Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 16

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

 

                              Даргалагч,

                              Ерөнхий шүүгч           Б.Батзориг

                              Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                                  Д.Буянжаргал

 

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Б.Эрдэнэхишигийн шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдсан гомдлоор Тэгшбаатарын Мөнхгэрэлд  холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 018 тоотод  оршин суух Т.Мөнхгэрэл нь “2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эхнэр М.Анх-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар эрх чөлөөнд нь халдан гар утсыг нь галдан шатааж, гэрээсээ гарч явах үед нь оруулахгүй хаалгаа түгжих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” зөрчил гаргасан  үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

                            

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын  22-ны өдрийн 34  дугаартай  шийтгэврээр:

-Захиргааны  хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар  Хар бүргэд овогт Тэгшбаатарын   Мөнхгэрэлийг 7 /долоо/ хоног баривчилж, 14 цагийн албадан сургалтанд хамруулахаар шийдвэрлэжээ.

 

          Зөрчил гаргагч  давж заалдах шатны  шүүхэд гаргасан гомдолдоо:

          …Т.Мөнхгэрэл би 2017.02.20-ны өдөр эхнэр М.Анх-Эрдэнэтэй мөнгөний асуудлаас болж хэрүүл хийсэн. Би эхнэртээ гар хүрээгүй, тухайн үед би эрүүл, архи уугаагүй, гэр бүлийн маргаан хийсэнд намайг цагдаад өгч, 7 хоног баривчлуулсан тул гомдолтой байна гэжээ.

 

2.

 

Тодорхойлох  нь:

 

         Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай  шийтгэвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

         Зөрчил гаргагч Т.Мөнхгэрэлийн “би эхнэртээ гар хүрээгүй, тухайн үед би эрүүл, архи уугаагүй, гэр бүлийн маргаан хийсэнд намайг цагдаад өгч, 7 хоног баривчлуулсан тул гомдолтой байна” гэх үндэслэлээр гаргасан гомдлын дагуу захиргааны зөрчлийн материалыг судлан үзэхэд:

            Зөрчил гаргагч нь “2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эхнэр               М.Анх-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар эрх чөлөөнд нь халдан гар утсыг нь галдан шатааж, гэрээсээ гарч явах үед нь оруулахгүй хаалгаа түгжих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийн материалд авагдсан М.Анх-Эрдэнийн өргөдөл /4 дүгээр тал/, зөрчлийн талаар М.Анх-Эрдэнээс асуусан тэмдэглэл /9 дүгээр хуудас/, зөрчил гаргагч Т.Мөнхгэрэлийн тайлбар /10 дугаар хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 02-нд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 5000 төгрөгөөр торгосон тухай Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /8 дугаар тал/  зэрэг  баримтуудаар тогтоогджээ.

 

         Анхан шатны шүүхээс зөрчил гаргагчийн гаргасан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар 7 хоног  баривчилж, 14 цагийн албадан сургалтанд хамруулах  шийтгэл оногдуулсан нь тохирсон байна.

         Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34  дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Т.Мөнхгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай  шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Тэгшбаатарын Мөнхгэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил гаргагч Т.Мөнхгэрэлийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд хүргүүлсүгэй.

3. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ