Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1448

 

“**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын   22-ны өдрийн 181/ШШ2016/00171 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч **нд холбогдох,

 

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, Д.**ийн гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, мөн өдрийн 140/02 тоот эд хөрөнгийг барыдаалан хураасан тогтоолыг хүчингүй болгуулах, тус тогтоолоор хураасан "Лексус 570" маркийн ** улсын дугаартай суудлын автомашиныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Гуравдагч этгээд “**” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.**

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.**, Л.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийвэр гүйцэтгэх алба Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч "**" ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч биш компанийн эд хөрөнгө, хэвийн үйл ажиллагаанд халдсан хууль бус шийдвэрүүдийг гаргаж, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. **ны 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.** 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр "**" ХХК-ийн хувьцаа ззэмшигч “**" ХХК-ийн ерөнхий захирал Д.**ийг "ирж уулз" гэсний дагуу уулзахаар очиход хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр "**” ХХК-ийн өмчлөлийн "Лексус-570" маркийн суудлын автомашины 140/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэн хураан авч, төлбөр төлөгч биш Д.**ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. "**" ХХК нь "**" ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу оруулсан хөрөнгөндөө дүйцүүлэн тус компанийн 70 хувийн хувьцааг эзэмшихээр болж, 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 70 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байлаа гээд ** тус тусдаа үйл ажиллагаа бүхий хуулийн этгээдийн хөрөнгийг нөгөөд хамаатуулж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь манай компанийн эрх ашгийг хохироож байна. Хураагдсан "Лексус 570" маркийн автомашин нь "**" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь тодорхой байхад хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Д.** нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал биш байхад түүнийг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах болсон нь хууль бус. Иймд **ны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль бус мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулж, Д.**ийн гадаадад зорчих эрхийг сэргээх, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 140/02 тоот эд хөрөнгийг барьцаалан хураасан тогтоолыг хүчингүй болгуулж, тус тогтоолоор хураасан “Лексус 570”маркийн ** улсын дугаартай суудлын автомашиныг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр “**" ХХК-аас 436 582 772 төгрөгийг гаргуулж “**” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “**” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 30 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүй төлөөлөх этгээд Б.** шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байна. Төлбөр төлөгч "**" ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, эд хөрөнгөтэй нь тогтоогдоогүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу "**" ХХК-ийн үүсгэн байгуулагч, 70 хувийн хувьцаа эзэмшигч "**" ХХК-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, "**" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй "Лексус-570" маркийн             ** улсын дугаартай автомашиныг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгийг барьцаалан хураан авах тогтоолоор хураасан. Мөн "**" ХХК-ийн үүсгэн байгуулагч, 70 хувийн хувьцаа эзэмшигч "**" ХХК-ийн ерөнхий захирал Д.**ид 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулж өгсөн боловч Д.**ийн гадаадад зорчих эрх нь хязгаарласан үйлдэл бүрэн хэрэгжээгүй байгаа болно. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан учир "**" ХХК-аас "**" ХХК-ийн төлөх төлбөрийн 70 хувийг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж ажиллагаа явуулсан.

Иймд "**" ХХК-ийн үүсгэн байгуулагч, 70 хувийн хувьцаа эзэмшигч нэгдмэл ашиг сонирхолтой "**" ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэр ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг нэн даруй бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "**" ХХК нь "**" ХХК-ийн үүсгэн байгуулагч, 70 хувийн хувыдааг эзэмшигч мөн тул хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс ажиллагаа явуулах нь зөв. "**" ХХК нь төлбөрт хураалгах ямар ч хөрөнгөгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдосон тул хувьцаа эзэмшигчээс эзэмшиж байгаа хувьцаанд нь ногдох төлбөрийг гаргуулах нь хууль зөрчөөгүй. Компани ашигтай ажиллавал ашгийг хүртэх эрх хувьцаа эзэмшигчид байдагтай ижил алдагдлыг мөн хүлээх ёстой.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үүрэг хүлээнэ гэсэн тул энэ дагуу ажиллагаа явуулсан. "**" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө зааглагдаагүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч гэж үзэж байна. **ны бүрэн эрхийн хүрээнд ажиллагаа явуулах нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан **ны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 дугаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож, Д.**ийн гадаадад зорчих эрхийг сэргээж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 140/02 дугаар эд хөрөнгийг барьцаалан хураасан тогтоолыг хүчингүй болгож, "**" ХХК-ийн эзэмшлийн "Лексус 570" маркийн ** улсын дугаартай автомашиныг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэтгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч "**" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **наас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "**" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь компанийн хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлага болон бүрэн хариуцлагын талаар зохицуулалт бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлсэн хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ өөрийн хувийн хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаагүй тохиолдолд өөрийн бүх хөрөнгөөр давхар хариуцлага хүлээх тухай заасан. Гэтэл анхан шатны шүүх хувьцаа эзэмшигч зөвхөн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх тухай тайлбарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувийн хөрөнгөө зааглаагүй тохиолдолд давхар хариуцлага хүлээх тухай асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн хувьцаа эзэмшигч “**” ХХК нь “**” ХХК-д оруулсан хөрөнгөө хувийн хөрөнгөөсөө зааглаагүй бөгөөд заагласныг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгө хувийн хөрөнгөөс зааглагдсан мэтээр тайлбарлажээ. Гэтэл уг гэрээнд ямар тоног төхөөрөмжийг хэдэн ширхэг, ямар үнэтэй, нийт хэдэн төгрөг болох талаар тодорхой зааж тохиролцоогүй, шаардагдах бүхий л тоног төхөөрөмжийг худалдан авахад төлбөр мөнгийг шилжүүлээд байх тухай ерөнхий байдлаар тохиролцсон байдаг, Энэ нь хувь нийлүүлэх хөрөнгө оруулалтаа хувийн эд хөрөнгөөс зааглаагүй гэдгийг нотолж байна.

Иймд “**” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч “**” ХХК нь хувь нийлүүлсэн хөрөнгөө хувийн хөрөнгөөсөө зааглаагүй, заагласнаа нотолж чадаагүй тул тус компанийн өр төлбөр, үүргийг давхар хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шийдвэх гүйцэтгэлийн 140/02 дугаар тогтоолоор автомашиныг барьцаалан авсан бөгөөд хуулиар тогтоосон дараалал, процесс зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь хэсэгт заасан худалдан борлуулахаар хураан авах хугацааг тогтоох ажиллагааг **ны мэдэгдэх хуудсаар жич мэдэгдэж, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хураан авч, худалдан борлуулах ажиллагааг явуулдаг. Иймд дээрх ажиллагаа буюу барьцаалан хураасан тогтоол хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Шийдвэр гүйцэтгэгчийн 140/02 дугаар Эд хөрөнгийг барьцаалан хураасан тогтоолыг хүчингүй болгож “**” ХХК-ийн эзэмшлийн Лексус 570 маркийн ** улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч **нд холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот “Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай” мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулж, Д.**ийн гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, мөн өдрийн 140/02 тоот “Эд хөрөнгө барьцаалан хураасан тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, Лексус 570 маркийн ** улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Монголын Үндэсний Арбитрын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр “**” ХХК-аас 436 582 772 төгрөгийг гаргуулж “**” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн ** нь ажиллагаа явуулахдаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот тогтоолоор “**” ХХК-ийн захирал Д.**ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх болсныг мэдэгдсэн бөгөөд мөн өдрийн 140/02 тоот тогтоолоор тус компанийн өмчлөлийн Тоёота Лексус 570 маркийн ** улсын дугаартай автомашиныг барьцаалан хураасан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь “**” ХХК-ийн хувьцааны 70 хувийн эзэмшигч болох нь “**” ХХК-ийн дүрэм, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, тус компанийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогджээ.

 

** “**” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад хувьцаа эзэмшигч “**” ХХК-ийн өмчлөлийн Тоёотай Лексус 570 маркийн ** улсын дугаартай автомашиныг хураан авсан нь буруу болжээ. Учир нь “**” ХХК болон “**” ХХК-ууд нь тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг бие даасан хуулийн этгээдүүд юм. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч “**” ХХК-ийн үүргийг хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, “**” ХХК-ийн шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх мөнгөн хөрөнгийн төлбөрийн үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй талаарх хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд “**” ХХК нь төлбөр төлөгч биш байхад тус компанийн хөрөнгө буюу Тоёота Лексус 570 маркийн ** улсын дугаартай автомашиныг барьцаалан хураасан хариуцагч байгууллагын ажиллагаа хууль зөрчжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш этгээд болох “**” ХХК нь өөрийн өмчлөлийн эд зүйлийг битүүмжлэл буюу барьцаанаас чөлөөлүүлэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Компанийн тухай хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан “зааглагдаагүй эд хөрөнгөд” “**” ХХК-ийн өмчлөлийн автомашин хамаарахгүй гэсэн шүүхийн дүгнэлт Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл, “**” ХХК нь “**” ХХК-ийн хувьцааны 70 хувийг эзэмшдэг нь тодорхой байх бөгөөд “**” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг хувийн эд хөрөнгө гэж үзэхгүй юм. Учир нь хувийн гэх тодотголтой эд хөрөнгө нь хувь хүний эд хөрөнгө болно.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5 дахь хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгийг битүүмжлэх, эсхүл барьцаалах, ийнхүү битүүмжилж, барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг тогтоож, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол хураан авах дарааллыг зохицуулсан ба ** нь  уг ажиллагаа явуулах дарааллыг зөрчсөн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй ч уг дүгнэлтийг хийх шаардлагагүй байжээ. 

 

“**” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.**ийг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэний жагсаалтад оруулах болсон 140/01 тоот мэдэгдлийг **ны 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4-т “шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх” эрхийг Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч эдлэхээр заажээ.

 

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 140/01 тоот мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчийн санал гэж үзэхгүй тул хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн гэх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлын шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00171 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “34 дүгээр зүйлийн 34.1,” гэсний дараа “89 дүгээр зүйлийн 89.1, 133 дугаар зүйлийн 133.4.4” гэж нэмж, “Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “**” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА