Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/01907

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/01907

 

Г к- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/03538 дугаар шийдвэртэй

Г к- ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.З-, М.М- нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,601,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч П.З-, М.М-, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г к- ХХК нь М.М-, П.З- нартай 2020 оны 10 сарын 09-ний өдөр гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулан хамтран ажилласан. Гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар нийлүүлэгч нь Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр буюу үндсэн үнээс 20 хувь хямд, сарлагийн хөөвөр бүтээгдэхүүнийг 30 хувь хямдаар борлуулагчид нийлүүлнэ. Мөн уг гэрээний 1.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа 2020 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан.

Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусаж улмаар талууд гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож улмаар уг гэрээний хугацааг ахин 1 жилээр сунгасан ба борлуулагч тал 2022 оны 09 сарын 30-ны өдрийн дотор зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулах ёстой байсан ба өнөөдрийг хүртэл зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 21,601,790 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч М.М-, П.З- нараас 21,601,790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Анх 2020 оны 10 сарын 09-ний өдөр Г к- ХХК-тай гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний 1.2-т зааснаар ноолууран бүтээгдэхүүнийг үндсэн үнээс 20 хувь, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг 30 хувь хямдралтайгаар нийлүүлэхээр тохиролцож, үйл ажиллагаа явуулсан. Гэрээний хугацаа дууссан ч анх байгуулсан хугацаагаар сунгагдсан. Ковидын хугацаанд Төв аймгийн 10 гаруй суманд байнгын харилцагчтай болж, шинэ хэрэглэгчийн тоог 100/100-аар нэмэгдүүлж ажиллаж байсныг үнэлж, Г к- ХХК-ийн Б.А- захирал 2021 оны 03 сарын 14-ний өдөр орон нутагт явах үедээ фэйсбүүкийн хаягаас кашмерийн хөнгөлөлтийг 25 хувь болгож баталгаажуулсан талаар мэдэгдсэн ба бид ч баярласнаа илэрхийлж, хичээн ажилласан.

Ингээд 2021 оны 03 сарын 14-ний өдрөөс хойш кашмерын хөнгөлөлтийн 25 хувиар тооцож дуудсан цагт нь санхүү хэлтэстэй тооцоо нийлж, бараагаа тоолуулж, тухай бүр орлогоо тушааж байсан. Гэтэл 2021 оны 10, 11 саруудын борлуулалтын тооцоог 2021 оны 12 сард хийж, бид үлдэгдэл бараагаа санхүүгийн өрөөнд тоолуулж, зарсан бараа болон зээлээр олгосон барааны мэдээлэлээ тооцооны нягтлан бодогчид өгсөн. Уг тооллогын тооцоог хийхдээ бидэнд урьдчилан мэдэгдэлгүй борлуулалтыг хувийг бууруулж 20 хувиар хийснийг санхүүгээс бидэнд тооллогын дараа буюу 2022 оны 01 сард мэдээлсэн. Тухайн цагаас бидний хооронд үл ойлголцол гарч бид үлдэгдэл бараагаа 2022 оны 01 сард Г к- ХХК-д тушааж, зээлээр олгосон барааны үлдэгдэлээ орж ирсэн үед нь тушааж байсан. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.З-, М.М- нараас 13,463,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г к- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,137,840 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,958 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч П.З-, М.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 225,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г к- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талууд хэрэгт нотлох баримтаар авагдсан Тооцоо үлдэгдлийн баталгаагаар 2021 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар 55,133,950 төгрөгийг үлдэгдэл төлбөртэйr хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Үүнээс хойш 2021 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 41,670,000 төгрөгийг компанид төлж 2021 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 13,463,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болсон байна.

Анхан шатны шүүх 2021 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 13,463,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж шийдвэр гаргасан. Гэтэл хариуцагчаас хамгийн сүүлд 2023 оны 04 сарын 20-ны өдөр компанид төлбөр төлсөн буюу 2021 оны 11 сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 сарын 20-ны өдөр хүртэлх 1 жил 5 сар буюу 16 сарын харилцааг орхигдуулан үгүйсгэж илэрхий буруу шийдвэр гаргасан.

4.2. 2021 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 13,463,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба хариуцагч нар уг хугацаанаас бараа бүтээгдэхүүн нэмж аваагүй гэх тайлбарыг хэлж байсан. Гэвч хариуцагч талаас хэргийн 101-104 дэх хуудаст 2021 оны 12 сарын 01-ний өдөр 78,264,900 төгрөгийн бараа авсан баримтыг гаргаж өгсөн. Хэргийн 104 дэх хуудасны хойд талд 2024.08.20 баримт 6 хуудсыг өгөв гэж хариуцагч П.З- гарын үсэг зурсан байна. Уг гарын үсгийг нэхэмжлэгч гэж бичсэн боловч хэргийн 18 дахь хуудсанд байгаа хариуцагч П.З-ын гарын үсэгтэй харьцуулахад мөн гэдэг нь илэрхий харагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримтыг мөн нотлох баримтаар үнэлээгүй. Мөн нэхэмжлэгч талын зүгээс хэргийн 51-54, 87-88-р хуудсан дахь баримтыг тус тус гаргаж өгсөн байдаг.

Мөн нэхэмжлэгч талаас гарган өгч буй бүхий л баримтууд дээр нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга дардаг талаар дурдах нь зүйтэй.

4.3. 2021 оны 12 сарын 01-ний өдөр 78,264,900 төгрөгийн бараа авснаас хойш 15,763,200 төгрөгийн бараа материал дахин 2022 оны 02 сард авсан ба ямар төрлийн ямар кодтой бараа авсан талаар хэргийн 55-56, 86-р хуудсанд дэлгэрэнгүй хэлбэрээр гаргаж өгснийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй байна. Хариуцагч нар 2021 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш 78,264,900, 15,763,200-г тус тус хийсэн байх ба үүнтэй холбоотой баримтуудыг 51-54, 87-88, 55-56, 86-р хуудсанд гаргаж өгсөн ба 1 төрлийн баримтыг хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тус тус гаргаж өгсөн.

4.4. Нэхэмжлэгч талаас гэрчээр нягтлан бодогч А.М-ыг асуулгасан. Гэрч нь хариуцагч нартай тооцоо нийлдэг байсан ба талуудын хооронд үүссэн харилцааг мэдэж байгаа этгээд байсан. Хэргийн 108-р хуудасны 2-р талд гэрч А.М нь хамгийн сүүлд буюу 2022 оны 02 дугаар сард тооцоо нийлсэн баримтыг ингэж тооцоо нийлэхгүй байсан гэж хэлэн ширээн дээрээс нь авч явсан талаар ярьсан байдаг. Тэрхүү баримт нь талуудын хамгийн сүүлчийн байсан, мөн хариуцагч талаас баримтыг авч явсан талаар үгүйсгээгүй байхад шийдвэрийн 8-т шүүгч гэрчийн мэдүүлгийн нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.5. Хариуцагч тал нь хэрэгт нотлох баримт хангалтгүй, хэдэн төгрөгийн бараа авсан баримт байхгүй байна гэх тайлбарыг гаргасан. Гэвч 2021 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар 55,133,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэйг талууд зөвшөөрсөн. Үүний дараа 101-104-р хуудаст байгаа баримтаар 2021 оны 12 сарын 01-ний өдөр 78,264,900 төргөгийн бараа авсан баримтыг хариуцагч нар гаргаж өгсөн. 2022 оны 02 сард авсан ба ямар төрлийн ямар кодтой бараа авсан талаар хэргийн 55-56, 86 талд 15,763,200 төгрөгийн бараа материалыг хариуцагч нарт өгсөн талаархи баримтыг гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэрээр хариуцагч нарыг 2021 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 13,463,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан гэж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар 2023 оны 04 сарын 20-ны өдөр компанид төлбөр төлсөн байхад шүүх 2021 оны 11 сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 сарын 20-ны өдөр хүртэлх 1 жил 5 сар буюу /16 сар/-ийн харилцааг орхигдуулан илэрхий буруу шийдвэр гаргасан.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй үлдээсэн 8,137,840 төгрөгийг хангаж хариуцагч нараас 21,601,790 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн дурдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүйг шүүх үнэлэхгүй. Хэрэгт авагдсан баримтууд нь зөвхөн нэг талын баримт бөгөөд хариуцагч нартай тооцоо нийлсэн 3 баримт байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.9, 2.1.8, 2.2.5-д талууд заавал тооцоо нийлсэн акт үйлдэх ёстой гэж заасан. Тооцоо нийлсэн акт үйлдэж байж тухайн актын дагуу хариуцагч төлбөр төлөлт хийх байсан. Хариуцагч нарын зүгээс тооцоо нийлсэн актад төлбөрийг бүрэн барагдуулж дууссан нь харагдаж байна. Гэрээнд заасны дагуу борлуулагч нарт зээлээр бараа өгөх боломжтой бөгөөд зээлээр өгсөн барааныхаа төлбөрийг буцаан шаардах, зээлээр өгсөн барааны төлбөр орж ирсэн тохиолдолд нэхэмжлэгч тал руу шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Үүнээс харвал, хариуцагч нарын зүгээс өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч, төлбөр төлж байсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь хөдөө орон нутагт зээлээр өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлсөн.

Хэдэн төгрөгийн ямар бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, нийт хэдэн төгрөг болсон талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн гэрч А.М- ...зарим нэгэн тооцоо нийлсэн баримтад би өөрөө гарын үсэг зурсан гэж мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, баримт дээрх гарын үсэг хариуцагч М.М-ын гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Сүүлийн тооцоо нийлсэн баримтыг хариуцагч авсан гэсэн ч энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хариуцагч нар тооцоо нийлсэн баримтыг зөвшөөрсөн гэдэг ч П.З- гэрчийн мэдүүлэг авах үед тооцоо нийлсэн баримтыг аваагүй болохоо дурдсан. Хэргийн 85 дугаар талд авагдсан дэлгэрэнгүй гүйлгээнүүд бүгд зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсэг, тамга тэмдэгтэй. Өөрөөр хэлбэл, нотлох баримтын шаардлага хангасан баримт биш. Иймд шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г к- ХХК нь хариуцагч П.З-, М.М- нарт холбогдуулан худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 21,601,790 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, мөн маргааны үйл баримтыг бодитой тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч Г к- ХХК, хариуцагч П.З-, М.М- нар 2020 оны 10 сарын 09-ний өдөр Гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнийг 20 хувь, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг 30 хувиар тус тус хямдруулан хариуцагч нарт нийлүүлэх, хариуцагч нар үнийг хожим төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний зорилго, агуулга, талуудын эрх үүргийг тодорхойлсноос үзвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Анхан шатны шүүх үүргийн нийтлэг үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг маргаанд баримталсан нь оновчгүй болжээ.

4. Нэхэмжлэгч Г к- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ баримтыг үндэслэн хариуцагч П.З-, М.М- нарт 2020 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 сарын 15-ны өдрийн хооронд нийт 289,304,685 төгрөгийн бараа худалдсан, үүнээс хариуцагч нар 267,702,895 төгрөгийг төлж, 21,601,790 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч П.З-, М.М- нар нь төлбөр төлсөн талаар маргаагүй боловч 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс хойш бараа нэмж аваагүй гэж маргажээ.

4.1. Талууд 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 22-ны өдрийн хугацааны өглөг 6,696,420 төгрөг, 2021 оны 03 сарын 05-ны өдрөөс 2021 оны 05 сарын 12-ны өдрийн хугацааны өглөг 17,258,415 төгрөг, 2021 оны 05 сарын 13-ны өдрөөс 2021 оны 09 сарын 29-ний өдрийн хугацааны өглөг 55,433,200 төгрөг, 2021 оны 09 сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хугацааны өглөг 43,756,100 төгрөг болохыг тус тус баталгаажуулсан тооцооны үлдэгдлийн баталгаанууд хэрэгт нотлох баримтаар авагджээ. /хх 29, 62-64/

4.2. Хариуцагч нар 2021 оны 09 сарын 29-ний өдрийн байдлаарх 55,433,200 төгрөгийн өглөгийг маргаагүй тул үүнээс хойшхи хугацааны маргаантай тооцооллыг дор дурдсанаар дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

а. Хариуцагч нар нь 2021 оны 09 сарын 29-ний өдрөөс хойш 41,670,000 төгрөгийг төлж, 13,463,950 төгрөгийн үлдэгдэлтэй болжээ.

б. Нэхэмжлэгч 2021 оны 12 сарын 01-ний өдөр 78,264,900 төгрөгийн барааг хямдралтай үнэ 62,797,520 төгрөгөөр тооцож өгсөн талаар Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2021 оны 12 сарын 01, 2022 оны 02 сарын 15-ны өдрүүдийн борлуулалтын падаан баримтуудад тусгасан ба хариуцагч нар уг үйл баримтыг маргасан ч тус 78,264,900 төгрөгийн үнэ бүхий барааны жагсаалтыг нэхэмжлэгч ирүүлсэн гэж тайлбарлан шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

Түүнчлэн тухайн хугацаанд хамаарах тооцооны үлдэгдлийн баталгаагаар өглөг 43,756,100 төгрөг байх ба 2021 оны 12 сарын 03-31-ний өдрийн хугацаанд 33,500,000 төгрөг төлснийг дээрх 2 тооцоо болох 76,261,470 төгрөгөөс /13,463,950+62,797,520/ хасвал 42,761,470 төгрөгийн төлбөр үлдэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 01-ний өдөр 78,264,900 төгрөгийн барааг хямдралтай үнэ 62,797,520 төгрөгөөр тооцон хариуцагч нарт өгсөн ба энэ нь уг тооцооны үлдэгдлийн баталгаанд багтсан гэж үзэхээр байна.

Үүнээс хойш хариуцагч нар 2022 оны 02 сарын 01-15-ны өдрийн хугацаанд 7,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 35,261,470 төгрөг болжээ.

4.3. Анхан шатны шүүх дор дурдсан тооцоог дүгнээгүй орхигдуулсныг нотлох баримтын хүрээнд дүгнэх боломжтой байна.

а. 2022 оны 02 сарын 01-ний өдөр 1,520,000 төгрөгийн барааг хямдралтай үнэ 1,042,400 төгрөгөөр авсан талаар хариуцагч тал маргаагүй.

б. Харин нэхэмжлэгч нь 2022 оны 02 сарын 15-ны өдөр 15,763,200 төгрөгийн барааг хямдралтай үнэ 12,610,560 төгрөгөөр тооцон шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч тал маргажээ. 2024 оны 09 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагчийн 55,433,200 төгрөгөөс хойш дахин бараа авсан уу гэсэн асуултад хариуцагч ...огт аваагүй байж байгаад 2 дугаар сард хөдөө орон нутагт явж байгаад авсан гэж хариулсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад хамаарах учир хариуцагчийг уг үйл баримтыг үгүйсгээгүй гэж дүгнэнэ.

в. 2022 оны 02 сарын 01-15-ны өдрийн хугацаанд хамаарах тооцоо 13,652,960 төгрөгөөс /1,042,400+12,610,560/ хариуцагчийн төлсөн 10,112,640 төгрөгийг хасвал 3,540,320 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

4.4. Дээрх тооцоог нэгтгэвэл, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн байдлаарх нийт үлдэгдэл 38,801,790 төгрөгөөс /35,261,470+3,540,320/ 2023 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл хариуцагч нар 9 удаагийн гүйлгээгээр 17,200,000 төгрөг төлснийг хасвал 21,601,790 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хариуцагч нар ...бид үлдэгдэл бараагаа 2022 оны 01 сард Г к- ХХК-д тушааж, зээлээр олгосон барааны үлдэгдлээ орж ирсэн үед нь тушаасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, борлуулалтын падаан зэрэг баримтуудыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.

5. Иймээс хариуцагч нар 2023 оны 04 сарын 20-ны өдрийн байдлаарх худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 21,601,790 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч уг төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу төлүүлэхээр шаардах эрхтэй.

6. Энэ үндэслэлээр хариуцагч П.З-, М.М- нараас 21,601,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г к- ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/03538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.З-, М.М- нараас 21,601,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г к- ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.2... гэснийг 56.1 гэж, 225 270 төгрөг гэснийг 265,958 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г к- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,156 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ