| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 103/2024/00524/И |
| Дугаар | 210/МА2024/01940 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/01940
| 2024 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2024/01940 |
Б.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00474 дугаар шийдвэртэй
Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Л.Б-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Б- нь Л.Б-гээс газар, хувийн сууц худалдан авахаар гэрээ байгуулж, урьдчилгаанд 7,000,000 төгрөг өгсөн. Ингээд худалдаж авсан газар хувийн сууцандаа нүүж орох гэсэн боловч хашаанд ус тогтсон, намаг шавар ихтэй, хувийн сууцны доторх тааз нурсан байсан. Иймд Л.Б-д төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь тухайн газрыг ус тогтдог, намаг ихтэй, хувийн сууцны тааз нурсан гэсэн ч шүүх хуралдаанд хувийн сууцны тааз нурсан гэж яриагүй. Тааз нурсан юм байгаагүй, худлаа гэдгийг хариуцагч хэлсэн. Нэхэмжлэгч өөрөө 2023 оны 11 сард 2 удаа ирж тухайн газар, ххцвмйэ сууцыг үзсэн. Ингээд 2024 оны 01 сард ирж газар, хувийн сууцны үнийг тохироод худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 7 сая төгрөгийг төлснөөр хариуцагч түлхүүрийг нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Газар, хувийн сууцны төлөлт хийх хугацаа болоход нэхэмжлэгч нь ийм асуудал ярьж эхэлсэн нь нэхэмжлэгч үлдэгдэл мөнгөө төлж чадахгүй болоход ийм худал шалтаг хэлж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар байшингийн түлхүүр хүлээлцсэн, буцаагаад түлхүүрийг хүлээлцсэнд маргаагүй. Нэхэмжлэгчийн таазаа янзал гэсэн шаардлагыг хариуцагч биелүүлсэн, харин нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөөгүй болохоор түлхүүрийг нь буцааж өгөөгүй. Хариуцагч нь хувийн сууцандаа өөр хүн оруулсан гэж надад хэлээгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б-гээс 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Б-гээс 126,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс худалдан авсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой хэмээн үзэж хариуцагчаас 7,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал анх гэрээ байгуулж, ярилцан тохиролцох үедээ хувийн сууцны таазны асуудал болон газарт ус тогтдог байдлыг мэдэж байсан талаараа шүүх хуралдаанд тайларлаж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эд хөрөнгийн эдгээр доголдолтой байдлыг анхнаасаа мэдэж байсан атлаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Мөн эд хөрөнгийн доголдолтой байдлыг гэрээ байгуулах үеэсээ л хүлээн зөвшөөрсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Л.Б-д холбогдуулан газар болон хувийн сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь газар болон хувийн сууц худалдан авах үед уг газарт ус тогтсоныг мэдэж байсан, хувийн сууцны тааз нурсан нь худлаа, харин гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
4. Л.Б- нь Б дүүргийн *дугаар хороо, Н ** гудамжны ** тоотод оршин байх ***м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 1,500,000 төгрөгөөр, мөн хаягт байх ** м.кв талбай бүхий хувийн сууцыг 25,500,000 төгрөгөөр Б.Б-д худалдах, Б.Б- нь урьдчилгаа 7,000,000 төгрөгийг төлж, үлдэх 20,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар хэлэлцэн тохиролцож 2024 оны 01 сарын 26-ны өдөр гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 7,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч мөн өдөр хувийн сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтад зохигч маргаагүй байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
5. Худалдах худалдан авах гэрээний зүйл болсон Б дүүргийн *дугаар хороо, Н ** гудамжны **тоотод байх *** м.кв талбай бүхий газар буюу хашаанд ус тогтдог болох талаар, мөн уг газарт хариуцагч шороо асгаж газарт тогтсон усыг зайлуулах арга хэмжээ авсан ч ус тогтсон хэвээр байсан талаархи үйл баримтын талаар зохигч маргаагүй байна. Энэ нь зохигчийн шүүхэд гаргасан болон 2024 оны 08 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын ...тэр газарт ус их тогтдог болохоор шороо буулгаад ус тогтохгүй болгоод өгвөл бусдыг нь бид өөрсдөө янзлаад газар хувийн сууцыг авья гэсэн ч хүнд түрээслүүлсэн байна лээ ... бид 2-3 хоногийн дараа түлхүүрийг нь буцаагаад өгчихсөн... гэх, мөн хариуцагч талын ...наймаа хийхдээ ус жаахан тогтдог, өөрсдөө шороо асгасан гэдгээ хэлсэн, энэ нөхцөлийг зөвшөөрөөд гэрээ байгуулсан ... хувийн сууцны түлхүүрийг өөрсдөө буцаагаад өгсөн... гэх тайлбаруудаар тогтоогджээ.
Хариуцагч нь талууд гэрээ байгуулах үед гэрээний зүйл болсон газарт ус тогтдог байсныг нэхэмжлэгч мэдэж, зөвшөөрч худалдан авсан тул гэрээний зүйлийг доголдолтой байсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэсэн агуулгаар татгалзлаа илэрхийлжээ. Гэвч нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авсан газарт тогтсон усыг зайлуулж шороо асгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч хүлээн аваагүй буюу гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлсний дараа шороо асгаж өгнө гэж татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Мөн талуудын хооронд 2024 оны 01 сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний 4.1-т худалдагч нь доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, доголдлыг арилгуулах талаарх худалдан авагчийн шаардлагыг биелүүлээгүй учир нэхэмжлэгч гэрээний 5.1-д заасан болон мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байна.
6. Нэхэмжлэгч дээрх үндэслэлээр газар, хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчидхувийн сууцны түлхүүрийг буцаан өгснийг тэрээр хүлээн авсан байх тул талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ.. Энэ тохиолдолд гэрээнээс татгалзахаас өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэг талуудад үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь газар, хувийн сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн байхад хариуцагч гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй байна.
Хэргийн баримтууд болон зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэхдээ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаварт газар, хувийн сууцны урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн 7,000,000 төгрөгийг хариуцагч Л.Б-гээс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
7. Хариуцагч нь дээр дурдсан буюу нэхэмжлэгч гэрээ байгуулах үедээ хашааны газарт ус тогтсоныг мэдсээр байж худалдан авсан тул гэрээнээс татгалзах эрхгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныгхангахгүй. Учир нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч, гэрээгээр шилжүүлэн өгсөн газар, хувийн сууцаа нэхэмжлэгчээс буцаан авсан байна.
Гэрээнээс татгалзсаны үр дагаварт гэрээний гүйцэтгэлийг хариуцагч буцаах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас 7,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэх агуулгаар хожим татгалзсан нь үндэслэлгүй.
Иймээс энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй .
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00474 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ