Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2024/00015

 

Л.Цэдэнсодномын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дугаар шийдвэртэй

Л.Цэдэнсодномын нэхэмжлэлтэй С.Борд холбогдох Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг, Жаргалант Жаргалантын хэсэг 4 дүгээр гудамж 38 тоот хаягт байршилтай газрыг С.Борын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч С.Цэдэнсодном /цахимаар/, хариуцагч С.Бор, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Л.Цэдэнсодном, хариуцагч С.Борд холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг, Жаргалант Жаргалантын хэсэг 4 дүгээр гудамж 38 тоот хаягт байршилтай газрыг С.Борын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Л.Цэдэнсодном нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын дэргэдэх 2015 оны 1 сарын 07-ны өдөр ............. дугаартай захирамжаар Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг, ............. байрлах 507 метр квадрат газрыг өмчилж авсан. ...Би 2012 онд Завхан аймагт ........ ажиллаж байх хугацаандаа ээжийгээ амьдруулахаар худалдаж авч байсан. Гэтэл миний энэхүү газарт иргэн С.Бор зөвшөөрөлгүй хууль бусаар оршин сууж, амьдарч байна. Би Улаанбаатар хотод ирж Төрийн банканд ажиллаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай дүү авто машины аваарт орж нас барсан. Би буяны ажлаар Завхан аймагт очсон. Тэгсэн миний энэхүү өмчлөлийн газар дээр хүн хашаа хатгаж, байшин барьж байна гэж хэлсэн. Тэгээд би Бор гэдэг хүнтэй утсаар холбогдож энэ миний эзэмшлийн газар байгаа юм. Танайх яагаад хашаа хатгаж, байшин барьж байгаа юм бэ? гэхэд миний урдаас үг сөргөсөн. Миний эзэмшлийн газрыг миний зөвшөөрөлгүйгээр зарах эрх надаас өөр хүнд байхгүй гэсэн чинь маргаж эхэлсэн. Ингээд би аргагүйн эрхэд шүүхэд хандсан. Иймд Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг, .............тоот хаягт байршилтай газрыг С.Борын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

2023 оны 7 сарын эхээр энэ хашааг зарна гэж хүнээс сонсоод эзнийг нь хайсан. ........найз над руу утсаар яриад Амь-Ус ХХК-д ажилладаг усны машины жолооч тэдний хашаанд байсан юм байна, тэр хүнээс гол эзнийг нь асуу гэхээр нь тэр жолооч ахтай уулзсан. Жолооч ах хүү, манайх тэр айлын хашаанд нэг жил байсан эзэн нь Л.Цэнд-Аюуш гэдэг залуу байгаа гэхээр нь хот тохижилтод ажилладаг .......ш гэдэг залуутай уулзаад хашаагаа зарах уу гэхэд зарна гэсэн. Тэр үед манай нөхөр Бадрах, түүний найз Отгонбаяр бид нар цуг явж байгаад Л.Цэнд-Аюуштай газар дээр нь очиж уулзаад хашаа нь хуучин банзнууд нь унасан, дааман хаалга нь хуучин эвдэрхий нураад унасан, жорлонгүй жижиг нүх ухаад хогоор дүүргэсэн байсан. Тэгээд бид худалдаж авахаар болж Цэнд-Аюуш 5.0 сая төгрөгөөр зарна. Би хашааг янзалж өгч чадахгүй гэсэн. Хүмүүс зарна гэхээр ирж үзчихээд авна гэж хэлчихээд алга болчихдог юм. Үнэхээр та хоёр авах юм бол надад урьдчилгаа мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд талийгаач Цэнд-Аюушийн данс руу 1.0 сая төгрөг урьдчилж хийж байсан. Бичиг баримт нь байгаа юу гэхээр байгаа гэж байсан. Тэр үед баяр наадам болж байсан болохоор баярын дараа үлдэгдэл мөнгөө өгөөд бичиг баримтаа өгөхөөр болж бид хоорондоо тохиролцсон. Ингээд манайх энэ маргаан бүхий хашаанд ирж буугаад хашааг янзалсан. Энэ хүн хашаагаа зарагдсаныг мэдээгүй гэж яагаад яриад байгаа юм бэ, энэ хүний төрсөн ах ........ гэдэг хүн хашааг нь зарсан тухай мэдсэн. Энэ хүн юу гэж ярьсан бэ гэхээр дүүгийнхээ хашааны хажуугаар явахад айл буусан хашааг янзалсан байсан. Тэгэхээр нь дүүгээсээ асуухад зарсан гэж хэлсэн байсан. Бичиг баримт нь эгчийнх нь нэр дээр байдаг. Түүнийгээ шилжүүлж өг гэж хэлсэн гэж ах нь ярьж байна лээ. Талийгаач манайд ирж хашаагаа гоё янзалсан байна. Үлдэгдэл хогийг гадаа гаргаад тавьчих би ачаад хаячихъя гэж байсан. Тэгээд наадам болж байсан учир мөнгө хэрэгтэй байна гээд дахиад 500.000 төгрөг авч явсан. Тэгээд хашааны мөнгө өгөх л юм чинь гээд манайх 500.000 төгрөг өгсөн. Бичиг баримт нь байгаа юм уу гэхэд байгаа л гээд байсан. Тэгээд манай ах дүү нар 100 жилд ирж байгаа л гэж байсан. Чухам энэ ........... гэж хүнийг ирсэн үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед хашааг зарсан Цэнд-Аюуш гэдэг залуугаас чи гэр бүлтэй юм уу, эхнэр хүүхэдтэй юм уу гэхэд эхнэр хүүхэдгүй л гэж байсан. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 20-ны үед над руу Цэнд-Аюуш дахиад ярьж та хашааныхаа мөнгөнөөс 500.000 төгрөг явуулаад өгөөч. Тань руу данс явуулъя гэсэн. Тэгэхээр нь хэн юун данс юм бэ? гэсэн чинь манай эхнэрийн данс гэсэн. Чи эхнэргүй гээд байсан биз дээ гэхэд дүү нь эхнэртээ болж байгаа гэсэн. Тэгээд тухайн үед Ариунаа гэсэн хүний данс руу 450.000 төгрөг хийсэн. Манай нөхрөөс 50.000 төгрөг бэлэн авсан байсан. Тэгээд бичиг баримтаа яах юм бэ? гэхэд байгаа л гээд байдаг байсан. Дараа нь талийгаач Цэнд-Аюуштай нэг тарахад халамцуу явж байсан. Бичиг баримтаа юу болгосон юм бэ? гэхэд жаахан асуудал байгаа удахгүй шилжүүлнэ гэж байсан. Чиний бичиг баримт барьцаанд тавьсан юм уу? гэхэд тийм л гэсэн. Зээлд л тавьсан юм байна гэж бодсон. Тухайн хашааг сайхан янзалсан. Тэгээд Цэнд-Аюушийн ах дүү нар энэ талаар сайн мэдэж байхад Цэдэнсодном ганцаараа мэдээгүй, ах дүү нараасаа сонсоогүй гэх боломжгүй юм. Энэ хүн манайхыг хашаа хатгасан байгааг дуулаад ярьсан гэж байна. Ингэж анх надтай хашааны гэрчилгээний талаар ярихдаа үг сөргөж яриагүй шүү дээ. Манай дүү та нарт хашаа зарсан байна. Гэрчилгээг нь шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь авъя л гэж хэлсэн. Анх хоёулаа ярихдаа эвтэй найртай л ярилцсан. Би Ариунаа гэдэг хүний данс руу мөнгө хийсэн, өөрт нь мөнгө өгсөн гэхэд, Цэдэнсодном ............ гэж манай дүүтэй хамтран амьдарч байсан хүүхэн гэж хэлсэн. Тэгээд 5.0 төгрөг гэж тохирсон гэж хэлэхэд би юу гэлээ хийж танайд хашаагаа 5.0 сая төгрөгт зарж байдаг юм. Би хашаагаа 8.0 сая төгрөгт зарна гэж хэлээд бид хоёр ам мурийсан. Одоо харахад бол 8.0 сая төгрөгт зарах боломжтой байх. Өмнө нь нурж унасан жорлон ч үгүй л байсан. Хашааны үнэнээс болж л ийм зүйл болсон. Чи нэхэмжлэлдээ худлаа ярьсан байсан. Манай дүүд хашааны мөнгийг нь өгөөд дуусгасан гэж байна гэсэн байна лээ. Би үнэнээ л хэлсэн. 2.5 сая төгрөг дутуу өгөөгүй байгаа гэж хэлсэн. Бид нар энэ газрыг аваад зөндөө хөрөнгө оруулалт хийсэн байхад яагаад хүний хөрөнгө мөнгө, цаг завыг бодохгүй байгаа юм бэ, талийгаач манайд ирдэг байсан. Танайх байшингаа барьж байгаа юм уу гээд явж л байсан. Бичиг баримтаа яасан юм бэ гэхэд удахгүй өгнө л гэдэг байсан. Бид нар л болсон хойно барьцаанд тавиад зээл авчихсан юм байна, удахгүй бичиг баримтыг нь өгчих байх л гэж тэр хүнд итгэсэн.

Бичиг баримтыг нь шилжүүлж өг гэж чи дүүгээ явуулж байсан юм байна лээ шүү дээ. Бичиг баримт шилжүүлэх гэхээр заавал эзэмшигч нь өөрөө байх ёстой гээд Цэнд-Аюуш надтай уулзахдаа хүртэл энэ талаар хэлж л байсан. Манайх зөндөө хөрөнгө мөнгө зарж бүтээн байгуулалт хийсэн тул хашааны үлдэгдэл мөнгийг өгч хашааныхаа бичиг баримтыг шилжүүлж авах хүсэлтэй байна. Газрыг чөлөөлөх боломжгүй гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг, ......... хаягт байрлах Л.Цэдэнсодномын өмчлөлийн 507 м2 талбайтай газрыг хууль бусаар эзэмшиж буй хариуцагч С.Бор, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Цэдэнсодномын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бороос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдлын агуулга, тайлбартаа: Шүүхийн шийдвэрт "...хариуцагч С.Бор нь нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу өмчилж буй газраас хууль бусаар эзэмшиж, ашиглаж нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж шүүх үзлээ" гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.Бор нь Л.Цэнд-Аюуш гэх хүнд хашааны газрын үнийг төлж худалдаж авсан талаар гэрч болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын мэдүүлэгт дурьдагдаж байгаа бөгөөд хариуцагчийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөө талаар Газрын тухай хуулийн 60-р зүйлд зааснаар газар эзэмших, ашиглахтай холбогдон үүссэн маргааны зохих шатны болон дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд, дараа нь шүүхэд хандах эрх нь үүсэхээр зохицуулсан байна. Гэтэл шүүхээс Газрын тухай хуульд заасан арга хэмжээг аваагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09-р сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч хүний өмчлөлийн газрыг өөр хүнээс авч, хууль бус үйлдэл хийчхээд нас барсан хүн рүү бурууг нь яагаад тохоод байгаа юм бэ? Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй. Миний нэр дээр байдаг. 2009 онд сургуулиа төгсөөд 2010 онд Завхан аймагт ажилд орсон. Ажиллах хугацаандаа Завханд амьдарна гэж бодоод тухайн хашааг худалдан авсан. 2015 онд Улаанбаатар хотод ажилд орсон. Завхан аймаг руу буцаж шилжүүлэг хийлгээгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн хашаанд би ээжийгээ амьдруулна гэж бодож байсан. Хашааг зарах талаар зар тавиагүй. Хүнээс үл хөдлөх хөрөнгө худалдаж авч буй хүн гэрчилгээ баримтыг шалгаж байж хэлэлцээр хийнэ. Нэгдүгээр ангийн хүүхэд ч үүнийг мэдэх байх. Тэнгэрийн оронд явсан хүнийг дахин, дахин дурсаж байгаад гомдолтой байна. Үл хөдлөхийн гэрчилгээ талийгаачийн нэр дээр байсан бол асуудал үүсгэхгүй байсан. Надтай утсаар ярихдаа талийгаачийг нас барсны дараа чи гараад ирлээ. Болсон үйл явдлын талаар чи мэдэхгүй гэж ярьсан. Хүнийг доромжилж болохгүй. Өөрөө ямар ч буруугүй хүн. Танай ах дүүс Завхан аймагт байсан мэдэж байсан гэж бурууг хүн дээр тохдог. Хариуцагчийн хариуцлагагүй байдал биз дээ. Талийгаачид мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Миний дүүг заръя гэж зар мэдээлээгүй байхад найз нөхдөөрөө асуулгасан байдаг. Гомдолтой байна. Өөрийн байсан хашаагаа хуучин байсан чигээр нь буцаан авмаар байна. Үл хөдлөх хөрөнгөө хариуцагчийн хууль бус өмчлөлөөс салгаж авмаар байна. Би хүмүүстэй хэрүүл маргаан хийх дургүй. Шийдвэрлэх ёстой газраар нь шийдүүлнэ. Миний дүү надад хашааг тань зарсан мөнгө орж ирсэн гэж хэлээгүй. Хашааг тань зарсан гэж нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрөө Завхан аймагт очихдоо мэдсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байхад дахин гомдол гаргаад байдаг.

6. Хариуцагч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдахаар тохиролцсон хүндээ, хашааны тал мөнгийг нь дансаар өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй. Амаар тохиролцсон. Бичиг баримтаа хэзээ шилжүүлэх вэ? гэхээр байгаа гэж хэлдэг байсан. Сүүлдээ хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан юм бэ? гэхэд гаргаад өгнө гэж хэлсэн. Хашааныхаа бичиг баримтыг барьцаанд тавьсан юм байна. Барьцаанаасаа гаргаж өгөх байх гэж бодож байсан. Л.Цэдэнсодном нь манайх тухайн хашаанд буугаад 9 сар болсон байхад ирж уулзаж байгаагүй. Хашааг засан сайжруулсан. Гол гэрч маань өнгөрсний дараа ийм зүйл ярьж байгаад гомдолтой байна. Г.Цэнд-Аюуш хашааг засаж сайжруулалт хийж байхад ирж уулзаж байсан. Бичиг баримтаа барьцаанаас гаргаж өгнө гэсээр биднийг хохироосон. Анх тохиролцсон тохиролцоог үндэслэн шийдвэрээ гаргуулмаар байна гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 351 дугаартай шийдвэрт ...С.Бор хууль ёсны журмаар өмчилж буй газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна гэж үзлээ гэж дүгнэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Л.Цэнд-Аюуш нь нэхэмжлэгчийн төрөл садны хүн нь миний эзэмшлийн газар гэж хэлээд өөрийн эзэмшлийн газраа тодорхой мөнгөн дүнгээр худалдсан. Худалдан аваад хашааг янзалж, байшингийн хундам цутгасан байдаг. Нэхэмжлэгч нь үнийн санал дээр тохироогүйн улмаас газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд газар эзэмших, ашиглахтай холбоотой маргааныг Засаг дарга шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Газар чөлөөлүүлэх асуудал нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар Засаг даргын эрх хэмжээний асуудал. Шүүхээс урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийхгүйгээр шууд нэхэмжлэл үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Засаг даргын эрх хэмжээний хүрээн дэх асуудал байгаа. Засаг дарга мэдэгдлээ өгөөд Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах боломжтой. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудыг ноцтой зөрчсөн байна. Үл хөдлөх хөрөнгийн харилцаа улсын бүртгэлд бүртгүүлснээр дуусгавар болж үүсдэг ч гэсэн тодорхой хэлцлийн хүрээнд хохирол нэхэмжлэх асуудал дээр дүгнэлт хийгдээгүй байдаг. Хашааг худалдан авсан, хашааг засварласан асуудлын талаар дурдаагүй байдаг. Хариуцагчийг давхар хохироож байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тухайн газрыг нэхэмжлэгчээс өөр хүн худалдсан. Хариуцагч хашааг өмчлөгчөөс нь худалдан авсан гэж бодоод хашааны зарим хэсгийг будаж янзалсан. Хашааг будаж янзалж, засан сайжруулалт хийсэн байхад мэдээгүй өөрийн өмчлөлдөө хайнга хандсан нөхцөл байдал байдаг. Нэхэмжлэгч хашааг өөрийнх нь өмчлөл гэж үзсэн бол хашааны бүрэн бүтэн байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Нэхэмжлэгчийг хашааны шударга эзэмшигч мөн эсэх дээр эргэлзээ төрөхүйц байдал байдаг. Дээрх байдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Бор, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, тэдний гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.Цэдэнсодном нь хариуцагч С.Борд холбогдуулан өөрийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг, ............ тоот хаягт байршилтай газрыг С.Борын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа, Завхан аймгийн Улиастай сумын 2-р баг, Жаргалант .............хаягт байршилтай газар нь хуульд заасан журмын дагуу миний өмчлөлийн газар юм. Уг газар дээр өөрийн дүү Л.Цэнд-Аюушийг хэсэг зуур амьдруулж байсан бөгөөд миний дүү 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан. Манай хашаанд С.Бор гэгч нь очиж амьдран сууж одоогийн байдлаар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр байшин барьж байна. С.Бор нь талийгаач болсон дүүгээс худалдан авсан, түүгээр ч барахгүй тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн. Би өөрийн дүүд өөрийн өмчийг газрыг захиран зарцуулах эрх олгоогүй тул хүний өмчид зөвшөөрөлгүйгээр дураараа эзэмшиж, байшин барьж буй хууль бус үйлдлээс Л.Цэдэнсодном миний эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж байх тул иргэн С.Борын хууль бус эзэмшлээс Л.Цэдэнсодном миний газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч С.Бор хариу татгалзалаа тайлбарлахдаа 2023 оны 7 дугаар сард Л.Цэнд-Аюуш гэх хүнийг газрын өмчлөгч гэж үзэж, маргаан бүхий газрыг худалдан авч, зөндөө хөрөнгө мөнгө зарцуулж бүтээн байгуулалт хийсэн ...Хашааг 5,0 сая төгрөгөөр авахаар тохирч 2,500,000 төгрөгийг төлсөн байгаа тул хашааныхаа бичиг баримтыг шилжүүлж авах хүсэлтэй байна гэжээ.

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Цэдэнсодномын нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий газрыг хариуцагч С.Борын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч Л.Цэдэнсодном нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Газар өмчлөх эрхийн .......... дугаартай гэрчилгээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон ба дээрхи гэрчилгээгээр Л.Цэдэнсодномыг маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэжээ.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад маргааны зүйл болсон хашаа байшинг өмчлөгч Л.Цэдэнсодномын төрсөн дүү Л.Цэнд-Аюуш өмчлөгчийн зөвшөөрснөөр эзэмшиж байсан болох нь нэхэмжлэгч Л.Цэдэнсодномын нэхэмжлэл болон тайлбарт дурьдагдсан, мөн гэрч нарын мэдүүлгээр тэрээр маргаан бүхий газрыг эзэмшиж байсан нь тогтоогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газрын шууд эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн гэж үзэхээр байна

8. Гэрч нарын мэдүүлгээс харахад хариуцагч С.Бор нь маргаан бүхий газрын өмчлөгч нь Л.Цэнд-Аюушийг гэж итгэн газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар С.Бор түүнд 2,000,000 төгрөгийг төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүний эзэмшлийг шударга эзэмшигч гэж үзэхээр байна.

10. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэжээ.

11. Гэвч хариуцагч С.Бор нь маргаан бүхий газрыг иргэн Л.Цэнд-Аюушын өмчлөлийн газар гэж итгэн, 2023 оны 1 сард худалдаж авсан, худалдаж авснаас хойш өөрийн эзэмшилд байлгаж, засан сайжруулж, хашаанд байшин барихаар суурь тавьснаар тодорхой хэмжээний зардал гаргасан байна. Хариуцагчийн энэ тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна. Маргаан бүхий газрыг худалдсан, засан сайжируулсан үйл явдал 2023 оны 1 сараас эхлэн үргэлжилсэн байхад өмчлөгч энэ үйл явдлыг мэдэх боломжтой гэж үзэхээр байна.

12. Шударга эзэмшигч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газрыг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй бөгөөд, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт зааснаар шударга эзэмшигч нь өөрийн шаардлагаа хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй. Өөрөөр хэлбэл, С.Бор нь маргаан бүхий газрыг арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг хангагдах хүртэл газрыг чөлөөлж өгөхөөс татгалзах эрхтэй байна.

13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч С.Бороос газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Л.Цэдэнсодномын газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Шударга эзэмшигч нь шаардлагаа хангуулсаны дараа өмчлөгч шаардах эрхээ хэрэгжүүлэхэд, энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Л.Цэдэнсодномын нэхэмжлэлтэй С.Борд холбогдох Завхан аймгийн Улиастай сумын .............. хаягт байршилтай газрыг С.Борын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Бор, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ