Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0007

 

ТЗҮЭГ, ТӨБЗГ-ын нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:               Д.Батбаатар

Танхимын тэргүүн:             Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                  Г.Банзрагч

      Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:     Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 480 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 571 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогч: нэхэмжлэгч ТЗҮЭГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, нэхэмжлэгч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, гуравдагч этгээд “БП” ХХК, “ММ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Б.М /2532/ нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 479 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр, гуравдагч этгээд “БП” ХХК, “ММ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжийн “ЦБ” ХХК, ТЗҮЭГ-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн “БП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Төрийн өмчийн хорооны 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 451 дүгээр тогтоолын дагуу иргэн Д.Б нь Төр засгийн үйлчилгээний, барилга засварын анги үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оролцож, 85 сая төгрөгөөр хувьчилж авсан байх бөгөөд нийслэлийн Засаг дарга 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/565 дугаар захирамжаар ТЗҮЭГ-т 14835 мкв газар, “ЦБ” ХХК-д 11290 мкв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар ашиглах эрхийг тус тус олгосон, 2014 оны А/919 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр “БП” ХХК-д “ММ” ХХК (“ЦБ” ХХК)-ийн эзэмшлийн 11290 мкв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар шилжүүлсэн байна.

3.Нэхэмжлэгч нараас “... 2000 онд дуудлага худалдаанд ялагч болсон, тухайн үеийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Д.Б-д барилга, засварын ангийн өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн байхад дээрх өмч хувьчлалын баримтад заагдаагүй, 11290 мкв газрыг тасалж эзэмшүүлсэн нь илт хууль бус, тухайн газрыг маргаантай байхад “БП” ХХК-д шилжүүлсэн хууль бус, төрийн өмчийн газрыг төрийн өмчийн зөвшөөрөлтэй бусдад шилжүүлэх хуультай, 400 мкв газар хүлээлгэж өгсөн” гэж,

4.Хариуцагчаас “... Төрийн өмчийн хорооны 2000 оны 451 дүгээр тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө хувьчлан авсан тухай баримт бүрдүүлэн газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн 11290 мкв газрын эрхийг баталгаажуулсан, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй, нэгэнт газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгө хувьчлагдаж, өмчлөх эрх олгогдсон тул газрыг эзэмших эрхтэй” гэж,

5.Гуравдагч этгээдээс “... газрыг дуудлага худалдаагаар худалдан авч байсан, төр өөрийн шийдвэрээ 20 жилийн дараа үгүйсгэж, буцаан булаах жишиг тогтох эрсдэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, газар үл хөдлөх хөрөнгө хоёр салшгүй холбоотой, хууль ёсны итгэл хамгаалагдана” гэж тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.1971 онд ашиглалтад оруулсан модон агуулахыг иргэн Д.Б-д хувьчилсан, 2002 онд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хоёр хувааж салган газар эзэмших эрхээ баталгаажуулахдаа 14835 мкв гэдгийг мэдэж, хүлээн зөвшөөрөн хүсэлт гаргаж, холбогдох материалыг хариуцагчид бүрдүүлэн өгсөн, маргаагүй.

6.2.нэхэмжлэгч нарын маргаж байгаа үндэслэл нь илт хууль захиргааны актын үндэслэлд хамаарахгүй, хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдоогүй.

6.3.гуравдагч этгээдэд газар эзэмших эрх шилжихээс өмнө шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь манай эрхийг зөрчих үндэслэлгүй.

7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

7.1.2002 оны 565 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь Төрийн өмчийн хорооны тогтоол, худалдах худалдан авах гэрээнд тусгагдаагүй газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус захиргааны акт байх тул гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй.

8.Гуравдагч этгээд “БП” ХХК, “ММ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.Шүүхүүд “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна, хамаарахгүй гэж хуулийг зөрүүтэй тайлбарласан, хариуцагч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй.

8.2.Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг авах шаардлагатай бөгөөд шүүх газрын байршлыг тодорхой болгоогүй, нотлох зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9.Гуравдагч этгээд “БП” ХХК, “ММ” ХХК-ийн өмгөөлөгч Б.М хяналтын гомдолдоо:

9.1.Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргах эрхийг хуульчилсан, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан тул эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9.2.“захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг зөвхөн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүгнэх ёстой болохоос биш, хувьчлалтай холбон тайлбарлах нь хууль хэрэглээний алдаа мөн, “хүчингүй болгуулах” шаардлагыг “илт хууль бус болохыг тогтоож” өөрөөр шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

9.3.Магадлал хэвээр үлдэх нь худал үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, бусдад худалдагдсан хөрөнгө, газрын эрхийг шүүхээр хүчингүй болгуулж байгаа нь харамсалтай байна. Өндөр үнээр газрыг худалдан авсан “БП” ХХК-ийн эрх, илэрхийлэгдэх үр дагаврыг “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу төр хамгаалах ёстой.

9.4.Энгийн иргэн, хуулийн этгээд 1 хоног алдсаныхаа төлөө шүүхэд мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхээ алдаж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх боломжгүй болдог байтал ТЗҮЭГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 20 жилийн өмнө мэдэж байсан захиргааны үйл ажиллагаа, шийдвэрүүдтэй маргаж чадаж байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна гэжээ.

10.Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б хяналтын журмаар гаргасан гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, гомдлоосоо татгалзаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

12.2002 оны Газрын тухай хуулийг 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн тул маргаан бүхий 2002 оны захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцэхдээ 1994 оны Газрын тухай хуулийг хэрэглэх бөгөөд уг хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар нийслэлийн Засаг дарга нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхтэй.

13.Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамж нь газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх үндэслэлээр гараагүй, харин ТЗҮЭГ-т 14835 мкв, “ЦБ” ХХК-д 11290 мкв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар тус тус ашиглах эрхийг олгосон агуулгатай байна.

14.Дээрх актын нэхэмжлэгч ТЗҮЭГ-т холбогдох хэсгийн тухайд: Хэдийгээр бодит байдалд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2002 оноос өмнө ашиглаж байсан байх боломжтой ч, хууль зүйн хувьд уг эрхээ баталгаажуулаагүй, өөрөөр хэлбэл, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт “26125 мкв” газрыг ашиглуулсан, эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр болон газрын гэрээ байхгүй байх тул маргаан бүхий газрыг шаардах эрхтэй гэж үзэхээргүй байна.

15.Газрын тухай хуулийн (1994 оны) 27 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гэж заасан, иймд “Газрын тухай хууль 2002 онд батлагдахаас өмнө төрийн байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгодоггүй байсан, тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгддэг байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хуулийн уг зохицуулалтад нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй.

16.Хэрэгт авагдсан баримтаар Төр, засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газрын 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 324 дүгээр албан бичгээр[1] “Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын аж ахуйн хашаа нь Хан-Уул дүүргийн нутаг, гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрладаг болно. Дээрх газрыг баталгаажуулж өгөхийг хүсье, хашааны байршилтыг хавсаргав” гэж нэхэмжлэгч өөрөө газрын хэмжээг тодорхойлж (хавсаргасан баримтын баталгаат хэмжээ тогтоосон актад газрын хэмжээг “14835 мкв” гэж бичсэн) Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт хандсаны дагуу нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг гарсан байх тул хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулахдаа газрын хэмжээг “14835 мкв”[2] гэж заасан байна.

17.Маргаан бүхий актын “ЦБ” ХХК-д холбогдох хэсгийн тухайд: Төрийн өмчийн хорооны 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 715 дугаар Хувьчлалын тайлан батлах тухай тогтоол, Үндэсний архивын газрын Төр засгийн үйлчилгээний барилга ангийн үндсэн хөрөнгийг үнэлсэн 2000 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тайлан зэргээс үзэхэд Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлалтай, 1971 онд ашиглалтад орсон модон агуулахыг иргэн Д.Б-д хувьчилсан хөрөнгийн жагсаалтад орсон, уг хувьчлалаас үүдэлтэйгээр маргаан бүхий газрын ашиглалтын асуудал үүссэн байна. Д.Б нь Төрийн өмчийн хорооны 2000 оны 451 дүгээр тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө хувьчлан авсан тухай баримт бүрдүүлэн газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн “ЦБ” ХХК-д 11290 мкв газрын эрхийг баталгаажуулжээ.

18.Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар өөрт нь болон “ЦБ” ХХК-д олгогдсон газрын хэмжээний талаар тухайн үед мэдэх бүрэн боломжтой, энэхүү акт гарснаас хойш 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ашиглах газрын хэмжээг 14835 мкв болохыг хүлээн зөвшөөрч газар ашиглах гэрээ байгуулсан, мөн Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар албан бичигт “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ажилчны гудамжинд байрлах “ЦБ” ХХК-тай байгууллагын зүгээс аливаа нэгэн маргаан, асуудал үгүй болно” гэснээс[3] үзэхэд “гуравдагч этгээдийг хууль бусаар өөрийн эзэмшилд газар шилжүүлэн авсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь няцаагдаж байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “газрыг хоёр хувааж салган газар эзэмших эрхээ баталгаажуулахдаа 14835 мкв гэдгийг мэдэж, хүлээн зөвшөөрөн хүсэлт гаргаж, холбогдох материалыг хариуцагчид бүрдүүлэн өгсөн байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

19.Дээрх үйл баримтаас үзвэл, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэсэн зохицуулалт хэрэглэгдэхээргүй байна. Учир нь, Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг дагаж, түүний доорх газар болон орж гарах гарцыг баталгаажуулах зорилгоор, маргаан бүхий акт гарсан байх тул “төрийн өмчийн газрыг хууль бусаар шилжүүлсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

20.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 оны) 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд илт хууль бус захиргааны актад тооцохоор заасан, харин маргаан бүхий актын хувьд хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар болон “ЦБ” ХХК-ийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн тус бүрт нь газар ашиглах эрхийг олгосон байх тул ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж газар ашиглах эрх олгосон гэж үзэхгүй юм.  

21.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “2002 оны 565 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь Төрийн өмчийн хорооны тогтоол, худалдах худалдан авах гэрээнд тусгагдаагүй газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус захиргааны акт байх тул гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй” гэж дүгнэсэн нь буруу, хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулийг яаж зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй буруутай байна. 

22.Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн гуравдагч этгээд “БП” ХХК-д холбогдох хэсгийн тухайд: 2014 оны 06 дугаар сарын 17-ны  өдөр “ММ” ХХК (“ЦБ” ХХК) нь өөрийн эзэмшлийн 11290 мкв газрыг “БП” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч маргаан бүхий актыг гаргасан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно...” гэж заасанд нийцжээ.

23.Нэгэнт нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэхгүй тул “ЦБ” ХХК буюу одоогийн “ММ” ХХК-ийг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байсан, уг эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлснийг хууль бус гэж үзэх боломжгүй.

24.Нэхэмжлэгчийн зүгээс “тухайн газрыг маргаантай байхад “БП” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус” гэж маргадаг ч энэ нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэнэ. Тухайлбал:

25.ТЗҮЭГ-ын “2007 оноос эхлэн Нийслэлийн газрын албанд аж ахуйн хашааны зарим хэсгийг тасалж, хууль бусаар бусдад шилжүүлсэн, 2000 онд ашиглаж байсан байдлаар газрыг бүхэлд нь баталгаажуулах хүсэлт гаргасан, газрын асуудлаа шийдүүлэхээр удаа дараа албан бичиг хүргүүлж байсан” гэх тайлбарын тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын асуудлыг шийдэхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, 20 жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хууль мэдэхгүй байсан нь, үе үеийн байгууллагын удирдлага гомдол, нэхэмжлэл гаргаагүй байдал нь нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үр дагавар үүсгэхгүй.

26.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/01049 дүгээр тогтоолоор “БП” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЗҮЭГ-т холбогдох “хариуцагчийн газраар дамжин нийтийн эзэмшлийн зам талбайд гарах боломжоор хангахыг даалгах” шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хангаж байсан, тухайн үед нэхэмжлэгчээс “газрын асуудал маргаантай” гэж тайлбарлаж байсан атлаа уг маргааныг эрх бүхий байгууллагаар эцэслэн шийдүүлээгүй, гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна. Захиргааны актыг хууль бус гэсэн үндэслэлээр “хүчингүй болгуулах”-аар маргаж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх ёстой.

27.Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь одоо эзэмшиж буй газрын хэмжээгээ тухайн цаг үедээ өөрөө хүлээн зөвшөөрч ашиглах эрхээ баталгаажуулж байсан, мөн гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг эс зөвшөөрсөн бол хуульд заасан хугацаанд (шүүхийн журмаар) маргах боломжтой байтал маргалгүй 20 жил өнгөрсөн байх тул гуравдагч этгээдийн хувьд итгэл хамгаалагдах зарчим үйлчилнэ. Иймд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

28.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь “төрийн өмчийг хамгаалах, эзэмшил ашиглалтад хяналт тавих хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй, төрийн өмчийн эд хөрөнгийн өмчлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй” гэжээ.

29.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэж заасан, маргаан бүхий газрын ашиглалт, эзэмшлийн асуудал нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарахгүй, түүний хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн тухайн байгууллагын газар эзэмших эрхтэй холбоогүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна.

30.Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

31.Анхан шатны шүүх ТЗҮЭГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргах эрхтэй мэтээр буруу тодорхойлсон, мөн шийдвэрт маргааны үйл баримтад хамааралтай хуулийг бүрэн хэрэглээгүй байх тул өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

32.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д “хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал, түүнийг гомдол гаргаагүйд тооцож ...” гэсний дагуу түүнийг гомдол гаргаагүйд тооцов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 571 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 480 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 оны) 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай (1994 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжийн “ЦБ” ХХК, ТЗҮЭГ-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн “БП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гаргасан, нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжийн “ЦБ” ХХК, ТЗҮЭГ-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн “БП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “тогтоох” хэсгийн “2, 3” дугаарыг “3, 4” болгож өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Засаг даргыг хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд “БП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                               Х.БАТСҮРЭН

                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

 

[1] 3 дахь хавтаст хэргийн 75 дугаар тал

[2] 3 дахь хавтаст хэргийн 84 дүгээр хуудас

[3] 4 дэх хавтаст хэргийн 189 дүгээр тал