| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2024/00122/И |
| Дугаар | 205/МА2024/00016 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 205/МА2024/00016
Ш........... нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 140/ШШ2024/00358 дугаар шийдвэртэй
Ш.Батсүхийн нэхэмжлэлтэй Б............. нарт холбогдох89.150.000 /наян есөн сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, Улиастай сумын Жинст баг Эрүүл мэндийн газрын урд гудамж 0 тоот 115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ........... дугаартай эд хөрөнгө, 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Улиастай сумын Жинст баг ............. тоот хаягт байрлах.........8 дугаартай 435 мкв газар болох барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,
Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нарын сөрөг нэхэмжлэлтэй, Ш.Батсүхэд холбогдох,
Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, ............ хаягт байршилтай 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 115,5 мкв бүхий хувийн орон сууцыг 2017 оны 02 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, ............. хаягтай, ........... гэсэн гэрчилгээний дугаартай 500 мкв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 2008 оны 04 сарын 28-ны өдөр гэрчилгээ олгож байсан газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 02 сарын 23-ны өдрийн гэрээгээр хийсэн хэлцэл болон 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номинчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхжаргал /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Ш.Батсүх нь хариуцагч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нарт холбогдуулан зээл, зээлийн гэрээний үүрэгт, 89.150.000 /наян есөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, Улиастай сумын Жинст баг ............ гудамж 0 тоот 115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө .......... дугаартай эд хөрөнгө, 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Улиастай сумын Жинст баг ......... тоот хаягт байрлах 8109012068 дугаартай 435 мкв газар болох барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Нэхэмжлэгч Ш.Батсүх нь хариуцагч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар нь Ш.Батсүхээс 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж бэлнээр зээлж авсан. Уг зээлийн барьцаанд ........ улсын дугаартай .......... маркийн авто машиныг /нотариатаар батлуулсан/, 500 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг мөн нотариатаар батлуулсан. 50 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Ш.Батсүхийн нэр дээр шилжүүлж бэлэглэлийн гэрээг нотариатаар батлуулсан. Мөн 115.5 мкв хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Батсүхийн бэлэглэлийн гэрээг нотариатаар батлуулан шилжүүлэн барьцаанд тавьж талууд хүсэл зоригоо илэрхийлэн тодорхой бодит үйлдлээр гэрээ байгуулж хэлцэл хийсэн. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт нөхцөлөөр бичиг үйлдэж М............ 12.500.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй нэмж зээлэн нийт зээлийн үлдэгдэл 27.500.000 төгрөг болсон. Ингэж нэмж авсан 12.500.000 төгрөгийг авахдаа өмнө авсан 15.000.000 төгрөгийн хүү 1.500.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 01-нд Б............. нар нь ............ улсын дугаартай барьцаанд тавьсан ........... маркийн авто машинаа ажил явдал гарсан гээд 3 хоногийн хугацаатай авч явсан. Ингэж ирэхдээ 12.500.000 төгрөгийн 3 сар 13 хоногийн хүү 3.000.000 төгрөгийг өгч авто машинаа авч яваад буцааж өгөөгүй. Үүнээс хойш өдийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Зээл төлөх хугацаа болоход зээлийг хүүгээ ч төлөхгүй, бид шүүхийн шийдвэрт өртэй, танд барьцаа хөрөнгө хангалттай байхад та санаа зоволтгүй хүүгээ тооцоод л явж бай гээд зээлийн гэрээг нэг жилээр сунгасан. Ингэхдээ зээлийн хүүг сарын 7 хувь болгохоор тохиролцоод гэрээ байгуулсан. Гэвч дараа жилийн зээл төлөх хугацаа болоход ........ хажууд 430 мкв талбайтай газар байгаа зарах гээд зар тавьсан, хугацаа орох гээд байна гээд зээлээ мөн л нэг жилээр сунгасан. Ингэхдээ хүүгээс хүү огт бодохгүй үндсэн зээлээ сарын 7 хувийн хүүгээр бодоод сунгаад байсан. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлэхэд хүү, алданги нь гэрээний дагуу үндсэн зээлтэйгээ 77.275.000 төгрөг болж байсан. Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар нь түмэн зовлон тооцоод төлбөрийн чадвар ч байхгүй байсан тул Ш.Батсүх сайхан сэтгэл гарган зээлийн хүүг бууруулан харилцан тохиролцож 60.000.000 төгрөг болгон зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 8 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй тооцоохоор гэрээг бичгээр байгуулсан. Гэвч 8 сарын хугацаа өнгөрөхөд мөн нэг ч төгрөг төлөөгүй, мөнгөө нэхэж очихоор арга нь нарийсаж алтан бурхан олсон, Өвөр Монголоос хүн үзэхээр ирж байгаа гэж хэсэг явж байснаа ковид гараад буцаад явсан гээд дараа нь нэг пургон машин зарах гэж байна, холбооны ард граж зарах гэж байна гэх мэт худал үнэн хэлж явсаар 2022 оны 8 дугаар сарын 03-нд эцсийн хугацаа 10 дугаар сарын 01 гэхэд зээлийг бүрэн төлж барагдуулна. Барагдуулж чадахгүй бол барьцаанд байгаа газар байраа чөлөөлж өгнө гэж амлалт өгч баталгаа гаргаж өгсөн боловч мөн л элдэв шалтаг тооцсоор өдий хүрсэн. 7 жилийн хугацаанд Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар барьцаанд тавьсан авто машинаа зарж борлуулсан боловч өөрсдөө ашгаа хүртэж зээлдэгчид нэг ч төгрөг өгөөгүй. Мөн одоог хүртэл Ш.Батсүхийн нэр дээр шилжүүлсэн зээлийн барьцаанд байгаа хувийн орон сууцанд амьдарч, авто засварын газраа ажилуулан ашиг орлого олон үр шимээ хүртсээр байгаа боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь шударга бус байна. Гэтэл Ш.Батсүх нь зээлсэн мөнгөө авч чадахгүй, зээлийн үр шим болох зээлийн хүүгээ ч авч чадахгүй, зээлийн барьцаанд байгаа газар, үл хөдлөх хөрөнгийг ашиглаж үр шимийг нь хүртэж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирсоор явж байна. Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар нь хүн чанар муутай, жудаггүй, худлаа өрөвдүүлж залилан хийгээд яваад байгаа нь тодорхой байна. Тооцооны хувьд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээтэй уялдаа холбоотой 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчлэн байгуулсан гэрээгээр 60.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 8 сараар тооцохоор байгуулсан боловч хуульд зээлийн хүүгээс хүү тооцохгүй гэж заасан тул үндсэн зээл болох 27.500.000 төгрөгийг 8 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй бодоход хүү нь 15.400.000 төгрөг, зээлийн гэрээний 4-т заасан хугацаа хэтэрсэн алданги нь хуульд зааснаар үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алданги нь 13.750.000 төгрөг гэж тооцоход хүү алданги нь нийлээд 29.150.000 төгрөг болж байна. Үүн дээр зээлийн гэрээний 60.000.000 төгрөгийг нэмэхэд 89.150.000 төгрөг болж байна. Иймд Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нараас 89.150.000 төгрөгийг гаргуулж, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ........... гудамж 0 тоот 115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ........... дугаартай эд хөрөнгө, 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Улиастай сумын Жинст баг ......... тоот хаягт байрлах .......... дугаартай 435 мкв газар болох барьцааны хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:
Б.Эрдэнэбат би 2017 оны 02 сард Ш.Батсүхээс 15.000.000 төгрөгийг 1 сарын 10%-ын хүүтэйгээр зээлж авсан юм. Ш.Батсүх надад мөнгө зээлэхдээ ямар нэг барьцаа өгөх хэрэгтэй гэсэн. Надад тухайн үед эхнэр бид 2-ын өмчлөлд байдаг Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах ........ дугаарт бүртгэлтэй 115,5 мкв, .......... дугаарт бүртгэлтэй 50 мкв хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байсан. Тухайн үед Ш.Батсүхэд надад энэ хөрөнгөнөөс өөр хөрөнгө байхгүй гэдгийг хэлж байсан. Ш.Батсүх тэгвэл үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр шилжүүлж өг гэсэн. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ш.Батсүхээс зээлсэн 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаан дээрх ..............8 дугаарт бүртгэхдээ хоёр үл хөдлөх хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр Ш.Батсүхийн нэр дээр шилжүүлсэн. Би гэрээний дагуу зээлсэн 15.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлж чадахгүй байдалд хүрч энэ талаараа Ш.Батсүхэд мэдэгдэхэд тэгвэл гэрээгээ сунгая гээд зээлийн гэрээг эхэндээ нэг сараар сунгаж байгаад сүүлдээ нэг жилээр 10% хүүтэйгээр сунгасан юм. Надад дахин мөнгөний хэрэг гарч би 2017 оны 03 дугаар сард дахин 10.000.000 төгрөгийг 10%-ийн хүүтэй зээлж удахгүй 8.000.000 төгрөгийг нь буцаан төлж, нийт зээлийн үлдэгдэл өмнөх 15.000.000 төгрөгийн зээлтэй нийт 17.000.000 төгрөг болсон юм. Ингээд надад зээлээ төлөх боломж гарахгүй явсаар энэ хугацаанд зээлдүүлэгч Ш.Батсүхийн хүсэлтээр зээлийн гэрээг сунгаснаар 2024 он гарсан. 2024 он гарсаар Ш.Батсүх өр чинь 140.000.000 төгрөг болсон. Одоо надад 70.000.000 сая төгрөг өгвөл өр салъя чадахгүй бол байраа сулла гэж шаардаж сүүлдээ утсаар загнаж эхнэрийн ажлын газраар очиж, гэрээр ирж дарамталж миний болоод эхнэр 3 хүүхдийн маань зөвшөөрөлгүй амьдарч байгаа гэр орныг маань зарна гэж гадуур зарлаж явж байсан. Ингэж өдөр бүр дарамталсаар 2024 оны 02 дугаар сард дээрх ........, ........... дугаартай хоёр үл хөдлөх хөрөнгийн доорх 435 мкв газрыг эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Миний хувьд амьдралынхаа туршид хөдөлмөрлөж бүтээн босгосон гэр орноо 17.000.000 төгрөгийн өр зээлд алдахыг зөвшөөрөхгүй. Би эхнэр, насанд хүрээгүй 3-н хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө Ш.Батсүхэд тавьсан өр зээлээ төлж барагдуулна. Бусдын өмнөөс хүлээсэн миний үүргийг манай гэр бүлийн бусад гишүүд хариуцах, хохирох учиргүй гэж үзэж байна. Иймд Ш.Батсүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Ш.Батсүхээс 2017 оны 2 сард 15.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр зээлийн барьцаанд байр, газрын гэрчилгээгээ өгсөн. Дараа нь 12.500.000 төгрөгийн зээл авахдаа машин барьцаалсан. 12.500.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг аваачиж өгсөн, гэтэл та 3.000.000 төгрөг авчирч өгсөн гэж яриад байна. 12.500.000 төгрөгийн зээлийн хүүд 3.000.000 төгрөгийг өгөөд тэгээд 5.000.000 төгрөг хасуулаад машинаа авч байсан. Гэтэл та нар ярихдаа 3.000.000 төгрөгийг зээлийн хүүд өгсөн гэж яриад байна. Нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл: ...Ш.Батсүхээс 2017 оны 02 дугаар сард 15.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 12.500.000 төгрөг нийт 27.500.000 төгрөгийн үндсэн төлбөртэй байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сард үндсэн төлбөрөөсөө 8.000.000 төгрөгийг Ш.Батсүхийнд бэлэн хүргэж өгсөн. Ингээд нийт төлбөр 19.500.000 төгрөг үлдэж, жил бүр хүүгээс хүү бодож гэрээ байгуулдаг байсан. Ингээд зээлсэн мөнгөндөө одоо амьдарч байгаа Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, Эрүүл мэндийн газрын замын урд хаягт байршилтай 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 115,5 мкв бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Ш.Батсүхэд барьцааны зүйл болгон шилжүүлсэн... Мөн Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, ............хаягтай ........ гэсэн гэрчилгээний дугаартай 50 мкв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 2008 оны 04 сарын 28-ны өдөр гэрчилгээ олгож байсан газар эзэмших эрх шилжүүлэх, 2017 оны 02 сарын 23-ны өдрийн гэрээгээр газар эзэмших эрхийг барьцааны зүйл болгон Ш.Батсүхийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл Ш.Батсүх нь барьцааны зүйл болгон Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийж түр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч одоогоор бэлэглэгч талаас эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасанд маш их гомдолтой байна.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл үүсэж байна. Иймд бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл үүссэн бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, ............ хаягтай ........... гэсэн гэрчилгээний дугаартай 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 115,5 мкв бүхий хувийн орон сууцыг 2017 оны 02 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, ................ хаягтай ............. гэсэн гэрчилгээний дугаартай 500 мкв талбай бүхий 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 2008 оны 04 сарын 28-ны өдөр гэрчилгээ олгож байсан газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн гэрээгээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2020 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлийг гэрээг байгуулсан байна. Гэтэл Ш.Батсүх нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ ...2020 оны 04-р сарын 01-нд Батсүх, Эрдэнэбат, Даваасүрэн нартай тооцоо нийлж 60 сая төгрөгөөр тохиролцож 8 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй тооцохоор зээлийг гэрээг шинэчлэн байгуулсан нь өмнөх 2017 оны 02-р сарын 23-ны зээлийн гэрээтэй уялдаа холбоотой юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны 04-р сарын 01-ний өдөр Ш.Батсүхээс Эрдэнэбат, Даваасүрэн нарт 60 сая төгрөгийг зээлж шилжүүлж өгөөгүй байгаа байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул 2020 оны 04-р сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2020 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
4. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд, нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нарын сөрөг нэхэмжлэлтэй танилцаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Анх 2017 оны 2 дугаар сарын 23-нд Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10%-н хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулан бэлнээр 15.000.000 төгрөг зээлж авсан. Зээлийн барьцаанд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр .............. улсын дугаартай .............. автомашин /нотариатаар батлуулсан/, 500 мкв үйлчилгээний /авто засварын/ зориулалттай газрыг газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /нотариатаар батлуулсан/, 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн /бэлэглэлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан/, 115,5 мкв хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн/ бэлэглэлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан/ барьцаанд тавьсан. 2017 оны 3 дугаар сарын 17-нд зээлийн гэрээний нэмэлт нөхцөлөөр бичиг үйлдэн, 12.500.000 төгрөгийг сарын 7%-н хүүтэй зээлж авсан. 2017 оны 7 дугаар сарын 01-нд барьцаанд байсан автомашиныг ажил явдал гарсан гэж 3 хоногийн хугацаатай авч яваад буцааж тавиагүй. Энэ хугацаанд 8.000.000 сая төгрөг биш, 4.500.000 төгрөгийг хүү төлсөн байдаг. Ингээд зээлийн хугацаа болоход би зээлээ төлөхийг, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаар мөнгөө нэхсээр өдийг хүрсэн. Энэ болгонд Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар нь элдэв шалтаг, зовлон тоочиж, уйлж унжиж, гуйж гувшсаар гэрээгээ сунгасаар эцсийн хугацаа зааж зээлээ төлөхгүй бол газар байраа чөлөөлнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч хэлсэндээ хүрэхгүй бас л шалтаг тоочсоор 2024 он гарч зээлээ төлөхийг шаардахад газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж бас л аргалсан. Тэгээд би байр, газраа сайн дураараа чөлөөлөхгүй, бас зээлсэн мөнгөө өгөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул би аргаа барж шүүхэд хандсан. Гэтэл огт үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Учир нь, 2017 оны 2 дугаар сарын 23-ны гэрээ нь нотариатаар батлуулж хүсэл зоригоо тодорхой илэрхийлж бодит үйлдлээр хийсэн хүчин төгөлдөр гэрээ. Мөн би өнгөрсөн 7 жил хариуцагч нарыг зээлээ зохих ёсоор хугацаанд нь төлнө гэсэн амлалт болон миний нэр дээр шилжүүлсэн барьцааны эд хөрөнгөд найдаж өдийг хүрсэн. Энэхүү байдал ч эд хөрөнгөө шилжүүлсэн хэлцлээр нотлогдсон байна. Хариуцагч нар юунд маш их гомдоод байгааг ойлгохгүй байна. Миний нэр дээр шилжүүлсэн барьцаанд байгаа хувийн орон сууцандаа амьдарч, авто засварын газраа ажиллуулж үр шимийг нь хүртэж байж юундаа маш их гомдоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Харин миний хувьд зээлсэн мөнгөө авч чадахгүй хохирсоор байгаа, гомдох ёстой хүн нь би баймаар юм. Иймд бүх зүйл нотлох баримтын хүрээнд баталгаа нотолгоотой бодитоор хийгдсэн гэрээ хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нараас 89.150.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Батсүхэд олгож, түүний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Эрдэнэбат, Ш.Батсүх нарын хооронд 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Ш.Батсүхийн нэр дээр бүртгэгдсэн Завхан аймгийн Улиастай сумын .......... баг, Жинст ........... гудамж 0 тоот 500 мкв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 115.5 мкв хувийн орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус эд хөрөнгүүдийг Б.Эрдэнэбатын нэр дээр бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харьяыа Завхан аймаг дахь салбарт даалгаж, түүний 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 673900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 603.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Батсүхэд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Батсүхээс 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нарт олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдлын агуулга, тайлбартаа: ...Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийгээгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний талаар хуульчилсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан. Сүүлд нөхөн хийсэн зээлийн гэрээг хуульд нийцэж байна гэж үзсэн нь Иргэний хуульд нийцэхгүй байна. Тухайн үед 60,0 сая төгрөг шилжүүлээгүй байж, 60,0 сая төгрөгийн зээл олгосон гэж гэрээ байгуулж, хугацаа зааж хүү авахаар тохирсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр байна. Анхан шатны шүүх үргэлжилсэн гэрээ учир хуульд нийцнэ гэж үзсэн. Анх зээлсэн мөнгөний хэмжээ 60,0 сая төгрөгөөс бага байгаа. Нэхэмжлэгч тал зээлсэн мөнгө, түүний хүүг нэмээд 60,0 сая төгрөг болсон талаар баталгаа хийж бичүүлж авсан байдаг. Хууль бус хэлцлийн шинжийг агуулж байна. Нэхэмжлэгч зээлийн хүү нэмэгдүүлж авах эрхээ хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгчийн үйлдэл хуульд нийцээгүй байна. Зээлийн гэрээний хүүг шүүх тогтоохдоо, 2020 оны зээлийн гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзээд гэрээнд заасан хугацаагаар хүү тооцож олгох нь зүйтэй байна гэж үзсэн. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус бол хүү авах эрхээ алдахаар хуульчилсан. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэснээр хүү тооцох эрх нээгдсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал зээлийг төлөхгүй гэж ярьдаггүй. Зээл төлөхөө илэрхийлсэн. Анх авсан зээл, алдангийг төлөх боломжтой. 60,0 сая төгрөгөөр зээлийн гэрээ хийж, анх авсан зээлийн мөнгөн дүнгээс бодож олгоод, алдангийг нэмж тооцоолсон нь иргэний хуульд нийцэхгүй байна. Иргэний хуульд талуудын харилцан тэгш байдлыг харгалзан үзэх эрхтэй. Мөнгөний үнэ унасан гэх нөхцөл байдлыг үндэслэн тооцоолох боломжгүй. Зээлийн гэрээний хүү өндөр бол шүүхээс хасаж тооцох боломж байдаг. Зээлийн гэрээ нь илт хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгнө үү? гэх саналыг гаргаж байна гэв.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нь өмнөх 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд ........улсын дугаартай ........ маркийн машин, газар эзэмших эрх шилжүүлж 15,0 сая төгрөгийг зээлж авсан. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр М.Даваасүрэн нь нэмж 12,5 сая төгрөгийг гэрээний нэмэлт нөхцөл дээр дурдаж, нийт 27,5 сая төгрөгийг зээлсэн. Энэ хугацаанд Б.Эрдэнэбат нэг удаа 1,5 сая төгрөгийн хүү өгсөн. М.Даваасүрэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдөр хүртэл автомашины түр хэрэглэе гэж бичиг хийж өгөөд авч явсан. М.Даваасүрэн 3,0 сая төгрөгийн хүү төлсөн. Нийт 4,5 сая төгрөгийн хүү төлсөн. Эхний удаа зээлийн гэрээг сараар сунгасан. Дараа нь жилээр сунгасан. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо хийсэн. Тооцоо хийхэд нийт 77,250,000 төгрөг болсон. Ярьж тохироод 60,0 сая төгрөгөөр харилцан тохиролцсон. 60,0 төгрөгөө 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 7 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд М.Даваасүрэн, Б.Эрдэнэбат нар гарын үсгээ зурж гэрээг байгуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг удаа дараа сунгаж байсан. Өмгөөлөгчийн хэлсэн шиг зээлийн гэрээг дахин байгуулсан зүйл байхгүй. Ижил хэмжээний мөнгө гаргаж өгөх ёстой гэж ярьж байна. Зээлийн гэрээний үргэлжлэл шинээр зээлийн гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээний хугацааг сунгаж байснаас шинээр зээлийн гэрээ байгуулаагүй. Хоёрт, анхан шатны шүүх 89,150,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэр гаргасан нь зөв гэж үзэж байна. Учир нь 60,0 сая төгрөгийг 8 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч хуульд заасны дагуу үндсэн 27,500,000 төгрөгөөс хүү алданги тооцсон. 60,0 сая төгрөг дээр нэмж бодсон. Үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгосон. Үл хөдлөх хөрөнгүүд нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Газар эзэмшүүлэх эрхийн гэрээ зээлийн гэрээтэй холбоотой гэрээ юм. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа газар, автомашинаа барьцаанд тавьсан. Газрыг бэлэглэлийн гэрээтэй хольж хүчингүй болгосон нь учир дутагдалтай байна. Газар эзэмших эрхээ шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулахдаа шилжүүлсэн. 2017 оноос өдийг хүртэл гэрээг сунгасан. Хариуцагч нарын тайлбарт, энэ талаар дурдагдсан байгаа. Төлж чадахгүй байсан тул харилцан тохиролцоод гэрээг сунгаж байсан. 2020 онд 60,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүй. 2021 онд Корона вирус цар тахал гараад уулзалдаж чадаагүй. 2022 онд зээлээ нэхэмжлэхэд 2022 оны 10 дугаар сард зээлсэн мөнгөө өгч дуусна гэж бичиг хийж өгсөн. Зээлдэгч нар зээлээ төлөхгүй байсан тул шүүхэд хандсан. Тухайн үедээ барьцаанд тавьсан машиныг зарсан байсан. Хэрвээ зээлсэн мөнгөө өгөх сонирхолтой байсан бол машиныг зараад мөнгөө өгөх байсан байх. Газар, гараашаа мөн зарсан гэдэг. Гэрээгээ сунгаж явсаар өнөөдрийг хүрсэн. Шуналтай үйлдэл хийгээгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байгаа. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүг заасан бол төлөх үүрэгтэй. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл алданги тооцсон бол өөр дүн гарна. Зээлийн гэрээнд заасны дагуу 8 сарын хугацаатайгаар хүү, алдангиа тооцож нэхэмжилсэн. 2017 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд энэ мөнгө байсан бол өсөж байх мөнгө. Иргэний хуулийн дагуу зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр хийсэн тул хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэж байна. Хариуцагчид үл хөдлөх хөрөнгөө шууд таны нэр дээр шилжүүлье гэсэн. Үл хөдлөх хөрөнгүүд нэр дээр байгаа учир найдаж өдийг хүрсэн. Үл хөдлөх хөрөнгө байхгүй байсан бол итгэхгүй байсан. Хариуцагчид үл хөдлөх хөрөнгүүд таны нэр дээр байгаа. Бид зээлсэн мөнгөө төлнө гэсээр өдийг хүрсэн. Тухайн үед хариуцагч нарын нөхцөл байдлыг ойлгоод хүүг нь багасгаж байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг төгрөгийн хүү тооцоогүй. Хариуцагчид хохироод байгаа зүйл байхгүй. Манайх хохироод өдийг хүрсэн. 27,0 сая төгрөг тухайн үед нэг өрөө байрны мөнгө байсан бол өнөөдөр хаана нь ч хүрэхгүй байна. Мөнгөний ханш унасан нь үнэн. Боломжит бага дүнгээр хүү, алдангийг тооцож нэхэмжилсэн гэв.
8. Хариуцагч Б.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Нэхэмжлэгч 60,0 сая төгрөг гэж ярьж байна. 27,0 сая төгрөгийн гэрээ хийсэн 17,0 сая төгрөгийг нь төлөөгүй байгаа. Анх 27,0 сая төгрөгөөр тохирч гэрээ хийсэн. Эхлээд 60,0 сая төгрөгийг нэхэмжилж байсан. Сүүлдээ 89,0 сая төгрөг болсон. 17,0 сая төгрөгөөр гэрээ хийсэн материал нэхэмжлэгч талд байгаа. Та хоёрыг 60,0 төгрөгөөсөө төлсөн мөнгийг хасаж тооцох байх гэсэн чинь хүү, алданги нэмээд өндөр болгож байна. Зээлийн үлдэгдэл 17,0 сая төгрөг байгаа. Эхлээд 15,0 сая төгрөг авсан дараа нь 12,0 сая төгрөг авсан гэв.
9. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө бэлэглэсэн, газрыг шилжүүлэн авсан гэж ярьж байна. Иргэний хуульд ийм аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар зохицуулалт байхгүй. Барьцаанд авах гэж байгаа бол хууль дүрэм журамд нийцүүлэх ёстой. Өөрсдийн хийсэн зүйлээ зөв гэж тайлбарлаад хариуцагч нарын үйлдлийг буруу гэж тайлбарлаж байна. Иргэний хуульд нийцүүлж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч нар маргахгүй. Газрыг эрх шилжүүлж авсан нь хуульд нийцэхгүй байна. Бүх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авахыг Иргэний хуулиар зохицуулаагүй. Бусад үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга байгаа. Анз, дэнчин, барьцаа авч болно. Зээлдэгч, зээлдүүлэгчийн эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авна гэсэн ойлголт байхгүй. Иргэний хуульд үргэлжилсэн гэрээ гэх ойлголт байхгүй. Энэ зээлийн гэрээг 2020 онд баталгаа гаргуулж бичүүлж авсан байдаг. Баталгаа юм уу? төлбөр төлөх хэлцэл юм уу?. Ийм байдлаар хангуулах боломж байсан. Зээлсэн мөнгөний хүүг дахин өөрт нь зээлж байна. Иргэний хуульд зааснаар хүү нь нэг удаагийн шинжтэй байна. Ашиг олох зорилгогүй, зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож болно гэж заасан. Хүүгээ дахин зээлж хүү авч байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй. Мөнгөний ханш унасан талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ асуудлын талаар нэхэмжлэгч тал ярьдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг болохоор энэ талаар тодруулж ярьсан. Зээлсэн мөнгөн дүнг тогтоосон хугацаанд гаргуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өмнөх тайлбар дээрээ нэмж хэлэхэд ийм байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ш.Батсүх нь хариуцагч Б.Эрдэнэбатад холбогдуулан ............ дугаартай 435 мкв газар, ............ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Батсүх нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нараас зээлийн гэрээний үүрэг 89.150.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж өөрчилснийг, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
4. Хариуцагч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар нь хариу татгалзлаа, нэхэмжлэгчээс зээлдэж авсан мөнгөө бүрэн төлөөгүй бөгөөд 60.000.000 төгрөг болсон нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ болон хэлцэл бичиж өгсөн. Дараа нь зээлээ төлөхөд хэцүү байна гээд банкны зээлээ төлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргээс хасуулах байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулсан... одоо 89.150.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргасан байна.
5. Хариу татгалзалдаа үндэслэж, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, .......... хаягт байршилтай 50 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 115,5 мкв бүхий хувийн орон сууцыг 2017 оны 02 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, .......... хаягтай, .............. гэсэн гэрчилгээний дугаартай 500 мкв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 2008 оны 04 сарын 28-ны өдөр гэрчилгээ олгож байсан газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн гэрээгээр хийсэн хэлцэл болон 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ш.Батсүх нь хариуцагч Б.Эрдэнэбаттай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн, улмаар хариуцагч Б.Эрдэнэбатын эхнэр М.Даваасүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12.500.000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр нэмж зээлж зээлийн гэрээ байгуулсан байна.
7. Дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нарын гуйлтаар Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ...............ж 0 тоот 115.5 мкв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ............ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 50 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай ........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ............... тоот хаягт байрлах .......... дугаартай 435 мкв газар зэргийг бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Ш.Батсүхийн нэр дээр шилжүүлсэн байна.
8. Зээлдэгч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар нь зээл, зээлийн хүүгээ хугацаанд нь төлөөгүйгээс зохигчид өмнөх үүссэн зээлийн төлбөрийн тооцоонд үндэслэж 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээг шинээр байгуулсан үйл баримтууд нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэлцэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ..
9. Талууд өмнөх үүссэн зээлийн төлбөрийн тооцоонд үндэслэж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээг шинээр байгуулж, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөн тогтоосныг талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахааргүй байна.
10. Тодруулбал, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Б.Эрдэнэбат, М.Даваасүрэн нар нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн, зээлээ хугацаанд төлөөгүй, талууд уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, шинээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гэрээ байх тул сүүлийн гэрээгээр мөнгийг бодитоор шилжүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж зөв дүгнэлт хийсэн байна.
11. Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд зээлдүүлэгч гэрээ байгуулж, мөнгө шилжүүлснээ, зээлдэгч мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 23-ны барьцааны гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдэд үндэслэн тодорхойлж, гэрээгээр 27.500.000 төгрөг шилжүүлснээ нотолсон, хариуцагч маргаагүй байна. Харин хариуцагч тал зээлийн төлбөрөөс буцаан төлснөө шүүхэд нотолж чадаагүй, мөн талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээ, түүгээр тохирсон хүү, алдангийн талаар үндэслэлтэй маргаж, мэтгэлцэж чадаагүй байна.
12. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрт нийт 89.150.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
13. Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчдын хооронд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх хэдий ч талуудын хэн алинд үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэх, бэлэг хүлээн авах хүсэл зориг байхгүй, зөвхөн зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ш.Батсүхийн өмчлөлд шилжүүлэхээр тохирч бэлэглэлийн гэрээ хийсэн нь зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдлаас харагдаж байна.
14. Анхан шатны шүүх уг бэлэглэлийн гэрээг тухайн хэлцлийн хувьд үүсэх ёстой эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгоор бус, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
15.Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Батсүх нь санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр, байнга зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, татвар хураамж төлдөггүй гэсэн баримт хэрэгт авагдаагүй ба түүний хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР