Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ТӨХК /Төрийн өмчит хувьцаат компани/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК /хязгаарлагдмал хариуцлагатай компани/-д холбогдох

Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 2,088,253 төгрөг, алданги 167034.7 төгрөг нийт 2,255,287.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, прокуорор И.Ариунжаргал, гэрч *******, *******,  нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК буюу “*******” дэлгүүр нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 2,088,253 төгрөг, алданги 167,034.7 төгрөг нийт 2,255,287.7 төгрөгийн төлбөр гарсныг компанийн дансанд тушаагаагүй байна. Иймд манай компанийн хохирлыг барагдуулж төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “*******” ТӨХК-ийн зүгээс мэрэгжлийн хүмүүс очиж дулааныг нь хаагаагүй учир дулааны төлбөр гарч, нэхэмжлэл бичээд өгөхөөр очиход нь өөрсдөө сайн дураараа дулаанаа хаасан байсан тэгээд манай нэхэмжлэлийг авахгүй, хэрэглээгүй дулааны төлбөрийг юу гэж төлж байдаг юм гэсэн. Гэрээнд зааснаар хэрэглэгчийн хүсэлтээр дулааныг хаасан тохиолдолд төлбөрийг бүтнээр тооцон авдаг байгаа. Манай компанийн зүгээс дулаан хаах зөвшөөрөл өгөөгүй учир төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ДЦС ТӨХК-ийн борлуулалтын байцаагч Энхцэцэгт “манайх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дулаанаа хаалгамаар байна” гэхэд танайх бүх төлбөр тооцоогоо дуусгаад хүсэлтээ өгөх хэрэгтэй. Манайх төлбөрийн үлдэгдэлтэй газарт дулаанаа хаах зөвшөөрөл өгөхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд бид бүх төлбөр тооцоогоо дуусгаад дулааны байцаагчтай уулзахад “өргөдлөө бичээд манай нягтлантай уулзаарай” гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт өргөдлөө бичээд ДЦС-ийн нягтлантай уулзахад өргөдлийг уншаад, даргатайгаа орж уулзана гээд дарга руугаа орсон. Гарч ирээд манай худалдагчид боллоо гэж хэлэхээр нь манай худалдагч гарч явсан. Тухайн өдөр миний бие эзгүй байсан учир манай худалдагч өргөдлийг авч очсон юм. Болчихлоо гэж хэлсэн болохоор бид 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дулаанаа худаг дээрээ хаалгасан. Ингээд 10 гаруй хоногийн дараа намайг дэлгүүр дээрээ байж байхад дулааны төлбөрийн нэхэмжлэл барьсан хүн ирсэн. Манайх дулаанаа хаасан тухайгаа хэлэхэд “танайх хэний зөвшөөрлөөр хаасан юм бэ” гэсэн. Би учраа бүгдийн тайлбарлаад манайх дулаан хэрэглэхгүй байгаа учраас наад төлбөрийг чинь төлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Бид 2016 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дулаан хэрэглээгүй учраас Дулааны цахилгаан станцын нэхэмжилж байгаа 2,255,287.7 төгрөгийг төлөх боломжгүй. Болчихлоо гэж өөрсдөө хэлчихэээд, дараа нь төлбөр нэхэмжилж болохгүй байх. Өмнөх 2 жилд ийм байдлаар ойлголцоод 2014 оны 04 дүгээр сарын 15-нд, 2015 оны 04 дүгээр сарын 03-нд дулаанаа хааж байсан. Нэхэмжлэгч тайлбар дээрээ дулаанаа дур мэдэн хаасан гэж байна. Бид 1-рт өргөдөл өгсөн, манай өргөдөлд болчлоо гэж хариу хэлсэн, мөн манай хүсэлт өргөдлийг хүлээж аваад, судалж үзээд хариу өгье гэж хэлсэн бол бид дулаанаа хаахгүй хариуг нь иртэл хүлээх байсан. Миний бие 2016.08.25 өглөө 9.50 минутад ДЦС-ын ерөнхий нягтлантай уулзаад хоёр тал энэ байр суурин дээрээ хатуу байх юм бол мөд шийдэлд хүрэхгүй юм байна. Иймд 2016.04.01-с дулаан хэрэглээгүй мөртлөө 15 хоногийн төлбөрийг нь төлье гэсэн хүсэлт тавьсан, миний хувьд энэ талаар эвлэрвэл татгалзах зүйлгүй.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлээ дэмжиж байна. Эвлэрэх хүсэлтгүй. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөр, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх алдангитай нийлээд нийт 2.255.287 төгрөг болж байгаа Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу сарын эхэнд бичилтээ хийдэг байгаа. Өргөдлийн хувьд нягтлан дээр авч очсоныг нь нягтлан захирал руу авч орж танилцуулаад гарч ирээд танилцуулаад болчихлоо гэж хэлснийг л өрөөсгөл ойлгосон юм уу гэж бодож байна. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дулаанаа хаалгах тухай өргөдөл байсан. Бид 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дулааны эрчим хүчийг хаах боломжгүй гэх хариуг албан бичгээр өгсөн. Дулааны эрчим хүчийг зөвхөн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед хаах зохицуулалттай. Мөн дулааны эрчим хүчээр хангах гэрээний 4.9-т дулааны эрчим хүчийг хаасан ч төлбөр мөнгийг бүтнээр нь тооцож авахаар гэрээ байгуулсан байгаа.” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тухайн үед Улаанбаатарт байсан болохоор эхнэр маань өргөдлөө өөрийн гараар бичээд дэлгүүрийн худалдагчаар Дулааны цахилгаан станц руу явуулсан юм. Манай худалдагч “нягтлантай нь уулзлаа, дарга дээрээ орж цохуулчихаад болчихлоо гэж хэлсэн” гэж надад утсаар хэлэхээр нь тухайн өдөрт нь дулаанаа хаасан. Болчихлоо гээд байж байтал 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэх ирсэн, бид танай нягтланд хэлээд бид 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дулаанаа хаасан гэж хэлсэн. Гэтэл та нар өөрсдөө хаах ёсгүй гэж жаахан маргаан үүссэн. Тэгээд наад нэхэмжлэхийг чинь авахгүй гэж хэлээд явуулсан, хэд хоноод ДЦС дээр очиж ерөнхий нягтлантай нь уулзаж болсон явдлын талаар хэлэхэд “за за болох байлгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд 2 давхарт санхүүгийн өрөөнд нь орж уулзтал манайд тийм зүйл ирээгүй, тийм учраас бид нэхэмжлэх явуулсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би “танайх манай өргөдлийн хариуг тухайн үед нь өгөхгүй яасан юм бэ” гэж хэлчихээд гарахад ард үлдсэн эмэгтэй өрөөндөө “та нар тухайн үед нь хариуг нь өгчихгүй яасан юм бэ” гэж хэлэх сонсогдоод үлдэж байсан юм. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 11,12-ны үед нэхэмжлэх манайд дахин ирсэн. Нэхэмжлэхийг нь аваад дахин станц дээр очсон. Бичиг хэрэгт нь нэхэмжлэхийг нь манайх хүлээж авах боломжгүй гэж хэлж өгчихөөд захирал дээр нь орж уулзсан. Захирал нь “бидэнд боломж байхгүй, дээрээсээ ийм зохицуулалттай, хэрвээ зөвшөөрөхгүй байгаа бол дулаан хариуцсан аймгийн Засаг даргын орлогчтой очиж уулз” гэж хэлсэн. Тэгээд би орлогчтой нь очиж уулзахад наад асуудлыг чинь ярилцаж үзье гээд тухайн үедээ өнгөрсөн. Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үедээ болчихлоо гэж хэлж хаалгачихаад дараа нь ингэж байгаа юм. Хэрвээ тухайн үедээ хаах боломжгүй гэсэн бол бид дулаанаа хаахгүй байсан. Би нэхэмжлэгчтэй эвлэрэх санал тавьсан. Би нэхэмжилж буй мөнгөний тал мөнгийг төлье, шүүх цагдаа гэж нэр нүүрээ барах шаардлагагүй гэдэг утгаар санал тавьсан юм. Хоёрдугаарт нэхэмжлэгч төлбөрийг сарын эхэнд нь бичдэг. Тухайн сард хэд хоног нь халж, хэд хоног нь халаагүй гэдгийг мэдэхгүй. Халаагүй өдрийг дараа сард нь хасна гэсэн зохицуулалттай боловч 1 хоногийг л ихдээ хасдаг. Тэгэхээр яагаад 15 хоногийн төлбөрийг төлье гэсэн санал тавьсан гэхээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эхний 10 хоног халсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл манай гэр халаалттай байсан учраас би мэдэж байгааа юм. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 10 хоног халаад түүнээс хойш олигтой халахгүй байж байгаад огт халаалт өгөөгүй.” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбарыг  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь “*******” ХХК-д холбогдуулж дулааны эрчим хүч ашигласны төлбөр 2.088,253 төгрөг, алданги 167034.7 төгрөг нийт 2,225,587.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1/, хүсэлт /хх-2/, “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/26 дугаар тушаал /хх-3/, /, “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн алданги тооцсон тухай баримт /хх-4/, Албан байгууллагын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дулааны тооцооны хуудас /хх-5/, “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 242 дугаар албан бичиг /хх-6/, хариу тайлбар /хх-8-9/, “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дүгээр албан бичгийн хуулбар /хх-10/, Явсан бичиг бүртгэх дэвтрийн хуулбар /хх-11/, Дулааны эрчим хүчээр хангах гэрээний хуулбар /хх-12-13/, “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 413 дугаар албан бичиг /хх-20/, Явсан бичиг бүртгэх дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-24-25/, “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дүгээр албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-26/, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-27/, Дулааны эрчим хүч хэрэглэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-28-31/ зэргийг

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: хариу тайлбар /хх-7/, хариу тайлбар /хх-19/, хүсэлт /хх-21/, гэрчээр оролцуулах хүсэлтэй гэх Б.Энэбишийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-22/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан “Дулааны эрчим хүч хэрэглэгчийн гэрээ” /хх-28-31/-г шинжлэн судлахад гэрээний 4.1-д “Дулааны эрчим хүч хэрэглэгч нь “Түгээгч”-ээс нийлүүлсэн дулааны эрчим хүчний төлбөрийг ... тухайн сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулна.” гэжээ. Дээрх заалтаас үзэхэд түгээгч буюу “*******” ТӨХК нь дулаан нийлүүлэх, хэрэглэгч буюу “*******” ХХК нь хэрэглэсэн дулааны төлбөрөө төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба  үүрэг гүйцэтгэгч /хэрэглэгч/ хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь /хх-1,4,5/ тогтоогдож байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэсний дагуу нэхэмжлэгч “*******” ТӨХК нь хариуцагч  “*******” ХХКомпаниас төлбөр нэхэмжлэх эрхтэй байна.

Мөн гэрээний 4.9-т “Хэрэглэгч нь өөрийн хүсэлтээр халаалтын хугацаа дуусахаас өмнө дулааны эрчим хүчний хэрэглээг хаалгасан тохиолдолд төлбөрийг бүтнээр тооцон гэрээнд заасан хугацаагаар төлж барагдуулна.” гэжээ. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.9-д хэрэглэгч буюу хариуцагч тал “байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэх” үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* дулаан хаалгах тухай хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  гаргасан /хх-7/ гэх тайлбар гаргажээ. Дулаан хаалгах хүсэлтэд “Даланзадгадын дулааны станц” ТӨХК “дулааны эрчим хүчийг хаах боломжгүй” гэх хариуг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дүгээр албан бичиг/хх-26/-ээр өгснөөс гадна Явсан бичиг бүртгэх дэвтрийн хуулбар /хх-24-25/-т “******* ХХК дулааны эрчим хүч хязгаарлахгүй” гэжээ. Дээр дурдсанаас дүгнэж үзэхэд хариуцагч “*******” ХХК гэрээнд заасны дагуу дулаанаа хугацаанаас нь өмнө хаалгуулсан тохиолдолд төлбөрийг бүтнээр тооцон өгөх үүрэгтэй нөгөө талаар Эрчим хүчний тухай хуульд зааснаар дулаанаа авахгүй гэсэн тохиолдолд энэ тухайгаа 7 хоногийн өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дотор мэдэгдэх үүрэгтэй байжээ. Гэрээний 4.11-д “... төлбөрөө барагдуулаагүй үнийн дүнд ... 0.5 хүртэл хувь хэмжээгээр тооцож алданги ногдуулна.” гэж заасан байгаа нь нэхэмжлэгч төлбөрөө барагдуулаагүй үнийн дүнгээс алданги тооцох эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдох дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 2,088,253 төгрөг, алданги 167034.7 төгрөг нийт 2,255,287.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 122 дугаар  “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалд Өмнөговь аймагт халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосон байгааг дурдах нь зүйтэй.

   Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 10 хоног халаад түүнээс хойш олигтой халахгүй байж байгаад огт халаалт өгөөгүй. Иймд би уг төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа, 15 хоногийн дулааны төлбөрийг төлье.” /хх-40/ гэжээ.

Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 51-д “Дулааны эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.” гэж заасан байна. Хавтаст хэргийг шинжлэн судлахад хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс огт халаалт  авч байгаагүйгээс дулааны төлбөрийг буруу гэж үзэн энэ тухай хангагч буюу “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-д албан ёсоор мэдэгдсэн тухай нотлох баримт байхгүй тул хариуцагчийн “15 хоногийн дулааны төлбөрийг төлье” гэж нэхэмжлэгч талд гаргасан хүсэлт үндэслэлгүй юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн алданги тооцсон тухай баримт /хх-4/, Албан байгууллагын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дулааны тооцооны хуудас /хх-5/, Явсан бичиг бүртгэх дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-24-25/, “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дүгээр албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-26/ зэргийг үнэлж шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болголоо.

 “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 129 дүгээр албан бичиг /хх-10/, Явсан бичиг бүртгэх дэвтрийн хуулбар /хх-11/, Дулааны эрчим хүчээр хангах гэрээний хуулбар /хх-12-13/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-22/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХКомпаниас дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр   2,088,253 төгрөг, алданги 167034.7 төгрөг нийт 2,255,287.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ТӨХК-д олгосугай.

2.Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                А.ЭНХТӨР