 8 сарын тэтгэмж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл бидний мэдэхээр манай байгууллагад үндсэн хөрөнгөө үнэлүүлэхэд нийт үндсэн хөрөнгө нь 248,000,000 төгрөг байснаас зарагдаад үлдсэн 168,000,000 төгрөг, үнэлэгдээгүй эмнэлгийн хангамжийн материал ойролцоогоор үнэлэхэд 10,000,000 төгрөг, МҮОНРТ-ийн хойно байрлах ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХ тоот гэсэн хаяган дээр 0,7-0,8 га газар, 140 м.кв хэмжээтэй 8 өрөө байр 1 давхар байшин, 40 тоннын багтаамжтай 2 ширхэг контейнер дотор нь агуулагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил дүүрэн байгаа болно. Мөн эмнэлгийн байрыг 8,000,000,000 төгрөгөөр зарсан байсан. Татан буулгах комисс буюу Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн харилцааны газраас байгуулагдсан гишүүдтэй уулзахад ямар нэгэн тодорхой зүйл ярихгүй манай байгууллагын дансанд мөнгө байхгүй хэдэн төгрөг цугларахаас хамаарч та нарын тэтгэмжийг өгнө гэдэг ч манай эмнэлгээс татан буулгах комисс өнөөдөр дуртай зүйлээ аваад л явж байна. Солонгосын Ионсей Анагаах Ухааны төв болон эмнэлгийн захирал татан буулгах комисст эмч ажилчдад тэтгэмжийг бололцоотой хэмжээгээр олгох хүсэлт гаргасан боловч татан буулгах комисс энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Гэтэл Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д зааснаар хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж төлбөрийг барагдуулж болно гэж заасны дагуу үлдсэн өд хөрөнгийг худалдаж бид нарын үлдсэн 8 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгөх боломжтой. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны төлөөлөлтэй тохиролцох ёстой ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул бид шүүхэд хандах болсон. Манай байгууллага хэдийгээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч улсын бүртгэлээс нэр хасагдаагүй байгаа, татан буулгах комиссын бүрэлдэхүүнд манай эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс байгаа учир бид нар байгууллагаа хариуцагчаар татсан болно. Нийслэлийн өмчийн харилцааны газрыг манай хөрөнгө оруулагч, өмчийн эзэн гэх үндэслэлээр хариуцлага хүлээх ёстой гэж үзээд хариуцагчаар татсан болно. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дээд удирдлага болохоор мөн хариуцагчаар татсан боловч одоо тэднийд холбогдуулан гаргах шаардлага байхгүй тул ХХХХт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Иймд үлдэх 2 хариуцагчаас 19 нэхэмжлэгчийн 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 118,648,984 төгрөг, мөн ажил олгогчийн буруугаас нэхэмжлэгч ХХХгийн ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон 2,506,000 төгрөг, нийт 121,154,984 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХХХ”-ийг төлөөлж, татан буулгах комиссын дарга ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Төлөөлөн Удирдах зөвлөлийн шийдвэрээр татан буулгах комиссын даргаар томилогдсон. Эмнэлгийн үлдсэн бүх хөрөнгүүдийг зарж 102 сая төгрөгийн өр төлсөн. Улсын бүртгэлээс хасуулахгүй байгаа үндэслэл нь одоо 24 сая төгрөгийн өрөө төлж чадахгүй байгаагаас юм. Эмнэлэгт одоо 35,6 сая төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгө болон 18,2 сая төгрөгөөр үнэлэгдсэн эргэлтийн хөрөнгө үлдсэн. Үүнийг зарах гэсэн боловч зарагдахгүй байна. Эмнэлгийн барилгыг татан буулгах комиссын шийдвэрээр ХХХт шилжүүлсэн. Төлбөрийн чадваргүй компаниас нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг шаардаж байгааг төлөх боломжгүй гэжээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ нь татан буулгах комиссын бүрэлдэхүүнд орсон, татан буулгах комисс нь манай газарт ажиллаж байгаагаараа "ХХХХХХ”-ийн үйл ажиллагаатай холбогдоод байна. Түүнээс өөрөөр манай газар энэ эмнэлэгтэй холбоо байхгүй, нэхэмжлэгч нар яагаад манайхаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. ХХХ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нар нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Монгол-Солонгосын хамтарсан “Ионсей Найрамдал эмнэлэг” нь гэрээний хугацаа дууссан тул Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т зааснаар татан буугдсан. Энэ талаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаартай Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан тул Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаар 1 сарын тэтгэмжийг бүх ажилчдад олгосон. Эмнэлэг татан буугдаж байгаа тул ажилчдыг бөөнөөр ажлаас халсан гэж үзэхгүй. Ажил олгогч ажилтантай тохирсон хэлэлцээр байхгүй. Тэгээд ч ХХХХ болоод ХХХ нь хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ХХХХХ ХХК болон ХХХт холбогдох нийт 121.154.984 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ нар нь ХХХХт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхээс бөөнөөр халах үеийн ажлаас халагдсаны тэтгэмжийг ажил олгогч өөрийн эд хөрөнгийн боломж бололцоонд тулгуурлаж, нэг сарын дундаж цалин хөлснөөс дээш хэмжээгээр олох боломжтой гэж үзэж энэ талаар ажилтны төлөөлөгчтэй тохирч хэлэлцээ хийсэн бол ажилчид тохирсон хэмжээгээр тэтгэмж олгохыг ажил олгогчоос шаардах эрх үүснэ гэсэн байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан болохоос ажил олгогч өөрийн эд хөрөнгийн боломж бололцоонд тулгуурлаж, нэг сарын дундаж цалин хөлснөөс дээш хэмжээгээр олох боломжтой гэж үзэж энэ талаар ажилтны төлөөлөгчтэй тохирч хэлэлцээ хийсэн бол ажилчид тохирсон хэмжээгээр тэтгэмж олгох гэж заагаагүй байхад шүүх ингэж үзэж    байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх тэрчлэн бөөнөөр халах үед 1 сарын дундаж цалин хөлснөөс дээш хэмжээгээр тэтгэмж олгохоор хөдөлмөрийн гэрээнд тохирсон, эсхүл Хөдөлмөрийн дотоод журамд заасан тохиолдолд ажилтан тэр хэмжээгээр шаардах эрхтэй байна гэсэн байгаа нь мөн хуулийн үндэслэлгүй юм. Яагаад гэвэл мөн хуулийн дээрх үндэслэлд ийм зохицуулалт байхгүй байхад шүүхээс хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна. Шүүхээс ...хуульд зааснаас илүү хэмжээгээр тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх    хэмжээ нь ажил олгогчид байдаг тул шүүх нэхэмжлэгч нарт хууль зааснаас илүү хэмжээгээр ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй гэж хариуцагч Ионсей найрамдлын эмнэлэг ХХК-ийг буруутгаж, түүний оролцоогүйгээр хийгдсэн нийт ажилтны хурлаас тогтоосон хэмжээгээр тэтгэмж гаргуулж, хариуцагч нарт олгох хууль зүйн үндэслэлгүй гэсэн байна.

Хэдийгээр эрх хэмжээний асуудал нь ажил ологчийнх ч гэсэн ажил олгогч үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж энэ үүргийг нь биелүүлүүлж өгөөч гэж л нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ажил олгогч энэ үүргээ биелүүлэх гээд ядаж оролдлого хийгээд манай байгууллагад санхүүгийн бололцоо боломж байхгүй гэдгээ ногтолсон бол ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаад явахгүй байсан болно. Гэтэл ажил олгогч ийм үйлдэл хийхгүй байхад нэхэмжлэгч нар ажил олгогчоо санхүүгийн боломжтой эсэхийг хэрхэн мэдэх болж байна вэ. Нэхэмжлэгч нар нь бид нар хоорондоо тохирсон тохироогоо өгөөгүй учраас 9 сарын цалинтай тэнцэх ажлаас халагдсаны тэтгэмжийг өгөх ёстой гэж анхнаасаа тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас татан буугдаж байгаа гэсэн үндэслэлээр халагдаж байгаа тул тус хуулийн 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө ажилчид нарын төлөөлөгч нарт мэдэгдээд ажилчид нарын төлөөлөгч нартай харилцан тохиролцоод тус хуулийн 42-д заасан тэтгэмжийг өгөх ёстой атал энэ үүргээ биелүүлэхгүй байна гэж л нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно.

Тэгээд ч гэсэн нэхэмжлэгч нар өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ хийгээд шүүхэд хандаж байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч нар шат шатны хүмүүс албан тушаалтан нарт хандаад тохиролцы гэсэн шаардлагаа тавихад хэн ч тоож хүлээж аваагүй нэг сарыг л өгсөн болно гээд хөдлөөгүй болно. Иймд нэхэмжлэгч нар төлөөлөгчөө 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нийт ажилчдын хурлаар хуралдаад Хөдөлмөрийн тухай хуулийн 42-д заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг энэ байгууллагыг анх байгуулагдахад л орж ажилласан хүмүүс дийлэнх нь байгаа, санхүүгийн хувьд ч өгөх боломжтой яагаад гэвэл өр ширэнд ороод татан буугдаагүй, зорилгодоо хүрээд татан буугдах шийдвэр гарсан гэж үзсэн тул 9 сараар тэтгэмжээ авах дээр санал нэгдээд 100 хувийн саналаар ХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, Г.Баянжаргал нарыг сонгон холбогдох байгууллагад энэ тухай шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өгөхдөө дараах байгууллагынхаа захиргаа, ХХХ /НӨХГ/, Татан буулгах комисс, НИТХ-ын дарга, Нийслэлийн засаг дарга ХХХХХ, НЭМГ, СБД-ийн МХГ, МҮЭХ, МЭМҮЭХ, Нийслэлийн засаг даргын орлогч ХХХХХ нарт өгснөөр 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр техник хөрөнгө тоолоод үнэлсэн хөрөнгөөс 84 сая төгрөгийн зүйл өөрсдөө худалдаж аваад түүгээрээ нэг сарын тэтгэмж аваад л хоцорсон боловч 8 сарын тэтгэмж өгөх боломжгүй гэсэн хариуг өгснөөс яагаад боломжгүй байгаа тухайгаа нэг ч бидэнтэй уулзаад ярилцаагүй. Хариуцагч байгууллага санхүүгийн боломжгүй гэсэн байна. Гэтэл “ХХХХХХ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан газрыг объект нь 8000000000 төгрөгөөр зарсан байхад санхүүгийн хувьд боломжгүй гэж үзэж үндэслэл болох уу. Ингэж үйл ажиллагаа явуулдаг газар болон объектыг зарсан байгаа нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д зааснаар хэдийгээр өмч байхгүй юм бол бусад эд хөрөнгийг хуульд заасны дагуу худалдаж ажилчдын авах ёстой байсан цалин хөлсийг олгох ёстой гэж заасан байгаа болно. Шүүхээс нэхэмжлэгч ХХХгийн ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болоод Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ авах эрхээ үүсээгүйд хариуцагч нарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагч хэрвээ Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар төлөх ёстой хувиа бүрэн /7,8 хувь биш 8 хувиар/ төлсөн бол нэхэмжлэгч ХХХ нь тус сангаас авах уг тэтгэмжид хамрагдах боломжтой байсан болно. НДТХ-ийн 6 дугаар зүйлд ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс даатгуулагч хохирсон бол ажил олгогчоосоо нэхэмжлэн авах эрхтэй гэсний дагуу тус шүүхэд хандсан болно. Энэ нь хэргийн материалд цугларсан нотлох баримтаар тогтоогдоод байхад шүүхээс ингэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газрыг хариуцагч биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анх үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчаар гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байсан объект болон газрыг хөрөнгөөр оруулсан бөгөөд уг газар, объектыг тус ХХХ зарсан болохоор л хариуцагчаар татаж оролцуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХ нар нь хариуцагч ХХХХ, ХХХ, ХХХХХ ХХК-д холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмжид нийт 121.154.984 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХХХт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “...Монгол-Солонгосын хамтарсан Ионсей найрамдал эмнэлгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын      29-ний өдрийн 01 тоот тогтоолоор татан буулгах шийдвэр гарсан, энэ талаар 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийт эмч ажилчдад мэдэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42.1-д зааснаар ажилтны төлөөлөл 9 сарын цалингийн хэмжээгээр тэтгэмж авахаар шийдвэрлэсэн, “...1 сарын тэтгэмж авсан учир, 8 сарын тэтгэмж гаргуулах, ХХХ хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8%-иар төлснөөс ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй учир 2.506.000 төгрөгийг гаргуулах...” гэж үндэслэсэн.

Хэрэгт авагдсан баримтаар Монгол-Солонгосын хамтарсан Ионсей найрамдал эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № 2  тогтоолоор эмнэлгийг 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгахаар шийдвэрлэсэн, тус эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн эмч, ажилтанд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх буцалтгүй тэтгэмж олгох” гэж заасан, нэхэмжлэгч нар 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авсан, нэхэмжлэгч ХХХ 2014 оны 5 дугаар сард хүүхэд асрах чөлөө авсан, эмнэлэг татан буугдах хүртэл хугацаанд ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 7,8%-иар тооцон түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж, маргааныг шийдвэрлэхэд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж заасан нь дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг заавал олгох гэсэн зохицуулалт бөгөөд харин нэг сараас дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг заавал олгох гэсэн зохицуулалт биш учир ажилтны төлөөлөл нь ажил олгогчоос 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хуулийн энэ зохицуулалтаар шаардах боломжгүй, хариуцагч эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн эмч, ажилтанд мөн хуулийн 42.1 дэх заалтыг үндэслэн 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх буцалтгүй тэтгэмж олгоно.” гэсэн байх тул тэтгэмжийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч ХХХгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хариуцагч нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө Засгийн газрын 1994 оны 212 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 2е-д заасан хувь хэмжээгээр төлсөн нь нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

    ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

 

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ