Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01375

 

Ш.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00617 дугаар шийдвэр,

           Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр магадлалтай,

           Ш.Мын нэхэмжлэлтэй,

           Э ХХК-д холбогдох           

      Ажилгүй байсан хугацааны цалин 38.497.712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-07-07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дүгээр шийдвэрээр Ш.М намайг ‘'Э" төв эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2015-08-19-ний өдрөөс 2016-07-07-ны өдөр хүртэл  хугацааны олговорт 40.772.594 төгрөг гаргуулах, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган  дэвтэрт  бичилт хийхийг ажил олгогчид  даалгасан. Энэ шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  2016-09-12-ны өдрийн 146 дугаар магадлал, хяналтын шатны шүүх 2016-12-16-ны өдрийн 001/ХТ2016/01412 дугаар тогтоол тус тус хэвээр үлдсэн. “Э” ХХК нь одоо болтол шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, ажилд авахгүй, цалин хөлс олгохгүй байна. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-07-07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дугаартай шийдвэрээр миний ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 174.990 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 3.762.278 төгрөгөөр тооцсон байдаг. Иймд “Э” ХХК-с 2016-07-08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж,холбогдох дэвтэрт бичилт хийх ёстой. Иймд “Э” ХХК-иас Ш.М надад 2016-07-08-ны өдрөөс 2017-05-31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны  олговорт 38.497.712  төгрөгийг хариуцгчаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид  даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.М нэхэмжлэлдээ нэг өдрийн цалин хөлсийг 174.990 төгрөг гэж нэхэмжилжээ. Ажилтны цалин хөлсөнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016.07.07-ны өдрөөс одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеэр ажиллаагүй байх тул түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалинд цалин хөлсийг хамтатган тооцон олгох үндэслэлгүй. Ш.Мын нэхэмжилсэн нэг өдрийн цалингийн үнийн дүн нь цалин хөлсийг нэгтгэн бодсон байх тул нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00617 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагчаас  38.497.712 төгрөг гаргуулан Ш.Мад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ш.Мын цалинтай тэнцэх олговор 38.497.712 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Э” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.700 төгрөгийг төрийн сангаас гаргуулж Ш.Мад буцаан олгож, хариуцагчаас 350.439 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 29-ний өдрийн 139 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын гомдолдоо: “...Хариуцагч талаас тухайн нэхэмжилсэн хугацааны цалингийн тооцооллыг сар тус бүрээр нь Ш.Мын үндсэн цалингийн хэмжээг үндэслэн шүүхийн шаардлага хангах хэлбэрээр бичмэл нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл  шүүх хариуцагчийн  гаргаж өгсөн баримтыг татгалзлыг нотлох баримт болохгүй, шаардлага хангаагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ. Ш.Мын нэхэмжлэлийн гол агуулга бол цалин хөлсийг гаргуулах юм. Өөрөөр хэлвэл, үндсэн цалин хөлсийг ажилгүй байсан хугацаандаа тооцуулан нэхэмжлэх. Гэтэл цалин хөлс нэхэмжилсэн маргаанд цалин хөлсний тооцооллын баримтыг нотлох баримтаар өгсөн байтал хариуцагчийн татгалзлын үндэслэл болохгүй гэж үзлээ. Шүүхэд цалин хөлстэй холбоотой маргаанд цалингийн тодорхойлолт, тооцооллын баримтыг гаргаж өгөхөөс өөр ямар нотлох баримт гаргаж өгвөл үндэслэлтэй байх байсан талаар ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн шийдвэр гаргаж байгаа нь ИХШХШТХ-ийн 40.2, 40.3-г буруу хэрэглэсэн. Ажилтны цалин хөлсөнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016.07.07-ны өдрөөс одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеэр ажиллаагүй байх тул түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалинд цалин хөлсийг хамтатган тооцон олгох үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь Э ХХК-ийн бүтцээс гарсан буюу түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь томилж ажиллуулах бүтцийн нэгж нь бие даасан байгууллага болсон. Нэгэнт байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр тухайн албан тушаал байхгүй болсон байдалд Ш.М нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэл гаргаж шүүхээр тогтоолгох үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаал ажиллуулах талаар ямар нэг тохиролцоонд хүрч чадахгүй, эсвэл бүтцийн өөрчлөлтөөр тухайн албан тушаалыг дахин шинээр бий болгоогүй гэх мэт тохиолдолд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг удаа дараалан нэхэмжлэх  нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нэг талаас эрх зүйн хийдлийг ашиглах боломжийг хэргийн оролцогчид олгохоор байна. Энэ мэтээр цалин гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг удаа дараа гаргах нөхцөл боломж гарсаар байвал ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд их хэмжээний эдийн засгийн хохирол амсахаар байна. Иймд шийдвэр, магадлалыг  хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ш.М 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Э ХХК-с 2016-07-08-ны өдрөөс 2017-05-31-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговорт 38.497.712 төгрөг /хх1,82/ гаргуулахыг шаарджээ.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Ш.Мыг “Э" төв эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан олговорт 40.772.594 төгрөг /нэг өдрийн 174.990 төгрөг/ гаргуулах тухай 142/ШШ2016/00979 дугаар шийдвэрийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

         Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 142/ШШ2016/00979 дугаар шийдвэр биелэгдээгүй нь нотлогдсон тул Ш.М нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй, энэ тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 69 дүгээр зүйлд нийцсэн тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй. 

         Дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрт нэг өдрийн дундаж цалин хөлсийг 174.990 төгрөгөөр, нэг сарын 3.762.278 төгрөгөөр тооцон олговрын хэмжээг тодорхойлсон тул уг  үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

         Анхан шатны шүүх “Э” ХХК-с 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны олговорт 38.497.712 төгрөг гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээнэ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00617 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 350.439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ