Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 218/МА2024/00016

 

 

Ж.Пүрэвдамбын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 139/ШШ2024/00335 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Пүрэвдамбын нэхэмжлэлтэй, Д.Барамсайдоржид холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагч Д.Барамсайдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, нарийн бичгийн дарга О.Янжиндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч Пүрэвдамба би 1998 онд Б.Гантөгстэй танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. 1998 онд том охин Энх-Учрал, 2007 онд хүү Мөнхдөл, 2012 онд хүү Мөнх-Оргил төрсөн. Гэр бүлийн гишүүн нь эд хөрөнгөө захиран зарцуулахдаа өөрийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэлд ордог. Гэхдээ гэр бүлийн гишүүн нь гэр бүлийн бус гишүүдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ, хэлцэл хийх учиртай. Ийм харилцан тохиролцоо, эсхүл зөвшөөрөл байхгүйгээр гэр бүлийн гишүүн нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн ганцаар захиран зарцуулсан бол тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдээс буцаан шаардах нь хуульд нийцнэ. ...  2024 оны 04 сарын сүүлчээр нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба би 10 гаруй хоногийн хугацаатай Сэлэнгэ аймаг руу явсан хойгуур миний эхнэр Б.Гантөгс өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, 8-р гудамжны 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, тус газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалтын 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний зөвшөөрөлгүйгээр 2024 оны 04 сарын 29-ний өдөр хариуцагч Д.Барамсайдоржтой "бэлэглэлийн гэрээ" гэх гэрээ байгуулж, түүний өмчлөлд дээрх хөрөнгүүдийг шилжүүлсэн нь миний хувьд энэ шаардлагыг гаргах үндэслэл болсон.  Иймд Б.Гантөгс, Д.Барамсайдорж нарын хооронд байгуулсан 2024 оны 04 сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймаг, Сайнцагаан сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

2.Хариуцагч Д.Барамсайдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2024 оны 04 сарын 26-29-ний өдрүүдэд “Дундговь -Урсгал зар мэдээ”, “Дундговь Такси үйлчилгээний групп” facebook зарын групп дээр “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айраг 8-р гудамжны 820 тоот хаягт байршилтай, 753 м.кв газар-ыг зарах, худалдах зар тавигдсан байсан. Ингээд бид эхнэрийнхээ хамт тухайн зарах гэж байгаа газрыг сонирхоод утсаар яриад, газрын өмчлөгч Б.Гантөгстэй уулзаж, газрыг худалдаж авахаар тохирсон. .. Газар худалдаж байгаа Б.Гантөгс татвар төлөх ёстой байсан бөгөөд 400000 төгрөгийн татвар төлөх мөнгө байхгүй гээд байхаар нь татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээг байгуулсан. Бусдаар бол бидний хооронд бэлэглэх харилцаа үүсээгүй. Бидний хооронд газар худалдах, худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн. Бэлэглэлийн гэрээний цаана халхавчилсан хэлцэл нь худалдах, худалдах авах гэрээ байсан. Би Б.Гантөгсийн ХААН банкны 5450261032 тоот дансанд газрын үнэ 20.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2024.04.29-нд шилжүүлж, гэрээний төлбөрийг бүрэн төлж, газрыг худалдаж авсан. ...  Би одоо тухайн газрыг улсын бүртгэлийн Г- 0814000689 дугаартай гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна. Тухайн газар, хашаанд би эхнэрийнхээ хамт 2024 оны 05 дугаар сарын 03-нд нүүж очоод тавилга эд зүйлээ модон байшинд нь хийчхээд Цогтцэций явж, гэрээ нүүлгээд 2024.05.18-нд ирэхэд нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба нь эхнэртэйгээ хамт ирээд нэхэмжлэлд бичээд байгаа зуны зориулалттай 4*6 метрийн харьцаатай модон байшин дотор эд зүйлээ суллаж өгөөд явсан, бид энэ зун тухайн модон байшинд амьдарч, зунжиж байгаа болно. Ж.Пүрэвдамба нь өөрөө ирж байшингаа суллаж өгчхөөд мэдээгүй байхад эхнэр зарчхаж гэж худал бичиж, хударгагүй зан гаргаж байна. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар Б.Гантөгс Д.Барамсайдорж нарын хооронд 2024.04.29-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас газар, үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч Ж.Пүрэвдамбын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 /гурван зуун хорин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Барамсайдоржоос 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Пүрэвдамбад олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бэлэглэлийг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болох тухайд:

 Анхан шатны шүүхийн шийдвэрлэх Үндэслэх нь хэсэгт ... Ж.Пүрэвдамба, Б.Гантөгс нарыг 1996.10.02-нд гэр бүл болж 2007 онд иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн. Маргааны зүйл болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айраг гудамж 820 тоот хаягт байршилтай, 4809000050 нэгж талбарын дугаартай 753 м.кв талбайтай газрыг 2022 оны 04 сарын 28-ны өдөр Б.Гантөгсийн өмчлөлд бүртгүүлсэн. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар уг газар, хашаа, зуны байшин нь Ж.Пүрэвдамба, Б. Гантөгс нарын гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн. Иргэний хуулийн 128.2-т зааснаар ... зохигч маргааны зүйл болох газар, хашаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй худалдах, худалдан авахдаа Б.Гантөгсийн гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авсан талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй ба ийм зөвшөөрлийг аваагүй, зөвшөөрлийг авах талаар худалдан авагч Д.Барамсайдорж нь мэдэхгүй гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т хуульд өөрөөр заагаагүй бол дээрх зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар заажээ. ... Иймд Б.Гантөгс, Д.Барамсайдорж нарын хийсэн газар, хашаа, зуны байшинг Б.Гантөгсийн өмчлөлөөс Д.Барамсайдоржийн өмчлөлд шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.8-дхуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийг зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэх дүгнэлтийг хийж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар Б.Гантөгс, Д.Барамсайдорж нарын хооронд 2024.04.29-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.2, 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрхийг зөрчсөн.

Хариуцагч Д.Барамсайдорж нь Б.Гантөгстэй холбогдож, тухайн газар, байшинг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдаж авсан болох нь гэрч Ц.Норовсүрэн, Д.Энхтуяа нарын мэдүүлэг, газрын үнийг төлсөн дансны хуулга баримт, зохигчдын тайлбараар нотлогддог. Газар худалдаж байгаа газрын өмчлөгч Б.Гантөгс татвар төлөх ёстой байсан бөгөөд 400,000 төгрөгийн татвар төлөх мөнгө байхгүй гээд байхаар нь татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээг байгуулсан. Бэлэглэлийн гэрээний цаана халхавчилсан хэлцэл нь худалдах, худалдах авах гэрээ байсан.

Халхавчлагдсан хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээ нь хуулиар тавьсан шаардлагыг хангаж байгаа, гэрээний үнийг бүрэн төлсөн, Д.Барамсайдорж нь Б.Гантөгсийн өмчлөлийн газрыг худалдаж авсан тул гэрээ хүчин төгөлдөр юм.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айраг гудамж 820 тоот хаягт байршилтай, 4809000050 нэгж талбарын дугаартай 753 м.кв талбайтай газрыг худалдаж авахад газрын өмчлөгч Баяраагийн Гантөгс байсан нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар газрын өмчлөгч нь Б.Гантөгс, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв юм, тухайн газрын өмчлөгч нь Б.Гантөгс юм. Ийм учир Д.Барамсайдорж нь одоо тухайн газрыг улсын бүртгэлийн Г-0814000689 дугаартай гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон нь үндэслэлгүй юм.

2. Газрын өмчлөгч Б.Гантөгс бол Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар тухайн газрын өмчлөгч, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв байх тул тухайн газрыг захиран зарцуулах эрхтэй, өөрөө бие даасан хэлцэл хийх чадвар чадамжтай, хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр юм.

3. Нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Ж.Пүрэвдамбын хуулиар хамгаалагдсан эрхийг хариуцагч Д.Барамсайдорж нь зөрчөөгүй. . Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай юм. Хэрвээ гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн аль нэг нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа, эсхүл гэр бүлийн гишүүнээс гарч байгаа тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй юм. Харин энэ шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхээс өмнө тавигдсан байх учиртай.

4. Анхан шатны шүүхээс Б.Гантөгс, Д.Барамсайдорж нарын хооронд 2024.04.29- ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох шаардлага үндэслэл байгаагүй болох талаар: Нэхэмжлэгч шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч Б.Гантөгс, Д.Барамсайдорж нар нэг өдөр нэг зорилгоор худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч Д.Барамсайдоржийн өмчлөлд дээрх үл хөдлөх хөрөнгө шилжсэн. Газрыг 20,000,000 төгрөгөөр худалдаж, үнийг бүрэн төлсөн. Ингэхдээ дээрх үл хөдлөх хөрөнгийг анх худалдах-худалдан авахаар талууд тохиролцсон атлаа үл хөдлөх хөрөнгийг борлуулсан орлогоос улсад төлөх татвараас зайлсхийж 20 сая төгрөгийн үнэ бүхий өмчлөлийн газар, байшинг үнэ төлбөргүй бэлэглэсэн мэтээр бэлэглэлийн гэрээ хийж Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн тул өмчлөх эрх Д.Барамсайдоржид үүсэж, өмнөх өмчлөгч Б.Гантөгсийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Үндсэндээ бол талуудын хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн, гэрээний үүргийг хариуцагч биелүүлж мөнгөө бүрэн төлсөн. Иймээс гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй.

Харин бэлэглэлийн гэрээний хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 23 дугаар бүлэгт заасанчлан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн нэг нь бэлэглэл юм. Бэлэглэгч өөрийн тодорхой хөрөнгийг бэлэг хүлээн авагчид хариу төлбөргүйгээр шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатын шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагагүй байсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхад хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5. Тухайн газар, хашаанд хариуцагч Д.Барамсайдорж нь эхнэрийнхээ хамт 2024 оны 05 дугаар сарын 03-нд нүүж очоод тавилга эд зүйлээ модон байшинд нь хийчхээд Цогтцэций явж, гэрээ нүүлгээд 2024.05.18-нд ирэхэд нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба нь эхнэртэйгээ хамт ирээд нэхэмжлэлд бичээд байгаа зуны зориулалттай 4*6 метрийн харьцаатай модон байшин дотор эд зүйлээ суллаж өгөөд явсан. Ж.Пүрэвдамба нь өөрөө ирж байшингаа суллаж өгчхөөд мэдээгүй байхад эхнэр зарчхаж гэж худал бичиж, хударгагүй зан гаргаж хөгшин настай, өвчтэй биетэй хүмүүст түвэг учруулж байна. Би газрын өмчлөгчөөс газрыг худалдаж авсан. Би энэ газрыг хууль ёсны дагуу, үнийг нь төлж худалдаж авсан тул Цогтцэций сумаас нүүж ирж амьдарч байгаа.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 139/ШШ2024/00335 дугаар шийдвэрийн “ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон” хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна” гэв.

5. Хариуцагч Д.Барамсайдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Б.Гантөгсөөс зарын дагуу энэ газрыг худалдаж авсан. Мөнгө төгрөгөө төлөөд нотариатаас гэрээ хийгээд нэрээ шилжүүлсэн байгаа. Сүүлд ийм асуудал гарсан. Миний хувьд гомдолтой байна. Би Цогтцэций сумаас нүүж ирсэн. Б.Гантөгс гэдэг хүнийг огт танихгүй, Ж.Пүрэвдамба өөрөө зөвшөөрөөд байшингаа суллаж өгсөн. Мөнгө төгрөг эргүүлж өгнө, байшингаа эргүүлж авна гээд байгаад гомдолтой байна. Одоогоор хашаандаа гэрээ бариад байж байгаа гэв.

6. Нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би 04 дүгээр сарын хорин хэдэнд Сэлэнгэ аймаг руу 10 гаран хоног өвсөнд яваад ирсэн. Явсан хойгуур манай эхнэр надад хэлж яриагүй зөвшөөрөл аваагүй наймаа хийчихсэн байсан юм. Ирээд хэрүүл маргаан үүсээд Д.Барамсайдорж гуайг байшинд ирэхэд би суллаж өгөөд ор гэж хэлсэн юм байхгүй. Би шүүхийн шийдвэрээ аваад гэрээ барь гэж утсаар нэг удаа ярьсан. Уулзаад хөөсөн зүйл байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба нь хариуцагч Д.Барамсайдоржид холбогдуулан Б.Гантөгс, Д.Барамсайдорж нарын хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймаг, Сайнцагаан сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан...” гэж тодорхойлжээ.

2. Хариуцагч Д.Барамсайдорж нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Хариуцагч нь “Эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд болох Б.Гантөгстэй худалдах худалдан авах хэлцэл хийж түүний өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айраг 8-820 тоотод байрлах газар, хашаа, зуны байшинг худалдан авсан. Б.Гантөгсийн хүсэлтээр бэлэглэлийн гэрээ байгуулсан нь үнэн. Уг хашаа, газрыг худалдах талаар аймгийн зарын сайт дээр зар тавьсан байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар уг газар, хашаа, зуны байшин нь Ж.Пүрэвдамба, Б.Гантөгс нарын гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т хуульд өөрөөр заагаагүй бол дээрх зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар заасан. Иймд сонирхогч этгээдийн хүсэлтээр Б.Гантөгс, Д.Барамсайдорж нарын хооронд 2024.04.29-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,  нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба нь хэлцлийн нэг тал биш байх тул хэлцлийн нэг тал биш сонирхогч этгээдийн өмчлөлд хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй, мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба, Б.Гантөгс нар нь 1996 оны 10 сарын 2-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 3 сарын 5-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлжээ.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд Б.Гантөгс дангаар өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /хэргийн 16-р хуудас/

4.1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасан.

4.2. Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 06 сарын 15 өдрийн 20 дугаартай “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ зүйлийн 128.2-т заасан гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд авна. Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй болно” гэж заажээ.

4.3. Нэхэмжлэгч талаас Г-0814000689 эрхийн улсын бүртгэлийн дугаартай маргаан бүхий газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр өмчлөгч Б.Гантөгсөд холбогдуулан 2024 оны 04 сарын 29 өдрийн байдлаар шаардлага гаргасан талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ж.Пүрэвдамбад гэр бүлийн гишүүний бусад этгээдтэй байгуулсан өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээ хэлцлийн дагуу шилжсэн эд хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэв.  

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасан дундын өмчийн зохицуулалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих  шаардлагад хамааралтай бөгөөд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айраг 8-820 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулсны улмаас нэхэмжлэгч Ж.Пүрэвдамба болон гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд хэлцэл хийсэн этгээд буюу Б.Гантөгсөөс хохирлоо шаардах эрх нээлттэй байгааг дурдав.

Анхан шатны шүүх Иргэний хууль дахь гэр бүлийн хөрөнгийн эрхийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 139/ШШ2024/00335 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Пүрэвдамбын хариуцагч Д.Барамсайдоржид холбогдуулан Б.Гантөгс, Д.Барамсайдорж нарын хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дундговь аймаг, Сайнцагаан сумын 8-р багийн 8-р гудамж 820 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 753м2 талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 4809000050, УБ№ Г-0814000689/, уг газарт баригдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай 4x6 метр хэмжээтэй байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328150 /гурван зуун хорин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Барамсайдоржийн төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                             Г.БАЯРДАВАА