Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 172

 

Ю.Энхтуул, Н.Гантулга нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Ю.Энхтуул, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 243 дугаар магадлалтай, Ю.Энхтуул, Н.Гантулга нарт холбогдох эрүүгийн 201501000137 дугаартай хэргийг шүүгдэгч Ю.Энхтуул, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, М.Баасанбат нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Юурагийн Энхтуул нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар бүргэд овогт Нохойжавын Гантулга нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Гантулгад холбогдох Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ю.Энхтуулыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах замаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Энхтуулд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, эд мөрийн баримт 2 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Н.Гантулгаас 4.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Ю.Энхтуулын эзэмшлийн авто зогсоолыг эд хөрөнгө хураах ялыг хангах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ю.Энхтуул нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас Ю.Энхтуулд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт оруулж,  тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Ю.Энхтуулыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Ю.Энхтуулд төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 38.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ю.Энхтуулын цагдан хоригдсон 44 хоногийг одоо мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж 8.448.000 төгрөгийг торгох ялаас хасч, торгуулийн ялын хэмжээг 29.952.000 төгрөгөөр тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ю.Энхтуулын эзэмшлийн авто зогсоолыг торгуулийн ялыг хангуулах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж  тус тус өөрчилж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Ю.Энхтуул нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Энхтуул, түүний өмгөөлөгч М.Баасанбат, Д.Тунгалаг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Ю.Энхтуулыг нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ю.Энхтуул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... шүүгдэгч Гантулгын эхнэр, гэрч Амарзаяа нь манай сургууль дээр “Үдийн цай” хөтөлбөрийг “Санчир Олуулаа” ХХК-ийн өмнөөс хэрэгжүүлж байхдаа надтай найз нөхдийн харилцаа холбоотой, байнга, гарч хэн нэгэндээ хэрэгцээтэй зүйлээр тус дэм болж хамтран ажиллаж байсан. Би Америк явах үедээ энэ хүний хэлсэн “зээл олдоно, мөнгө зээлүүлэх хүн байна” гэсэн бачир үгэнд автан хөнгөмсөгөөр итгэж 4 сая төгрөг авсандаа туйлын их гэмшиж байна. Амарзаяа нь надад мөнгө зээлүүлж болох тухай яриад, нөхөртөө болохоор “Энхтуул мөнгө нэхээд” гэж хоёр тийшээ хоёр өөр зүйл ярьж байсныг би сүүлд мэдсэн. Би хууль дүрэм мэддэггүй, анхаарал болгоомжгүй, хүнд итгэж байсны улмаас ийм гэмт хэрэгт холбогдсондоо харамсаад ч барахгүй байна. Цагдан хорих ангид хоригдож байх үедээ улам их ойлгож давж заалдах шатны шүүхэд онлайнаар оролцохдоо миний дуу хоолой гацах, сүүлдэж ирэх зэрэг шалтгаанаар өөрийн гэмшлээ бүрэн илэрхийлж чадаагүй. Намайг шүүхэд хандаж эцсийн үгээ хэлж байх үед хажууд зогсож байсан хянагч чихэнд зүүсэн микрофоноос чангааж “аяархан ярь, хажууд чинь шүүх хурал болж байна” гэж нудраад би сандран “өөрийн гэмшиж байгаагаа зөв илэрхийлж чадаагүйгээс шүүх бүрэлдэхүүнд буруу ойлголт төрүүлсэн. Би өөрийн доод албан тушаалтнаас ямарч тохиолдолд мөнгө авч болохгүй гэдгийг маш сайн ойлгож ухаарсан. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Би боловсролын байгууллагад ажиллаж байхдаа нэг ч удаа залилах, дарамтлах зэрэг гэмт хэрэгт орж яваагүй, олон мянган шавь нараа зөв сурган хүмүүжүүлж байсан, өөрөөсөө ичиж байна. Иймд миний нөхөр, эцэг, эх нас барж, ганц өнчин охинтойгоо амьдардаг, өрхийн орлогогүй, энэ гэмт хэргийн улмаас ажлаас халагдсан, биеийн эрүүл мэнд муу, хорт хавдартай зэрэг байдлыг харгалзан хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан надад оноосон торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... шүүхээс анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээж буй этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт этгээдийн хувийн байдал болон хэргийн бодит байдалд буруу дүгнэлт өгсөн гэж үзэхээр байна. Учир нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ю.Энхтуул цахим хэлбэрээр оролцож гэм буруугаа хүлээн мэдүүлсэн бөгөөд тоног төхөөрөмж, сүлжээнээс хамаарч түүний хэлсэн зарим үг шүүх хуралдааны танхимд хоцорч сонсогдож байсныг дурьдах нь зүйтэй. Нөгөө талаар шүүгдэгч Ю.Энхтуул боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан, түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж шагнан урамшуулж байсны зэрэгцээ хэрэгт холбогдон шалгагдах хугацаанд ажлаасаа халагдсан. Өрх толгойлон охины хамт амьдардаг, савны хавдар өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг зэрэг бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй. Ю.Энхтуул Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тохиолдолд түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул Эүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах замаар ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч Энхтуул нь 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа цайны газрыг түрээсэлдэг “Санчир олуулаа” ХХК-ийн захирал Гантулгаас цаашид хамтран ажиллана, үдийн цай хөтөлбөрийг танай компанид өгнө гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж 4.000.000 төгрөгийн хээл хахууль авсан, шүүгдэгч Гантулга нь 4.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт ач холбогдолтой бүх нотлох баримтыг шалгасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх Энхтуулд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялыг торгох ял болгосон нь зөв байна. Гантулгад Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэл өршөөлийн хуульд хамруулсан шүүхийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ю.Энхтуул нь Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус сургуулийн цайны газрыг түрээслэгч “Санчир олуулаа” ХХК-ийн захирал Н.Гантулгаас “цаашид 3 жилийн хугацаанд хамтарч ажиллана, үдийн цайны 5 хоногийг танай компанид өгнө” хэмээн хийх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж 4.000.000 төгрөгийн хээл хахууль авсан, шүүгдэгч Н.Гантулга нь 4.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн үйл баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх Ю.Энхтуулд холбогдох Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 болгож өөрчилсөн нь зөв байна.

Нийслэлийн засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/698 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хүлээлгэсэн байхад шүүгдэгч Ю.Энхтуул нь албан үүргийн хувьд дээрх сонгон шалгаруултанд оролцох, сонгон шалгаруулах эрхгүй атлаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр Н.Гантулгад урьдчилан амлаж, албан тушаалын байдлаа ашиглан түүнээс 4.000.000 төгрөг авсан үйлдэл нь хээл хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан “... хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүх торгох ялыг хорих ял болгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх хэмжээ байхгүй тул “торгох ялыг хорих ялаар сольж, хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбатын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хувийн байдал болон анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ю.Энхтуулд оногдуулсан торгох ялын хэмжээг багасган хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 243 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Тунгалаг, М.Баасанбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                   ДАРГАЛАГЧ,

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Т.УРАНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧ                                                                       Б.ЦОГТ