Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 218/МА2024/00015

 

 

Гялс төгрөг ХЗХ-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2024/00349 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Гялс төгрөг ХЗХ-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бүдхандад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 51908578 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, нарийн бичгийн дарга О.Янжиндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ... “...Д.Бүдханд нь тус банк бусаас 2017 оны 08 сарын 22-ны өдөр ЗГ/0684 тоот гэрээг байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

Манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрөө төлөхийг шаардсан.  2023 оны 01 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Зээлийн төлбөр барагдуулах нэхэмжлэл”, 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 01 тоотоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Эрэн сурвалжлах” нэхэмжлэл тус тус гаргасан, Зээлдэгч нь дээрх зээлийн төлбөрөөс огт төлөөгүй 2510 хоног болж байна. ... Д.Бүдханд /ЗЮ82102392/-аас үндсэн зээл 10,000,000, үндсэн хүүг сарын 5 хувиар тооцож 41,819,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0, бүгд 51,819,178 төгрөгийн зээл хүүгийн төлбөр, эрэн сурвалжилсан зардал 71400 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 18,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 51,908,578 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...”  гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга:  “Гялс төгрөг” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Д.Бүдханд надад хариуцагдах үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 41,819,178 төгрөг, зардал 71,400 төгрөг, нийт 51,908,578 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар Гялс төгрөг” ХЗХ-ны Д.Бүдхандаас 51,958,578 /тавин нэгэн сая есөн зуун тавин найман мянга таван зуун далан найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,491 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...

          Нэгдүгээрт: анхан шатны шүүх “... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар “Гялс төгрөг” ХЗХ-ны Д.Бүдхандаас 51,958,578 /тавин нэгэн сая есөн зуун тавин найман мянга таван зуун далан найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5- д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ,..-ыг тусгана.” гэж заасан байдаг бөгөөд энэхүү хуулийн дагуу харвал анхан шатны шүүх Иргэний хэргийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон агуулгатай болж хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Хоёрдугаарт: Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Ковид цар тахлын үед хэрэгжсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчээс шаардах эрх хэзээ үүсэн, Монгол Улсын Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан эсэх талаар тодруулж асуугаагүй, үүний улмаас уг үйл баримт тодорхойгүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт цуглараагүй байхад хэт нэг талыг барьж, хариуцагчид давуу эрх олгон хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь буруу юм.

Өөрөөр хэлбэл цар тахлын үед зээлийн гэрээ сунгагдсан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон эсэх, тасалдсан эсэх талаар зохигчдоос тодруулаагүй, хэрэгт энэ талаарх үйл баримт цуглараагүй, шүүгч тодруулах шаардлагатай хэрэгт ач холбогдол бүхий тухайн үйл баримтыг зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэж дүгнэсэн болно.

Гуравдугаарт: мөн шүүх “Зээлийн гэрээнд хариуцагч Д.Бүдханд гарын үсэг зурсан үйл баримтад гарын үсэг зурсан үйл баримтад хариуцагч тал маргаагүй тул зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Зээл олгох хэлбэр:Зээлдэгчийн хоршоон дахь 1401900681 тоот гишүүний нэрийн дансанд зээлийг бүхэлд нь /хэсэгчлэн (доогуур зурах) бэлэн бусаар шилжүүлснээр олгосон тооцно.” гэж заажээ. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1401900681 тоот дансанд зээлийг шилжүүлсэн баримтыг ирүүлээгүй ба 1401900684 зээлийн дансны хуулгыг ирүүлсэн байна. Энэхүү баримт гагцхүү нэхэмжлэгч талын баримт байна. Өөрөөр хэлбэл дээрх баримтад хариуцагч гарын үсэг зураагүй, гэрээний талуудын оролцоогүй үйлдэгдэх баримт байна. Дээрх нэрийн данснаас хариуцагч Д.Бүдхандад олгосон зээл хэрхэн гүйлгээ хийгдэж хэний өмчлөлд шилжсэн талаар баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй байна. Иймд гэрээний дагуу зээлдүүлэгч нь “зээлдэгчийн хоршоон дахь 1401900681 тоот гишүүний нэрийн дансанд зээлийг шилжүүлснээр олгосонд тооцох” гэрээний заалтын дагуу зээлийг бодитоор олгоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан үйл баримт дээр маргадаггүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргахдаа тухайн үйл баримтын талаар мэдэхгүй байгаа талаараа хэлдэг, мөн шүүх хуралдааны явцад мэтгэлцээний үр дүнд дансанд мөнгө ороогүй талаарх нөхцөл байдлыг мэдсэн гэх тайлбарыг өгдөг бөгөөд энэ нь тэдний мөнгө аваагүй гэдгийг нотлох хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтооход ач холбогдол бүхий, зайлшгүй шаардлагатай хэргийн үйл баримтыг зохигчдоос тодруулаагүй. Тухайлбал: Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ... хариуцагч мөнгө аваагүй гэж огт хэлж байгаагүй бөгөөд би шүүх дээр л анх удаа сонслоо...., барьцаа хөрөнгийг ...талаар ярилцаж байсан.

Шүүх нэхэмжлэгч талыг өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд тэгш мэтгэлцэх боломж олгоогүй хэт нэг талыг барьж хариуцагч талд давуу байдал олгож шийдвэр гаргасан.

Дөрөвдүгээрт: Уг хэргийн шүүх хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр болсон боловч шүүх хуралдааны тэмдэглэл бие 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 139/TM2014/00444 дугаартай гарч огноо нь зөрүүтэй албажиж гарсан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. “Хэргийн нотлох баримт нь ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заажээ..

Анхан шатны шүүхийн алдаатай бичсэн нотлох баримтыг Давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Тавдугаарт: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн 139/TM2014/00444 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2. Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авах эрхээ хэрэгжүүлж шүүх хэлэлцүүлгийн дарааллыг тогтоосон байна.

Гэвч зохигчид дэгийг баримтлаагүй бөгөөд шүүгч сануулга өгөөгүй байдаг.

Зохигчоос гадна шүүгч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт байх анхан шатны шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн нь харагдаж байна. Тухайлбал тус хуулийн 112 дугаар зүйл 112.1. “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна ”гэж хуульчилсан байхад шүүгч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг төлөөлөгч биднээс асуулгүй хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Мөн тус өдрийн шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр
Д.Сарантуяа, Ж.Энх-Од, Э.Энхтөгс нар нийт 3-н итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон байтал тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд Э.Энхтөр гэдэг хүнийг нэмж нийт 4-н итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон болгож тэмдэглэл үйлдэж, уг тэмдэглэл нь хэргийн материалд нотлох баримтаар байх нь өөрөө хууль бус юм.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2024/00349 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, Шүүхийн тухай хуулийн зорилт,эрхэм зорилго,шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй байх тул тус хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн тус тус үндэслэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатын шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдлоо дэмжиж байна. Зээлийн шилжүүлсэн 1401900684 тоот данс нь Бүдхандын зээлийн данс байдаг. Гэрээнд заагдсан 681 тоот данс нь Бүдхандын гишүүний данс гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.  Нэхэмжлэгч “Гялс төгрөг” ХЗХ нь хариуцагч Д.Бүдхандад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,908,578 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...“Гялс төгрөг” ХЗХ нь хариуцагч Д.Бүдхандтай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ0684 тоот зээлийн гэрээ, БГ0684 тоот барьцааны гэрээний дагуу олгосон зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 41,819,178 төгрөг, шүүхийн ажиллагааны зардалд 71,400 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн төлбөрт 18,000 төгрөг, нийт 51,908,574 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан...” гэж тодорхойлжээ.

2. Хариуцагч Д.Бүдханд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Нэхэмжлэгч нь зээл олгосон талаараа нотлоогүй, уг гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ байгуулагдсан эсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал нь хариуцагч Д.Бүдхандад зээлийн гэрээний дагуу зээлийг бодитоор олгосон болохоо нотлоогүй, зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.  Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн.

5. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ.  

6. Зохигчийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 22 өдөр ЗГ/0684 дугаартай 2019 оны 08 сарын 22 өдөр хүртэл хугацаатай 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй, харин хариуцагч тал татгалзалдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргасан тул шүүх хэрэгт авагдсан баримт, талуудыг мэтгэлцээнийг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 08 дугаар сарын 22 өдрөөр тооцсон нь хуульд нийцнэ. 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.1-г орхигдуулсан нь оновчтой бус байх тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зохигчийн эдлэх эрх, үүргийг хуульчилсан байдаг бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа талуудад эрх, үүргийг тайлбарласан, мөн шүүх хуралдаанд эрх, үүргийг тайлбарласан болох нь хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс харагдаж байна. Иймд нэхэмжлэгч талын шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтооход ач холбогдол бүхий, зайлшгүй шаардлагатай хэргийн үйл баримтын талаар зохигчоос тодруулаагүй, нэхэмжлэгч талыг өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд тэгш мэтгэлцэх боломж олгоогүй, хэт нэг талыг барьж хариуцагч талд давуу байдал олгож шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд талуудад шүүх эрх, үүргийг танилцуулсан, шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой санал хүсэлтийг асуусан байх бөгөөд талууд өмгөөлөгч оролцуулах эрх нь нээлттэй, уг эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачилгаараа өмгөөлөгч оролцуулах нь шүүх хөндлөнгийн байх зарчимд харшлах учраас гомдол үндэслэлгүй байна.

Мөн шүүх хуралдааны дэг зөрчсөн, нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг төлөөлөгч биднээс асуулгүй хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, хуралдаанд талуудаас нэмэлт тайлбар асуулгүйгээр эрх зөрчсөн гэжээ. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг төлөөлөгч нараас асуусан, мөн даргалагчаас оролцогчид нэг нэг удаа тайлбар гаргаад шүүх хуралдаан завсарлана, талуудад нэмж гаргах тайлбар байна уу гэж асуусан байна. Энэ нь хх-ийн 62-63-р талд авагдсан хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан уг гомдол үгүйсгэгдэж байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо зөрүүтэй, тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр гэдэг хүний нэрийг нэмж бичсэн гэх гомдлын тухайд талууд шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхтэй бөгөөд  нэхэмжлэгч тал энэ эрхээ эдлэх боломжтой байжээ. Огноо, нэр зөрж байгаа асуудал нь техникийн шинжтэй алдаа бөгөөд энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй, цаашид анхан шатны шүүх уг алдааг гаргахгүй байхыг анхаарвал зохино. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 3 төлөөлөгч оролцсон, Э.Энхтөр гэх хүн оролцоогүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлийн ирцийн хэсгээр нотлогдож байгааг дурдав.

9. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах, бусад заалтыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 139/ШШ2024/00349 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “452.2 гэсний дараа 75 дугаар зүйлийн 75.2.1” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид 417,491 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Г.МӨНХБАТ