| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0172/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/185 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 1738003910230 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн С.Ноос 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Лутаа, Лутаа гэсэн фэйсбүүк хаягаар нэвтрэн орж 500.000 төгрөгийг авч цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн С.Ноос 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Лутаа, Лутаа гэсэн фэйсбүүк хаягаар нэвтрэн орж 500.000 төгрөгийг авч цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1738003910230 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүмүүсийн утасны дугаарыг өөрөө зохиож фэйсбүүкийн утасны дугаар, нууц үг хийдэг хэсэгт хийж үзэж байгаад ... гэсэн утасны дугаарыг хийтэл Лутаа, Лутаа гэсэн фэйсбүүк рүү санаандгүй нэвтэрсэн юм. Тэгээд би фэйсбүүк эзэмшигчийн найзуудаас нь С.Н гэсэн хүн фэйсбүүкт идэвхтэй байсан тул сайн уу гэж ойр зуурын юм бичиж байгаад чат бичээгүй. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөгөө С.Н гэсэн фэйсбүүк хаягтай хүн рүү дахин чат бичиж нөгөөдөр хүртэл 500.000 төгрөг зээлэх боломжтой юу эргүүлээд 700.000 төгрөг болгоод өгнө. Мөнгөний яаралтай хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө С.Н за дансаа явуул гэхээр нь би хүн рүү мөнгө явуулах гэж байгаа юм гэж хэлээд өөрийнхөө нэр дээрх ... тоот дансыг явуулсан ба тэр үедээ удалгүй миний дансанд 500.000 төгрөгийг ... гэсэн утгатай мөнгөн шилжүүлэг хийгдсэн байсан. Тэгээд би тухайн хүнийг залилж мөнгө авсан...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэрийн төрсөн дүү Вангүрзагдын Лут-Очирын зурагтай фэйсбүүкээс миний фэйсбүүк хаяг руу хаягруу Нi гэж бичиж мэндэлсэн. Би хариуд нь бас чат бичсэн. Тэгтэл ойрхон дахин чат бичээд мөнгө байна уу гэж асуугаад 2 хоногийн хугацаатай 500.000 төгрөг зээлээч 2 хоногийн дараа 700.000 болгож өгнө гэж бичсэн. Би эхнэрийн дүүг гэж бодоод утасны мобайл банкаар Хаан банкны ... гэсэн данс руу явуулсан. Тэгээд чиний данс юмуу гэхэд хүний данс руу явуулчих миний ажил болохгүй байна гэж бичсэн. Тэгээд би 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа над руу мөнгө орж ирэхгүй болохоор нь би тэгж байгаад өгөх юм байх гэж бодоод хэд хоног хүлээж байгаад асуутал би таниас мөнгө аваагүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд би өөр хүнд залилуулсан байна гэж мэдсэн. Би хохирлоо барагдуулж авсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,
Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би А.Аыг бусдаас 500.000 төгрөгийг залилж авсан талаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг цагдаагаас дуудаж уулзахад мэдсэн ба тэрнээс өмнө А.Аыг хүнээс мөнгө залилсан талаар мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч В.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 онд Лута, Лута гэсэн фэйсбүүк хаяг ашигладаг байсан ба тухайн хаягтаа нэвтэрч чадахгүй болсон. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 03-04-ний үед тэр хаягаар үл таних өөр хүн нэвтэрч манай хүргэн ах С.Н луу мөнгө зээлээч гэж чат бичиж 500.000 төгрөг залилж авсан байсан. Болсон үйл явдлын талаар сүүлд С.Н ах надаас зээлсэн мөнгөө авья гэхээр нь юун мөнгө хэзээ би таниас мөнгө зээлсэн юм бэ? гэхэд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг зээлээч гээд 2 хоногийн дараа 700.000 төгрөг болгож өгье гэсэн чат бичихээр чинь би шилжүүлсэн гэж надад хэлээд энэ асуудлын талаар мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29, 32, 35 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36-37, 39-43 дугаар хуудас/,
Хохирогч С.Н нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1738003910230 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн С.Ноос 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Лутаа, Лутаа гэсэн фэйсбүүк хаягаар нэвтрэн орж 500.000 төгрөгийг авч цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч С.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/, гэрч Х.Мөнхнасангийн /хх-ийн 25-р хуудас/, гэрч В.Лут-Очирын /хх-ийн 26-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29, 32, 35 дугаар хуудас/, С.Н нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг шүүгдэгч А.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.А нь хохирогч С.Нэд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч А.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч А.А нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738003910230 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738003910230 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР