Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/186

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Над холбогдох эрүүгийн 1938002440214 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4-р багийн нутаг дэвсгэр, Бурхадын тээл гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 10 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, тээвэрлэн, экологи эдийн засагт 1.308.120 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4-р багийн нутаг дэвсгэр, Бурхадын тээл гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 10 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, тээвэрлэн, экологи эдийн засагт 1.308.120 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938002440214 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4-р багийн нутаг дэвсгэр, Бурхадын тээл гэх газраас 75 ширхэг унаанги дүнз бэлтгээд Жаргалант суманд өөрийн эзэмшлийн хашаанд оруулж ирсэн...” гэх мэдүүлэг,

      Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

      Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-25, 28-30, 33-34 дүгээр хуудас/,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,

      Хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Н гэдэг хүний хашаанд үзлэг хийхэд 4.35 метрийн урттай 75 ширхэг шинэсэн нойтон дүнз, 5 см-ийн зузаантай 28 см-ийн өргөнтэй, 4 метрийн урттай 12 ширхэг банз, 4.5 см-ийн зузаантай 15 см-ийн өргөнтэй, 4 метрийн урттай 85 ширхэг банз, 15x12 см-ийн харьцаатай 4 метрийн урттай 8 ширхэг палк мод, 2 см-ийн зузаантай, 15 см-ийн өргөнтэй, 4 метрийн урттай 45 ширхэг байсныг хяналт шалгалтаар тогтоож, тухайн үед ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлж шалгуулаагүй учраас танай хуулийн байгууллагад хуулийн дагуу шалгуулахаар хандсан юм...Т.Н нь хохирлын мөнгөө орон нутгийн санд бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40, 94 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Н гэдэг хүний хашаанд үзлэг хийхэд 4.35 метрийн урттай 75 ширхэг шинэсэн нойтон дүнз, 5 см-ийн зузаантай 28 см-ийн өргөнтэй, 4 метрийн урттай 12 ширхэг банз, 4.5 см-ийн зузаантай 15 см-ийн өргөнтэй 4 метрийн урттай 85 ширхэг банз, 15x12 см-ийн харьцаатай 4 метрийн урттай 8 ширхэг палк мод, 2 см-ийн зузаантай, 15 см-ийн өргөнтэй, 4 метрийн урттай 45 ширхэг байсныг хяналт шалгалтаар тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр айлын хашаанд байсан модыг үзэж харахаар ороход ...ойролцоогоор 3 орчим машин мод байсан. Тэнд бөөрөнхий дүнз мод, палк, банз зэрэг байсан... Т.Н гэдэг хүн ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж үзүүлж шалгуулаагүй, мөн мод бэлтгэсэн талаараа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч З.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын эхээр Т.Н гуай намайг сумын төвд орж ирээд ээжийнд нь байхад намайг ах нь 20.000 төгрөг өгье ахдаа мод ачилцаад өгөөч гэхээр нь би сумын төвөөс Мандах гуайтай хамт модны машинаар явж, сумын төвөөс зүүн тал руу явж модонд хийсэн байсан 4 метр орчим урттай модыг Т.Н гуайн Зил-130 машины тэвшийг дүүртэл ачиж сумын төвд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би тэр газар луу сумын Цагдаагийн хэсгийн хүмүүсийн хамт очиж үзсэн. Тэр газар нь сумын төвөөс 30 орчим км газар байсан. Тэнд очоод ...модны зах хавиар салхинд хугарч унасан модноос тайрч авсан ул мөрнүүдийг тоолж байсан ...миний ажигласнаар 25 ширхэг модноос мод тайрч авсан ул мөр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтэд:

 1. Хэмжилт хийхэд 16-32 см-ийн дундаж диаметртэй, 4 метрийн урттай 30 ширхэг шинэсэн дүнз, 18-38 см-ийн диаметртэй 4 метрийн урттай, 45 ширхэг, нийт 75 ширхэг шинэс модон дүнз байв.   

 2. Экологи эдийн засгийн үнэлгээ 1.308.120  төгрөгний үнэлгээ бүхий шинэс мод байна...гэх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 67 дугаар хуудас/,

Хохирол төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 93 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-76, 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002440214 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4-р багийн нутаг дэвсгэр, Бурхадын тээл гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 10 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, тээвэрлэн, экологи эдийн засагт 1.308.120 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 38-40, 94 дүгээр хуудас/, гэрч Б.Батчулууны /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Э.Пүрэвдоржийн /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч З.Идэрийн /хх-ийн 51-52 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 67 дугаар хуудас/, Хохирол төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Т.Н  нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.Н  нь экологи эдийн засагт 1.308.120 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Т.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь урьд 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолых хуулбар /хх-ийн 74-76 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Т.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.Н нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Пүрэвсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938002440214 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 10 м.куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Т.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 10 м.куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

      5. Эрүүгийн 1938002440214 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Над урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР