| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2024/03374/И |
| Дугаар | 210/МА2024/01929 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01929
2024 10 25 210/МА2024/01929
Д.Ж ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/03986 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ж ын хариуцагч БГДНДГт холбогдуулан гаргасан мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 7,190,100 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Д.Ж нь 13 болон 54 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон хугацаа тасралтгүй сунгагдаж явсаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болох нь Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 807 тоот актаар тогтоогдсон. Улмаар жил бүр сунгагдаад явж байна. Гэвч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрөө авч чадаагүй, хариуцах эзэн олдохгүй байдалтай байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин нэмэгдүүлсэн нэг сарын дундаж цалингийн нөхөн төлбөрийг нэг удаа олгоно гэж заасны дагуу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 7,190,100 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Д.Ж нь Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 807 тоот актаар мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 60 хувиар тогтоолгож улмаар жил бүр сунгагдаж байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно: гэж заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага биш тухайн нэхэмжлэгчийн ажиллаж байсан газар нь уг төлбөрийг гаргаж ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгохоор хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаар татагдсан БГДНДГ нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасныг баримтлан хариуцагч БГДНДГаас 7,190,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ж ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,004 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Д.Ж би хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр авах ёстой боловч олгох газар нь олдохгүй явсаар өдий хүрээд, шүүхэд хандсан ч шүүх шийдэж өгсөнгүй. Тухайн үеийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Пүрэвсайхан дүгнэлтдээ тодорхой заасан байгааг шүүх харгалзаж үзэхгүйгээр буруу шийдвэр гаргаж байна. Хөдөлмөрийн тухай /хуучин/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх заалт болон Улсын дээд шүүхийн тогтоолын 28-д нөхөн төлбөр аваагүй хүмүүсийг хамруулахаар тодорхой заасан. Миний ажиллаж байсан газар нь Төрийн сангаас санхүүждэг төсөвт байгууллага учир Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас гаргуулж олгох ёстой. Одоогийн шинэчилсэн хуулинд ч энэ заалт байгаа. Үүнийг шүүгч нар огт үзэхгүй байна. Ийм учир арга буюу танайд хандаж байна. Иймээс нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно: гэж, хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж тус тус заасан. Дээрхээс үзвэл, Нийгмийн даатгалын байгууллага биш, тухайн ажил олгогч буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Ерөнхий боловсролын сургууль нөхөн төлбөрийг олгох ёстой. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч БГДНДГт холбогдуулан мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 7,190,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч Д.Ж нь Нийслэлийн 54 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, 1996 онд ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрээр мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж, улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа нь сунгагдсаар байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 807 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0574972 дугаартай акт, тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6-10, 12 -р тал/.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно: гэж, 125.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд тогтоосон хувь, хэмжээгээр нөхөн төлбөр олгох үүргийг ажил олгогч хүлээхээр заасан байна.
5. Иймд нэхэмжлэгч Д.Ж нь БГДНДГаас мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль, уг хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарыг харгалзан үзээгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны /-ийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нөхөн төлбөр олгохоор зохицуулсан. Харин мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Гэвч нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага буюу 54 дүгээр сургуулийг татан буугдсан гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх хууль хүчингүй болсон тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/03986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 131,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.БАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ